"Атрын III аян"-д 700 тэрбумыг зараад тариалах үргүй болов

2010/04/27
Share |
Хүмүүс:

Hap наашилж,  тариаланчид хаврын тариалалтдаа бэлдэж, газар шороогоо хагалж байгаа ч үрийн нөөцгүйгээс гар хумхин санааширч суух нь. Учир нь тэдэнд тариалах үр үлдсэнгүй. "Атрын III аян" гэх сүржин нэртэй даржин хөтөлбөр тариаланчдыг элгээр нь мөлхүүлж байгаад тэд сэтгэл дундуур байна.

"Атрын III аян" хөтөлбөрийг 2008 оны Засгийн газрын хуралдаанаар баталсан. Тухайн үед ХХАА-н сайд асан Ц.Ганхуяг "Улайн буудайн арван хувийг импортоор авдаг. Хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Ингэхэд 480 тэрбум төгрөг шаардагдана. Гэвч нэмж 113 тэрбум төгрөг хэрэгтэй" гэж "Улаанбаатар таймс" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний хэлснээр татвар төлөгч бидний 600 тэрбум төгрөг энэ хөтөлбөрт урссан. Хөтөлбөр хэрэгжээд хоёр жил өнгөрөхөд байдал дээрдсэнгүй. Бид дотоодын 90 хувийг хангадаг, гаднаас 10 хувийг импортолдог хэвээр байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр "Тариаланчдын гарт байгаа үрийг мэргэжлийн хяналтынхан шинжлээд тарианы хольц ихтэй, цэвэршилтийн хувьд шаардлага хангахгүй гээд аваагүй байна.

Үүнийг цэвэрлээд тариалж болно. Аяны гол зорилго 100 хувь дотоодын хэрэгцээ хангана гэсэн бол одоогийн байдлаар 90 гаруй хувьтай байна" гэсэн. Булган аймгийн гурил тэжээлийн үйлдвэрийн захирал Н.Базарваань "Энэ аян бодлогын хувьд зөв ч тариаланчдад хүрч чадсангүй.
 
Үнэтэй техник, бензинээр хангасан ч эргээд будаа худалдаж авахдаа хэтэрхий өндөр босго тавьсан. Техник, үр, бензиний зээлээ үр тариагаар л төлнө шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд 1700 тонн буудай хураасан ч 200 тонныг нь л тушаасан. Үлдсэн нь тэжээл болж байна. Буудай хураах стандарт байдаг ч энэ аяны хүрээнд илүү өндөр шаардлага тавьж байна.

Үр тарианы хольцтойг дахин цэвэрлэх боломжтой ч тээвэрлэлтийн зардалд байдгаа сэгсэрчихнэ шүү дээ" гэсэн. Одоог хүртэл 100 мянган тонн буудай борлогдоогүй гологджээ. Өөрөөр хэлбэл эгэл жирийн тариаланч Дорж эсвэл Дулмаад С.Баяр сайдын санаачилсан хөтөлбөр хүрээгүй нь энэ. Харин ч Оросуудын үнэтэй, нас нь гүйцсэн техникийг тариаланчиддаа шахах "хар" бизнес байсан гэдгийг үгүйсгэх арга алга.

Бас хэн нэг улстөрчийн хөшигнийхөө ард нуусан компанийн эрх ашигт зориулсан эрх гишүүдийн тоглоом болчихов. Хүнсчдийн холбооны тэргүүн Л.Дамдинсүрэн "Чанар муутай буудайг үрээр солих арга ч бий" гэсэн бол ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн
Ч.Бямбадорж "Намар ургац хураалт хүндэрсэнтэй холбоотой буудайн зарим үр тариа шаардлага хангахгүй байгаа. Иймд төр засаг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй" гэлээ. Гэвч тэдний хэлж, ярьсныг төрийн ордныхон сонсох ч завгүй хоёр толгойнхоо учрыг олж, харалган амлалтаа биелүүлэхээр яарч байна. Өөрсдөө "Атар" талх иддэггүй юм байлгүй.

Өнгөрсөн онд л гэхэд тариаланчид тонн үр 700 мянган төгрөгөөр худалдаж авчихаад эргүүлж зарахдаа 290 мянган төгрөгөөр борлуулжээ. Ийм ашиггүй наймаагаар татвар төлөгч миний мөнгийг үрсэн УИХ-ын гишүүдийн цаад учрыг хардах эрх надад бий. Төр нь тариаланчиддаа өндөр үнэтэй зарчихаад, хоёр дахин хямд үнээр худалдаж авснаас мөнгө угаасан байж болзошгүй хиншүү үнэртэж байна.

ХХААХҮЯ-ын Газар, тариалангийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга асан Ч.Пэрэнлэйн үйлдэл үүнийг гэрчилнэ. Том артай гэдэгчлэн Ч.Пэрэнлэйн хэрэг эхэндээ шуугиулж байсан ч өнөөдөр "аавын гэр"-ээс гарчихсан, юу хүссэнээ хийж байна. Татвар төлөгч миний, таны   төлсөн 700 гаруй тэрбумаар цэвэрхээн гараа угаачихаад өнөөдөр юу ч болоогүй юм шиг явж байгаад хэн тайлбар өгөх вэ. Энэ аян гурван жил хэрэгжинэ. Сүүлийн жил нь шувтарч байгаа энэ онд татвар төлөгчдийн хөлс, хүч ямар замаар үргүй зардал болон хувирах бол? Иймд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай таныг хариултыг иргэд хүлээж байна.

Б.Нар, Ж.Цог

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.