УДЭТ-ын жүжигчин Т.Хулан: Намайг биеэ тоосон гэж ярихаар би их гайхдаг

2010/04/21
Share |
Хүмүүс: Хулан | 
УДЭТ-ын жүжигчин Т.Хулан: Намайг биеэ тоосон гэж ярихаар би их гайхдаг

Шинэ үеийн тайз дэлгэцийн урлагийн нүүр царай болсон авьяаслаг залуу жүжигчдийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Т.Хулан юм. Жүжигчний ангийн бараг бүх л оюутанд мөрөөдөл болсон газар нь Драмын театр. Тэгвэл Т.Хулангийн тухайд тэр өндөр босгыг давсан, бүр “Гэгээн Муза-гийн ч эзэн болсон. Ийнхүү залуу насны эрч хүч, авьяасаараа гялалзаж яваа Т.Хулан “Оргилд хүрэхийг хүсч байна” гэж байсан.

-Шинэ дүрээр үзэгчидтэйгээ уулзах гээд их л завгүй байна уу. Жүжгийнхээ тухай сонирхуулаач?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Н.Наранбаатар найруулагчийн бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг үзэгчдэд хүрэх гэж байна. Жүжигт МУГЖ Уранчимэг эгч, СТА Болд-Эрдэнэ ах, залуу жүжигчин Б.Тамир бид дөрөв тоглож байгаа. Манай жүжгийн бусад жүжгээс ялгарах гол зүйл нь гэр бүлийн дотоод амьдралыг тодоор харуулсан. Ер нь гэр бүлд ойрхон тусмаа үзэгчдэд илүү ойр сонирхолтой байх болов уу гэж бид үзэж байгаа. Магадгүй, хэн нэг хүн хэзээ нэг цагт нөхөртөө, эхнэртээ өөрийнхөө хэлж байсан хатуу үгийг манай жүжгээс сонсох байх. Хос хоёр муудалцсан үедээ бие биедээ хэлж байсан гашуун үгс, манай жүжигт байж байх жишээтэй. В.Красногоров гэж жүжгийн зохиолч хүн өөрөө гэр бүл судлаач ч юм шиг санагдаж байсан. Анх зохиолоо уншиж байхад тийм бодол төрж байсан юм. Оршил хэсэг дээр нь гэр бүл судлаач шиг маш мундаг зүйл бичсэн байсан. Ерөнхийдөө манай жүжигт эхнэр нөхөр хоёр байна. Тэр гэр бүлийн амьдралд орж ирж байгаа хоёр нууц амраг байгаа. Тамираа бид хоёр хоёр талын нууц амраг болж ирж байгаа. Тэгж ирснээс үүдэж гарч буй асуудлуудыг харуулна. Манай жүжиг мелодрам. Драмын төрөл рүүгээ илүү жүжиг. Одоо яг сургуулилтандаа явж байна. 18-нд хяналтаа өгнө. 19-ны 19 цагаас нээлтээ хийнэ. Бас энэ дашрамд билетийнхээ үнийг хэлчихье(инээв). Билетийн үнэ 10 мянган төгрөг байгаа шүү.

-Hууц амрагийн дүрд хэрхэн хувирч байна вэ?

-Миний дүрийн хувьд урьд нь тоглож байсан дүрүүдээс арай ондоо. Би дүрээ эсрэг дүр гэхээсээ илүү өмөөрч хэлмээр байна. Ер нь бол гэр бүлийн амьдрал дундуур орж ирж байгаа гэр бүлийн салалтыг үүсгэх гэж байгаа эмэгтэй хүн бол эсрэг дүр байж таарна. Тэр талаасаа харахад эсрэг талын дүр. Гэхдээ тэр эсрэг дүрд хүнийг хайрлах гэсэн сайн чанар байгаа. Нөхрөө хайрлаж чаддаггүй, хайрладаггүй тэр эхнэрийг мэдчихээд “Би яагаад энэ нөхөртэй нь сууж, жаргааж сайхан амьдарч болдоггүй юм. Би ч гэсэн бас жаргамаар байна” гэж үзэж байгаа юм. Манай жүжгийн дөрвөн дүр дөрвүүлээ “Би ч гэсэн жаргамаар байна” гэж хүсч буй. Хүн бүхэнд жаргахыг хүсэх эрх бий шүү дээ. Тэгж бодохоор эсрэг дүр гэж хэлэхэд хэцүү.

