ТАВАНТОЛГОЙД ЭЗЭН НЬ ЭДЭЭ МЭДЭЖ, ЭРЭГ НЬ УСАА ХАШНА

2010/06/15
Share |
Хүмүүс:
ТАВАНТОЛГОЙД ЭЗЭН НЬ ЭДЭЭ МЭДЭЖ, ЭРЭГ НЬ УСАА ХАШНА

Америк жишиг, Монгол хувилбар, Аляскаас Улаанбаатар хүртэл

Аляск мужийн “эх орны хишиг, эрдэнийн хувь”
Тавантолгойгоос монгол толгой бүхэн хувьцаа эзэмших Засгийн газрын зарчмын саналтай адил төстэй жишээ байна уу? Зөвхөн “дотоодын”, монгол санаа юу? Нэг жишиг, түүн дотроо Монголын нөхцөлтэй маш төстэй нутгийн хишиг, ойролцоо жишээ олон бий. Бидний эрт холын хамаатан садан эскимос, алеут буюу нохой хөлөгтөн, индианчуудын унаган нутаг Америкийн Аляск мужид ийм жишиг тогтоод 34 жил болж байна. Эрс тэс уур амьсгалтай, газар нутгийн хэмжээ нь ч 1,5 сая хавтгай дөрвөлжин км байдгаараа Монголтой ойролцоо Аляск муж мөн л “Яндаж болдоггүй далай шиг” баян нутаг. Байгалийн хий, газрын тос, алт зэс, нүүрс, цайр Жек Лондонгийн гайхамшигт зохиолуудад нүдэнд харагдтал зураглагдсан Аляскийн цаст хөрсөн доорх нөөц юм. Хүн ам хамгийн сийрэг суудаг Аляскийг ердөө 1959 онд муж болгосон байна. Аляскийн хүн амыг өсгөх бодлого олон жил үргэлжилж байгаа ч өнөөдөр 690 мянгаас хэтрээгүй байгаа юм.

    Оросын хаан хоёрдугаар Петр 1867 оны 3 дугаар сарын 30-нд Америкт 7,2 сая долларын алтаар зарсан энэ газар нутагт эдүгээ цагт оршин суугчид “эх орны хишиг, эрдэнийн хувь”-аа хүртдэг. Аляскийн хөгжлийн сангаас мужийн иргэдэд жилдээ 2000 доллар хүртэлх ноогдол ашгийг хуваарилж байна. Байгалийн хий, газрын тосны үнэ их, унац том байвал иргэд нь ашиг нь өснө. Мэдээж эрдэс баялгийн үнэ дагаж ноогдол ашиг хэлбэлзэнэ. Аляскад 1959 оноос аж төрж байгаа “партизанууд”-д анх хувь хүртээж байсан ч Нэгдсэн Улсын Дээд шүүх энэхүү “оны ялгаа”-г ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзсэнээр, мужийн бүх иргэн “эх орны хишиг” авах болжээ. 1982 оноос тодорхой нөхцөл хангасан мужийн иргэн бүхэнд сангаас ноогдол олгож эхэлсэн байна. Ерэн онд иргэн тус бүрт 952 доллар ноогдсон бол арван жилийн дараа Аляскийн толгой болгонд1963 ногоон олгожээ. Хувь хүртэхийн тулд мужид дор хаяж нэг жил байнга оршин суусан байх ёстой. Цаашид ч Аляскад суугуул иргэн байх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ нотлон бичнэ, өргөдөл маягт бөглөнө. Гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгэл авсан бол тэр хугацаанд хувь ноогдлоос хасагдана. Эдлэх ялаар тогтохгүй, хишигтний жагсаалтаас хасагдаж давхар гэм зэм хүлээнэ. Хэрэг хийхгүй байх санхүүгийн хөшүүрэг болж чаддаг гэсэн үг. Аляскийн хөгжлийн сан алт мөнгөөр хамгийн арвин дүүрэн авдарт тооцогдох бөгөөд иргэдэд ноогдол ашиг хуваарилдаг цорын ганц байгууллага юм. Хөрөнгө нь газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрөөс үндсэндээ бүрдэнэ. Бүх хуримтлалыг буюу авдрын ёроолыг хүртэл иргэдэд тарааж бүгдээрээ “хундага тавилгүй найрлаад” дуусгадаг зүйл биш. Тодорхой хувийг нь л иргэдэд мөнгө хэлбэрээр хуваарилна. Ирээдүй хойч үед үлдээх, ашиг орлогыг үнэгүйдүүлэн хороодог “халаасны хулгайч” инфляцаас сэргийлэх, хуримтлалын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ашигтай төсөл хөтөлбөрт оруулах, төсөвт шаардлагатай зүйл зориулна.

Тавантолгойн үүцийг хэнд, хэрхэн хуваарилах вэ?
Зөвлөлтийн коммунизм байгуулж буй туршлага гэдэг шиг Америкийн капитализмын аль хэдийнээ төлөвшүүлсэн жишгээс Тавантолгойд ашиглан хэрэглэж болно. Жилийнхээ бүх орлогыг юм уу, ашгийг тэр чигээр нь тарааж, оны эцэст нэг сайн найрлах хэмжээнд хуваарилж болохгүй нь мэдээж. Ядрах цагт гаргаж идэх үүцээ нэмж, хуримтлалыг нь байнга өсгөхөд анхаардаг байна. Бэлэн мөнгө их тараавал түрийвчин дэх хэдийн тоо нь их ч чанарыг муутгадаг инфляцийг хөөрөгддөг учраас америкчууд хөрөнгийн тодорхой хувийг л ноогдол болгон түгээдэг ажээ. Тавантолгойн 10 юм уу, тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх санал дээрх жишигтэй дүйж байна.

