"Бороо гоулд"-ын хоол дуусч байна

2010/04/21
Share |
Хүмүүс:

Амтай болгоны хэрүүлийн бай болоод буй “Бороо гоулд” тэтгэвэртээ гарах цаг болжээ. Энэ нь тус компани олборлох ёстой алтаа аль хэдийнэ авч, цадаж ханасан гэсэн үг. “Бороо гоулд”-ын шороон ордод нэлээд зөрчил илэрч байсныг хэн хүнгүй л мэднэ. Тиймээс ч хэл амыг дарах үүднээс компанийн үйл ажиллагаанд дотоодын биш хөндлөнгийн шалгалт хийсэн. Үүний үр дүнд тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж нэлээд хэмжээний алтыг ашиглах боломжгүй болсон тухай ч дүгнэлт гарсан байдаг юм билээ. Энэ компанийн олборлолтын бүрэн нөөц одоо дуусаж хаалтаа хийхэд бэлэн болсон. Гэсэн ч үйлдвэрийн ашиглах хэмжээнд дахин зургаан сар олборлох нөөцтэй үлдсэн гэсэн. Одоо ч энэ олборлолтын ажил явагдаж байгаа аж. Энэ олборлолт дуусмагц хоёр жил нөхөн сэргээлтийн ажлыг хийх гэнэ.

“Бороо гоулд”-ын талаар ам нээсэн гишүүдийн байр суурь ерөнхийдөө нэг зүйлд нэгдэж байсан. Ер нь манайд яригддаг асуудал бол байгаль орчинд учруулсан хор хохирил, хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэдэг нь эзэнгүй хөндөх сэдэв болдог. Харамсалтай нь хохирол тооцох аргачлал байдаггүй. Уул уурхайн компани гэдэг нь нэг талдаа асар их ашигтай ч нөгөөтэйгүүр, аль аль талдаа хохиролтой.

Олборлолтын дараах үр дагавар, химийн бодис хэрэглэсний төлөө Бороогийнхон манай Засгийн газартай чухам юу тохирсон юм бэ, хэдэн жилийн дараа энд тэндээс булсан хортой бодис гараад ирвэл яах вэ гэх болгоомжлол өөрийн эрхгүй төрнө. Хорин жилийн дараа Хонгорынхон шиг хувь заяа биднийг угтахгүй гэх баталгаа алга.

НӨӨЦӨӨ ДУУССАН Ч НӨГӨӨД НЬ САНААРХАВ УУ

Хэдийгээр “Бороо гоулд” төрхөмдөө буцах болсон ч цаашид үйл ажиллагаа дахин явуулах хүсэлтэй байгаа гэнэ лээ. Харин ингэхийн тулд хуучин олборлолт явуулж байсан газраа нөхөн сэргээлтийг хийж өндөр оноо авах нь цаашдын үйл ажиллагаанд нь сайнаар нөлөөлөх нь мэдээж.

Тус компани 2004 оноос нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн. Жилд 60-70 га газарт нөхөн сэргээлт хийдэг байна. Нөхөн сэргээлтийг Хойд Америкт мөрддөг стандартын дагуу хийх аж. Харин яаж хийх вэ гэдэг асуудлыг Канадын компани төсөл боловсруулж ажиллаж байгаа гэсэн.

Анх үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш зөвхөн ордын түвшинд олборлолт хийсэн. Одоо 50-60 км-ийн цаана байх ордыг ашиглах талаар асуудал яригдаж байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах тус компани тун саяхнаас “Ноён” гэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэж нутгийн иргэд ярих болсон. Энэ төсөл нь нутгийн ардын эртнээс шүтэж ирсэн Ноён уултай холбоотой гэнэ. Тэгээд ч зогсохгүй тэд энэ уулнаас алт олборлохоор зэхэж байгаа дуулдана. Тодруулбал, тус газар нь 50 тоннын нөөцтэй. Харин алт олборлохын тулд 60 гаруй га газрын мод, өвгөн болон зулзаган хусыг хайр найргүй сүйтгэж байгаа гэнэ. Нутгийн иргэд   “Сентера гоулд” компанид хандсан ч тэд алс холын Канадын Торонто дахь удирдлагууддаа уламжилна гэж амыг нь тагласан гэх. Алс холын Канадаас хариу хүлээсэн нутгийн иргэд сүүлдээ цөхөрч байна. Уг нь ойн сан, гол усны эхэнд олборлолт явуулахгүй байх тогтоол гарсан ч “Боро о гоулд” огтхон ч тоосон шинжгүй суудаг гэнэ.

