С.Оюун: Итгэл найдвар багасч байна

2010/04/21
Share |
Хүмүүс: Санжаасүрэн Оюун | 
С.Оюун: Итгэл найдвар багасч байна

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож, түүний хөшөөнд гэр бүлийнхэн нь болон найз нөхөд “Монголын ардчилсан холбоо”-ны гишүүд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв. Төрийн ордны зүг бодлогошронгуй хараагаа бэлчээсээр түүний шавар баримал олон жилийг ардаа үлдээжээ. Жил жилийн энэ өдөр эрхэм эл хүний гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, алчуурчин  хэзээ илрэх бол, хэрэг ингээд бүдгэрэх вий гэсэн айдас хүмүүсийн сэтгэлд  хургах болсон нь нууц биш. Харин энэ өдрийг хүндэтгэн хайрт ахаа санагалзан гэрэлт энэ хөшөөн дээр цэцэг өргөн харууслын нулимстай зогсож буй  УИХ-ын гишүүн С.Оюунтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Ахын тань энэ хорвоод мэндэлсэн болон нас барсан өдрийг жилийн жилд төр засаг нэхэн дурсч, санаж сануулж  байна. Гэвч хэрэгтэн өнөөдрийг хүртэл эрх чөлөөтэй алхаж яваа. Холбогдох газрууд хэрэгтэнг үнэхээр илрүүлж чадахгүй байна уу, эсвэл чадахыг хүсэхгүй байгаа юм болов уу. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-“Олон улсын парламентын холбоо” жил бүр УИХ-д энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг  сануулдаг.  УИХ-аас ажлын хэсэг хэд хэдэн удаа байгуулсан ч хүсэн хүлээж байсан үр дүн маань гарсангүй. Шинээр томилогдсон Ерөнхийлөгч, сайдуудад ч уламжлал ёсоор энэ хэргийг анхааралдаа авахыг хүссэн ч бахь байдгаараа. Саяхан Цагдаагийн ерөнхий газрын даргад  хандсан. Энэ хэргийг ямар ч байсан орхиогүй гэсэн хариулт өгсөн.

-Танд хэрэг илрэхгүй замхрах вий гэсэн бодол төрж байв уу. Ер нь энэ хэргийн учир жанцан олдоно гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Итгэл найдвар багасч л байна. Хэргийн эзнийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан шүү дээ. Энэ хэргийг анхнаасаа улс төрийн зорилготой гэж яригдаж байсан. Тэгээд л илрэхгүй байгаа биз. Гэхдээ би монголын цагдааг муу ажиллаж байна гэж үзэхгүй. Улс төрийн дэмжлэг л хэрэгтэй байгаа байх. Хэргийн эзнийг илрүүлэхэд ганцхан ар гэрийнхэн нь дуугараад байх биш. Ардчилсан хувьсгалд мөр зэрэгцэн оролцож явсан намын нөхөд нь сэтгэл зүрхээ зориулаасай гэж хүсдэг. Ах маань Ардчилсан намын гишүүн байсан. Ардчилсан намынхан  энэ ч утгаараа дуугарах ёстой. Алчуурчныг бүгд нийлж, шахаж шаардаж байж л олох байх. Улс төрийн хүсэл сонирхол байхгүй учраас  алуурчин одоо болтол илрэхгүй байгаа гэдгийг би олон ч удаа хэлсэн дээ. Гэхдээ хэзээ нэгэн нартай өдөр хэргийн эзэн илэрнэ гэдэгт найдаж энэ олон жил хүлээсэн, тэвчсэн. Тэр ч утгаараа бид энэ хэргийг хойч үеийнхэндээ мартуулахгүйн тулд олон ажлыг зохион явууллаа. Тухайлбал, ахын нэрээр нэрлэгдсэн “Зориг сан” байгуулагдсан цагаасаа хойш 700 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгосон. Ахын маань Ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмрийн тухай Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт дурьдагдсан байгаа. С.Зориг агсны тухай оюутнууд диплом бичиж лекц уншдаг. Энэ бүхнээс харахад ахын маань ариун үйлс ард түмэндээ дуурсагдаж түүхэнд мөнхлөгдөж байна.  

С.УЯНГАЗУЛ / "НИЙГМИЙН ТОЛЬ" сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.