"Үдийн цай"-ндаа битгий ороорой, миний хүү

2010/04/16
Share |
Хүмүүс:

Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүддээ ийн захих болж. Уг нь сургууль хүүхдэд ээлтэй орчин гэдэг ч “Үдийн цай” хөтөлбөрөөс үүдэн энэ нэр алдагдахад хүрээд байна. Анх энэ хөтөлбөрийг хэрэгжиж эхлэхэд “энэ мөн аятайхан эдээ” хэмээн магтах хүн олон байсан. Харин одоо хүмүүс эргэлзэж байна. Учир нь энэ хөтөлбөрөөс үүдэлтэй хоолны хордлого ар араасаа гарч байна. 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 1 -3 дугаар ангийн 110 мянган хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Тухайн үед улсын төсвөөс 9,6 тэрбум төгрөг гаргаж, нэг хүүхдэд 300 төгрөг байхаар тооцсон байдаг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тэр цагаас хойш хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлж байна л гэж яригдаж байснаас харин хүүхдүүд хордлогод орсон тухай мэдээ гарч байгаагүй юм.

Гэтэл энэ жил “Үдийн цай” хөтөлбөр хүнээр бол мэнгэ нь голлосон юм шиг л байна. Бараг сард нэг удаа “Үдийн цай”-ндаа хордсон хүүхдүүдийн тухай мэдээ гарах боллоо. Хүмүүс ч цочрохоо байжээ. Хүмүүстэйгээ адил холбогдох газрын удирдлагууд ч мөн ялгаа алга. Гарч л байдаг юм гэсэн аястай хандах болжээ. Хатуухан хэлэхэд хоолны хордлогоор хүүхдийн амь эрсэджээ гэвэл сая нэг ухаарах болов уу даа.

БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ЕРДӨӨ ГУРВАН САРЫН ХУГАЦААТАЙ Л БАЙГУУЛНА

Энэ жил “Үдийн цай” хөтөлбөрт 280 мянган хүүхэд хамрагдаж байна. Улсын төсвөөс 20-иод тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нэг хүүхдэд 400 төгрөг байхаар тооцоог гаргасан. Төсвөөс зарцуулах мөнгө, нэг хүүхдэд оногдох мөнгөн дүнгийн хэмжээг нэмээд байхад яагаад харин эсрэгээрээ “Үдийн цай” хөтөлбөр муу нэрийг өөртөө дагуулаад байна вэ? Тэгэхээр энэ хөтөлбөрийг огт хэрэггүй гэж дүгнээд зогсоочихвол болмоор санагдана. Гэтэл ийм дүгнэлтийг гаргахад арай эрт бололтой. Яагаад гэвэл 2006 онд анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх тэр үед БСШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайд хоёрын хамтарсан ЕБС-ийн Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг батлан гаргажээ. Энэхүү журманд “Үдийн цай”-нд нийлүүлж өөрөөр хэлбэл хүүхдүүдэд өгөхийг хориглосон бүтээгдэхүүнд цагаан цаасан дээр тод хараар дурайтал биччихсэн нэрс байх юм. Жигнэмэг буюу печень, бялуу, шоколад, чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, давсалсан самар, мөхөөлдөс, түргэн хоол, хийжүүлсэн ундаа эдгээр бүтээгдэхүүний нэрсийг нэрлэжээ.

Гэтэл өнөөдөр “Үдийн цай”-нд хамрагдаж байгаа 1 -5 дугаар ангийн нийт 280 мянган хүүхэдийн хэд нь дээрх хориглосон бүтээгдэхүүнээс идэж, ууж байгааг судлаад үзэхээр дийлэнх нь иддэг гэж байх юм. Тэдэнд өгөхгүй байх үүргийг тэдний хамгийн ойрын туслагч болох сургуулийн захирал нь хүлээдэг байх юм. Тодруулбал, “Үдийн цай” хөтөлбөрт сурагчдад өгөх бүтээгдэхүүнийг нийлүүлэх компанийг шалгаруулах бүх эрх мэдэл сургуулийн захиралд байдаг байна. Мөн сургуулийн хяналтын комисст ч энэ үүргийг давхар хариуцуулжээ. Гэхдээ бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулчихаад гэрээ байгуулахдаа ердөө гуравхан сарын хугацаатай байгуулдаг.

