Хотоо шүлхийгээс хол байлгая

2010/04/23
Share |
Хүмүүс:
Хотоо шүлхийгээс хол байлгая

Өнгөрсөн даваа гаригт Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багт хотны нохой мал руу дайрсан тохиолдол гарсан. Хоттой мал руу дайрсан нохойг устган шинжилгээнд явуулахад галзуурсан нь тогтоогдсон аж. Мөн энэ сарын 02-ны өдөр нийслэлийн онцгой байдлын хэлтэст Баянзүрх дүүрэгт галзуу үнэг гэрийн тэжээвэр нохойтой уралцлаа гэсэн мэдээлэл ирж дүүргийн холбогдох албан тушаалтнууд, онцгой байдал, мал эмнэлгийн газрын ажилчидтай хамтран нохойн устгал хийж байсан. Үүнээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны Өлгийн аманд иргэн Одбаярын хотонд галзуу чоно халдсан гээд мал амьтны галзуу өвчин манай улсад ойрхон давтамжтай олноор илрэх боллоо.

Галзуу өвчнөөс гадна хөдөө орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч байна гэсэн мэдээлэл нэгэн телевизээр цацагдаж байв. Шүлхий өвчин нь шууд хавьталтын замаар халдварладаг хурц халдварт өвчин. Тэр ч утгаараа шүлхийн вирус өвчтэй мал, амьтдаас эрүүл орчин, өвс тэжээл, ус унд, хэвтэр бууц, бүх төрлийн тээврийн хэрэгсэл ба бусад тоног хэрэгсэл, өвчтэй сэжигтэй мал, амьтадтай харьцаж ажилласан хүмүүсийн бие, хувцас хэрэглэлээр дамжиж түргэн халдварладаг. Хамгийн ноцтой нь шүлхий өвчин гарвал тун богино хугацаанд халдвар хялбархан тархдагт байгаа юм. Гэтэл хөдөө орон нутагт нэг удаагийн хувцас, хэрэгслийн хүрэлцээ сайн биш. Халдварт өвчний голомт руу "улаан гар"-аараа орж дээж авдаг. Наанадаж малгай, амны хаалт, ариутгалын бодис, шүршигч хэрэгтэй. Тариур гэхэд нэг хоньд нэгийг хэрэглэхийг зорьдог ч санхүүжилт хүрдэггүйгээс 10 малд нэг тариур хэрэглэдэг гэж улсын мал эмнэлгийн дарга хэлж байсан удаатай. Уг нь бол манай улс шүлхий өвчний голомтгүй аж. Харин 2000 оноос гарсан шүлхий өвчин зүүн урд хилээс эхэлжээ.

Монгол улсын зүүн хязгаар Дорнод аймагт гарсан шүлхий өвчин хэдхэн хоногт эх орны нийслэлд заларч Чингэлтэйд гарч хөл хорио тогтоож байсан. Үүнээс болж өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсан хүн орой харьж чадахгүй хэд хоног бараг л буудалд амьдарсан гэдэг. БНХАУ-ын Бээжин, БНСУ-ын Сөүл болон тус улсуудын хэд хэдэн мужид мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсээр байгаа. Уг мэдээлэлд халдвар эрчимтэй тархаж байгааг онцолжээ.

Үүний улмаас Онцгой байдлын ерөнхий газар аймаг, сумдын мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарч гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулахаар болжээ. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн сэрэмжлүүлэх мэдээлэл болон урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах талаараа ОБЕГ Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт танилцуулсан байна. Хэрвээ БНХАУ-д гарсан шүлхий өвчин 2000 онд орж ирсэн шиг манай улсад тархвал үүний тархалтыг тэр дор нь барьж тогтоож чадах болов уу. Тэр дундаа орон нутагт нэг удаагийн хувцас хэрэгслийн хүрэлцээ бага байдаг манай улсын хувьд санаа зовох л зүйл.

Сая гаруй хүн амтай Улаанбаатарт муугаар бодоод шүлхий өвчин ороод ирлээ гэхэд тэр дороо л тархана. Учир нь хөдөөний нэг айлд шүлхий болон цэцэг өвчин гарсан тохиолдолд тухайн айлын хоттой малд бүгдэд нь халдварладаг аж. Богино хугацаанд хялбархан тархдаг энэ халдварт өвчин нийслэлд малын мах, тээврийн хэрэгсэл, тэр битгий хэл гутлын уланд ч ..дайгдаад ороод ирэхэд хэн ч мэдэхгүй. Мөн нийслэлийн захын дүүргүүдэд мал бүхий иргэд олон. Бэлчээртээ багтахгүй олон малтай болсныг хэн хүнгүй мэднэ. Энэ оны эхний улиралд мал амьтны халдварт өвчнүүдийн нэг галзуу өвчин гэхэд 70 удаа гарчихаад байна. Шархаар халддаг тул галзуу өвчтэй амьтанг устгавал малд аюул бага. Харин шүлхий өвчин үнэхээр 2000 онд тохиолдож байсан шиг нийслэлд ороод ирчихвэл түүнээс гарах сөрөг үр дагавар нь дэндүү их гэдгийг бодож урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Б.Энхжаргал Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.