Тоосго өрөх биш идэж суудаг манай генсек

2010/06/15
Share |
Хүмүүс:
Тоосго өрөх биш идэж суудаг манай генсек

Хуучин хонгил ба шинэ байшин

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг шинэ байрны шав тавьж, батлахтай гишүүд, үнэмлэхтэй иргэдэд хандан, ширхэг тоосгоны хандив өргөхийг уриалснаас хойш хавар дуусч, зун дундаа ороод наадам ойртлоо. Наадмын маргааш намар болж, өвөлтэй залгана. Барилгын улирал дундаа орсон, АН-ын шинэ байрны цаасан дээрх зураг дарга, генсекийн  өрөөг чимэглээд л байж байна. Соёлын төв өргөөг “гуя” гэвэл түүнийг дагасан “хүзүү” нь АН-ын Төв байр. МСДН хөлсөөр сууж байгаад АН байгуулагдахад дамжин түрээслэгдсээр хорин жил болсон хүзүүвчийг Нийслэлийн ИТХ-ын гишүүн, НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү харин ч сэтгэл, зүтгэл гарган хөөцөлдөж байж, өмчлөлд нь шилжүүлэх шийдвэрийг гаргуулсан юм. Тоосгоны хандивын шоу хийж сүржигнэснээс хойш барилга байшин барих нь бүү хэл, сууриа тавих нүх ч ухсан юмгүй, Ардчилсан намын аппарат, түүнийг толгойлсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат унтаа сэрүүний хооронд үүлгэртсээр зуны талыг үдчихлээ. Наадам өнгөрмөгц намын аппаратынхан, ялангуяа ноён генсек амралтаа авч, айраг цагаа хөөн мордоно. Түүнээсээ өмнө амралтын бэлтгэл болгож өөрийнх нь эхлүүлээгүй ажлыг дуусгаж байгаа тал руу чулуу нүүлгэж, тоосго шидэх ажил л хийж байна. Юу гэвэл намынхаа дарга, тэргүүн шадар сайдын хандиваар цуглуулсан бага сага тоосгыг өрдөггүй юм гэхэд хадгалаад байж чадалгүй МАХН руу чулуудан тараах ажил. Төөлбөл зуун метр хүрэхгүй зайд МАХН шатаалгасан байшингийнхаа ормон дээр Тусгаар тогтнолын өргөө гэх байшингийн тоосгыг өрөөд дуусч байна. Ардчилсан намын аппаратын дарга цаасан туйпуу шидэж, МАХН-ынхан жинхэнэ тоосго өрсөөр нэг нь бариандаа орж явна, нөгөө нь гарааныхаа зурхайд суугаад үлдлээ. МАХН-ын байр буюу Тусгаар тогтнолын өргөөний шавыг 2009 оны 8 дугаар сарын 31-нд тавьсанаас хойш арван сар өнгөрөхөд хамгийн дээд буюу есөн давхрынхаа өрлөг, цутгалтыг дуусгаж, дээврийг нь битүүлээд эхэлчихсэн байна. Хагас жилийг хайлж мурийсан каркааз, үнс нурам зөөхөд зориулаад цэвэрлэсэн ормон дээр нь сая л өргөө гэрээ барьж эхэлсэн гэхэд МАХН-ын барилгын ажил харьцангуй хурдан явж, түргэн босчээ.

