Хадгалалт, хамгаалалт ҮгҮйлэгдсэн 6000 гаруй Үнэт ховор судар шалан дээр хураалттай байна

2010/05/06
Share |
Хүмүүс:
Хадгалалт, хамгаалалт ҮгҮйлэгдсэн 6000 гаруй Үнэт ховор судар шалан дээр хураалттай байна

"Үндэсний бичиг соёлын өдрүүд" өнөөдрөөс эхэлж байна. Энэ  өдрийг бид  ус гоождог дээвэртэй, даац нь хэтэрч шал нь хотойсон номын сантай угтаж байна. Хэл соёл, бичгийн тусгаар тогтнол аливаа улс,  үндэстний  оршин тогтнож байгаагийн баталгаа болдог юм бол энэ байдал  маань юуг тодорхойлж байна вэ.  Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажавтай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндэсний номын сангийн даац хэтэрч номоо багтаахаа болиод удаж байна. Кувейтийн сангийн хөрөнгө оруулалтаар шинэ номын ордон барих ажил хэзээ эхлэх вэ?   
-Үндэсний номын сангийн захирлын ажлыг аваад хоёр сар болж байна. Ажилд орсны дараагаас эхлээд хүн болгон танай шинэ байр юу болж байна гэж асуудаг. Баригдаад эхэлчихсэн үү  гэж байгаа хүн ч байна. Энд ирэхийн өмнөхөн салбарын сайд уулзахдаа “Үндэсний номын сангийн барилга хуучирсан. Хүчин чадал нь дийлэхээ байсан. Залуу хүн зоригтой, шийдэмгий ажиллах байх. Шинэ номын санд хурдтай ажиллаарай” гэсэн. Нэгэнт ирчихээд  “Бүтэхгүй юм байна” гэлтэй биш, номын сангийнхаа ажлыг яам, тамгын газар, холбогдох байгууллагуудад танилцуулахаас эхэлсэн. Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн гуай бүх ажилчинтайгаа ирж  номын сангийн өнөөгийн байдлыг үзсэн. Салбарын удирдлагуудын зүгээс эхний ээл-жинд номын сангийн барилгыг өөд нь татаж, засч сэлбэж авахгүй  бол хуучирч болохоо байсныг нэгэн дуу-гаар хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талаар шинэ номын сангийн ажилд анхаарч, бүх шатанд асуудлаа зөв ойл-гуулъя гэсэн. Тэр дагуу би ч гэсэн олон хүнтэй уулзаж байна. Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт онцгой анхаарч,  бодлогоор дэмжиж өгөөч гэсэн  хүсэлт гаргаж, манай улсаас Кувейт улсад  суугаа Элчин сайд  К.Сайраанд албан бичиг илгээлээ.

Мөн Кувейтын зохиолч, яруу найрагчид өөрийн таньж, мэдэх хүмүүс, найз нөхөдтэйгээ холбог-длоо. Арабын шейхийн урилгаар зохиолч, яруу найрагчдын уулзалтад оролцож байсны хувьд тэр хүнд  хандлаа. Мөн төрийн гурван өндөрлөгт захидал явуулаад байна.

-Хүмүүс хэр  хүлээж  авав. Шинэ номын сангийн барилгын ажил удаашралтай байгаагийн шалтгаан  юу  вэ?
-Үгүй гэж толгой сэгсэрч байгаа хүн алга. Ажил яагаад удаашраад байгаагийн шалтгаан нь Ку-вейтын тал парламентын шинэ ордон баригдсаны дараа номын сангийн ажлыг шийднэ гэсэн хариу өгсөн юм билээ. Гэтэл парламентын ордон  барих газрынхаа    асуудлыг шийдээгүй. Хэзээ  эхэлж,  хэдийд дуусах нь  тодорхойгүй, шинэ номын сан баригдах тухай  сураггүй  байна. Үндэсний  номын сан онцгой обьект, үндэсний тусгаар тогтнолтой холбоотой чухал газар. Хэл, соёл, бичгийн тусгаар тогтнол гэдэг тухайн улс, үндэстний оршин тогтнож байгааг нотлох хамгийн том баримт байдаг. Хү-мүүс  хоорондоо бүгдээрээ  англиар ярьдаг болчихвол  аль нь тусгаар улс, аль нь тусгаар биш юм бэ гэдгийг ялгахад бэрх болох байх. Тусгаар тогтнолын хамгийн гол тулгуур бол хэл, соёл юм.


