Монгол оюутнууд Америкт хүн тэрэг түрж, хоноглох байргүй амьдарч байна

2010/07/21
Share |
Хүмүүс:
Монгол оюутнууд Америкт хүн тэрэг түрж, хоноглох байргүй амьдарч байна

“Summer work&travel”  буюу зуны улиралд АНУ-д аялж ажиллах бо­ломж Монгол залууст нээгд­сэнд хүн бүхэн  та­лархан хүлээн авсан нь мэдээж. Сурлага сайтай шилдэг залуус газар үзэж нүд тайлахын зэрэг­цээ сургалтын төлбөртөө нэ­мэр болох алтан бо­ломж  гэж бодож байлаа. Гэвч гадаадад амьдран суугч монголчуудын ор­дог сай­тууд дээр дээрх шугамаар явсан  оюут­нуу­дын тус­ламж хүссэн зарууд хө­вөрч эхэлсэн. Телевизийн нэвтрүүлэг ч гарсан. Энэ талаар хам­гийн ойрын эх сурвалж болох Америкт амьдар­даг монголчууд бидэнд хандлаа. Монго­лоос оюут­­нуудыг зуучилж авчир­сан компаниуд нь гэрээнд заасан шигээ ажилд оруулж, байрны асуудлыг нь зохицуулж өгөлгүй тэр чигт нь орхи­сон бололтой. Одоогоор оюутнуудад олддог ажил нь тэрэг түрэх. Өөрөөр хэлбэл, оюутнуудын дий­лэнх нь хоосон хонож гудамжинд гарахгүйн тулд хүн тэрэг болон зүт­гэж байгаа гэнэ. Байдал ямар байгааг тодруула­хаар Ва­шингтон хотод амьдардаг Г.Галбад­рах­тай утсаар холбогдлоо. Тэрээр оюут­нуудад туслахын төлөө цаг зав гарган хөөцөлдөж буй сайхан сэтгэлт нэгэн аж.

-Солилцооны шу­гамаар очсон монгол оюутнуудын байдал нэлээд хэцүү байгаа, таныг тэр хүүхдүүдэд тусалж байгаа гэж гэж сонслоо. Байдал ямар­хуу байна вэ?

-Оюутан солилцооны шугамаар Америкт бараг 1400 орчим хүүхэд ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэдний талаар ам дамж­сан олон зүйл сонссон. Тэгээд энд амьдардаг бидний хэдэн нөхөд са­нал солилцож, өнгөрсөн долдугаар сарын эхний амралтын өдрүүдээр Вашингтон ДС хотын ойр орших Atlantic city болон Virjina Beach зэрэг газ­руу­даар, бодит байдлыг нүдээр үзэж, оюутнуудтай уулзан мэдээлэл авах зорилгоор яваад ирлээ. Би Атлантикт очсон юм. Оюут­нууд гурван сарын хугацаатай зуны хөтөл­бөрт хамрагдсан юм билээ. Ийм ажиллагаа явуулдаг “Open world”, “Prince world”, “Глобал удирдагч сан” гэсэн гур­ван компаниар зууч­луулж ирсэн байна. Гэтэл тухайн компани хүүхдүү­дийг Америкт авчраад л хаячихсан гэхэд болно. Уг нь бол солилцооны хө­төл­бөр гэдэг нь оюутнууд амралтаараа англи хэлээ сайжруулахын тулд Аме­рикаар аялах, долоо хо­ногт тодорхой цаг ажил­лах, америк айлд байр­лах гээд бүх зүйл нь то­дорхой байх ёстой. Ажил болоод байрыг нь зууч­лагч компани хариуцах байтал хүүхдүүдийг зөнд нь орхичихсон байна.

-Одоо хүүхдүүд юу хийж байна вэ?

-Тэд одоогоор тэрэг түрж байна.

-Тэрэг түрнэ гэдэг нь ямар ажил вэ?

-Эрээнд хүн тэрэг гээд байдаг даа. Тийм ажил. Жаахан охин 2-3 хүн суул­гаад хөлсөө гоожуу­лаад гүйж байна гээд бод доо. Тэгээд тийм тэрэг нь олдохгүй. Намайг 14 хо­ногийн өмнө тэнд очиход хүүхдүүд өглөө таван цагт буугаад долоон цагт босч ажилдаа гарч байсан.

-Та хүүхдүүдийг гэр­тээ байлгаж байгаа гэл үү?

-Манай гэрт дөрвөн хүүхэд байна. Энд амь­дардаг монголчууд чадах ядахаараа гэртээ хэд хэ­дэн хүүхэд суулгаж бай­гаа. Боломжийн ажил ч сураглаж байна.

-Хүүхдүүд хэцүү бай­гаагаа ар гэрийн­хэндээ дуулгасан юм болов уу?