Тэдэнтэй холбоотой хэл ам ер нь тасардаггүй. Сонгуулийн үеэр ч “Бороо гоулд” гэсэн нэр дурьдагдаж багагүй шуугиан дэгдэж л байсан. Мөн ажилчид нь цалингаа нэмүүлэх хүсэлт гаргаж нэлээд л асуудал үүссэн юм. Энэ мэтчилэн олон асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийсэн. Тус компанийн лицензийн эрх болон нөөцийн асуудлийг шалгасан. Тухайн үед шалгалтаар очиход ажилчид нь компанийн гадаа суулт, өлсгөлөн зарласан байдалтай байсан. Тиймээс үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлж, хоёр сар гаруйн дараа дахин сэргээсэн юм.

Харин тус компани болон ажилчдын хооронд болсон маргаан хөдөлмөрийн гэрээ­тэй холбоотой. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой байтал зарим ажилтантай хугацаа зааж бай­гуул­сан нь асуудал үүсгэсэн юм. Гэрээний хугацаа дуусгавар болж халагдсан ажилчид сэтгэл дундуур үлдэж гомдлоо барагдуулахыг шаардсан нь бас л “Бороо гоулд”-ын чихийг халууцуулаад авсан юм.

“БОРОО ГОУЛД” ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН

Төрийн өмч ердөө л хоёр хэлбэртэй байдаг. Төрийн өөрийн өмч, төрийн нийтийн өмч гэсэн. Гэтэл “Бороо гоулд” монголын газар нутгаас 43 тонн алт үнэ төлбөргүй олборлож авсан нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болоод байна. Ер нь лиценз гэдэг эрдэс баялгийн ашиглах эрх болохоос биш, өмчлөх эрх биш. Гэтэл тэд өмчилж авчихаад байна. Ашигт малтмалын тухай хууль манай улсад 1997 онд батлагдаж байсан. Тухайн үедээ “Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё” гэсэн шиг гадны хэдэн компаниудыг дуудаж авчраад эх орноороо тоглуулсан гэж УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир гишүүн хэлсэн юм. Үнэхээр ч бодоод байх нь ээ, бид гадныханд уриалгахан хаалгаа дэлгэж өгөөд гэрийнхээ хамаг үнэтэй зүйлсээ зөөгөөд өөрдсөө хамжиж дамжлаад гаргаж өгөөд байх шиг.

Яахав улсын төсөвт оруулсан мөнгийг ашиг гэж тооцох ч өнөөдөр уул усаа, газар шороогоо сүйтгүүлээд дууслаа гэж халаглах хүмүүс олон байгаа. Тус компани 2004 оны гуравдугаар сарын 1-нд анх ажиллаж эхэлсэн. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 880 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн тооцоо байдаг юм байна. Үүнээс манай улсын төсөвт 190 тэрбум төгрөгийг өгсөн гэнэ. Нийт өгсөн ашгийг тооцвол манайд 400 тэрбум төгрөг өгсөн гэж байгаа. Уг нь манай улс 1998 онд байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр эхний гурван жил 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувийн хөнгөлөлттэй байх эрх эдэлж байсан. Ингээд одоогоос гурван жилийн өмнөөс татвараа бүрэн төлж эхэлсэн байна.

Тухайн үеийн Техник, эдийн засгийн үндэслэлээр олборлох алт 42 тонн гэж тогтоогдож байсан. Харин ашиглалтын явцад талбайн хэмжээ өсч 60 гаруй тонн болж өссөн байна. Тэгээд ч Ашигт малтмалын тухай хууль батлаж байсан 1997 оныг бодвол бид одоо эрийн цээнд хүрсэн. Тиймээс ахин “Маамуу нааш ир” дуулахгүйгээр танайд очъё гэдэг болбол уг нь зүгээрсэн.

О.УРАНТОГОС / "НИЙГМИЙН ТОЛЬ" сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.