-Мэдээж дүр бүрээс л суралцдаг байх. Энэ удаад ямар ололттой байна?

-Энэ баг, тухайлбал найруулагч Н.Наранбаатар ах, Болд-Эрдэнэ ах, Урнаа эгч, Тамираа бид тав яг тавуулаа нийлж хамтарсан уран бүтээл гаргаж байгаагүй. Нэг ёсондоо нийлж хийсэн анхны уран бүтээл. Миний хувьд ялангуяа Урнаа эгчтэй партнёрлож тоглож байгаагүй юм.

-Театрт хөл тавиад хэдий хугацаа болж байна вэ?

-Театр маань дагалдан жүжигчин маягаар шалгаруулж авдаг шүү дээ. Би 2006 онд шалгаруулалтад ороод тэнцсэн. Хоёр жил студийн жүжигчнээр явж байгаад 2008 онд үндсэн жүжигчин болсон.

-Дашхүү агсны хүү найруулагч Галбаяр та хоёр хосууд. Танай хүн ч удахгүй сайхан хурим хийнэ гэсэн байсан шүү?

-Хувийн амьдралаа нууцалмаар байна. Болох юм болох цагтаа л болно. Тийм учраас “Миний амьдрал ийм тийм” гээд яриад баймааргүй байна. Ерөнхийдөө нууц байхад зүгээр гэж боддог. Гэр бүлийнхээ амьдралыг нууцлах дуртай. Дэлгээд байх нь дэмий юм шиг санагддаг. Ялангуяа залуу жүжигчин хүн нууц байсан нь сонирхолтой байдаг байх гэж боддог. Болох ёстой цагтаа үнэхээр сайхан хурим хийж байх үед үзэгчид харна шүү дээ.

-Урлагийн хүн, тэр дундаа жүжигчин хүн их л ойлгодог хүнтэй суухгүй бол хэцүү байх аа?

-Ер нь тийм. Ялангуяа жүжигчин эмэгтэй хүнийг ойлгодог хүн ховор байдаг юм шиг санагддаг. Эрэгтэй хүмүүст чинь мэдээж хар гэж байна. Байнга хажууд нь байгаад, хажууд нь суугаад, юу хийж байгааг нь харж байж л бараг ойлгоно. Зөвхөн гэр бүл, нөхөр ч гэлтгүй, дүү нар, ах эгч нар нь ч ойлгохгүй байх тал байна шүү дээ. Байнга хамт байгаад юу хийгээд байгааг нь мэдэхгүй учраас. Ялангуяа жүжигчний мэргэжлийг хүмүүс
амархан гэж боддог юм шиг байгаа юм. Тайзан дээр нэг гарч ирээд л болчихоор харагдаад байна. Юунд нь тэгж их сургуулилт хийгээд байдаг юм гэж гайхаад байдаг юм шиг байна лээ. Гэтэл бид нэг жүжигт бүтэн сараас хоёр сарын хооронд сургуулилт хийдэг. Эд эс бүх юмаараа л ажиллаж байдаг. Тэгэхээр ойлгодог хүн түшиг болно.

-Ингэхэд айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын том, ганц эрэгтэй дүүтэй.

-Жаахан ширүүндүү, нэг тийм зарчимч төрхтэй харагддаг шүү?

