ТАВАНТОЛГОЙН БОДИТ БАЙДАЛ ХИЙГЭЭД БАС НЭГ ГАРГАЛГАА

2010/07/02
Share |
Хүмүүс:
ТАВАНТОЛГОЙН БОДИТ БАЙДАЛ ХИЙГЭЭД БАС НЭГ ГАРГАЛГАА

Тавантолгойн сургаар толгойтой бүхэн өндөлзөж, амтай бүхэн ангалзаж байна. Гэвч амныхаа зоргоор бурлаа ч монголчуудын үлгэрт итгэдэг гэнэн итгэмтгий эдийн засгийн ойлголтын үе өнгөрч барьцтай зүйлд нухацтай хандаж сурч байгаа билээ.

Зах зээлийн эдийн засгийн анхан шатны мэдлэггүй монголчууд үлгэрт итгэдэг багачууд шиг сэтгэлгээгээр олон юмаа алдсан. Өмчтэй бол гэж өгсөн цэнхэр ягаан тасалбарыг нь овтой зальтайнуудад бөөн бөөнөөр нь өгч өөрсдөө гахай явган, нохой нүцгэн үлдэцгээв. Араас нь Хадгаламж зээлийн хоршоо нэрээр өглөгч царайлсан луйварчингууд олширч “Таныг зүгээр хэвтэж байхад мөнгийг чинь суга нуга өсгөнө” хэмээн амыг нь ар дээр гартал хулхидсан. Ийм хулхидалт дөрвөн жил тутам нэг удаа орон даяар цунами шиг давалгаалдаг. Улстөрчдийн сонгуулийн амлалт дөрвөн оронтой тооноос зургаа болтлоо үржиж “эртээ урьдын цагт” мянгаар ярьдаг байсан үлгэр одоо сая саяар амнаас унаж “амар сайхандаа жаргадаг” болов. Луйварчид хэзээ ч өгдөггүй. Үүнийг нь мэддэг ч итгэж орхидог нь монголчуудын цайлган зангийн гай л даа. Үүн дээр нь дөрөөлөхөөр зарим нэг компани “Тавантолгойг мөлжих таатай үлгэр”-ээ зохиожээ.
Үлгэр ингэж эхэлдэг. “Овооттолгойн нүүрсний ордод 2 сая доллар зарцуулаад 2 тэрбум доллар босгосон. Овооттолгойн нөөц 150 сая тонн бол Тавантолгойнх 6,4 тэрбум тонн юм чинь Тавантолгой хамгийн хямддаа л 100 тэрбум ам.долларын үнэд хүрнэ”. Сайхан сонсдож байна, үүнийг тэмдэглэж улсаараа нэг өдөр амарч зад баярласан ч багадна.

БОДИТ БАЙДАЛ
“Аваагүй байхад авгай сайхан, алаагүй байхад үнэг сайхан” гэдэг шиг ашиглаагүй байхад Тавантолгой сайхан л харагдаж байна. Ашиглахад өртөг, зардал гэж нэг юм бий. Тэр бүхнийг тооцохгүйгээр алаагүй баавгайн арьс хувааж суугаа хүмүүс өөрсдийнхөө яриад буй 100 тэрбумын хаагуур нь дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компаниуд явж буйг нэг харвал гэмгүй буй за.

Дэлхийн уул уурхайн салбарын акул, 150 жилийн түүхтэй BHP Billiton дан коксжих нүүрс бус эрчим хүчний нүүрс, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, цайрын баяжмал, зэс, никель, алмаз, алт, мөнгө, газрын тос, байгалийн хий, хар тугалга, ураны баяжмал, молибден, манган зэргийг олборлож дэлхийн 56 улсаас арай чүү гэж 6,3 тэрбум долларын цэвэр ашиг олж байхад юун “Тавантолгойн хөрөнгө оруулалтад хэрэгтэй 30 тэрбумын хувьцаагаа зарахад 70 тэрбумын хувьцаа нь Монголын ард түмэнд үлдэж хүн бүрт 25900 доллар ногдох” тухай үлгэр ярина вэ?


БАС НЭГ ГАРГАЛГАА
Хүний юманд хуруу дүрээд дэлхийн номер нэг компанийн ашгийг нэг удаа монголчууддаа цаасан дээр тараагаад өгчихвөл ер нь ямар тоо гарах бол гэсэн саваагүй бодол эндээс төрөөд “BHP Billiton”-ы жилийн цэвэр ашгийг юу ч үлдээлгүй бүгдийг нь монголчуудынхаа тоонд хуваав. Нэг хүнд 2333 доллар ногдож байх юм. . “Овооттолгойн нүүрсний ордод 2 сая доллар зарцуулаад 2 тэрбум доллар босгосон. Овооттолгойн нөөц 150 сая тонн бол Тавантолгойнх 6,4 тэрбум тонн юм чинь Тавантолгой хамгийн хямддаа л 100 тэрбум ам.долларын үнэд хүрнэ” гэж тооцоолж байгаа нөхдийн аргачлалаар энэ харьцуулалтыг хийе л дээ. 200 тэрбумын үнэ цэнэтэй “BHP Billiton”-оос 2333 доллар ногдож байгаа юм бол 100 тэрбумын үнэтэй Тавантолгойгоос үүнээс хоёр дахин бага буюу 1166 доллар хүртэнэ гэсэн гаргалгаа бас байж болно. Гэтэл Тавантолгой 100 тэрбумаар үнэлэгдэнэ гэж байгаа нөхөд монголчуудад ногдох ашгийн гаргалгааг 25900 доллар гэж тооцсон. Цаасан дээр үлгэр зохиож болдгийн жишээ энэ.


Тавантолгойн ашгийг иргэн бүр хүртэх нь зүйн хэрэг. Хүрттэлээ 90-ээд оны үед жүжигчин Батзаяа, Сосорбарам хоёрын үзүүлдэг байсан “Саятан” сугалаа 1000 төгрөгөөр худалдаж авчихаад “Сая төгрөг хэрвээ авчихвал яах вэ?” гэж мөрөөдлөө ярьсаар эцэс сүүлдээ аваагүй мөнгөнөөс болж айл гэр салдаг тэр хошин шог шиг юмнаас холуур явахсан.

Ж.Содоншагай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.