Мишээл охин

2010/04/19
Share |
Хүмүүс: М Ичинноров | 
Мишээл охин

2008 оны 12 – р сарын эхээр гудамжинд би Мишээл нэртэй нэг настай бяцхан охиныг “олоод” тэр дороо алдчихсан юм.  Би найзын хамт Шинжлэх ухаан мэдээллийн төв паркийн урдуур явж байгаад дөч орчим насны эрэгтэй өвлийн тасхийм хүйтэнд цементен дээр суучихсан, гартаа нэг настай бяцхан охин тэвэрчихсэн гуйлга гуйж байгааг хараад би өөрийн эрхгүй зогсож түүнтэй ярилцсан юм. 

Охин нь эхэр татан уйлах бөгөөд тэр эр өөрөө бас уйлж байлаа. Ийм хоёр амьтныг өрөвдөхгүй өнгөрөх хэн байх вэ?  Тэр хавиар явж байсан хүмүүс бүгд л доод тал нь 500, 1000 төгрөг сарвайж, часхийн бас ёолон уйлах бяцхан охиныг харан дэмий л өрөвдөн хоорондоо ярьж зогсоно.  Мань эр над руу хандан охиныг минь аваач, охиныг минь авах сайхан сэтгэлтэй хүн байна уу? Ээж нь нас барчихсан юмаа гээд уйлав..Миний толгойд ямар ч хоёр дахь бодол, эргэлзээ байсангүй. Би охиныг шууд шүүрч аваад “Ахаа, би охиныг чинь авлаа шүү. Та гомдолгүй биз? Би авлаа шүү” гэж хэлэхэд мань эр “баярлалаа, миний охиныг сайн харж хандаарай, танд баярлалаа” гэсэн юм. Тэгээд найзтайгаа хоюулаа охиныг аваад шууд такси барихаар зам руу гүйлээ.

Тэр охиныг тэр хүйтэнд өшөө нэг минут ч байлгах харамсалтай байлаа. Тэр үед ямар сонин юм болсон гэж сананаа. Охин миний гарт ирэнгүүтээ уйлахаа больчихож билээ. Мэдээж охиноос олон хоног сарын шээс баас үнэртэж байсан ч яг тэр мөчид би эх хүний хайрыг маш онцгой мэдэрч байлаа. Такси барих гээд зогсож байх зуураа охиныг гэртээ аваачиж дулаацуулаад усанд оруулаад гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрээс гүйж орж шинэ хувцас авч өмсүүлээд эмч эгч рүүгээ барьж гүйнэ. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлнэ дээ гэж л бодогдож байлаа. 

Гай болж цас орж байсан өдөр тул такси зогсохгүй байлаа. Гэтэл мөдхөн араас минь охины эцэг гүйж ирээд “би охиноо буцааж авья аа” гээд уйлан дуугарч эхлэв. Тэхээр нь би “за тэгвэл би охиныг чинь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээд цагдаад хүлээлгэж өгнө, тэгээд асрамжийн газар би өөрийн гараар хүргэж өгөөд хаана хүлээлгэж өгсөнөө танд хариуцлагатайгаар мэдэгдье” гэтэл зөвшөөрөхгүй надаас охиныг булааж авахаар зүтгэв. Яг тэр мөчид бас нэг сонин юм болж билээ. Аавыгаа өөрийг нь надаас шүүрч авах тэр мөчид охин дахиад часхийтэл уйлсан юм. Тэр мөчид бас удтал хүлээсэн такси ирээд зогсчихсон, нөгөө аав надаас хүүхдээ буцааж авах гээд, бас эргэн тойрон баахан хүмүүс Энэтхэг кинон дээр гардаг шиг үзүүлбэр үзээд зогсчихсон байсан. 

Би ч бас за яршиг, Хүний эрхийн Ичинноров хүүхэд “хулгайлсан” хэрэгт ороод яахав гэж бас бодогдоод явчлаа. Аав гуай ч охиноо авах гээд уйлаад байдаг. Тэгээд би охиныг буцааж өгөөд та тэгвэл асрамжийн газарт очоорой, охиныг ингэж гадаа байлгаж болохгүй шүү гээд явлаа. Таксинд суусан хойноо манай найз бид хоёр охины төлөө маш ихээр харамсан гашуудаж байлаа. Найз маань “яасан азгүй хүүхэд вэ? Хэдхэн хоромын дотор энэ хүүхдэд шал өөр хувь заяа оногдох байлаа шүү дээ” гэж халагласаар байлаа. Миний хувьд охины тухай бодол санаанаас маань гарч өгөхгүй зовоосоор. Тэгээд хоюулаа хэсэг хугацааны дараа дахин нөгөө газраа очив. Тэгээд найз маань нэг санал дэвшүүлэв.

Тэр хүн таныг таниад танаас их мөнгө авах гэж бодсон байж магад, тэхээр хоюулаа аавд нь мөнгө өгөөд сайн ярилцая, та машин дотор хүлээж бай. Би очоод яриад охиныг аваад ирье гэв. Би саналыг дэмжлээ. Тэгээд байсан мөнгөө 30 000 төгрөг өгөөд найзыгаа аав гуайтай уулзуулахаар явууллаа. Бид хоёр хамгийн гол нь энэ удаа охиныг асрамжийн газар хүргэж өгье. Тэгээд охинд туслая гэж шийдээд, мөн энэ шийдлээ ч аавд нь хэлж ятгуулахаар явууллаа. За тэгээд би гэдэг хүн таксин дотор хүлээгээд байдаг, хүлээгээд байдаг, найз маань ирдэггүй. Тэгж тэгж бараг 40 минутын дараа хөлдөж үхэх шахсан амьтан буцаж ирэв ээ. “Ямар ч нэмэр алга. Нөгөө нөхөр чинь ерөөсөө хүүхдээ өгөхгүй байна. Би ч мөнгө өгсөн. Ямар ч нэмэргүй. Тэр хавьд байсан эмэгтэйчүүд тэр хүнийг охиноо надад өгч явуулахыг ятгаад ч дийлсэнгүй, охин уйлаад л байна” гэсээр ирлээ.   Харин энэ удаа бид хоёр охины нэр, нас хоёрыг нь мэдэж авсан юм. Охины нэр Мишээл. Нэгхэн настай.

