Хүмүүс: Баатар | |
“Hero entertainment” студийн найруулагч Б.Баатарыг “Зочин” буланд урилаа.
-“Hero entertainment” студиэр сонин юу байна вэ. Ойрд нэг л нам жим байх чинь?
-Дуулгах сонин бий шүү. Бид удахгүй “Татар ажиллагаа” нэртэй киноны зураг авалтад гарна. Одоогоор бүтээлийнхээ тухай дэлгэж ярихыг хүсэхгүй байна. Ганц нэг нууц задлахад Буриад Улсын ардын жүжигчин Б.Амархүү тоглох юм. Цаг нь болохоор үүцээ задалж, үзэгчдийн хүртээл болгоно. Юутай ч олны сонирхлыг татаж чадах өвөрмөц бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Таны найруулсан “Би чамд хайртай 2” кино үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан. Өмнөх киноноос нь дутахааргүй хийхийн тулд чамгүй авьяас, хөдөлмөр шаардсан байх аа?
-Тийм ээ. Амар хялбар байгаагүй. Залуу хүнийхээ хувьд энэ киноны хоёрдугаар ангийг хийе гэж ихээхэн зориг гаргасан. Сэтгэл, гар нийлж ажилладаг хамт олон, багшийнхаа хүч, дэмээр энэ бүтээлийн ард гарсан. Аливаа бүтээлийг магтаал, шүүмжлэл байнга дагадаг шүү дээ. Шүүмж судлаач, үзэгчид, мэргэжил нэгт уран бүтээлчдээсээ аль алийг нь сонссон. Ямарваа бүтээлд алдаа, оноо гэж бий. Гэхдээ чанартай уран бүтээл хийхийн төлөө бид хөдөлмөр, цаг зав их зарцуулсан.
Шантрах зүйл ч их байсан. Үнэнийг хэлэхэд продюсер М.Есөнмөнх ах маань байгаагүй бол энэ киног хийж чадахгүй байлаа. Надад Б.Балжинням найруулагч, М.Есөнмөнх ахаас суралцсан зүйл бий. Энэ киноны гол дүрүүдийн амьдрал цаашид хэрхэн өрнөх бол гэж үзэгчид сэтгэлдээ янз янзаар төсөөлж, олон жил хүлээсэн.
25 жилийн дараа тэрхүү хүлээлтийн цангааг тайлж, дэлгэцийн бүтээл болгосонд үзэгчдээс баярлаж талархсан санал, сэтгэгдэл их ирсэн. Харамсалтай нь энэ киноны эх хувь нь оюуны өмчийн газраас алдагдсан тул кино театруудад нэг их удаан гараагүй.
-Баатарын нэрийн хуудас болсон бүтээл гэвэл...
-Хийсэн бүтээлүүдээ эргээд харахад алдаа оноо аль аль нь байдаг. Тийм болохоор одоохондоо миний нэрийн хуудас болсон бүтээл энэ гээд нэр цохож бардам хэлж чадахгүй.
Харин сайн бүтээлтэй байхыг, бас чанартай бүтээл төрүүлэхийг үргэлж хүсдэг. Энэ ч утгаараа байнга суралцаж, шинийг эрэлхийлж, хайдаг. Найруулагчаар ажиллана гэдэг амаргүй. Их төвөгтэй тэгсэн хэрнээ сэтгэл татам ажил. Ажлын орчин нь нийтэч, мэдрэмжтэй, авьяастай, сайн удирдан, зохион байгуулагч байхыг шаарддаг.
Уран бүтээлчдээ нэгтгэж чаддаг ухаан, атгасан гар шиг хамт олноос жинхэнэ сайн бүтээл төрдөг гэж боддог. Найруулагч хүн амжилтад хүрэхийн тулд завгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Завгүй байх тусмаа илүү сэтгэдэг юм шиг санагддаг. Монголд бахархмаар сайхан бүтээлтэй найруулагчид бий. Би ахмад найруулагчдынхаа үгийг сонсож, уран бүтээлийн тал дээр зөвлөгөө авах дуртай. Тэдний залгамж халаа гэдгээ мэдрэх сайхан шүү.
-Үрлээгийн охин Золбоогийн дүрд эхнэр тань тоглосон. Ханьдаа барьсан хамгийн сайхан бэлэг гэж ойлгож болох уу?
