Beatbox Bachka /interview/ МИКРОФОНОО БАРИАД BEATBOX ХИЙХЭД ХҮМҮҮС БҮГД АЛМАЙРДАГ

2010/04/30
Share |
Хүмүүс:
Beatbox Bachka /interview/ МИКРОФОНОО БАРИАД BEATBOX ХИЙХЭД ХҮМҮҮС БҮГД АЛМАЙРДАГ

Өнгөрсөн жилийн "Universe best songs-2009" тэмцээний шилдэг 25-д "beatbox" хийдэг цорын ганц оролцогч үлдэж чадсан нь Бачка ах. Түүнийг та бүхэн "Universe best songs-2009"-д оролцогчдын хамтран дуулсан "We are the world" дууны төгсгөл хэсэгт "beatbox" хийдэг даруухан, бас нүдэнд дулаахан залуу гэвэл бүүр сайн санана байхаа. Ярилцлагыг манай Ундаръяа эгч хийлээ. Тиймээс ярилцлага сонирхолтой болсон гэдэгт итгэлтэй байна.

Сур: -Сайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Б: -Намайг Сүнжидмаагийн Баярмөнх гэдэг. 1987 оны 11 сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн. Дотны хүмүүс маань Бачка гэж дууддаг.

Сур: -10 жилдээ ямаршуухан хүүхэд байсан бэ?

Б: -Би 18-р дунд сургуулийг төгссөн. 4-р анги хүртлээ муу сурч байгаад 5-р ангиасаа онц сурч эхэлсэн. Геометр, математик, физикийн хичээлдээ их сонирхолтой байлаа. Хичээл дээрээ даруухан мөртлөө бусад үед их сахилгагүй хүүхэд байсан даа.

Сур: -Хөвгүүд бие биенээ дээрэлхээд л нударга зөрүүлдэг шүү дээ. Таны хувьд...?

Б: -Ер нь зодолддоггүй байсан. Харин нэг зодолдвол сайн зодолдоно. Би их огцом ууртай. Нэг их хэрэг тариад эцэг эхийнхээ чихийг халууцуулж байгаагүй ээ.

Сур: -Айлын хэд дэхь хүүхэд вэ, ээж ааваа танилцуулаач?

Б: -Манай ээж аав, хоёр дүүтэй маань хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байна. Би айлын том хүү. Доороо эрэгтэй, эмэгтэй дүүтэй. Ээж аав хоёр маань Сэлэнгийн төмөр замын газарт ажилладаг.

Сур: -Бяцхан Бачка их том зүйл мөрөөддөг байв уу?

Б: -Аягүй том од болохыг мөрөөддөг байсан даа. Гэртээ хөгжим сонсож байгаад асар том тайзан дээр гараад вeatbox хийж байна гэж төсөөлөөд л

Сур: -Одоогоор мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлээд байна?

Б: -"UBS music video awards" Балхжав ахын тоглолтын 3 дуун дээр вeatbox хийсэн. Мөрөөдлийнхөө 2, 3 хувийг л биелүүлсэн байх даа /инээв/.

Сур: -Яагаад?

Б: -Багаасаа л амьтны дууг дуурайж дуугардаг байсан. Зун манайх зусланд гардаг. Тухайн үед явж байгаа хүмүүс рүү хуцахаар "хүүе хаана нохой байна аа" гээд гайхаж сандардаг байсан. Ингэсээр байгаад ийм хочтой болсон. Харин энэ маань вeatbox хийхэд нөлөөлсөн гэж боддог.

suragch.comСур: -Багадаа хэр их дугуйлан секцэд хамрагддаг байсан бэ?

Б: -Газрын теннисний дугуйланд явдаг байсан. Мөн газрын, ширээний, агаарын теннис, сагсан бөмбөг, биллъярд тоглох их дуртай.

Сур: -Автобусаар явж байна уу, эсвэл таксидаад л байна уу?

Б: -Оюутан болохоор автобусаар л явна шүү дээ. Нэг удаа автобусанд явж байсан чинь 2 хүүхэд харж байснаа "Ахаа та вeatbox хийдэг тэ, бидэнд заагаад өгөөч" гээд байхаар нь "Үгүй ээ ах нь вeatbox хийдэггүй ш дээ" гэсэн чинь хүмүүс их гайхахад байсан. Үүнээс хойш автобусанд суухаараа хамгийн урд очоод зогсчихдог болсон.