-Ихэнх нь аав, ээ­жийн­хээ санааг нь зовоо­чихно гээд хэлээгүй юм билээ. Энд нэг хүүхэд сэтгэл санааны хямралд ороод бие нь муу байгаа дуулдсан. Би хараахан мэдээлэл авч чадаа­гүй байна. Мөнгөгүй бол­сон зарим охид биеэ үнэлж байгаа гэж хамт ажиллаж байсан хүүх­дүүд ярьж байна лээ. Гэх­дээ би биеэ үнэлж байгаа хүүхдүүдтэй уул­заа­гүй байна.

-Зуучлуулсан ком­па­нитайгаа эргээд хол­богдоогүй юм болов уу?

-Компанийн захир­лууд нь энд ирсэн. Зохи­цуулж өгнө, болгоно гэ­чихээд зугатаад алга болчихсон.

-Та гэрээг нь үзэв үү. Гэрээн дээрээ юу гэсэн байх юм?

-Би дээрх гурван ком­панийн гэрээг олоод ав­чихсан байгаа. Үзэж бай­хад компанийн хариуц­ла­гын тухай тодорхой заалт алга байна лээ. Нарийв­чилж сайн суд­лаагүй байгаа. Би хуу­лийн хүнд хандаж, нарийн зө­вөл­гөө авна.

Ийнхүү бид утсаар нэлээд зүйл ярилцлаа. Г.Галбадрах гуай Атлан­тикт очиж байдлыг нүдээр үзэж харснаа болон хүүх­дүүдтэй уулзаж авсан мэ­дээл­лээ www.orloo.com-д бичжээ. Үүнийг товчлон хүргэж байна.

Баримтууд: Одоо­гоор АНУ-д оюу­тан со­лил­­цоо­ны хөтөл­бөрөөр Монго­лын дөр­вөн ком­пани гол­лон зуу­чилж 1200 орчим оюут­нуудыг оруулж ирсэн гэдэг албан бус мэдээлэл байна. Бид байдал нь нэлээд хүн­дэрч буй Ат­лантик болон Виржинигаар явсан болохоор Аляск болон бусад хо­туудад ажиллаж амьдарч буй хүүхдүүдийн талаар мэдээлэл авах боломжгүй байлаа.

Баримт 1: “Open World” компани. Захирал нь Чинзориг. Өнгөрсөн жил цөөн тоо­ны хүүхдийг энэ хөтөл­бөрөөр Атлан­тикт ажил­луулсан, энэ жил хүүх­дийн тоогоо нэ­лээд нэмэгдүүлсэн болол­той. Өнгөрсөн жилийн турш­лагадаа түшиглэн Атлан­тик хотод тэрэг түрэх ажилд нэлээд олон хүү­хэд бүртгэж, бусад сонго­сон ажлын байрууд нь цуцлагдсаны улмаас гол төвлөрлөө тэнд хүүх­дүү­дийг авчирчээ. Гэхдээ өөр бусад хотуудад ч цөөн тооны хүүхэд ажиллаж байгаа гэсэн.

Хөтөлбөрт хамрагд­сан нэг хүүхдээс зууч­лалын  хөлсөнд 1650$ авч, замын зардлын 1377$, бичиг баримт бүр­дүүлэх болон эрүүл мэн­дийн үзлэгийн зардлаа оюутнууд өөрсдөө гарга­сан гэнэ. ‘Open World” нь оюутнуудыг цагийн 8$ хөлстэй бэлэн ажлын байр, шаардлагатай бол нэмэлт ажлын байр олж чадахаа амалж явуулжээ. Оюутны амьдрах байр, хоол хүнсний хангамжийг ч хариуцна гэж байснаа, оюутнуудыг нисэх өглөө нь байр болон, хоол хүнсний асуудлаа өөрс­дөө хариуцах болсныг дуулгасан гэсэн.

Баримт 2: “Prince World” ком­пани. Захирал нь Баяр-Эрдэнэ. Энэ ком­панийн зуу­­чилсан оюут­нууд Virjina Beach-д нэлээд байгаа болохоор Болд-Эрдэнэ, Билгүүн­сайхан гэдэг залуусыг төлөөлөг­чөөр ажиллуулж байна. Тэд оюутнуудыг бүртгэх­дээ, цагийн 7$-оос дээш үнэлгээтэй бэлэн ажлаар хангаж, амрал­тын өдрүү­дээр нэмэлт ажлаар хангах боломж­той хэмээн сурталчилжээ. Оюутнуу­даас зуучлалын хөлсөнд 1350$ авсан гэнэ. Оюут­нууд зардлын 1395$, бичиг баримт бүр­дүүлэх, эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой бүх зардлаа өөрсдөө гарга­жээ.

Анх гэрээ хийсэн бо­лон амалсан олон ажлын байр нь цуцлагдсанаас оюутнууд олдсон ажлаа хийцгээж буй. Эдний зуучлалаар ирсэн олон оюутнууд Атлантикт тэрэг түрэх ажил хийж байгаа. Тэд ямар ч хараа хяналт, хамгаалалтгүйгээр, “бор зүрхээрээ” ажиллаж амьдарч байлаа.