-Ерөнхийдөө тийм. Би багаасаа эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Эмээ өвөөгийнхөө анхны ач нь. Тийм болохоор надад илүү их хайртай. Илүү их халамжилж байдаг. Тэр үүднээсээ авч үзвэл жаахан эрх өссөн. Гэхдээ эмээ өвөөгийн зарчмууд гэж байдаг шүү дээ. Тэр бүгдийг багаасаа сонсож, мэдсээр байгаад ер нь зарчимч болчихсон. Цаг барихгүй байгаа үед жаахан нервтдэг. Хүнээс цаг нэхдэг ч юм уу. Ажлын талбар дээр байх үед ажил бол ажил байх ёстой гэсэн зарчимтай байдаг. Магадгүй, тэр ч үүднээс жаахан хатуудуу харагддаг байх л даа.

-Дунд сургуульд байхад чинь хөвгүүд араас чинь их гүйдэг байсан байх даа?

-Би 10-н жилдээ захиа авч байгаагүй шүү. Угаасаа гар утас дөнгөж нэвтэрч эхэлчихсэн, захиа гэдэг юм хоцрогдчихсон тийм үе л дээ. Харин одоогийн 10-н жилийн хүүхдүүд бол хуримаа хийдэг, бараг л хүүхэд гаргадаг болчихсон байна. Бидний үед бол 10-р ангидаа хүүхэд гаргасан хүнийг “Яанаа л” гэдэг байсан шүү дээ. Миний хувьд хичээл гэр хоёрынхоо хооронд л явдаг нийлдэг хүүхдүүд маань ангийн онц сурлагатан тийм л хүүхдүүд байсан. Мэдээж тэр үед найзладаг, гоё найзууд байсан.

-Олонд танигдаад ирэхийн хэрээр таатай таагүй яриатай заавал холбогддог. Өөрийн тань тухай ч янз бүрийн л мэдээлэл гарах болсонд эмзэглэдэг үү?

-Жаахан эмзэглэсэн л дээ. Би уран бүтээлээ л хийгээд явж байгаа. Тийм болохоор жаахан эмзэглээд байсан тал бий. Харин манай ахмадууд надад санаа тавьдаг хүмүүс маань зөвлөгөө өгсөн. “Чи юунд нь санаа зовдог юм. Урлагт “амьд” явж байгаа хүнийг муулдаг юмаа. Чи битгий санаа зов. Урлагийн тогоонд байгаа мөртлөө муулуулж чадахгүй байгаа хүн бол. Нүдэнд өртөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр чи “амьд” явж байна гэсэн үг. Санаа зовох хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд би тайвширч байсан. Эхлээд муулуулахаар бол сонин санагдаж байгаа юм. Бараг л сэтгэлээр унаад, байнга тэрийгээ бодоод стресст орж байсан. Харин олон удаа муулуулаад, яриулаад эхэлсэн чинь нэг их сонин биш болчихоод байгаа. Хамгийн гол нь ээж аав руугаа дайруулах хэцүү юм билээ. Интернэтэд хүмүүс сэтгэгдэл үлдээдэг шүү дээ. Тэр доторх юмыг уншчихаад, сонин муухай хүмүүс байх юм даа гэж л бодсон. Хүний эцэг эхээр оролдож болохгүй шүү дээ. Тэнд л нэг гонсгор үлдэж байсан. Одоо бол тоохоо ч байчихаад байгаа. Бараг уншихгүй байсан нь дээр юм.

-”Жүжигчин Хулан биеэ тоолоо” гэж нэлээн дуулдаад байсан?

-Тэгж их ярьсаан. Тийм юм гараад байхаар “Би яачихсан юм бэ дээ” гэж хүн боддог, гайхдаг л юм байна лээ. Мэдээж тийм юм байхгүй ээ.

-Гадуур дотуур явахаар олны танил болоод байгаагаа мэдэрнэ биз. Яг ямар мэдрэмж төрөх юм?