Монголын ард түмэн бол агуу гэдгийг нотлох баримт, үе үеийн оюунлаг  хүмүүс, эрдэмтэн, зо-хиолчдын гар бичмэл, эх зохиол, эрдэм шинжилгээний бүтээл, дээр нь бүх үеийн сэтгүүл, сонин хадгалагдаж байна. Тиймээс зүгээр нэг номын сантай харьцуулж, ойлгож болохгүй. Үндэсний номын сан бол онцгой газар байх ёстой. Зарим улс оронд  үндэсний номын сан нь  онцгой статустай байдаг. Хатан хааныхаа эсвэл Ерөнхийлөгч болон парламентынхаа дэргэд үндэсний номын сангийн статустай улс ч цөөнгүй. Тэгэхээр номын сангаа эрх зүйн хувьд өөрчлөх, шинэчлэх шаардлага бидэнд байна. Зүгээр нэг  аймаг, хотын номын сантай ижил төвшинд байлгаж, тийм байдлаар  хан-даж болохгүй. Үндэсний номын сан эрдэм шинжилгээ, судалгааны том төв. Үндэсний бичиг, соёлын төв архив. Нөгөө талаар  эртний бичиг, соёлын дурсгалууд хадгалагддаг учраас музей гэж болно. Мөн Монгол Улсын бүх номын санд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө  өгч  удирдлагаар хангадаг,  сургалт явуулдаг. Судалгаа, мэдээллээс гадна сургалтын том төв гэх мэт олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэж байгаа онцгой байгууллага. Энэ болгоныг хүмүүс ойлгож байгаа. Гагцхүү хурдлуулах талд удаад байна.

-Үндэсний номын сангийн байшин хуучирч  дээврээс нь ус гоождог болсон. Даац нь хэтэрч, номоо багтаахгүй боллоо  гэсэн мэдээлэл хэдэн  жилийн өмнөөс яригдсан. Хэдэн онд баригдсан барилга вэ?
-1951 онд баригдсан, одоо 60 жил болж байна. Анх тооцохдоо 500 мянган номтой байхаар төлөвлөж барьсан юм билээ. Түүнээс хойш ямар нэгэн өргөтгөл хийгээгүй. Одоо манайд дөрвөн сая шахам ном хадгалагдаж байна. Хүчин чадал нь бараг найм дахин хэтэрчихээд байна. Даац нь хэтэрсэн, шинэ барилга барь, эсвэл өргөтгөл хийж саармагжуул  гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2005 онд гарсан байдаг. Шинэ номын ордонтой болно гэсээр байтал бараг гурван жил өнгөр-чихөөд байна. Урсгал засварууд цаг тухайдаа  хийгдэж ирсэн юм билээ. Хэчнээн засвар хийгээд зай талбайг нь нэмэхгүй бол нэмэргүй. Тиймээс салбарын яаманд хандаж шинэ номын сангийн ажлыг хөөцөлдөж эхэлье. Гэхдээ шинэ байр баригдах гэсээр байтал удна.

Номын сангийн барилга өөр стандарт шаарддаг учраас хугацаа шаардлагатай. Энэ хооронд байгаагаа өөд нь татъя, гадаадын эсвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар номын сангийн арын талбайд ядаж фондын байр барья гэсэн санал тавьсан. Жижигхэн ч гэсэн фондын байртай болчихвол номоо зөөж, зай талбай гаргаад засвар хийчихвэл ойрын 2-3 жилдээ болох байх. Эхний ээлжинд дөрвөн том фондын хоёрыг нь ч гэсэн зөөж оруулчихаад  талбайгаа засчихвал боломж бий. Дээврээс ус гоождог. Үүнийг засахын тулд салбарын сайд баг цаасаа 30 сая төгрөг гаргаж өгөхөөр болсон. Цаас ихтэй газар учраас  цахилгааны монтажийг маш сайн хийх хэрэгтэй гэсэн галын дүгнэлт гарсан. Хэсэгчилсэн байдлаар шинэчлэхээр төсөв, зардал тусгаж өгсөн. Бид салбарын сайдын хамт  Солонгосын томоохон группт төсөл бичсэн. Тэр дагуу  хүмүүс ирж үзэж танилцсан. Ойрын хугацаанд дотоод засал, чийгшүүлэлт, агааржуулалтын засварыг хийхэд хөрөнгө оруулалт орж ирэх байх. Эхний ээлжинд аюулгүй байдал,  хадгалалт, хамгаалалт талаас ажил эхлүүлнэ. ЮНЕСКО-той хамтарч ховор хуучин номын хадгалалт, хам-гаалалтыг сайжруулах төсөл хийх гэж байгаа. Монгол Улсад төсөл хэрэгжүүлдэг  олон байгуул-лагад хандаж жижиг төслүүд бичсэн. Соёлын өв, урлагийн санд хандсан. Энэ жилдээ багтаад бай-раа боломжийн хэмжээнд засчих байх. Түүнээс гадна шинэ номын сангаа хурдтай  хөөцөлдөх, болж өгвөл жижиг ч гэсэн өргөтгөл хийхийг зорьж байна. Өмнөх захирлуудын үед зураг төслөө хийгээд бэлдчихсэн. Боломж гаралгүй өдий хүрсэн юм билээ. Уг нь тухайн үед өргөтгөл барьчихсан бол асуудал өөрөөр шийдэгдэх боломжтой байсан.