Баримт 3: “Global lea­dar foun­dation” компани. Захирал нь Б.Отгонбат. Энэ ком­пани Монголд хүчтэй сурталчилгаа хийж бай­сан болохоор оюут­нууд нэлээд хамрагдсан бо­лол­той. Гэрээ хийхдээ, цагийн 8$-ын цалинтай ажил, хүсвэл нэмэлт ажил, байр хоолны хангамжийг ч хариуцна гэж амалсан. Бүртгүүлсэн оюутнуудыг Монголд 230 мянган төгрөгийн төл­бөртэй хэлний сургалтад ч хамруулсан гэнэ.

Зуучлалын хөлсөнд 1400$ оюутан бүрээс ав­сан ба бусад бүх зардлаа оюутнууд өөрсдөө гарга­жээ. Нью-Йоркоор ирсэн оюутнуудыг Оросын зууч­лагч байгууллага тосч аван, ажилд зуучлах бүрдээ 50$ авч байсан тухай нэг оюутан ярьж байлаа. Тавдугаар сард ирсэн хэрнээ одоо болтол ажил олж чадаагүй, ха­лаасны мөнгөө дуусгасан тухайгаа ярих оюутан ч байсан.

Захирал Б.Отгонбат зургадугаар сард энд ирж, оюутнуудын санал хүсэлтийг сонсч, асууд­лыг шийдэхэд тусална гэж амалж байснаа гэнэт­хэн нэг өглөө Монгол руу буцсан байсан тухай оюутнууд ярьж байлаа. Эднийх анх оюутнуудад 23 ажлын байр санал болгож байсан боловч, энд ирэхэд ихэнх ком­пани нь хуурамч, зарим нь аль эрт үйл ажиллагаа явуулахаа больсон, хаяг төдий байсан тухай тэд өгүүлсэн.

БАЙДЛЫГ НҮДЭЭР ХАРЛАА

Аtlantic city-д оюут­нууд эхэндээ зочид буу­далд амьдарч байснаа, арай хямд үнэтэй байр хөлслөн, зардлаа хэмнэх гэж олноороо хамтдаа амьдарцгааж байна. Миний очиж үзсэн гурван байр нь бүгд л давчуу жижиг өрөөнүүдтэй хэр­нээ бие засах болон усанд орох дундын нэг л өрөөтэй байв. Байрууд нь бохироос гадна, шалан дээрээ хуучирч муудсан хивсэнцэртэй. Бясаа жоом, хулгана ч хүртэл бий гэнэ. Оюутнууд уг хивсэнцэр дээр тус бүр­дээ жижиг дэвсгэр олж дэвсэн зарим нь бүхлээ­рээ, цөөн нь хөнжил нөмөрч унтана. Virjina Beach-д оюутнууд зочид буудал болон хөлсний байранд бөөнөөрөө сууж байна. Quality Inn буу­далд хоёр орон дээр наймуулаа шахцалдан амьдардаг. Нэг хүүхдээ нуугаад, хэмнэсэн мөн­гөө­рөө долоо хоногийн хоол авсан тухайгаа ч тэд ярьж байлаа.

Хоол хүнсний хувьд бүгд л хэцүү байдалтай. Atlantic city-ийн оюутнууд ойр орших хятад хоолны газраас “тахиа” авч иддэг бол Virjina beach-ийн оюут­нууд 1.49$ үнэтэй хятад гоймонгоор ихэвч­лэн хооллодог гэж бай­лаа. Зарим оюутнууд мон­голоос борц авч ир­сэн болохоор нэг хэсэгтээ л дажгүй хооллож байгаа бололтой.

Atlantic city-д ихэнх оюутнууд тэрэг түрдэг ажил хийж байна. Ажлаа алдахгүйн тулд өглөө зургаан цагт дугаарлан тэргээ авах бөгөөд тэр даруйдаа казинонуудын үүдэнд үйлчлүүлэгчдээ хүлээнэ. Өдрийн 12 ца­гаас хойш л үйлчлүүлэг­чид олдох бөгөөд орой­доо үйлчлүүлэгчид ол­шир­но.

Хэрэв үйлч­лүүлэгч олдохгүй, орлого багатай үед түрээсний мөнгөө төлөхийн тулд өөрөөсөө нэмж төлөх, өрөөл бус­даас зээлэх тохиолдол ч буй. Тэрэг түрж мөнгө оло­хын тулд өглөөний 07 цагаас шөнийн 03, зарим­даа 05 цаг хүртэл, нийт­дээ 17-20 цаг ч зүтгэдэг. Нойр багатай ажиллаж байгаа болохоор үйлч­лүү­лэгч хүлээх зуураа тэргэн дээрээ унтвал 100$-оор торгуулахаас эхлээд согтуу хөлчүү хү­мүүст үйлчлэх, ээлж да­рааллаа булаалгах, хэн нэгэн бүдүүлэг үйлч­лэгчид загнуулан дарамт­луулах тохиолдол зөн­дөө. Жижиг турьхан бие­тэй монгол охин, гурван бүдүүн хар суулгасан тэргийг түрээд явж байна гээд та сэтгэлдээ нэг төсөөлөөд үз дээ.