-Бэлэг гэж ойлгож болохгүй л дээ. Хүмүүсийн дунд иймэрхүү ойлголт байдаг юм билээ. Эхнэрээ гол дүрд тоглуулах гэж энэ киног найруулаагүй. Харин ч тоглуулахаас хамгийн их татгалзсан хүн бол би.
Золбоогийн дүрд хэн тохирох вэ, хэнийг тоглуулах вэ гэж удаан бодсон. Тодорхой хугацаанд эрж, хайсан. Тэгтэл жүжигчин Эрдэнэбилэг “Ундрал энэ дүрийг бүтээхэд тохирох юм шиг санагдаад байх юм.
Зохиолд өгүүлснээр бол царай зүс, зан чанар нь хүртэл ойролцоо дөхөж байна ” гэж хэлснээр уран бүтээлчидтэйгээ нэлээд нухацтай ярилцаж байж шийдсэн.
-Эхнэртээ дурлаж, хайртай болж байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Бид дуучин Оюунбилэгийн дууных нь клип дээр ажиллаж байхдаа танилцаж байлаа. “Оюуны Ундраа” компанийн захирал Гантөмөр ах гэр бүлдээ зориулж дуу хийлгэсэн юм. Сайхан хайрын тухай өгүүлсэн дууны клипт тоглосон бүсгүй амьдралын минь заяаны хань байсанд би их бэлгэшээдэг юм. Анх харахад Ундрал өмнө нь таньдаг байсан хүн шиг их дотно санагдаж билээ.
Тэр үеэс л надад “Энэ бүсгүй ирээдүйн эхнэр минь мөн байна” гэдэг мэдрэмж төрсөн дөө. Урлагт дуртай, хийж буй ажлыг минь ойлгож чаддаг, сэтгэл нь үргэлж өөдрөг зүйл рүү тэмүүлдэг бүсгүйтэй учирсандаа би өөрийгөө азтай гэж боддог.
-Урлагийн гэр бүл байна гэдэг хааяа хэцүү санагддаг биз?
-Нэг нэгнээ ойлгох тал дээр харин ч илүү амар. Болохгүй байгаа зүйл дээрээ хамтарч ажиллаад, болж байгаа зүйлээрээ нэг нэгнээ урамшуулаад явах сайхан санагддаг. Бид урлагийн амьдралыг эргэлт буцалтгүй сонгосон. Бүтээсэн амьдралаа ч урлагаас өөрөөр төсөөлж чаддаггүй.
-Хааяа нэг ам зөрсөн үед хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?
-Хэнийнх нь буруу байсан, тэр нь түрүүлж буулт хийдэг. Түүнээс биш бие биедээ учиргүй туниад, хэд хоног дуугаа хураачихдаггүй. Эхнэрийнхээ юу хэлэх гэж байгааг, юу хүсээд, яагаад уурлаж, бухимдсаныг харцнаас нь хараад төвөггүй ойлгодог болсон байна.
Цаг хугацаа хүнийг хүний мөс чанараар хэр вэ гэдгийг таниулдаг. Бид олон жил нөхөрлөж, гэр бүл болсон болохоор нэг нэгнийхээ зан чанарыг сайн мэддэг болсон.
-Аав болчихоод амьдралын үүрэг, хариуцлагыг хэр мэдэрч байна вэ?
-Гэр бүлийн аз жаргал үр хүүхэд байдаг юм байна. Хүүгээ хараад элэг бүтэн, сэтгэл хангалуун амьдрахын утга учрыг мэдэрдэг. Өмнө нь хамаг анхаарлаа ажилдаа тавьдаг байсан бол одоо гэр бүлдээ цаг зав гаргаж байхыг боддог болсон. Хүү минь бидэнд аз жаргал, тайван амьдрал, сайн сайхыг бэлэглэсэн. Ямар ч ажилтай байсан хүүтэйгээ хамт байхаар сэтгэл яаран гэр рүүгээ тэмүүлдэг.
Эр хүн амьдралын үүрэг, хариуцлагыг мэдрээд ирэхээрээ олон зүйлийг ойлгодог болдог юм байна. Үнэнийг хэлэхэд өөрөө аав болчихоод л аавынхаа гэр бүлийнхээ төлөө зүтгэсэн сэтгэл, амьдралыг авч явдаг ухаанаар нь их бахархсан. Хааяа нэг надад аавтайгаа маргалдах зүйл гардаг байсан.