-Орчин үеийн номын санд ямар, ямар шаардлага тавьдаг вэ?
-Шаардлага маш өндөр болсон шүү дээ. Дэлхий нийтийн жишигт интернэт уншлагын танхим эрэлттэй болсон. Гэтэл бидэнд заал танхимын хүрэлцээ байхгүй. Уншлагын хоёр заалтай. Бусад нь ном хураадаг агуулах болчих гээд зовлонтой юм их бий. Аль болгоныг хэцүү гэхэв, хийж л таарна.


-Хадгалалт, хамгаалалтыг сайжруулах талаар ямар ажил хийж байна. Алга болсон “Алтанган-жуур”-ын судар олдсон уу?
-”Алтан ганжуур” -ын  “Дулбаагийн Ня” гэдэг судар  алга болсон юм билээ. Тухайн үед  нь хууль, хяналтын байгууллагад өгсөн. Холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Ирснээсээ хойш судрын араас нэлээд хөөцөлдөж сураглалаа. Хууль, хяналтынхан шалгаад тогтоох шатандаа явж байгаа гэсэн хариу өгсөн.

-”Алтан ганжуур” бол алтаар бичсэн судар. Ийм ном, судар дэлхийн  улс, орнуудад хэр өргөн дэлгэр байдаг юм бол?
- Байдаг юм билээ. Манайд ч гэсэн Гандантэгчинлэн хийд болон бусад газар байдаг гэж Д.Чой-жамц хамба ярьж байсан. Мэдээж ховор, үнэтэй. Гэхдээ монголын ард түмэн түүнээс илүү ховор, нандин ном, судрыг олныг бүтээсэн шүү дээ. Тэр болгон Үндэсний номын санд бий. Бид алдсаныгаа олохын төлөө хичээх ёстой. Байгаагаа нэмж алдахгүй, харуул хамгаалалт, хадгалалтыг сайжруулах учиртай. “Алтан ганжуур”-ын судар алдагдсанаас хойш хамгаалалтыг сайжруулсан юм билээ. Би ирээд  фондод орж, гарах дүрэмд өөрчлөлт оруулсан. Гэхдээ илүү сайн болгох ёстой. Гадаадын улс орнууд жинхэнэ эхээ хэнд ч үзүүлдэггүй, хуулбарыг нь  олон нийтэд зориулж ил тавьсан байдаг. Хөрөнгө мөнгөнөөс болоод манайд хуулбарлах, хувилах   ажил хийдэггүй.

-Бичиг соёлын өдрүүдээр ямар ажил зохиох вэ?
-Монголчууд бичиг, соёлын асар их дурсгалтай. Маш олон бичгийг өөрсдөө зохиож хэрэглэсэн. Тэр болгоны зохих дурсгалууд Үндэсний номын санд хадгалагдаж байна. Судлаачид туршилт, су-далгаа хийж байна. Түүнээс гадна бид цаг үеийн учир шалтгааны улмаас хоёр бичигтэй болчихсон. Өнөөдөр хүн амын хэдэн хувь нь монгол  бичгээ  хэрэглэж байна гэвэл маш бага тоо гарна.Төрийн зүгээс анхаарал сул байна. Хоёр бичигтэй болох гээд байгаа юм уу, хэдэн оноос  монгол бичигт шилжих вэ. Эсвэл нэг бичигтэй байх уу гэдгийг нэг мөр болгож шийдэх хэрэгтэй.  Энэ чиглэлд юу ч хийгээгүй гэх нь гол биш хурдтай ажиллах нь чухлыг олон эрдэмтэн хэлдэг юм билээ. Өнөөдөр бид  бичиг, соёлын өдрийг уламжлал ёсоор тэмдэглэх гэж байна. Монгол бичгийн олимпиад, уран бичлэ-гийн уралдаан, төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн анхдугаар олимпиад  зохион байгуул-лаа. Монгол бичгийг хамгаалах олон байгууллага бий. Соёлын өдрүүдэд монгол бичгийн үзэсгэлэн, уралдаан, ховор номын дуудлага худалдаа, ном сэлбэн засах аргыг заах сургалт  болно. Мөн яруу найрагчдын дунд үндэсний бичгийн тухай  дөрвөн мөр шүлгийн  уралдаан зохионо. Номын санд ном хандивлах өдрийг зохион байгуулна. Энэ бол өөрийн бүтээлийг уншигчдад хүргэх, Үндэсний номын сангийн архивт үлдээх том боломж юм. Номтой ойр байдаг бүх хүнийг бичиг, соёлынхоо өдрүүдээр манай номын санг зорьж ирээрэй гэж хүсэх байна.


-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа

Ч.Үл-Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.