Цусан тангарагт өлсөгчид, зүүлэгтэн гүйлдэх түшээд хөөрхий

2010/04/14
Share |
Хүмүүс:
Цусан тангарагт өлсөгчид, зүүлэгтэн гүйлдэх түшээд хөөрхий

Нийслэлийн хойморт нэхэл хатуутай жагсагчид өлсөөд л… байдаг. Гэтэл юу ч өөрчлөгддөггүй ээ. Уг нь “амлалт нэхсэн” Ард түмний холбоодын тавьж буй шаардлага зөвөө. Амласан нь өгөх ёстой, амлуулсан нь авах ч ёстой.Өдрийнхөө хоолыг өлөн зэлмүүн дөнгөж буй баялагт Монголын барлаг мэт болсон ядарсан түмэнд тэр амлаад буй 1.5 болон 1.0 сая төгрөг гэдэг хонгилын үзүүрт сүүмэлзэн асах гэрэл гэгээ мөнөөс мөн. Жил бүр дээрх тоот мөнгийг иргэн бүртээ бэлнээр олгуулж байя гэсэн хоёр том намын нэр дэвшигчдийн амлалтаас хойш даруй хоёр жилийн хугацаа өнгөрсөн байгааг бид харж байна. Эмч, багш нар ч цалингаа нэмэхийг шаардан жагслаа.

Энэ бүх жагсаал цуглаан, шаардлагаас УИХ, Засгийн газар чичрэн сандарч буйг ч бид харж байна. Амлалт нэхсэн Ард түмний холбоодын ард эрхэм экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, экс Ерөнхий сайд М.Энхсайхан нарын нэр дуулдаагүйсэн бол өдгөө эл жагсаал, шаардлага ямар үр дүнд хүргэсэн байхыг тааварлахад бэрх.

Ядарч туйлдсан ард дуу, нэгдэн босвол Үндсэн хууль ярин пээдийх өөдгүй бэртэгчин түшээд өнөөдрийг хүртэл ингээд суух байсан гэж үү.

Үгүй л болов уу. Уг тэмцэгчдийн ард мань нөхдийн нэр дуулдахаас өмнө иргэдийн дэмжлэг хичнээн өндөрт өндийж байлаа.

Зүй нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан эрхэм, Монголын Улсын Ерөнхий сайд асан нөхөд нэгдэн ард иргэдээ хууран боссон өнөөгийн түшээдийн эсрэг тэмцэж байна гэдэг гайхалтай хэрэг. Гэтэл тэд яагаад ард түмнийхээ дэмжлэгийг авах бус улам бүр айлгах хэмжээнд хүрсэн билээ. Бодох л асуудал. Н.Энхбаяр ирвэсийн арьс нөмөрч, М.Энхсайхан барын дүрд хувиран бархирч гарч ирээгүй. Тийм атал нэгөн цагт төр, засаг тэргүүлж явсан хүндэт кадрууд нийгэмд, ард олныхоо дунд өчүүхэн төдий ч орон зайгүй болчихсон байна гэдэг ойлгохын аргагүй хүнд тэмдэглэл. Нийгэм тэднийг хүлээж авахаа нэгэнт больсныг хүчлэн эргэлдэх түүхийн хүрд гэрчилж байна. Үндэсний шинэ нам эрх биш хувийн нь юм болохоор М.Энхсайханаас нүүр буруулчихаагүй байгаа бололтой. Харин Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байж, МАХН-ын толгойн суудалд тухалж асан удирдагчаасаа нам нь өдгөө зайгаа барилаа. Эмч, багш нарын жагсаалын ард Н.Энхбаяр бий гээд цуурчихвал эл тэмцэгчдийг эвтэйхэн тараах зөв хувилбар ч болчихоор болж.

Цагтаа улаан “энхбаярчин” явсан Ч.Улаан хүртэл мань хүнээс нүүр буруулж, улмаар Сү.Батболдыг даган Санзайн амралтад сагсайж явах гэдэг амаргүй томъёо. Н.Энхбаярын гэдгээрээ энд тэнд хүүхэд уйлуулж, хүн айлгаж явсан эрхмүүд өдгөө Н.Энхбаярыг үзэн ядсан эрэмбээрээ үнэд хүрэх цаг ирж. Энхбаяризмаар бүрэн өвчилчихсөн байсан Ё.Отгонбаяр хүртэл эл тодотголоос хагацаж, ядаж л нутгаараа овоглох гэж ядарч явааг харж байна. Тэрбээр Н.Энхбаярын өмнөөс жагсагчдыг хүчлэн тарааж, майхан савыг нь нураан, зодоонч залуусын нударганы амтыг иргэний хөдөлгөөнийхөнд амтлуулж явсныг бид яахин мартах билээ. Н.Энхбаяр гэдэг цагтаа ийм л хүчирхэг нэгэн байв. “Цаст уулын цагаан барс цагаа ирэхээр шоргоолжинд бариулна” гэдэг юутай гашуун, юутай хатуу утга билээ.

Өнөөдөр амлалт нэхэх жагсагчдын шаардлагад ард иргэд олноороо нэгдвэл яана гэхээс эрх баригчид эмээн өндөлзөх хэдий ч нөгөөтэйгүүр тэдний ард Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын “үхэх”-дээ тавьсан үхэр бууны сум шунгинах дуунд зэвүүрхэн буцаж суух эмгэнэлт дүр төрх төрийн тайзан дээр арчаагүйтэн сүүмэлзэж байна. Анхнаасаа хатуу нөхцөл, шаардлага тавьж, цусан тангараг өргөн өлссөн жагсагчид, аргаа үл олон зүйлэгтэх түшээд яана даа, цаашид. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын балаг барагдахгүй юм даа, хөөрхий.

У.Цайдам Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.