-Мэдээж гоё л санагдана шүү дээ. Турүүний хэлдэгээр олны нүдэнд өртөж чадахгүй бол яах гэж урлагийн хүн болдог юм бэ гэдэг чинь л байхгүй юу. Урлагийн хүн, жүжигчин хүн болчихоор тэртээ тэргүй хүн таньж л таараа. Тэр утгаараа гоё кайф авдаг. За тэгээд урмын сайхан үг хэлэх хүмүүс ч олон байдаг.

-Мэдээж тэгээд “муухай” явах эрхгүй хүн болж хувирч байна шүүдээ?

-Тэр бас жаахан зовлон/инээв/. Тийм болохоор энд тэнд яваад байх тухайлбал шоудаад байх нь бага шүү.

-Залуу жүжигчний хувьд үлгэр дуурайл авдаг. Жүжигчин эмэгтэй гэвэл хэнийг хэлэх вэ?

-Зарчимч юм шиг мөртлөө тэрийгээ биелүүлж чадахгүй, ажил хэрэгч бус хүн гэж байдаг. Харин манай Сарантуяа эгч маш зарчимч, ажил хэрэгч, зорьсноо биелүүлж чаддаг хүн учраас би хүндэлдэг. Аягүй сайхан хүн шүү гэж боддог хүн мэдээж манай Сувдаа багш. Бид чинь хар багаасаа л “Мандухай цэцэн хатан” киног үзээд ямар сайхан юм бэ гэж шүтэж биширч ирсэн. Сайхан эмэгтэй хүн ямар байдгийг тэр хүнээс хардаг. Дээрээс нь жүжигчний мэргэжлээр ажилладаг мөртлөө, гэр бүлээ сайхан авч яваа бүх эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг. Учир нь надад жүжигчний мэргэжилтэй хүн уран бүтээлийн хажуугаар айл гэрийн эзэгтэй болоод амьдрал авч явна гэхээр бэрхшээлтэй санагдаад байдаг. Би одоо бол амьдрал авч яваад, хажуугаар нь ажлаа хийгээд явж чадахгүй байна. Тэгнэ гэж бодохоор их хариуцлагатай санагддаг айдаг юм. Тиймээс тэр бүгдийг даван туулаад амьдралаа сайхан авч яваа хүмүүсийг харахаар үнэхээр биширдэг.

-Босго өндөртэй гэгддэг СУИС-ийг төгсөж, хавьгүй илүү хатуу, өндөр босготой Драмын театрт жинхэлж, “Гэгээн Муза”-гийн ч эзэн боллоо. Дараагийн босго хэр өндөр харагдаж байна?

-Дөнгөж шатны эхний гишгүүр дээр гишгэлээ гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл би оргилд нь хүрэхийг л хүсч байна.

-Тайз дэлгэцийнх гээд залуу жүжигчид хуваагдчихдаг болж. Өөрийн чинь хувьд алинд нь илүү элэгтэй вэ?

-Би онцолж хэлмээргүй байна. Тайзны эсвэл дэлгэцийн бүтээлд би сайн, эсвэл нэг тиймэрхүү гэж хэлэх нь буруу юм шиг санагддаг. Жүжигчин л хүн юм чинь, дэлхийн жишигт бол бүгдийг л хийж чаддаг байх ёстой. Тийм болохоор би дэлгэцийн хүн гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан бүгдийг чадах ёстой л гэж өөрийгөө зоригжуулж хичээх ёстой.

-Нээрээ аав ээжийнхээ хэнийг нь илүүтэй дуурайсан юм бэ?

-Аав ээжээсээ бүх юмыг нь жижиг жижгээр аваад төрчихсөн байх/ инээв/. Аавтайгаа арай илүү адил байж магадгүй. Манай ээж болохоор над шиг бумбагар хацартай биш. Гэхдээ хүмүүс ээжийнхээ инээмсэглэлийг, уруулыг дуурайж гэж хэлдэг.

-Амжилт хүсье. Баярлалаа.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.