    Харин “Ардчиллын ордон” цаасан тоосго шидэхээс цаашгүй удаж байгаагаас гадна нь угаасаа л ийм яст мэлхийн хурдтай. Шинэ дэвшилт холбооны нэр дээр байж байгаад одоо “Фортуна” Н.Батбаярын өмчлөлд шилжсэн, С.Зоригийн хөшөөний урд талын өмхөрч хуучирсан модон байшин, Соёлын төв өргөөнөөс Дуурийн театр руу ороход л дамжин өнгөрөх зориулалттай хүйтэн хонгилтой хэвээрээ хорин жил өнгөрч байна. Намын нэр, буянаар олигарх болсон олон хүний хаус, зуслан, барьж зарсан тансаг шилэн хорооллууд битгий хэл хурдан мориных нь жүчээнээс давчуу хуучин байшинд л хорин жил боллоо шүү дээ. Ардчилсан намын нэрийн өмнөөс алба тушаал авдаг, арга чаргатай хүмүүсийн хувцасны өрөөний дайтай гэвэл хол хэтрүүлэг болохгүй. Өргөө гэрээ өөд нь татаж, шинийг босгоё гэсэн сэтгэл байсан бол навсархай муу байшин, хөлсний хүзүүвч хоёроосоо салчих боломж, хугацаа хангалттай байсан билээ. Одоо ч гэсэн өргөө гэрээ өөд нь татах сэтгэл, зүтгэл алга. Намын нэр барьсан хэдэн томчуудын хувийн өмч маягтай, хувааж авч байгаа гэж жирийн гишүүд ярьцгааж байна.   

МАХН-ын шинэ байрыг ахиад “7 дугаар сарын 1” болж галд автаасай гэж ган дөрөө тасартал хараадаг, шөрмөс шатаадаг, намын гишүүн супер лам захиалалтай биш. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахын тулд хийж бүтээж, хичээж зүтгэх нь улс төрийн наад захын соёл, шударга өрсөлдөөн болно. Нураах амархан, нэг л өдрийн ажил. Бүтээх хэцүү, олон өдрийн зүтгэл. МАХН-ын Төв байр гэнэ үү,  Тусгаар тогтнолын өргөө хэмээн нэрлэнэ үү, энэ улс төрийн байгууллагын өөрийнхөө гэрийг барих эрхийг нь хүндэтгэж байна.

Хамгийн гол нь өрөөлийн толгой дээрх халимаг үсийг өөлж суухын оронд өөрийн толгойнхоо нүцгэнийг олж харах нь манай намын ажилд илүү тустай. Сүүлийн үед Архангай, Орхон зэрэг аймаг, Чингэлтэй дүүрэгт болсон ИТХ-ын нөхөн сонгуульд манай нам дараалан ялагдаж байгаагаас ажил явахгүй, нам таг болсныг харуулж байна. МАХН-ынхан долоо найман аймагт “Ард түмнээ сонсъё” аянаар очиж, сүүлийн үеийн судалгаагаар рейтинг нь өсч, хотод гүйцэж ирээд, хөдөө түрүүлж холдоод байгаа тухай хэвлэлд мэдээллээ. Чингэлтэй, Хан-Уул дүүргийн намын хороод хоёр хуваагдчихаад, дотоодын зарга тэмцэл, суулт жагсаал боллоо. Гадагшаа чиглэсэн, ард олон, сонгогчдод хандсан нэг ажил, ганц санаачилга алга. Дотооддоо хямралдсан хэрэлдсэн нь л их байна. МАХН-ын Засгийн газрын гортиг дотор намын дарга тэргүүтэй таван сайд багтаж, Тавантолгой зэрэг том асуудал шийдэх гэж хамтарч байхад Төв аппарат, гал тогоогоо сахиж суугаа хүн улс төрийн ач холбогдолгүй цаасан тоосго шидэж, тэр нь хаясан яс, хоёрын хооронд хорсол жөтөөрхөл мэт харагдаж байна. Улс орны хэмжээний том намын өдөр тутмын ажлыг Багануур дүүргийн хэмжээнд жижгээр сэтгэж, сонгуульд нэг ч ялж үзээгүй хувийн дутагдлаараа бүхэл бүтэн хүчнийг баллах эрх ноён Д.Эрдэнэбатад байхгүй билээ. Намын даргын цуглуулж эхэлсэн цөөн тоосгыг буталж яйруулаад чулуугаар байлдах утгагүй. Харин бүтээж босгохын төлөө ажиллаач. Та сонинд ярилцага өгөхөөсөө илүү нэг тодорхой ажил санаачил. Тоосго гуй, хандив цуглуул, өөрийг чинь хүн тоохгүй бол бусаддаа ханд. Бидэнд ширхэг тоосго ч атугай нэмэрлэх сэтгэл бол их байна.

АН-ын гишүүн Б.Амарбаясгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.