Оюутнуудын сэтгэ­лийг хамгаас илүү зовоож байгаа зүйл нь АНУ-д ирэхдээ гаргасан зард­лаа хэрхэн төлөх вэ? гэдэг асуудал. Олон оюут­наас асууж сонирхоход, тэдний гаргасан зардал нь дунджаар 4000$ байв. Үүний 1400-1650$ нь зууч­лагч компанид төл­сөн төлбөр, 1400$ орчим нь замын зардал, ха­лаасны мөнгө нь дунд­жаар 1000$ орчим. Ви­зэнд орохдоо бүрдүүлэх материал болон эрүүл мэндийн үзлэгтэй хол­боотой зардал. Визний хураамжийн 140$ зэргийг монголд байхдаа өөрс­дөө гаргасныг тусад нь тооцвол бараг нэг сая шахам төгрөг дээрх зардал дээр нэмэгдэх аж.

Оюутнуудын хам­гийн ихээр гомдож байгаа зүйл нь энэ хөтөлбөрт зуу­чилсан компаниудын Мон­голд бүртгэхдээ амалж байсан амлалт, АНУ-д ирээд үзэж буй бодит байдлын зөрөө. Ихэнхи компаниуд оюут­нуудад АНУ-д энэ хөтөл­бөрөөр очоод олж болох мөнгөний тоог сам­бар дээр бодож үзүүлсэн гэ­сэн. Цагийн 8$*8 цаг=өдөрт 64$, долоо хоногийн таван өдөрт 320$, сард 1280$ тэгээд бас илүү ажил гэхчилэн бодоцгоосон гэдэг. Хэ­дийгээр оюутан хариуц­сан ажилтан нь надад “Энэ бол мөнгө олох хөтөлбөр бишээ” гэж тайлбарлаж байсан ч бүх явцыг харахад зуучилсан компани ч, зуучлуулсан оюутнууд ч АНУ-д ирээд олж болох мөнгөний дүнг гол болгосон гэдэг нь шууд ойлгогдож байв.

Оюутнууд АНУ-д ирээд гаргасан зардал болон ирэх хичээлийн жилийн сургалтын төл­бөрөө төлөх мөрөөдөл­тэй иржээ. “Ядахнаа энэ компаниуд үнэн байдлыг бидэнд хэлсэн бол бид өнөөдөр ийм цочролд орохгүй байсан шүү дээ” гэж байв.

Энэ хөтөлбөрт оюут­нуудыг зуучилсан ком­паниуд оюутнуудаас зуучлалын хөлс авахдаа “Ажлаа өөрөө олж чадах уу, биднээр зуучлуулж олуулах уу?” гэсэн асуул­тад зуучлуулна гэсэн бол­золд нь нэмэлт төлбөр авсан юм билээ. Хэрэв тэд хууль ёсоор АНУ-ын компа­ниуд­тай хамтран ажил­ласан бол тодорхой хэм­жээний мөнгийг тэ­дэнд төлөх учиртай. Ха­рин тэд АНУ-ын компа­нид мөнгө төлөлгүйгээр өөрсдөө ажил олох оролд­лого нь энэ буд­лиа­ны эх үүсвэр болж байгаа гэлтэй.

Ж.ДАРЬ: ХОЁР ХҮҮХЭД СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БОЛООД БУЦСАН ТАЛААР ЭЛЧИНГИЙН АЖИЛТНААС СОНССОН

Ж.Дарьтай бид ут­саар холбогдлоо. Тэр­бээр хойт Каро­лина мужийн их сур­гуулийн докторан­турт сурдаг аж.

-Сайт дээгүүр гар­сан мэдээллийн дагуу тантай холбогдож бай­на. Тэнд Монгол оюут­нууд ямархуу байдал­тай байгааг хэлж өгөөч?

