Хүмүүс: |
Чанга яригчаар бөх тайлбарлагчийн хvдэр хоолой хvнгэнэж, цаана нь “Ар хөвчийн унага” шуранхайлна.
Аймгийн наадмын гурвын даваанд хvч vзэж буй сумын заан Баатарням харин энэ бvхнийг сонсохтой манатай учраа бөхдөө толгойгоо уургалуулж, зvvн гараа газар тулан гурван хөллөөд унахад бэлэн болжээ.
Тайлбарлагч: “Сумын заан ч аралтай бяртай тулдаа л тогтож байна даа” гэх нь дуулдана. Баатарнямтай долдугаар ангийн сурагч, чөрийсөн хар хvvхэд барилдаж байх агаад зааныг барьцаар ааглан дараад буй нь эр ямааны хvзvv өөд цоройж байгаа ишиг шиг л харагдаж байлаа.
Аймгийн цолтон төрvvлэх зорилгоор сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан “Начин төрvvлэх ажлыг зохион байгуулах комисс”-ын дарга, сумын орлогч мурий Пэрэнлэй дэвжээ рvv гараад ирчихсэн өнөөх хvvд нэг хуруугаа гозойлгон харуулж байна. Хvv тоосон шинжгvй зааныг мушгин дарлаа. Баатарнямын хөлс цувж, амьсгаа нь тагларан, бөхчvvлийн хэлдгээр мах болжээ. Одоо энэ хоёрын барилдах нь vхсэн голиог шоргоолж чирэн нааш цааш хөдөлгөж байгаа гэлтэй харагдана. Пэрэнлэй хуруугаа нэг нэгээр нэмэх боловч хvv vл тоосон хэвээр. Хурууны тоо долоо хvрч, жаал хvv сая бууж өгөв. Хvvгийн дээрээс их л сvртэй дарж унасан заан маань босох ч тэнхэлгvй аахирдан хэвтэхvйд, тайлбарлагч: “Сумын заан Баатарням ч бяртай байгаа юм байна даа” гэж хvнгэнvvлэв.
Дөрвийн давааны өмнө начин төрvvлэх комиссынхон сэм зөвлөлдлөө. Комиссын орлогч, тамгын газрын тvшмэл, бас тэгээд зааны хvргэн ах Дугар уурлан,
-Дөнгөж гурвын даваанд долоон зуун мянга!.. Дэмий гонзгой, махан овоо гээд Баатарням руу хялайвал, мурий Пэрэнлэй:
-Долоон зуун мянга биш ээ, долоо хоног компvvтэр тоглуулах юм аа, хэ хэ, гээд цааш vргэлжлvvлэн,
-Энэ янзаар бол төсөв хэмнэх нь бололтой. Одоо энэ даваанд заан, аймгийн арслан Зоригттой оноолт таарна. Гурван зуун мянгаар найрчихсан гээд маадгар байна.
Дөрвийн даваанд сумын заан маань, Зоригт арсланг хэвтvvлээд, тайлбарлагчаар бяртай байгаагаа магтуулсаар цvндэгнэн гvйж ирэв. Гэтэл гай газар дороос гэгчээр Улсын начин Балт гуайн барилдаан нэг л биш. Балт начнаар Баатарнямыг тавын даваанд амлуулахаар, нэг сая төгрөгт тохиролцсон тул сумынхны санаа зовинон дап дупхийн өндөлзөнө. Комиссын мэдэлд засаг даргын сангаас өгсөн зургаан хөхvvр айргийг хоёрхон хоногт хоослоод, “маргааш барилдах гэж байж, битгий” гэж гуйсаар байтал дөчийн савтай нэрмэлийг өчигдөр орой ганцаараа гударчихсан Балт начинг хаанахын ч бvv мэд, шагай шиг бор залуу махалж байна аа. Хар хөлс нь чийхарч, бие нь хөшсөн Улсын начин маань хашир хvн тулдаа буйр зааж, хамраасаа цус гаргаад, эмч рvv алхах зуураа комиссын даргыг дохин дуудлаа.
Пэрэнлэйг салбага далбага, мурги сайрга гэсээр очиход, тэр:
-Цаад залуугаа хэдээр ч хамаагvй найр! Би баршгvй нь гээд амьсгаадаж байна. Начин ч удаан “эмчлvvлж”, Пэрэнлэй ч залууг шургуу гуйх агаад vг хэлэх болгонд цаадах нь толгой сэгсрэн гэдийж байгааг комиссынхон сэтгэл тvгшин харж байлаа.
Шагай шиг бор залуу, Улсын начин Балтыг толгой дээрээ өргөн гаргаж ирснээ тоос манан хадтал шидэхэд Пэрэнлэйн дотор харанхуйлав. Уурандаа багтран “Муу дурак!” хэмээн хашгичих сумын дарга нь нvдэнд харагдаж “Очоод, яаж шvv, даргын өрөөнд орно доо” гэж тэр бодож байсан бол, Дугар наанаа гутарсан дvр vзvvлэвч “Гарзны бага дээр, яамай даа” гэж дотроо баярлалаа.
Энэ vед өглөөнөөс хойш газрын гаваар орчихоод байсан Баатарням зааны аав, комиссын зөвлөх, улаан Дамдин улаан зээрд болчихсон хvрч ирэв. Тэр “хн-х” гэж нэг зогьссоноо,
-Аавд нь запас мэх бий гэж байна. Дугар тvvн рvv “Яг л чамд запас мэх байгаач, муу согтуу толгой” гэсэн харцаар хартал, боодол арван мянгат гаргаж өргөнгөө хэл амаа орооцолдуулж,
-Энэ байна, миний запас мэх. Бууж өгөхгvй нохой байгаа бол, улаан Дамдин энvvгээрээ цохиод унагачихъя л даа гэхэд мурий Пэрэнлэйн нvд сэргэн, улаан Дамдинг тэвэрч аван алдсанаа “охиом” гэж хоолойгоо засан биеэ барьж,
-Төсөв зузаарсан болохоор өөрөөр vзнэ ээ, хэдvvлээ гэж байна. Комиссынхон шуурхай зөвлөлдөөд, наадмын өмнө ярьж vзэхэд “Сая таван зуугаас огт буухгvй” гэж гvрийгээд байсан аймгийн хурц арслан, цочдог Нямаа руу даргаа явууллаа.
Наадмаас гурав хоногийн дараа өглөөний есөн цаг тэг минутад сумын засаг даргын өрөөнд комисс ажлаа тайлагнав. Даргын хоёр нvд өрөөг нэвт шувт сvлбэж, комиссынхон далдичин шал ширтэж, нусаа татлана. Хамаг юмны лай ланчиг, хөөрхий мурий Пэрэнлэй дээр л тохогддог хойно, толгой маажсаар босож ирлээ.
-Дарга минь, би зvvн хөлд орохоор ярьж тохирсон чинь, заан андуураад баруун хөлд нь гvйгээд.., Нямаа арслан цочоод.., хөлөө татчихсан чинь, Баатарням суначихсан юм байхгvй юу гэж учирлалаа. Сумын дарга уурандаа багтарч, “Муусайн дуракууд!” хэмээн хашгичиж эхэллээ.
Арван найман цаг тэг минутад тайлангийн хурал өндөрлөв. Хурлаас дараа жилийн аймгийн наадамд начин төрvvлэх комиссыг мөн л орлогчоор толгойлуулан зохион байгуулж нэн шуурхайлан бэлтгэл ажилдаа орох шийдвэр гаргалаа.
Блогч: A.Амарсайхан
Блог: Амарсайхан