Хүний эрх хөсөр орхигдож, Х.Тэмүүжин гишүүн бусаддаа "хаягдав"

2010/04/15
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин | 
Хүний эрх хөсөр орхигдож, Х.Тэмүүжин гишүүн бусаддаа

Төрийн ордны А танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хоёр цаг гаруй ганцаараа суулаа. Уг нь Хүний эрхийн дэд хороо энэ зааланд 14.00 цагаас хуралдах байсан юм. Харамсалтай нь дэд хорооны даргаас өөр хүн ирсэнгүй. Туслах нь хэд хэдэн гишүүд рүү утас цохив. Гишүүдийн зарим нь шуудхан л ирэхгүй гэдгээ мэдэгдэж байгаа бололтой царай нь барайна.

Гурав дахь удаагаа гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар Хүний эрхийн дэд хорооны хурал хойшилж байна. Уг нь энэ хороонд цөөн тооны гишүүн харьяалагддаг аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Ц.Сүхбаатар, З.Энхболд нар багтдаг байна.

З.Энхболд гишүүн 15.00 цагийн үед А танхимд морилов. Гэхдээ тэрбээр  "Би ажлын хэсгийн хуралдаанд оролцох хэрэгтэй байна" гэхчлэн Х.Тэмүүжинг үл ойшоох хандлага үзүүлэв.

Хүний эрхийн дэд хороогоор Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаарх илтгэлийг авч хэлэлцэх байлаа. "Хар мягмар" гариг хэмээх энэ өдөр таван сайхан залуу амиа алдаж, олон арван аавын хүү эрэмдэг, зэрэмдэг болсон. Гэвч энэ асуудал цаг хугацаатайгаа хамт улирсан гэж эрхэм түшээд эндүүрсэн бололтой. Монгол Улсад хүний эрх хамгийн их зөрчигддөг гэдэг. Үүний баталгаа ч долдугаар сарын 1-ний өдөр биз. Төр нь иргэн рүүгээ буу шагайсан гэдгийг прокурорын байгууллага нь хэдийнэ тогтоочихсон.

Харамсалтай нь Өршөөлийн хууль гэдэг бамбайгаар дээрх хэрэгт хариуцлага хүлээх хүнгүй болгож орхив. Эцэст таван залуугийн амь үнэгүйдэж, иргэдийнх нь эрх хөсөр хаягдсан. Иймдээ ч нэгэнт санаа нь гүйцэлдсэн тул эрхэм түшээд дахин энэ асуудалд толгойгоо чилээхийг хүссэнгүй.

Энэ үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Хүний эрхийн дэд хороонд нэлээд хэдэн өргөдөл ирсэн гэл үү?
-Галт зэвсгийн улмаас амь насаа алдсан эрүүл мэндээрээ хохирсон зургаан өргөдөл ирсэн. Гурав нь амьд, гурав нь нас барсан иргэдийн ар гэрийнхнээс ирүүлсэн өргөдөл байгаа. Мөн мөрдөн байцаалтын явцад зодуулсан, эрүү шүүлтэд өртсөн гээд 10 мянга гаруй өргөдөл ирсэн. Зарим өргөдөл нь дотроо 5-10 хүнийх байх жишээтэй. Түүнчлэн прокурор шүүхийн байгууллага хэт нэг талыг барьсан, шударга бус байдалд хохирсон гэсэн 13, хохирол барагдуулах болон бусад асуудлаар 11 өргөдөл ирсэн.

-Цагдаа нарын ар гэрийнхнээс ч өргөдөл ирсэн гэж сонссон?
-Цагдаа нар ч бас хохирсон гэсэн өргөдөл холбооноос нь ирсэн.

-Өргөдлийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Цагдаа нарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн учраас Засгийн газарт бичиг явуулсан. Долдугаар сарын 1-нд ажил үүргээ гүйцэтгэж яваад хохирсон цагдаа нарын нөхөн төлбөрийн асуудлыг яагаад шийдвэрлээгүй юм бэ гэдэг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт албан тоот явуулсан. ЦЕГ-ын дарга нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд нь "Бид арга хэмжээ авч эхэлж байна" гэсэн хариу өгсөн. Үүнээс сарын дараа цагдаа нарт нөхөн төлбөрийг нь өгөөд эхэлсэн. Энэ үйл ажиллагааг явуулаад дахиад сонсгол явуулахад нэг ч асуудал хэрэгжээгүй. Засгийн газар уг нь долдугаар сарын 1-ний дараа л ажиллах ёстой байсан. Харамсалтай нь жил гаруй юу ч хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар албан хаагчдынхаа хохирлыг барагдуулах асуудлаар нэг ч алхам хийгээгүй.

-Уг нь Нөхөн төлбөрийн тухай хууль гаргасан биз дээ?
-Нөхөн төлбөр олгох тухай хууль батлагдчихсан байдаг. Нуулгүй хэлэхэд, улс төрийн нам нөхөн төлбөрөө авчихсан байсан. Гэтэл төрийн албан хаагчид нь аваагүй. Энэ чинь шударга бус байна гэж шаардлага тавьсан. Улстөрчид эрх мэдэлтнүүд цагдаагийн энэ асуудлыг нууц хувьсгал хэмээн иргэний эрхийг сөргүүлж тавих гэж оролдсон.

-Эд хөрөнгөөрөө хохирсон иргэд өргөдөл гаргасан гэж дуулсан. Энэ талаар ?
-Галдан шатаж, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийг сөхөж тавиач гэсэн санал гарч ирсэн. Тэр иргэдийн асуудлыг уг нь шийдсэн гэж би ойлгосон юм. Нөхөн төлбөр олгох тухай хуульд уг нь энэ асуудал багтсан. Хэрэв нөхөн төлбөр барагдуулаагүй бол Хууль зүй, дотоод хэргийн сайд ажлаа муу хийсэн байна гэсэн үг. Бас нэг асуудал нь тэр иргэд биечилж гомдол гаргаж өгөөгүй. Энд дурьдагдаагүй нэг асуудал бий. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудал. Долдугаар сарын 1-нд ганц телевиз ажиллуулж бусдыг нь хаасан байгаа. Ингэхдээ ганц телевизийнхээ мэдээллийг Засгийн газар өөрөө хянаж ажиллуулсан байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг эргэн сөхөж, эрх зөрчигдсөн үү үгүй юу гэдэг дээр ажиллах хэрэгтэй.

Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.