Хоосон ядуу түмэндээ гайхуулах хоёр намын ордны сураг

2010/04/14
Share |
Хүмүүс:
Хоосон ядуу түмэндээ гайхуулах хоёр намын ордны сураг

МАХН болоод Ардчилсан намын удирдлагууд том өргөөтэй болохоор уралдаж байна. Харин тэдний уралдаанд шинэ төрөх эмнэлэг байгуулах тухай санаачилга тоосонд нь дарагдаад үлдэх янзтай. Алинд нь их мөнгө орохыг, аль нь Монголд илүү ашигтай гэдгийг эрүүл монгол ухаан бодож олох нь тодорхой. Өлөн зэлмүүн амьдралтай зарим нь дөрвөн ханатай гэртэй болохын төлөө л яваа.

Гэтэл эрх баригч хоёр гол улс төрийн хүчний лидерүүд 10 болон 20 тэрбум төгрөгөөр шинээр өргөө босгох гэнэ. Ардчилалд хайртай гэхээс илүү эрх ашгаа хамгаалах хүсэлтэй эрхмүүд нь алтан хандивлагчийн төлөөх уралдаанд эн тэнцүү хүч үзэж буй. Тэдний дэргэд МАХН-аар хамгаалалтын хана хэрмээ босгох хүсэлтэй “ноёд”-ууд ч гартаа сая саяар нь мөнгө атган уралдана. Энэ уралдааны үр дүнд МАХН, Ардчилсан нам хоёр шинэ байртай болно.

МАХН-ын хувьд шинэ байртай болохын тулд төрөөс санхүүжилт авсан. Үүнийгээ 2008 оны сонгуулийн дараа өрнөсөн долдугаар сарын 1-ний үймээний золиос болсон гэдгээр тайлбарлаж буй. Төр засгаа зохих утгаар нь удирдаж чадаагүйнхээ гэмийг тэд хүртсэн болохоос олон нийт зүгээр байсан намын байр руу нь дайраагүй. Ингэлээ гээд “МАХН-ын байрыг шатаасан нь зөв” хэмээн өмгөөлж буй хэрэг биш.

Ердөө л энэ нь МАХН-ын алдарт цагаан байрыг соёмбын дүрслэл бүхий шинэ ордноор солих боломжийг олгосон гэсэн юм. Тус намын хувьд ирэх 2011 оны гуравдугаар сарын 1-ний өдөр шинэ байрныхаа нээлтийг хийнэ. Ингэснээр МАХН Монгол Улсын түүхэнд 90 жил “насалсан” ойн баяртаа будаг нь ханхалсан шинэ байраар бэлэг барих нь тодорхой.

Уг байрны шав тавих ёслолын үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАХН бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон улс төрийн ууган хүчин. Өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр МАХН-ын байрыг улс төрийн зорилгоор галдан шатаасан ч гэсэн энэ намын олон зуун мянган гишүүн, дэмжигч, Монголын жирийн ард түмний сэтгэлийг галдан шатааж чадахгүй гэдгийг түүх цаг хугацаа тодоос тод харуулна” хэмээж байлаа.

Түүнчлэн намын шинэ байрыг босгоход намын гишүүд, дэмжигчид, аж ахуйн нэгж байгууллагууд тусламж үзүүлж байгаа гэдгийг ч тэрбээр тухайн үед нуугаагүй юм. Энэ нь нөгөө л улс төрөөс ашиг хүртэхийн тулд МАХН-ын эрх ашигт үйлчлэх шаардлага байдаг гэдгийг илэрхийлсэн хэрэг. Ер нь л ашигтай учраас МАХН-д гар татаж болохгүй гэдгийн ч зүй ёсны баталгаа болох нь мэдээж.

Тэгвэл “Өндөр буянт холдинг” группээр арав гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ байр босгох ажилд ханцуй шамлан орсон МАХН-аас Ардчилсан намын нөхөд дутахыг хүссэнгүй. Дутах нь бүү хэл илүүрхэх гэж оролдож байна. МАХН арван тэрбумаар байртай болох гэж байгаа бол бид 20 тэрбумын ордонтой болно хэмээн хөөрцөглөж байна. Ингэхдээ “Ардчиллын өргөө Ард түмний ордон” гэсэн уриаг дэвшүүлж, ардчилалд хайртай ард түмний хөлс хүчээр улс төрийн хор найруулах 20 давхар ордон бариулахаар шийджээ. Хэдийгээр “Ардчилал, шударга ёс, эрх чөлөөг хүсэгч хүн бүрт үүд хаалга нь үргэлж нээлттэй, Ард түмэн бид бүхэнд зориулсан ордон байх болно” хэмээж буй ч Ардчилсан нам аль хэдийнэ ард түмнээсээ салан одсон гэдгийг мэдэж цөхөхөд ядах зүйл үгүй.

