Хэн яаж ярьдаг вэ

2010/05/10
Share |
Хүмүүс:
Хэн яаж ярьдаг вэ

Улс төрч хүний эзэмшвэл зохих чадварын нэг нь илтгэх ярих урлаг гэдэг. Сонгогчид, сонгогчдынхоо анхаарлыг татаж итгэлийг олтол гацаж түгдрэлгүй ээрч мууралгүй итгэл үнэмшилтэйгээр уран сайхан ярих нь бүр Сократ. Цицероны үеэс эрхэм урлагт тооцогдож ирсэн. Хамгийн ойрын жишээ гэхэд л нацист дарангуйлагч А.Хитлерийг нэрлэж болно. Чухам түүний гал цогтой бадрангуй үгс уран илтгэгчийн өндөр чадвар төрөлхийн авъяас нь цөөхөн гишүүнтэй асан намых нь эгнээг хурдан өргөжүүлэхэд их нэмэр болсон гэдэг. Харин манай улс төрчид энэ урлагийг хэрхэн эзэмшсэн бэ. УИХ-ын гишүүдийн уран илтгэгчийн чадварыг арай хялбараар цаас хардаг болон хардаггүй гэж хоёр хувааж тодорхойлж болно. Ямар ч сэдвээр цаас харалгүй дуржигнуулж өгдөг эрхмүүдэд Э.Бат-үүл, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, С.Оюун нарыг нэрлэх байх. Эрхэм гишүүн Э.Бат-үүлийн уран илтгэгчийн чадварыг удам дамжсан гэж үзвэл  Р.Гончигдорж нь алдарт “энэ утгаараа” хэллэгийн “эцэг” гэдгээрээ нэрд гарсан билээ.

Д.Лүндээжанцан ном үзсэн нүний шинжтэй оновчтой үгсээр логик дараалалтай утга төгөлдөр ургсгаж гардаг. Батж.Батбаяр гишүүн царайгаа минчийлгэж ирээд хэний ч анхаарлыг татахаар хөгжилтэй хошин аястай ярьдаг бол Г.Ламбаа хээгүй Монгол эрийн төрхтэй бурдаг. Харийн цаас шагайдаг буюу “Брежнев” маягаар ярьдаг гишүүдэд Д.Арвин, Д.Ганхуяг нар орно. Хадагтай Д.Арвин ярих өөрөөр хэлбэл уншиж байх үедээ толгойгоо ч өндийлгөдөггүй харцаа ч салгадаггүй нэгэн. Эрхэм гишүүн Д.Ганхуяг спорт бизнес хөөгөөд бичиг цааснаас хол хөндий байсныг ойлгож болох ч түүний “бөгөөд”, “өөрөөр хэлбэл”, “энэ утгаараа”, “буюу”-гаар холбогдсон сунжирсан ойлгомжгүй урт яриаг нилээд хүч гарган сонсоод санааных нь хагас хугасыг гадарлаж болно. Ер нь түүний яриаг бүхэлдээ нэг өгүүлбэр гэхэд болно. Хамгийн зүдэргээтэй ярьдаг хүний тоонд экс гишүүн Б.Батбаатар, гишүүн Л.Гүндалай, “Буян” Жагаа нарыг оруулж болно.

Б.Батбаатар ихэвчлэн өөрийн үзэл бодол байр сууриа биш тухайн үед төрсөн сэтгэгдлээ ярьдаг бөгөөд эмх цэгцгүй дараалал муутай буруу үг хэллэг оруулдаг ихээхэн ээрч гацдаг “дутагдалтай”. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайн яриа тун эмх цэгц муутай , ярианы явцад нэг сэдвээс нөгөө рүү гэнэт харайгаад орчихдог талтай. Харин “Буян” Жагаа тулгасан хүлээлгэсэн янзтай захирангуй өнгөөр ярьдаг нь олон жил хүн загнах ажил хийснийх бололтой. Гэхдээ түүний үг мууд дуртай улсад таалагдах нь бий. Харин гадаад үг хэллэг их хэрэглэдэг хүнд сангийн сайд С.Баярцогт зүй ёсоор орох бөгөөд хилийн дээс олонтой алхсантай нь энэ зуршил нь холбоотой биз. Түүний ярианаас “концепци”, “коррупци”, “популист”, “ультиматум”, “анархист” гэх мэтийн гадаад үгнүүд элбэг сонстоно. Гэсэн ч ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг уран илтгэгчийн өндөр чадвар эзэмшсэн улс төрч манайд ховорхон. Нэрт нийтлэгч Б.Баабар ч ярихдаа бичдэг шигээ сайн биш. Харин саяхан намын даргын суудлаа өгсөн С.Баярын яриа Н.Багабанди эрхмийг санагдуулам ойлгомжтой утга санаагаа бүрэн гаргасан оновчтой үг хэллэгтэй сонстох нь бий.  

Монголчуудын амьдрал сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.