Сур: -Ээж аав чинь Сэлэнгэд байдаг болохоор хотод хэнтэйгээ байдаг юм бэ?

Б: -Эмээ, өвөөтэйгээ амьдардаг. Би багаасаа л эмээ, өвөө дээрээ өссөн. Үргэлж л хамт байдаг байсан болохоор эмээ өвөө хоёроо ээж аав гэж дууддаг. Одоогоор гэртээ эмээ, өвөө, дүүтэйгээ, нохойтойгоо тавуулаа амьдарч байна даа.

Сур: -Нохой чинь бас танай гэр бүлийн гишүүн юм уу?

Б: -Хүмүүс нохойтойгоо хамт гэхээр инээгээд байдаг юм аа. Би амьтанд их хайртай. Хамт амьдраад олон жил болж байна. Урт чихтэй, спанель үүлдрийн их хөөрхөн нохой бий.

Сур: -Багадаа хэр бүтээлч хүүхэд байв?

Б: -Спортод сонирхолтой, шугам зурагтаа дуртай, олимпиадад их оролцдог байсан. Дүүрэгт ихэвчлэн алт, хотод эхний 5 байранд багтдаг байлаа.

 МИКРОФОНОО БАРИАД Вeatbox ХИЙХЭД ХҮМҮҮС БҮГД АЛМАЙРДАГ

Сур: -Хэдэн настайгаасаа вeatbox-оор хичээллэж эхэлсэн бэ?

Б: -8-р ангиасаа буюу 17 настайгаасаа эхэлж хичээллэсэн. Намайг гаднаас харахад их даруухан, номын харагддаг байхаа. Номын ч хувцасладаг байсан. Анх тайзан дээр гарахад хүүхдүүд "хөөе буугаач ээ, юугаа хийгээд байгаа юм бэ? болъё оо, үү үү" гээд байсан. Микрофоноо бариад вeatbox хийгээд эхлэнгүүт бүх хүмүүс алмайраад алга ташиж байсан шүү.

Сур: -Хамгийн анх ямар авиа дуу гаргаж сурсан бэ?

Б: -Beatbox-ын үндсэн kick, sneir, hi hat гэсэн 3 элемент байдаг юм. Эдгээрийг сурчихаад дараа нь ая оруулж сурсан.

Сур: -Beatbox сурахад хэцүү, хүнээс их хөдөлмөр шаарддаг юм шиг санагддаг. Таны хувьд хэр хугацаанд сурсан бэ?

Б: -6 жил хичээллэж байна. Миний хувьд вeatbox хичээллэдэг хүүхдүүд дундаа ахмадад тооцогддог. Гэртээ найз нөхөдтэйгээ л хийдэг болохоос биш зурагтаар гараад олны танил болоогүй ээ. Харин "Universe best songs-2009" тэмцээнд оролцсноор өөрийгөө илүү нээсэн гэж боддог.

Сур: -Яагаад вeatbox-ыг сонгох болов оо?

Б: -Хүн болгон дуулж, бүжиглэж чаддаг. Харин вeatbox-ыг тэр бүр хийж чаддаггүй. Мэргэжлийн вeatbox-чин байхын тулд шантралгүй хөдөлмөрлөж, бусдыг байлдан дагуулж, хүмүүсийг алмайруулж, үлгэр дуурайлал үзүүлж байх хэрэгтэй учраас сонгосон.

Сур: -Ямар хүмүүсийг мэргэжлийн гэх вэ?

Б: -Beatbox-д тоотой хэдэн хүнд элементүүд байдаг. Үүнийг хийж чаддаг цөөхөн вeatbox-чид байдаг. Тэднийг л мэргэжлийн гэж боддог.

Сур: -Ер нь Монголд хэдэн онд анх яаж дэлгэрсэн юм бэ?

Б: -Анх 2000 онд вeatbox-чин Анар Монголд оруулж ирсэн. Үүний дараагаар Насаа, Rаy, Тамираа зэрэг вeatbox-чид гарч ирсэн.