Хэлж ярьж байсан ардчиллынхаа үнэн түүхийг өөрсдийн гараар баллахдаа тулсан тэдний хувьд МАХН-ын байрнаас өндөр байртай болох нь л чухал. Тэд 2012 оны сонгуулиас урьтаж шинэ байрандаа орох төлөвлөгөө боловсруулсан. Сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж байдгаа тавьж туух нь холгүй болсон хямдхан төсөвтэй Монгол Улсын хувьд Ардчилсан намын лидерүүдийн өөрсдөдөө барьж байгаа бэлэг нь шинэ байр. Бүр болоогүй уг байранд орох нэг тоосгыг өөрийн нэрээр өмчилж, нэрээ сийлэх бололцоотой гэнэ. Үүгээр ч зогсохгүй нам л өгсөн санхүүжилтээр нь ялгаж алтан, мөнгөн, хүрэл хандивлагч хэмээн олон нийтэд зарлана гэж байгаа.

Улс төрийн энэ хоёр гол хүчин үүнийхээ оронд шинэ төрөх эмнэлэг байгуулсан бол монголчууд, Монголын ирээдүй тэдэнд баярлах байв. Өнөөдөр бодит амьдрал дээр Улсын клиникийн төв эмнэлгийн өвчтөн хүлээж авах даац хэтэрчихээд өргөтгөлөө барьж чадахгүй байгаа. Нэг, хоёр, гуравдугаар төрөх эмнэлэгт хүйн халдвар гарснаар тэнд эрүүл төрсөн хүүхэд амьдрах чадваргүй эндэж байна. Уг нь улстөрчид намын шинэ байрны төлөө уралдаж суухаар шинэ төрөх байгуулсан бол дээрх 30 тэрбум төгрөгөөр төрөх эмнэлэг зургааг байгуулж болно гээд бодоод үзээрэй.

Түүнчлэн Улсын клиникийн төв эмнэлгийг хажууд нь байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай “Сонгдо” эмнэлэг шиг болгож болно. Мөн энэ мөнгөөр мянган өрхийг 30 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байранд оруулах боломжтой гээд бодоод үзээрэй. Улстөрчид тэгэхэд “40000 айлын орон сууцны хөтөлбөр” гээд л сандарч байгаа. “Мөнгө байхгүй, байхгүй” гэсээр байрны үнийг тэнгэрт тултал нь өсгөсөн. Үүнийхээ оронд “Нам ямар байртай байх нь гол бус. Иргэдээ бодох цаг иржээ” гэж улс төрийн ултай шийдвэр гаргасан бол олны хандлага өөр л дөө. Гэтэл тэгсэнгүй. Боломж бололцоог өөрсдийн болгох дуртай тэд хувийн амьдралаа төвхнүүлсэн шигээ намын байрандаа ч тав тухыг хүсч буй нь энэ.

МАХН-ынхан ч байрных нь ажилд хандив өглөө ч гэсэн бидний бичиг баримтыг шалгаж, төрийн агентлагаас дутахааргүй хүнд сурталтай угтах нь ойлгомжтой. Аль аль нь шинэ байранд орсон ч хуучин зангаа засах нь юу л бол. Иймд орд өргөөнд ажиллах дуртай тэднээс одооноос эхэлж шинэ төрөх эмнэлэг, хямд орон сууц нэхэцгээе. Тэдний төлөө амьдраагүй ч гэсэн бусдын эрх ашгийг хамгаалах үүрэг нь энэ хоёр намд бий. Ядаж эхээс мэндэлсэн үрс чинь эрүүл аюулгүй орчинд нүдээ нээх эрхтэй шүү дээ. Дээр нь, Монголоор дүүрэн орон гэргүй иргэд байна. Тэд ч төрөөс дэмжлэг авах эрхтэй биш гэж үү. Эдлэх ёстой эрх зөвхөн МАХН болон Ардчилсан намын дарга нарт л байдаг бус юм бол ” шүү дээ.

Г.Отгонжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.