УИХ 76: Бид зурагтаар сайхан харагдмаар байна

2010/04/14
Share |
Хүмүүс:
УИХ 76: Бид зурагтаар сайхан харагдмаар байна

УИХ-ын хаврын чуулган эхлээд гишүүд ч чуулганы танхим дүүргээд хуралдаан нэг л урамтай урагшлах болжээ. Хагас дугуй хэлбэрийн чуул­ганы танхимд гишүүд бие бие­нийхээ нүүрийг харж хэрэлдэх, хэлэлцэх, уралцах гээд аль алиныг нь хийхэд боломж дүүрэн байдаг. Энэ бүхнийг цэнхэр дэлгэцээр ард олонд  дамжуулж, тэднийг багахан “рекламддаг” гэхэд болно. Харин эрхэс гишүүд маань  “үнэгүй” энэ рекламандаа тун сэтгэл хангалуун бус байдгаа илэрхийлж эхэлжээ.

Уг нь УИХ-ын чуулганы танхимд зааж өгсөн байрш­лынх нь дагуу зураглаач, зурагчид зогсож өөрсдийн боломжоор дүрсээ авдаг. Харин сэтгүүлчид дээд дав­харт нь сууцгаан хуралдааныг ажигладаг юм. Гэтэл зарим нэг УИХ-ын гишүүд орой гэртээ хариад зурагтаа үзэхдээ би хэрхэн ямар харагдах нь вэ гэж өөрийгөө гарахыг хүлээн суу­даг бололтой. Харин хүслийнх нь оронд ар нуруу, чих, халзан толгой зэрэг хэдэн дүрс үзэгдээд өнгөрсөнд их л дургүй нь хүрчээ дээ янз нь.

Уг нь тэдний телевизээр хэрхэн яаж гарах нь чухал биш, иргэдэд зориулж хийсэн, хийх гэж байгаа ажил нь нэн тэргүүнд баймаар юм. Гэтэл тэд гоо үзэмжиндээ анхаарч сэтгүүлчид “Намайг зурагтаар бүтэн гаргасангүй” хэмээн гомдолдог болж.

Тэр ч бүү хэл УИХ-ын зарим гишүүдийн суудал ар нуруунаасаа телевизийн камер, гэрэл зурагчны дуранд өртөж буй тул Төрийн ордонд сурвалжлах эрхийн үнэмлэх бүхий нийт телевизийн зураг­лаачид, сонины гэрэл зурагчид энэ тал дээр боломжоороо анхаарч гишүүдийн дүрсийг авахдаа аль болох эгц урдаас нь болон  хажуугаас нь авч байхыг хүсье гэсэн шаард­лагыг сэтгүүлчдэд ирүүлээд байгаа юм.

Уг нь бол Төрийн ордны хамгаалалтын албаны ногоон хувцастнуудын зааварласан ёсоор л сэтгүүлчид ажилладаг. Ёстой л далайсан газар нь далд орж далласан газар нь ил гардаг гэхэд хилсдэхгүй. Дугуй хэлбэртэй чуулганы тан­хи­мын зогсох ёстой газар нь зогсож авах ёстой дүрсээ авдаг. Түүнээс биш 76-г ялгаж ар нуруунаас нь авч гоо үзэмжийг нь гутаах гэсэнгүй билээ. Гэтэл тэд маань би эндээсээ гармаар байна. Миний тэр талаас авбал би илүү дээр харагдана гэхчилэн их ажлын хажуугаар моод хөөж суух юм. Урдхан талбай дээр нь хүмүүс өлсгөлөн зарлаж, ордны хашааны гадна гармагц иргэдийн бор амьдрал тэдний нүдэн дээр буцалдаг. Гэтэл тэд амласан амлалтаа мартаад гоо сайхандаа анхаардаг болжээ.

Бас сэтгүүлчид эрхэм гишүү­дийн бүрэн эрхээ хэрэг­жүүлэхэд саад болдог юм байх. Тиймээс хуралдааны танхимд орж сурвалжлахдаа дэг жур­мыг баримтлаж ажиллахыг бас л сануулжээ. Чуулганы танхимын дээд хэсэгт сууцгаан, сурвалжлага хийдэг сэтгүүлч нарт дэг журмын дагуу соёлтой ажил үүргээ гүйцэтгэхийг хүсье гэж бас нэг өөр хэлбэрээр хэлсэн байна лээ.

 У.ТӨМӨРЖИН Ниймгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.