Сур: -Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

Б: -Урлагийн хүн байхгүй ээ. Beatbox-ыг цэвэр хичээл зүтгэлээр сурдаг. Авьяас гэж хэлэхэд их хэцүү.

Сур: -Эцэг, эх чинь хэр дэмждэг вэ?

Б: -Анх дэмждэггүй байсан. Харин "Uni-verse best songs-2009" тэмцээнд орсноос хойш сайн ойлгодог болсон.

Сур: -Одоогоор урын сандаа хэдэн уран бүтээлтэй байна вэ?

Б: -"Нитен Beatbox", "Beatbox old school" гэсэн уран бүтээлүүд гаргаад байна. Уран бүтээлдээ өөрийнхөө юу хийж чадах бүхнийг л харуулсан байгаа.

Сур: -Өмнөх жилүүдийг бодвол сүүлийн үед вeatbox-ыг урлаг гэдгээр нь хүлээн авдаг болсон юм шиг санагддаг.

Б: -Үнэн л дээ. Хэдэн жилийн өмнө бол вeatbox хийж байгаа хүүхдүүдийг "вeatbox бацаан" гэдэг байсан бол одоогоор урлагт  өөрийн байр сууриа эзлээд байна.

Сур: -Beatbox дотроо хэдэн төрөлтэй вэ, таны хувьд ямар төрлөөр нь уран бүтээлээ хийж байна вэ?

Б: -Beatbox-ыг үндсэн New school, Old school гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Би аль аль төрлөөр нь л хичээллэдэг. New school дотор нь бүх төрлийн элемент, темп, драман бэйс, регги, R&B, хип хоп, жааз, электро хаус зэрэгт хуваагддаг.

Сур: - Beatbox хамтлаг гэж байдаг гэсэн. Энэ юугаараа вeatbox-чиноос ялгаатай вэ?

Б: -Дэлхий дээр 100% вeatbox хамтлаг, A-capella вeatbox хамтлаг гэж хоёр ангилдаг.  A-capella вeatbox нь дуугаа ч дуулж, вeatbox-оо ч хийдгээрээ 100% вeatbox-оосоо ялгаатай. A-capella вeatbox-ыг бүх насныханд зориулснаараа онцлог.

Сур: -Beatbox хийхдээ юун дээрээ голдуу анхаардаг вэ?

Б: -Өнгө алддаггүй, темп, хэмжээгээ мэдрэх нь хамгийн чухал байдаг. Эдгээр дээрээ л анхаарч байна даа.

Сур: - Beatbox-ын юу нь танд сайхан санагддаг вэ?

Б: -Хүнээс чадвар хөдөлмөр их шаарддаг. Ингэснээрээ хүмүүсийг тайзан дээр илүү их алмайруулдаг.

Сур: -Анхны тайз гэвэл...?

Б: -Люмино хамтлагтай 2005 онд "UBS music awards" хамт гарч байсан. Мөн 18-р сургуулийнхаа тайзан дээр зөндөө их гарч байсан. Манай сургуульд вeatbox-оор хичээллэдэг олон хүүхэд байсан. Хоорондоо battle-цаад гоё байж дээ.

Сур: -Мэргэжлийн вeatbox-чид хоорондоо элементүүдээрээ тулалцдаг уу?

Б: -Тулалцдаг. Гэхдээ хоорондоо нөхөрсөгөөр battle хийдэг.

Сур: -Таны хувьд battle-цаж байна уу?

Б: -Багадаа зөндөө хийдэг байсан. Одоо бол хүсэхгүй байна. Уран бүтээлээ олонд хүргэхийг л илүү чухалчилж байгаа.

Сур: - Beatbox сонирхдог хүүхдүүд заалгах гэж их ирдэг үү?

Б: -Ирдэг л дээ. Одоохондоо завгүй байгаа болохоор зааж амжихгүй л байна. Ер нь хүүхдүүд их хөөрхөн хүндэлж харьцдаг юм аа.

Сур: -Бусад вeatbox-чидтойгоо уулзахаараа ихэвчлэн юу хийх вэ?

Б: -Сурсан элементүүдээрээ хоорондоо туршлага солилцдог. Орцонд сайн цуурайтддаг болохоор олуулаа вeatbox хийвэл үнэхээр гоё сонсогддог.

Сур: -Монголд вeatbox-ын сургалт байдаг уу?