Яг тэр үед би хоёр хоногийн дараа Америк руу удаан хугацаагаар явах гэж байсан юм. Тэгээд би Хотын цагдаагийн газрын хүүхдийн хэлтэсийн Алтанцэцэг гэж дэслэгчийн гар утсыг олоод түүнд энэ тухай мэдээллийг өгөөд яаралтай охины амь насыг аварч, хамгаалалтанд авахыг зөвлөлөө. Нөгөө хүн маань ч “за, бид одоо ингэсгээд гарлаа. Машин хүлээж байна” ч гэлүү нэг юм бувтнаад л байсан.  Маргааш нь завгүй, нөгөөдөр нь би Америк явсан. Гэтэл найз охин маань надад имэйл бичээд хэд хоногийн дараа нөгөө хоёр чинь нөгөө газраа сууж л байна гэж хэлсэн. Тэхэд л би тэр эр энэ охиноор орлогын эх үүсвэрээ болгож ашиглаад тэр мөнгөөрөө архи уудаг юм байнаа гэдэг бодол өөрийн эрхгүй төрсөн.  Тэр охиныг хамгаалалтандаа авна гэж надад амлаад түүнийгээ биелүүлээгүй  цагдаагийнханд  надад үнэндээ хэлэх үг ч алга.

Сонин юм. Би бурхны бэлэг болсон маш хөөрхөн нэг хүүтэй. Охинтой болохсон гэж олон жил мөрөөдсөн. Тэгээд охинтой болбол Мишээл гэж нэр өгнө гэж боддог байлаа. Гэтэл би гудамжинд нэг настай, миний тусламж маш хэрэгтэй байсан бяцхан Мишээл охиныг олоод л алдчихсан юм. Мишээл охин тэр аавтай үлдсэн цагт хувь заяа нь хаашаа эргэх нь харамсалтай нь тодорхой.

Хүсээгүй жирэмслэлтээс төрсөн, бас үхэл хагацал, өнчрөл зовлон, хүчирхийлэл дарамт үзсэн хүүхдийн асуудал дэндүү их. Энэ бол бидний Монгол үндэстний түгээмэл бас тулгамдсан  асуудал. Уг нь хүний амийг олон энэ дэлхий хорвоод мэндэлдэг үрсийг  эх орон, эцэг эх гэсэн хүрээлэн угтан тосч аваад гаран дээрээ бөмбөрүүлэн өсгөх учиртайсан. 

Мишээл охины эцэг мэт эцэг эх байх үүргийг биелүүлж чадахгүйгээр зогсохгүй эрх ч үгүй ч ийм хүмүүсийг төр засаг анхааралдаа авч эцэг эх байх эрхийг нь хүртэл хасч эцэг эх байх хүсэлтэй хэрнээ үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа аль эсвэл хэний ч хүүхдийг голохгүй аваад өсгөөд өгөх сайхан сэтгэлтэй гэр бүлүүдэд хуваарилан өгөх үүргийг хүлээх ёстой.

Гудамжинд бяцхан хүүхдээрээ дүн өвлийн хүйтэнд бизнес хийгээд сууж байгаа согтуу эр тэнд хэдэн сар битгий хэл хэд хоног ч суух эрхгүй байх ёстой. Тэр бүү хэл гэртээ хүүхдээ цоожлоод орхисон эцэг эхтэй хариуцлага тооцдог, хөршүүд нь цагдаад мэдээлэхэд тэр дор нь ирээд хүүхдийг нь аваад явдаг хууль Америкт байдагийг бид бүгд мэднэ. Үнэн хэрэг дээрээ хүний хэрэгт оролцоод дэндүү муухай юм гэж ярьдаг манайхан байдаг ч харгис мэт санагдавч харин ч энэрэлтэй хууль мэт надад санагддаг.

Учир нь бага насны хүүхэд хараа хяналтгүй байж байгаад гал гаргавал яах вэ, хутга мэсэнд хүрчихвэл яах вэ гэсэн хамгаалалтын үүднээс ийм бодлого хэрэгжүүлдэг ажээ. Манайд гэмтлийн эмнэлэгт хөдөө оймсгүй бакаал өмсүүлж гүйлгээд хөл нь холгосон шархнаас үүдэлтэй бүх биеэр нь үрэвсэл үүсч маш хүнд байдалд орсон хүүхэд ч байж байна.  Үүнийг англиар “negligence” буюу үл хайхрах гэж үздэг. Үүгээр эрүүгийн болоод иргэний хариуцлага хүлээлгэдэг, торгууль төлүүлдэг, бас нийгмийн халамжийн үйлчилгээ анхааралдаа авч ийм зүйл болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авдаг.

Монголын төрийн үнэт өмч нь газар шороо, тусгаар тогтнол мөн. Үүний нэгэн адил энэ төрийн хамгаас үнэтэй өмч нь хүүхэд билээ.

М.Ичинноров www.ichinnorov.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.