Тэр үед би амьдрал гэдгийг сайн ойлгож амжаагүй явсан байна лээ. Хүүтэй болсноос хойш аавыгаа илүү ихээр ойлгож, ээжийгээ хайрлаж, хүндэлдэг болсон. Амьдралын урт замыг нэгэн сэтгэлээр хамтдаа туулах бидний хамгийн том баталгаа бол хүү минь юм даа. Жаргалтай,сэтгэл хангалуун амьдарч байгаа мөч бүхнээ амьдралын минь утга учир гэж би боддог.
Амьдралын гайхамшгийг эд хөрөнгө, их мөнгө, тансаг орд харш бус энгийн зүйлээр төсөөлж боддог болсон шүү.
-Хайр гайхалтай зүйл мөн үү?
-Мөн. Хайр сэтгэлийг гомдол, шаналал, итгэл, найдвар, аз жаргал, урвалт, догдлол бүгд л дагадаг. Хамгийн гол нь хайрыг цэцэг шиг тордож, арчилж байвал амьдрал сонирхолтой болдог юм шиг санагддаг.
Бие биедээ халамж анхаарал тавьж, урмын үгээр тэтгэн өөдрөг сэтгэгдэл төрүүлдэг байх хэрэгтэй. Хайртай хүнээсээ сайхан хайр авахын тулд өөрөө эхлээд хайр, халамжийг харамгүй зориулдаг байх ёстой шүү дээ.
-Та ханьдаа өдөр бүр хайртай гэж хэлдэг үү?
-Үгүй ээ. Хайртай гэж үргэлж хэлээд байвал өдөр тутам мэндэлдэг мэндийн үг шиг болчихно. Халамж, анхаарал, харц, үйл хөдлөл, хандах хандлагаараа хайртай гэдгээ харуулбал илүү үнэ цэнэтэй.
Би заримдаа нэг нэгнийгээ хайраа, аав, ээжээ гэж дуудаж байгаа залуусыг хараад гайхдаг юм. Ховорхон хэлэх энэ үнэтэй үгийг энгийн нэг үг шиг хэрэглэх болсонд эмзэглэдэг. Өвөг дээдэс минь их ухаантай байжээ. Үр хүүхдүүдийхээ хайр сэтгэлд гүн хүндэтгэлтэй ханддаг байсан байгаа юм.
Багад нь өндгөн сүй тавиулж, өөр хооронд нь дасгаж, зан чанарыг нь багаас нь таниулдаг байсан. Тодорхой цаг хугацааны явцад нэг нэгнээ таньж, мэдээд гэрлэвэл гэр бүлийн амьдрал бат бөх байдаг юм шиг ээ.
-Сүүлийн үед залуус хамтран амьдрах хэлбэрийг илүү сонгодог болсон байна. Таны хувьд үүнийг зөв гэж үздэг үү?
-Тийм ээ. Зөв гэж боддог. Дурлаж, хайрласан үедээ хосууд нэгнийхээ дутагдлыг олж харахгүй гэрлэчихээд, удалгүй салчихдаг. Үүнээс болж, үр хүүхэд өнчирч үлддэг. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс нэгдэж, нэг хүн шиг болоход мэдээж зөрчилдөж л таарна шүү дээ.
Үүнийг хамтдаа даван туулахад тэвчээр, цаг хугацаа хэрэгтэй. Үнэхээр бие биедээ тохирохгүйгээ мэдсэн бол эртхэн амьдралаа бодож, өөр өөрийн сонголтыг хийх нь зөв байх. Нэг нэгнээ таниад, хамтдаа амьдарч болно гэж шийдсэн тохиолдолд албан ёсоор гэрлэж болдгоороо хамтран амьдрах хэлбэр давуу талтай байж болох.
-Та амьдрал дээр яг ямар хүн бэ. Үзэл бодол, зан чанар, хүсэл мөрөөдлийн хувьд
-Хүн өөрийгөө яг үнэнээр нь тодорхойлдог юм уу. Тойрон хүрээлж буй найз нөхөд, хамт олноос маань асуувал үнэнд ойр хариулах байх шүү.
Зан чанарын хувьд би нээлттэй, хүлээцтэй, бас зөөлөн зантай. Харин дуртай ажлаа бариад авахаараа жаахан адгуу хүн дээ.
Сайхан хамт олон намайг хүрээлж байгаа учраас чанартай, сайн уран бүтээл хийхийг хүсдэг. Монголын урлагт өөрийн хувь нэмрийг оруулж, өөрийн гэсэн өнгө аястай өвөрмөц шинэ хуудас нээхсэн гэж мөрөөддөг.
Ярилцсан Г.Батцэцэг