    Хувь эзэмших эрхийг үүрэгтэй нь холбодог америк туршлагыг авч хэрэглэх нь зүгээр нь нэг даган дууриах хэлбэр биш иргэний үүргээ биелүүлдэг байх, илүү иргэншүүлэх сайн хөшүүрэг болж чадна. Татвараа төлдөг, иргэний болон цэргийн үүрэгтний бүртгэлдээ цаг тухайд нь хамрагддаг байх нь хувь ноогдлоо авах нөхцөл шалгуур болно гэсэн үг юм. Бичиг баримтын зөрчил арилах, иргэний бүртгэлд цэгцрэх маш сайн мөнгөн хөшүүрэг бол Тавантолгойн хувьцаа. Монголын нэртэй хамтлаг дуучид заал дүүрэн үзэгчтэй, том том жийп хөлөглөх атлаа жилдээ төлсөн татвар нь хоёр зуун мянган төгрөг хүрэхгүй байх нь ердийн зүйл, бараг жишиг байдгийг хувьцаагаар хөшүүрэгдэн засч эхэлж болох юм.

Сургууль соёл хөөж, амьдралын эрхээр хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа үл ялгаварлах нь Үндсэн хуулинд заасан зүйл. Гэхдээ л гал голомтоо сахин үлдсэн хэсгээ бодвол гадаадад суугаа хүмүүсийн дунд усанд хаясан чулуу шиг алга болсон, эх нутгаа ядарсан цагт нь санаагүй мөртлөө дэвжих үед нь эргэж харах иргэн бий. Хамгийн шударга хэлбэр бол татвар төлдөгт нь, нэг ёсондоо үүргээ биелүүлдэгт нь л хувьцаа эзэмших эрх олгоё гэх санал бодол ч эхнээсээ гарч байна. Амьдралын эрхээр, орон сууцны мөнгө хураахаар хүний нутаг, гүний газарт зүтгэж яваа нутаг нэгнтүүдээ татвар хураамж төлсөн эсэхээс нь үл хамааран Тавантолгойн хувьцаа эзэмшигчээр бүртгэх нь зөв гэх санал бодол ялгахаасаа илүү гарна.

    Гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгэл эдэлж байгаа хугацаанд нь ноогдол ашиг тооцохгүй байх нь мөн л хөшүүрэг. Нарсанд сууж байх хооронд нь наранд мөнгө нь үржиж, гарч ирүүтэй яйлж өгөх бололцоо олговол утгагүй шийдэл болно. Ял эдлэхээс өмнө авах байсан ноогдлыг нь хохирол төлөхөд зориулах хувилбар байна. Хариуцлага хүлээх чадваргүй, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асран хамгаалагч, ар гэрт нь олгох бол маргаад байх зүйл биш.

    Хамгийн их маргаж мэтгэх бас болгоомжилж буй сэдэв бол хувьцаагаа зарж борлуулах эрх байх уу, үгүй юу? Цэнхэр, ягаан тасалбарын базаахгүй дурсамж зарж борлуулах эрхийг хаах хэмжээнд аль хэдийнэ яригдаад эхэлчихсэн байна. Сайн дураараа шилжүүлэх, бэлэглэх эрхтэй байхаар шийдэх юм бол зарж борлуулснаа ийм нэрээр халхавчилна. Орон сууц худалдсан, авсаны татварыг хэмнэхийн тулд бэлэглэлийн гэрээ байгуулдаг, хэзээ нэгэн цагт түүнийгээ буцаана гэж бөөн маргаан дэгдээдэг нь Үл хөдлөх хөрөнгийн газар, шүүхэд дамждаг ердийн зүйл. Хамгийн гол нь урт хугацаанд авах ашгаа өнөөдрийн талхны мөнгөөр сольчих амьжиргааны доогуур түвшин нийтлэг байгаа билээ. Аляскийн хөгжлийн сангийн дүрэм журмаас үзвэл иргэд ноогдол ашиг хүртэх хэлбэр нь улс төрийн нөлөөг багасгаж, мэдээлэл, тайланг ил тод болгодог байна. Тавнтолгойн ордын тодорхой хувийг эзэмшиж байгаа иргэд ноогдлоо ахиу хүртэхийн тулд хэдийг зарж, хичнээн ашиг олов, надад яагаад ийм хэмжээний ашиг хуваарилагдав гэдгийг мэдэх эрхтэй, бас шаардлагатай ч болно. Зах зээлийн эдийн засагт шилжээд хорин жил өнгөрч байгаа ч төдийлөн сайн мэдэхгүй хувьцаа, үнэт цаас, бизнесийн ашиг орлого, ноогдол хувь зэргийн талаарх мэдээлэл, мэдлэг Монголд нутагшин, олон нийтийн соёлын нэг хэсэг болж төлөвших өргөн ач холбогдол бий. Монгол хүний өөрийгөө үнэлж хүндэтгэх, бусад улс оронд ч хувьтай төрсөн Монголын иргэний үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх мөнгөөр хэмжигдэхгүй өрөм тос, өгөөж буян их бий.

Д.Болдхуяг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.