-Энд хүүхдүүдийн бай­дал сайнгүй байгаа. Олон хүүхэд ажилгүй, мөн­­гөгүй зовж байна. Оюутнуудыг Лас Вегас, Майами, Атлантик сити, Виржинияа Бийч зэрэг далайн эргийн явуулын хүмүүс холхидог кази­нотой хотуудад тараа­чиx­сан. Их л сайхан юм амлаж авчирчихаад энэ хотуудад хаячихсан. “Ат­лантик сити”-д оюутнууд казино тойрон хүн тэрэг түрдэг ч тэр ажил нь ол­доц багатай. Авдаг цалин гэж байхгүй.17-22 цаг ажиллаж байж  20 ам.дол­лар олбол их юм гэсэн.  Уг нь өдрийн най­ман цаг ажил хийх гэрээтэй ирсэн юм билээ. Тэр ч байтугай  зарим нь 14 хоноход огт ажил хийгээгүй. Тиймээс өлсч бүр ха­лаасны мөнгөгүй болц­гоо­сон. Утас, интер­нэтэд холбогдож чадах­гүй  тэд зовох нь тодорхой шүү дээ.  Би  энэ тухай  АНУ-ын монголчуудын сайт руу орж мэдсэн. Тэнд оюутнуудаас Social Se­curity Number буюу нийг­мийн даатгалын дугаарыг худалдаж авья гэсэн зар орсон байна лээ. Энэ нь амархан мөнгө олж болох арга санагдаж байж ма­гадгүй. Тэгвэл өөрт чинь олгосон энэ дугаарыг бус­дад арилжвал ирээдүй­дээ гай тарьж байна л гэсэн үг. Тэр дугаарыг өөр хүн ашиглан  нэрээр чинь ажилд орж, жолооны үнэм­лэх авч, орон сууцны гэрээ хийж нийгмийн ха­ламж болон эрүүл мэндийн  үйлчилгээнд хамрагдаад зогсохгүй банкнаас зээл авч болно. Тэрийг ашиглаж байгаад баригдсан хүн ч хатуу шийтгэл хүлээдэг. Тухайн хүн өөрөө дахин энэ ор­ны хилийн дээс алхахгүй байх сөрөг талтай. Би Virginia Beach хотод  “Prinse World” компанийн шугамаар ирсэн хүүх­дүүдтэй уулзаад ирсэн. Ажилгүй байгаа хүүхдүү­дээ тэнд байгаа монгол­чууд чадах ядахаараа тараан гэртээ байлгаж байгаа. Би хоёр хүүхэд өөр дээрээ аваад байгаа.

-Таныг очиход хүүх­дүүд яг ямархуу бай­далтай байв?

-Энэ хөтөлбөрөөр чинь  18-25 насны залуу­чуудыг авдаг юм байна. 20 ч хүрээгүй хүүхдүүд  ирсэн байна. Тэгээд да­лайн эргийн явуулын хү­мүүс олонтой ажиллана гэдэг амаргүй.  Ялангуяа эмэгтэй хүүхэд. Намайг очих үеэр оросын нэг охиныг бүлэг хар залуус хүчиндсэн тухай хүүхдүүд ярьж байсан.  Хүүхдүүд нэгэнт л ээж, аавынхаа мөнгийг үрж ирсэн бо­лохоор ингээд буцмаар­гүй байна. Ажил хийж мөнгөтэй болно гэж байгаа. Банкнаас зээл аваад ирсэн болохоор ямар нэгэн ажил хийхгүй бол, очоод бөөн өр хү­лээж байгаа гэх хүүхдүүд ч таарсан. Есдүгээр сар дөнгөж гаргаад буцах хүүхдүүд одоо хүртэл ажил олоогүй хэцүү л байдалтай байна. Сая над руу нэг охин залгаж байна. Намайг очих үед энэ охин ганц ч доллар байхгүй,  байрны гэрээ нь энэ хагас сайнд дуусна гэж байсан. Санаа зо­воод байсан чинь  ашгүй, сайн гэнэ.”Дүү нь сайн байна” гээд их дотно ярьж байна.  Би тэр охинтой 30 минут хэртээ л хамт бай­сан. Хөөрхий, хүний ну­тагт өөр хэнийгээ ч гэх билээ. Саяхан “Virginia Beach”-д хажуугийн хо­тоос нь хэдэн монгол хүн ирээд хэцүү байдалтай, байрнаасаа хөөгдсөн ажилгүй  байсан зургаан хүүхдийг гэртээ байлга­хаар авсан юм байна. Тэрний нэг нь энэ охин,  бөөн баяр залгаж байна.

-Хоёр хүүхэд сэт­гэцийн эмгэгтэй болоод буцаж ирсэн гэж сонс­сон. Энэ талаар танд дуулсан зүйл байна уу?

-Хоёр хүүхэд сэтгэ­цийн хямралд ороод ну­таг буцсан талаар Элчин­гийн ажилтнаас сонссон. Тэгсэн тэр залуу дараа нь улсын нууц задруулсан мэт сүр үзүүлж загнаад байгаа. Тэр хоёр хүүх­дийн хувьд тосно гэсэн хүн нь тосоогүй. Төөрч будилж ажилгүй гудманд хонож яваад сэтгэцэд нь өөрчлөлт орсон юм шиг байгаа юм. Сэтгэцийн эмнэлгээс Элчин рүү утас­даж мэдэгдсэн гэсэн. Тэр хүмүүстэй холбогдох  утас хаягийг нь Элчин­гийнхэн хувь  хүний нуу­цын асуудал гээд өгөхгүй байгаа. Ингэж хохироод үлдэж болохгүй биз дээ. Энд байгаа хүүхдүүд би­дэнд хандаж  туслаач, энэ асуудлыг баримтжуулж өгөөч гэж хүсч байгаа. Энэ утгаараа бид нэг хуу­льчтай холбогдоод бай­гаа. Тэгээд  эндээ шүүх ажиллагаа эхлүү­лэхэд нь туслах санаатай байгаа. Монгол компа­нийг энд шүүхэд өгч болдог юм билээ.

-Гэрээ хийсэн ком­пани яагаад тосч аваа­гүй юм бол. АНУ-ын ком­­пани буруу хүлээх­гүй юу?