Б: -Хараахан байхгүй байгаа. Ганзоо, Чинзоо бид 3 нийлээд Royal FM-98,9-д 4 дэхь өдөр болгоны 17:00-19:00 цагийн хооронд вeatbox клуб нээж, вeatbox сонирхдог хүүхдүүдэд хичээл заадаг. Мөн сайн вeatbox хийдэг хүүхдүүдийг уриад хооронд нь battle тэмцээн зохиодог.

Сур: - Beatbox-ын ямар нэг тэмцээнд оролцож байна уу?

Б: -Үгүй ээ. Би Монголын хамгийн анхны "Mongolian number one" вeatbox crew-ийн гишүүн. Мөн 2009 онд вeatbox Ray-тэй хамтарч battle тэмцээн зохион явуулж байлаа. Тэмцээний шүүгчээр бүлгийн гишүүн Нямка суусан. Зохион байгуулсан болохоор өөрсдөө оролцох боломжгүй байсан.

Сур: -"Mongolian number one" бүлгийн талаар...?

Б: -Манай crew 2000 онд JT, Нямка, Тамираа, Тулгаа, DJ BTB нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тухайн үед уран бүтээлээ олонд цацалгүй сонирхлоороо л хийдэг байлаа. Сүүлд манай хамтлаг 2004 онд өвлөж авсан.

Сур: -Олон нийтийн газар явж байгаагаа заримдаа мартчихаад вeatbox-оо хийнэ биз?

Б: -Beatbox-ыг хаана л бол хаана сурч болно. Би багадаа ариун цэврийн өрөөндөө ороод дотроосоо түгжчихээд хийх дуртай байсан. Цуурайтаад л их гоё сонсогддог. Нэг удаа автобусанд чихэвчний хөгжмөө аймаар чанга сонсоод явж байсан чинь ритмтэй ая явахаар нь дагаад beatbox хийгээд. Тэгээд чихэвчээ аваад "Ёо ёо ёстой гоё байлаа шүү" гээд харсан чинь бүх хүмүүс над руу харчихсан байсан. Тэр үед их ичсэн.

Сур: - Beatbox-ыг хийхээр их ядардаг  уу?

Б: -Ам их хатна. Усгүй бол бүтэхгүй шүү дээ. Усаа бариад л гарвал нэг их ядрахгүй ээ. Харьцангуй гайгүй ш дээ.

Сур: -Гадуур тоглолтуудад очиж байна уу?

Б: -Албан газрын баярт очиж вeatbox-оо хийж байгаа. Мобиком корпорацийн "Ве" брэндийн 1 жилийн ойд очиж тоглосон.

Сур: -Хэдээр тоглож байна?

Б: -Одоогоор 5 минутын вeatbox-ын үзүүлбэрийг 100.000-200.000 төгрөгөөр хийдэг.

Сур: -Бие даасан цомгоо хэзээ гаргах гэж байна вэ?

Б: -Удахгүй гарганаа.

Сур: -Тоглолт хийх бодол бий юу?

Б: - Beatbox тоглолт хийнэ гэхээр хүмүүс их гайхдаг. Beatbox тоглолт хийж болно. Loopstation багаж байдаг. Энэ багаж нь DJ-гээс илүү амьд байдаг.

Сур: -Дэлхийд нэртэй олон вeatbox-чид байдаг. Хэнийг дэмжиж, шүтдэг вэ?

Б: -Rahzel, Roxerloops, Jozeph гэх мэт.

 

 "UBS" ТЕЛЕВИЗИЙН ХООЛ НЬ ИХ АМТТАЙ БАЙСАН

Сур: - "Universe best songs-2009" тэмцээнд хэрхэн бэлдсэн бэ?

Б: - A-capella вeatbox хийхэд 5 замаар өөр өөр өнгө гаргаж дуулдаг. Дууныхаа хэмнэлд тааруулж хийсэн.

Сур: - "Universe best songs-2009" тэмцээнд оролцож байсан үеэ дурсаач?

suragch.comБ: -UBS телевизийн ах эгч нар намайг их сайхан хүлээн авч дэмжиж ажилласанд маш их баярлаж явдаг. Энэ тэмцээнд оролцсоноор бүжиглэж, жүжиглэж сурсан.