Хэрвээ гурван сарын хугацаа дууссаны дараа гэрээ цааш сунгахаар бол гэрээний хугацаанд хэрхэн ажилласныг дүгнээд хяналтын зөвлөлтэй хамтран шийддэг байна. Энэ бүхнээс харахаар уг нь тун ч хатуу шалгууртай байх юм. Гэтэл яагаад “Үдийн цай”-наасаа хүүхдүүд хордоод байна вэ? Тэгэхээр “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” сургуулийн захирал уу, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгж үү? Үнэндээ бол энэ хоёрын аль нь биш болж таарч байна. Хамгийн сүүлд “Үдийн цай” хөтөлбөрөөс үүдэлтэй гарсан хоолны хордлогоос харахад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт “Мон сүү” компанийн үйлдвэрлэсэн зөгийн балтай сүү болон хорхой ааруулыг идсэн 53 дугаар сургуулийн 66 хүүхдээс 11 нь хордлогод орж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Мөн Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн хүүхдийн “Үдийн цай”-нд бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулах гэж байсан сумын Засаг дарга, сургуулийн захирал тэргүүтэй арав гаруй хүн тэдний нийлүүлэх гэж байсан бүтээгдэхүүний амталгааг хийж байх үедээ хордож эмнэлэгт хэвтсэн. Сумын Засаг дарга нь уржигдар эмнэлгээс гарсан мэдээ байна.

ХҮНСНИЙ АЮУЛТАЙ, АЮУЛГҮЙГ БЯЦХАН ҮРСЭЭРЭЭ “ШАЛГУУЛЪЯ”

Үнэндээ ингэж хэлмээр санагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюултай, аюулгүйг шалгагчид нь Мэргэжлийн хяналтынхан бус харин эсрэгээрээ бяцхан иргэд маань болж таарч байна. Эргээд л хамгийн сүүлд “Үдийн цай”-ндаа хордсон хүүхдүүдээр жишээ татъя. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь зургаан настангууд байна. Түүнчлэн энэ хөтөлбөр 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хэрэгжиж байна Тэгэхээр ийм дүгнэлтийг хийхээс өөр яалтай билээ. Нөгөө талаар хүнсний аюулгүй байдал гэдэг манай улсад ердөө яригдахаа байж. Хяналт тавьдаг байгууллага ч гэж алга хэмээн хэлэхэд болохоор байна. Үнэндээ хамгийн түрүүнд энэхүү “чимээгүй дайн”-д бяцхан үрс маань өртөх магадпал өндөр болоод байна. Бяцхан үрсээ энэ “чимээгүй дайн”-д алдахгүйн тулд эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй болж байна. Учир нь “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж буй бүтээгдэхүүний талаар улиралд нэг удаа та бүхэнд сургуулийн захиргаа тайлангаа тавих ёстой байдаг.

Тийм болохоор эцэг эхчүүд та бүхний анхаарал муухан үйл ажиллагаатай хяналтын байгууллагаас ч дээр гэдгийг санах цаг ирээд байна. “Үдийн цай” хөтөлбөр Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж эхэлснээр сургуульдаа ирэх хүүхдийн тоо ихэссэн гэдэг. Тэгэхээр энэ хөтөлбөр хэрэггүй зүйл биш харин түүнд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй болоод байна. Ялангуяа эцэг эхчүүдийн тавих хяналт хамгаас чухал байгаа юм. Энэ он гарсаар “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой гарсан хоолны хордлогын талаарх авсан арга хэмжээ хэр “бай”-гаа олсон талаар БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнээс асуухад тодорхой хариултыг өгөхгүй байна. Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг салбарын сайд нь хүүхдүүдэд өгөх хоолны бүтээгдэхүүнд хяналт муу тавьсан хэмээн ажлаас нь халсан ч харин тэрбээр би ажлаа сайн хийсэн хэмээн шүүхэд хандан одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Мөн Ховд аймгийн Булган сумын сургуулийн захирлыг мөн л салбарын сайд нь ажлаас халсан. Гэхдээ зөвхөн тухайн сургуулийн захирлыг ажлаас халснаар энэ асуудал шийдэгдэнэ гэвэл хэт өрөөсгөл юм. Гэтэл сургуулийн захирлаас гадна хэн нэг хариуцлага алдсан нөхөр энэ бүхний цаана алгаа ташесаар хоцорч байгаа шүү дээ. Өнөөдөр манай орны томоохон бас найдвартай хүнсний манлай үйлдвэрүүд гээд байгаа компаниудл гэхэд захын нэг шалгалтад л бүдэрч байна. Уржигдар хэрэглэгчдийн төлөө газраас манай улсад сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, борлуулдаг томоохон компаниудыг шалгахад бүгд жинхэнэ үнээний сүү гээд хуурай сүү уутлаад зарж байх жишээтэй. Тэгэхээр “Үдийн цай” хөтөлбөрийг халах, солих бас муулах, гоочлох бус харин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч комданиудад тавих хяналтыг чангатгамаар байна, эрхэм сайд нар минь ээ.

Б.Молор Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.