- АНУ-д ийм хөтөлбөр хэрэгжүүлдэг эрх бүхий спонсор  14 компани бай­даг юм билээ. Бид тэдэн­тэй холбогдож үзсэн. Гэтэл энэ компаниуд авна гэсэн хүнээ тоо ёсоор авч ажил олгодог. Тэр  ч бай­тугай эхний ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар гарахад дахин ажил олж өгөх үүрэгтэй. Тэрийгээ ч мөрддөг гэсэн. Харин ма­най Монголд жуул­чилж байгаа компаниуд спон­сор компаниар бус өөрс­дөө  хувиараа ажил олж өгөх гэж хичээдэг нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байгаа.  Энд амь­дардаг зарим нэг хүнд хандаж ажил олж өгдөг ч тэр нь баталгаатай биш, ирэхэд нь өөр хүн ав­чихсан тохиолдол гардаг.

Биднийг хэл ам хийж  энэ хөтөлбөрийг хаалгах гээд байна гэсэн дарамт хүртэл  ирж байгаа. Тийм зорилго хэнд ч байхгүй. Хөтөлбөрийг улам бо­ловсронгуй сайн бол­го­хын төлөө л байна шүү дээ. Ингэж хүүхдүүдийг олноор хуурч авчраад хүний нутагт  орхидог нь  хүний наймааны эх үндэс болж байгааг үгүйсгэх аргагүй юм.

МИНИЙ ХҮҮ ХҮНД ХҮЧИР АЖИЛ ХИЙЖ ГУДМАНД ХОНОЖ ЯВАА СУРАГ СОНСОГДСОН

Н хэмээх 21 настай залуу, залуус солил­цоо­ны хөтөлбөрт хамрагдан АНУ-д очоод байгаа юм байна. Тэрээр бусад мон­гол оюут­ны нэгэн ади­лаар хүн тэрэг түрж, хонох байргүй шахам амь­дарч байгаа аж.

Түүний ар гэрийнхэн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг су­манд бай­даг бөгөөд түүний ээж О-той утсаар холбогдож АНУ-д байгаа хүү­гийн­хээ талаар хэр мэдээлэлтэй байгааг тодрууллаа.

-Танай хүүхэд АНУ руу гэ­рээгээр гарсан юм байна. Очсо­ноосоо хойш холбоо барьсан уу?

-Холбоо барилгүй яах вэ. АНУ-д очоод ангийнхаа хүүхэдтэй нийлж нэг утас авсан юм шиг байна лээ. Түүгээрээ хааяа холбогддог юм. Хамгийн сүүлд өчигдөр ярьсан.

-Ажил байдлынхаа талаар ярьж байна уу. Яажшуухан байгаа гэнэ?

-Эхлээд Атлантик гэдэг газар нь очсон юм ярьсан. Тэнд ажил ол­дохгүй хэцүү байна л гээд байсан. Харин өчигдөр ярихдаа Вашингтон руу явж монгол эзэнтэй барилгын компанид ажиллахаар боллоо гэсэн.

-Өмнө нь ямар ажил хийдэг байсан юм бол?

-Хүн тэрэг гээд хятадад нэг юм байдаг даа. Тийм л ажил хийдэг байсан юм шиг байна лээ. Олсон мөнгө нь хоол, байрны хөлсөө төлж хүрэхгүй гудамжинд хоносон ч сураг дуулдаад байгаа. Одоо харин тэр барилгын компанидаа очоод гайгүй дээрдэж байгаа юм шиг байна лээ.

-Ямар байгууллага хэдэн төгрөгөөр зуучилсан юм бэ?

-Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Нэг гадаад нэр л байсан. Төл­бөрийн хувьд гэвэл бараг зургаан сая төгрөг төлсөн.

-Гэрээндээ байр, хоолыг тус­гаж өгөөгүй юм уу?

-Тэрийг нь эгч нь хараагүй ээ. Хүүхэд явлаа гээд л ирсэн. Амьтан ах дүү нараас хэдэн төгрөг зээлж байж л явуулсан юм.

-Гэрээгээ хэдэн сараар хийсэн юм бол?

-Гурван сарын хугацаатай хийсэн байх. Есдүгээр сард л ирэх юм.

-Ирэх зардал мөнгөө яаж олох юм бол доо?

-Сайн л яваад ирж байвал зардал мөнгө ч хамаагүй л болж байх шиг байна.