Сур: -Шилдэг оролцогчидтойгоо нэг баг болж ажиллаж чадсан гэж бодож байна уу, хөгтэй явдлаасаа яриач?

Б: -Шилдэг 25 оролцогч гэж явдаг боловч 2, 3 хамтлаг байгаа болохоор нийтдээ бол 33 хүүхэд байдаг. "Зүрхэнд гэрэлтэх од" киноны натурт гарахад их хөгжилтэй байсан. Яг цэрэгжилтийн байдалтай, шөнө зураг авалттай байсан бол унтаж байхад шууд л босгох жишээтэй. Хамгийн их таалагдсан зүйл нь хоол нь байсан. Үнэхээр амттай байсан шүү. Тэндээс зөндөө олон зүйл сурсан. Оройд яг л хүүхдийн зуслан шиг бөөнөөрөө цугларч байгаад аймшгийн юм, эсвэл ямар охин, банди таалагддаг, хайр дурлалын талаар их ярьдаг. Яг л нэг гэр бүл шиг болцгоосон.

Сур: -Бичлэгээ ямар студиэр хийлгэдэг вэ, санхүүгээ хэрхэн шийдэж байна даа?

Б: -"Image" интертаймэнттай 1 жилийн гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаа. Миний клипийг хийх, цацах гээд л бүх зүйлийг хариуцна. Нэг ёсны менежертэй болсон гэсэн үг.

Сур: -"We are the world" дууг шилдэг 25 оролцогч дуулсан. Энэ дууг дуулах санааг хэн гаргасан юм бэ?

Б: -UBS телевизийн хөтлөгч Гантулга, "Намуун" студийн Баяраа ах 2 санаачилсан. "We are the world" дуун дээр үглэдэг болохоор Монголын нэг давуу тал болох вeatbox-ыг оруулж өгвөл зүгээр юм байна гэж  шийдсэн л дээ.

Сур: -Клип чинь таалагдаж байгаа юу?

Б: -Таалагдаж байгаа. Бичлэгийг "Намуун" студи, клипийг UBS телевиз хийсэн.

Сур: -"We are the world" дууны вeatbox элементээ хэрхэн бэлдсэн бэ?

Б: -Дууны хэмнэл нь энгийн поп байсан. Миний бодлоор R&B стилийг оруулж өгвөл илүү гоё болох юм шиг санагдаад оруулсан.

Сур: -Клипэн дээрээ жаахан хүүхэд шиг байсан чинь их том залуу юм аа?

Б: -Хүмүүс тэгэж ярьдаг юм аа. Заримдаа охидоос танилцъя гэж мэссэж ирдэг. "Чи хэдтэй юм бэ?" гэхээр "Би 1993 оных" гэх жишээтэй. Тэгэхээр би их жаахан хүүхэд шиг л харагддаг юм шиг байгаа юм.

Сур: - -"We are the world" дууны хэний дуулсэн хэсэг нь таалагддаг вэ?

Б: -Моханик хамтлагийн Даваа, Тэмүжин хоёрын дуулсан хэсэг нь их таалагдсан. Ер нь манай шилдэг 25 бүгд сайн дуулсан гэж бодож байна.

Сур: -Чи "Universe best songs-2010" тэмцээнд яагаад оролцоогүй юм бэ?

Б: -Шилдэг 25 оролцогчид дахин орж болохгүй. Харин 25 оролцогчид багтаагүй хасагдсан хүмүүс орох эрхтэй байсан.

Сур: -"Зүрхэнд гэрэлтэх од" кинонд ямар дүр бүтээв?

Б: -Акбота, Цэцэгмаа нартай хамт вeatbox хийсэн.

Сур: -Чи UBS телевизтэй байнга холбоотой байдаг уу?

Б: -Гэрээ байгуулаад ажиллаж байгаад Балхжав ахын тоглолтоор гэрээ дуусгавар болсон байгаа.

Сур: -Шилдэг 25 оролцогч гээд л байдаг. Төсөөлж байсанд хүрэхгүй байна, тийм үү?

Б: -"L-Guards", "Моханик" хамтлагууд цомгоо гаргасан. "Мотив" хамтлагийн цомог удахгүй гарахад бэлэн болсон байгаа. Миний хувьд тэд сайн байгаа.

