Ерөнхийлөгч авлигачдын үүрээр "оролдож" эхэллээ

2010/04/22
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч авлигачдын үүрээр

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын шинэ тусгай зөвшөөрлийг энэ сарын 20-ны өдрийн 17 цагаас хойш олгохыг хоригложээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээс гаргасан дээрх шийдвэрийг ажлын албаны хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр нарын ажилтнууд Ашигт малтмалын газарт уржигдар "зочилж" албаны хүмүүст амаар дуулгасан байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлдэг учиртай. Түүнчлэн ашигт малтмалын салбарт үүрэг, чиглэл өгөх эрх нь хуулиар баталгаажсан байдаг. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс гаргасан шийдвэрийг Ашигт малтмалын газрынхан хүлээн авч албан ёсоор 21-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

АМГ-аар өчигдөр орж тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагааг зогсоосны учрыг тодруулахаар холбогдох хүмүүстэй уулзахад "Албан бичиг одоогоор бидэнд ирээгүй байна. ҮАБЗ-ийнхний ирүүлсэн аман шийдвэрийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод дуулгаж чиглэл хүссэн албан бичиг илгээсэн. Салбарын сайд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэрийг манай газраас илгээсэн албан бичгээс мэдсэн" гэж байв.

Одоогоор Ерөнхийлөгчийн санаачилга чухам хэдий хугацаанд үргэлжлэх, юуны учир ийм шийдвэр гаргав гэдэгт хариу хэлэх хүн байхгүй байна. Эх сурвалжын хэлснээр ҮАБЗ-ын ажлын албаныхан Ерөнхий сайд болоод салбарын сайдад дээрх шийдвэрийг дуулгасны дараа АМГ-т мэдэгдсэн гэнэ. Түүнчлэн өчигдөр үдээс хойш албан бичгийг хүргүүлжээ.

Ажиглагчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дээрх санаачлагт хэд хэдэн таамаг дэвшүүлж байна. Юун түрүүнд ашигт малтмалын салбар дагасан авлигын үүрээр "оролдож" эхлэв бололтой.

Ц.Элбэгдорж 2005 онд Ерөнхий сайд байхдаа гаалийнхны авлигын хэргийг сөхөж байсан удаатай. Тэгвэл энэ удаа хэн ч халдаж зүрхлэхгүй байсан ашигт малтмалын салбарт нүүрлэсэн авлигачдыг илчилхээр ийн том ажил зоригтойгоор эхлүүллээ гэх хүн байна.

Тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажил хэт хавтгайрсан, хяналтгүй байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүргэж байж болох юм. Дархан цаазат уул, ус гээд байгалийн үзэсгэлэнт нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголт хэт олширсон гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Үүний цаана мөн л авлига яригдах нь мэдээж. Түүнчлэн хоёр ч банкийг дампуурлын ирмэгт авчирсан "Олон овоот"-ын лиценз хэний гарт оров гэхчилэн хяналтгүй ашигт малтмалын салбарт нүүрлэсэн авлигад цэг тавих эхлэл энэ гэсэн дараагийн таамаг байна. Харин АМГ-ынхан авлигаас ангид байж, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэдэг болсон гэцгээж байна. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олголтын тоо сүүлийн нэг жилийн байдлаар өмнөх онуудтай харьцуулахад эрс буурсан аж. Энэ нь авлигаас ангид байгаагийн нэг илрэл гэх.

2006 онд 964, 2007 онд 691, 2008 онд 1358, 2009 онд 628, 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар 128 ширхэгтусгай зөвшөөрөл шинээр олгогджээ. Гэвч 2007 онд буурах үзүүлэлттэй байсан тоо 2008 онд хоёр дахин өссөн байгааг уншигч та анзаарч буй байх. 2008 онд УИХ-ын сонгууль явагдаж төрийн албан хаагчдын халаа сэлгээ хийгдсэн үе. Энэ онд 1358 тусгай зөвшөөрөл олгогдсоноос үзэхэд үнэхээр ашигт малтмалын салбар, хяналтгүй, төрийн байгууллага нь албан тушаал ашиглагчдын авлигын үүр бий болсон байхыг үгүйсгэх аргагүй аж.

Юутай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ээлжит авлигачдыг илчлэхээр галт тэрэг хөдөлгөв бололтой. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагааг зогсоосон Ерөнхийлөгчийн санаачилгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удахгүй хэлэлцэж дараа, дараагийн шийдвэрээ гаргах юм байна. Түүнчлэн ирэх долоо хоногт ашигт малтмалын салбарынхныг нэг дор цуглуулсан томоохон хурал зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Алтантуул Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.