Биднийг ийн ярилцаж байх үед нэгэн эрэгтэй хүний дуу утасны цаана сонсдлоо. Тэр эр өөрийгөө  аав нь гэж танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “миний хүү харь газар хүчин мөхөс яваа. Хар, шар гээд олон үндэстэн байдаг юм гэсэн. “Өдрийн сонин”-ыхныг монгол хүнийхээ төлөө, АНУ-руу гарсан тэнд хөл алдаж яваа хүүхдүүдийн төлөө нийтлэл бичиж байгаад баярлаж байна. Гэхдээ нэрийг нь нууцалвал сайн байна. Нэр усыг нь хамаагүй биччихвэл юу ч болох юм билээ. Адаглаад л дарамтлах асуудал гарч мэднэ” гэж учир­лалаа. Мөн АНУ-д ажиллаж амьдарч байгаа дээрх оюутнуудад сайн санаа, сайхан сэтгэлээр тусалж гэр орондоо амьдруулж, ажил төрөл олж өгч буй элэг нэгтнүүддээ баярлаж буйгаа ч илэрхийлэв. Тэрээр ер нь тэнд байгаа хүүхдүүдийн нэрийг нь бичихдээ няхуур хандахгүй бол болохгүй шүү. Хүний сайхан үрийг тэнд аваачаад хаяж байгаа хүмүүс юу ч хийж мэднэ хэмээн онцгойлон захисан юм.

УТАСНЫ ДУГААРЫГНЬ ГЭЭЧИХЭЭД ХОЛБОО БАРЬЖ ЧАДДАГГҮЙ

Мөн Э гэгч залуу АНУ-д байгаа. Тэрээр 21 настай бөгөөд АНУ-д очсоноосоо хойш том ахтайгаа л нэг удаа холбоо барьсан гэнэ. Түүний ээж Б нь Дорнод аймагт амьдардаг учир холбоо барихад ч хүндрэлтэй байдаг бололтой. Түүнтэй утсаар холбогдож хүүгийнх нь талаар тодруулсан юм.

-Танай хүү өнгөрсөн хавар АНУ-руу явсан юм байна. Та бүхэнтэй эргэж холбогдсон уу?

-Том ахтайгаа л нэг удаа ярьсан байна лээ.

-Юу гэж хэлсэн байна вэ?

-Ажил олдохгүй, мөнгө байхгүй их хэцүү байна гэж ярьсан байсан.

-Очоод ямар ч ажил хийгээгүй юм уу?

-Үгүй ээ, тэрэг түрдэг байсан юм байна лээ. Түүнийгээ өдөрт 30 ам.доллараар түрээсэлдэг гэсэн. За­рим­даа түрээсний өрөнд орчихдог гэж ахдаа хэлсэн байна лээ.

-Одоо ямар ажил хийж байгаа юм бол?

-Мэдэхгүй өөр нэг хотод очих юм л ярьж байсан.

-Хаана байгааг нь мэдэхгүй байгаа юм уу?

-Нэг утасны дугаар өгснийг нь хаячихаад, тэгээд холбоо барьж чаддаггүй ээ. Хаана явааг нь ч сайн мэдэхгүй л сууж байна. Арай том хотод л очих юм гэсэн. Ямар нэг аргаар ир, зардал мөнгийг нь ээж нь аргалъя гэж хэлүүлсэн байгаа.

-Ер нь хэдэн төгрөгөөр гадагшаа гарсан бэ?

-Тав, зургаан сая төгрөг л хэрэг болсон.

-Гэрээнд нь ямар, ямар заалт байсан бэ?

- Мэдэхгүй ээ, хүү явах гэж байгаа л гэснээс нэг их дэлгэрэнгүй юм яриагүй. Ямартаа ч ирэх очих зардал нь лав байгаа юм шиг дуулдсан.

-Хүүхдээ хэцүү байна гэхэд ямар нэгэн хуулийн этгээдэд хандсан уу?

-Үгүй ээ. Ямар нэгэн аргаар ир л гэж захисан. Өөр яах ч юм билээ.

-Ямар компани зуучилсан юм бэ?

-Соёлын төв өргөөнд  байдаг юм. Нэрийг нь мартчихсан байна. Маргааш нөгөөдрөөс залгавал хэлээд өгч болно.

Энэ эмэгтэй харьд яваа хүү­гийнхээ талаар үүнээс илүү зүйл мэдэхгүй байлаа.

Б.ОТГОНБАТ: ОЮУТНУУД ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛЖ БАЙГААДАА БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ

Үүссэн нөхцөл байдалд зууч­лагч байгууллагууд ямар тайлбар тавихыг тандаж мэдэхээр лавла­хаас утасных нь дугаарыг авч залгалаа. “Open world”, “Prince world” компанийн утас нь холбогдохгүй байлаа.  “Глобал удирдагч сан“-гийн тэргүүн Б.Отгонбаттай ярилц­сан юм.

-Зуны хөтөлбөрөөр АНУ-ыг зорьсон зарим оюутнуудын амьд­рал хэцүүхэн байгаа талаар сонслоо?