Сур: -Чи ая зохиодог уу?

Б: -Ая зохиодог, дуугаа дуулангаа вeatbox хийдэг.

ХАЙР ГЭДЭГ ТУЛГЫН 3 ЧУЛУУТАЙ АДИЛ

Сур: -Хайрын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Хайр гэж таны бодлоор...?

Б: -Миний бодлоор итгэл, халамж, хүндлэл гэсэн тулгын 3 чулуу.

Сур: -Анхны хайртайгаа учирсан уу?

Б: -1-р курстээ учирсан.

Сур: -Тэрэнтэйгээ үерхэж чадсан уу?

Б: -3 жил үерхээд үл ойлголцсоны улмаас салсан.

Сур: -Одоо найз охинтой юу?

Б: -Байхгүй ээ.

Сур: -Ямар охид таалагддаг вэ, эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог вэ?

Б: -Сайхан сэтгэлтэй, хүнээс дутахааргүй царайтай, гоо сайхны мэдрэмжтэй, халамжтай охид таалагддаг. Одооны охид мөнгөтэй залуусыг бус ирээдүйтэй залуусыг сонирхоосой гэж хүсч байна.

Сур: -10 жилдээ охидтой хэр үерхэж байв?

Б: -2, 3 удаа л үерхсэн байх.

Сур: -Хайрын захиа сэм сэм шиднэ биз?

Б: -Байсан байсан. Заримдаа ангийн хүүхдүүдэд баригдаад л хөглөнөө.

Сур: -Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Б: -Одоогоор өглөө хичээлдээ яваад, өдөр гэртээ ирж цайгаа уучихаад бие даалтаа хийнэ. Чөлөөт цагаараа вeatbox-оо давтана. Мөн интернетэд орж шинэ шинэ элемент сурдаг.

Сур: -Таны вeatbox бичлэгийг хаанаас үзэж болох вэ?

Б: -www.youtube.com сайтаас "Mongolian beatbox Bachka" гэж хайгаад үзэх боломжтой.

Сур: -Мөнгө гэж таны бодлоор...?

Б: -Мөнгө бол хэрэгцээ. Амьдралын нэг хэмжүүр. Би мөнгөний төлөө ажил хийдэггүй, мөнгөний төлөө вeatbox хийдэггүй. Мөнгөний боол байхыг хүсэхгүй байна. Өөрийгөө хөгжүүлэх нь л чухал.

Сур: -Хэр үрэлгэн бэ?

Б: -Үрэлгэн биш ээ. Миний хувцас, хэрэглэж байгаа зүйл даруухан, энгийн л байгаа биз дээ.

Сур: -Оюутан юм чинь пирожкигоо идээд л байна уу?

Б: -Тэгэлгүй яахав. Пирожки, мантуун буузаа идээд л явж байна. Энэ чинь л оюутны амьдрал шүү дээ. Өдөрт 2000 төгрөгөнд хоол иддэг.

Сур: -Мөнгө хайрлалгүй авч байсан зүйл гэвэл...?

Б: -Би багадаа дугуй унах дуртай, Хятад дугуй их унадаг байсан. Оргиналь дугуй унахыг их мөрөөддөг байлаа. Ажил хийж мөнгөө цуглуулаад, ээж ааваасаа нэмж мөнгө шаналгаж байгаад 400.000 төгрөгөөр Солонгос "шимоно" дугуй авч байсан.

Сур: -Сүүлийн асуулт. Цаг хугацаа таны хувьд хэр үнэтэй вэ?

Б: -Цаг бол мөнгөнөөс үнэтэй. Бүх л зүйлийг цагтай уралдаж хийдэг учраас амжилтанд хүрдэг гэж боддог.

Сур: -Уншигч хүүхдүүддээ хандаад таны зүгээс...?

Б: -"Сурагч" сонины уншигч мянга мянган хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье! Ирээдүй чиний гарт шүү. Зорьсондоо хүрэхийн тулд тууштай, шантралгүй хөдөлмөрлөж сураарай. Намайг дэмждагт баярлалаа. Та бүхэндээ цаашид олон шинэ уран бүтээлээ хүргэх болно гэж хэлье!

Ярилцсан: Н.Ундаръяа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.