-Хэвлэл мэдээллийн байгуул­лагаар дамжуулж янз бүрийн сөрөг мэдээлэл гарснаар манай байгуул­лага тэнд байгаа хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд нь захиа явуулсан. Манай үүрэг бол хэлний сургалтад хамруулж дунд шатны англи хэлтэй хүүхдүүдийг бэлтгэж, АНУ руу явуулдаг. Харин тэнд байгаа байгууллагууд маань хүүхдүүдийг ажилд зуучилж өгөх үүрэгтэй. Манай байгууллагын шугамаар явсан хүүхдүүд зорилгыг ойлгоогүй юм шиг байна. Гол зорилго нь бол Монгол, Америкийн хооронд соёл солилцох чиглэлээр явж байгаа юм. Энэ нь Америкийг үзээд, суд­лаад, боломж гарвал ажил хийнэ гэсэн зорилготой. Энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд мөнгө зээлж явсан, санхүүгийн асуудалтай учраас Америкт очоод ажил хийж мөнгө олох зорилготой явдаг. Тэгээд тэндээ мөнгө нь дуусаад ирэхээр бухимдаж байгаа юм л даа. Солонгост ажиллаж байгаа юм шиг бодоод байгаа.

-Өртөг өндөртэй улс орон руу явж байгаа юм чинь тэндээ ажил­лаад хоосон хонохгүйн тулд ажил хийхийг хүснэ. Танай гэрээнд энэ талаар зааж өгсөн байсан уу?

-Ажил олгогчидтой ойлгол­цохгүй асуудал үүсээд, мөнгө нь дуусаад бухимдаж, ар гэрийн­хэндээ хэлсэн байна лээ. Гол шалтгаан нь монгол хүүхдүүдийн хэлний мэдлэг дутмаг. Дээрээс нь бие даах чадвар маш муу. Бид ажлын санал өгсөн ч чадвар муутайгаас болоод ажилд орж чадаагүй хүүхдүүд бий. Тэднийг АНУ-д байдаг ах, эгч, таньдаг хүмүүсээ бараадах зөвлөгөө өгсөн. Хөтөлбөрийн агуулга хүүхдүүдэд санал өгөхөөс биш шаардлагад нийцээгүй хүүхдүүдийг заавал ажилд оруулж өгөх албагүй л байхгүй юу.

-Тэгээд үүсээд байгаа асууд­лыг хэн, яаж шийдвэрлэх вэ?

-Нэгэнт та нар ажилд орж ча­дахгүй байгаа бол буцаад Мон­голдоо хүрээд ир гэж зөвлөж бай­гаа. Ирэх хүсэлтэй хүүхдүүд байх­гүй байгаа юм. Заавал зорилгоо биелүүлнэ гээд байгаа.

-Тэнд амьдарч байгаа хүүх­дүүд өөрт чинь хандахад нэг л өдөр зугтаад явсан гэх юм билээ?

-Тийм юм байхгүй. Бид 10 хоног тэнд ажиллаад ирсэн. Ажилд орж чадаагүй хүүхдүүдийн хувьд маш өндөр шалгуур хүлээж байгаа.

-Хэлний мэдлэг, бие даах чадвар зэргийг нь хангалттай хэмжээнд бэлтгээд явуулдаггүй юм уу?

- Бид тодорхой түвшинд бэлдэж байгаа. 150 хүүхэд дотор чинь хэцүү  хүүхэд байгаа. Харил­цааны тал дээр бэрхшээл гарсан гэж бодож байна. Тэр хүмүүс өөрсдөө эрсдлээ даах үүрэгтэй. Тэрнээс биш 14 хоног ажилгүй байсан гээд биднээс энэ бүхнээ шаардах эрх­гүй. Гэхдээ энэ их асуудал дундаас өөрийгөө авч гарах л зорилготой хөтөлбөр шүү дээ. Энэ жил Мон­голоос 1300 хүүхэд хандсанаас 1000-аад хүү­хэд явсан байх. Монгол хүүхдүүд ер нь тэнд ажил олж чадахгүй юм чинь зундаа сай­хан аялах хэрэгтэй. Яагаад энд ийм бэрхшээл үүсгээд байгааг мэдэхгүй л байна.

-Зуны амралтаараа АНУ-д амрах санхүүгийн чадвартай оюутнууд цөөхөн л байх даа?

-Ажиллах боломж хүн бүхэнд нээлттэй. Харин ажилд оруулж өгнө гэсэн баталгаа өгөөгүй. Тэндээ очоод 14 хоногтоо мөнгө нь дуу­саад үүнээсээ болж бухимдаж байгаа хүүхдүүд мэр сэр байна. Бид нар тусалж байгаа боловч 100 хувь ажилд оруулж өгч чадахгүй. Оюутнууд АНУ-д очоод юм үзэж, нүд тайлж байгаадаа баярлах л хэрэгтэй. Дараа жилээс бол чөлөөтэй ярьдаг, чадвар сайтай хүүхдүүдийг л авах юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley pbgqvN http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:20:44
vlhcsgvzf HZe85eqlzzfebbextr, [url=http://uholcgrtuimh.com/] uholcgrtuimh[/url], [link=http://ffdyysbryigs.com/ ]ffdyysbryigs[/link], http://boyjtjnaqtvo.com/
IP:46.161.9.32  2016-05-27 21:11:25
asKes0j35eh where to buy alli celexa doxycycline phenergan resource abilify generic generic viagra sildenafil citrate
IP:46.161.9.20  2016-09-10 07:40:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.