А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног

2010/07/22
Share |
Хүмүүс:
А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног

Дорнод аймгийн Баян-Уул сумын IV багт зусч байсан Н.Алтангэрэлийн отгон хүү аравхан настай А.Уранбаяр сураггүй алга болоод 11 хоносны эцэст эсэн мэнд олдсон билээ. Тэрбээр ес хоног хад, чулуутай газраар хөл нүцгэн явсан байна. Мөн чоно, нохойтой таарч, уснаас өөр хэлэн дээрээ юу ч тавилгүй 10 хоножээ. Хүү ширэнгэн ойд төөрч 11 хонохдоо хоолойгоо сөөтөл уйлж эцэст нь цөхрөхдөө бас дуулж явсан гэнэ. Шөнө ганцаараа унтахдаа аав, ээж, ах, эгч нараа бодож айдсаа дардаг байжээ.

Түүнтэй уулзахаар Баян-Уул сумыг зорилоо. Аймгийн төвөөс өглөө эртлэн гарч, гурван цаг гаруй давхисаар сумын төв орж, нутгийн хүмүүсээр гэрийг нь заалгаж аваад цааш явлаа. Тэднийх сумын төвөөс баруун хойд зүгт 20 гаруй километрийн зайтай нутагладаг юм байна. Гэрийнх нь гадаа ирхэд уяан дээр нь хоёр морь уяатай байх бөгөөд гурав дөрвөн шар алаг ноход ээрэхэд, гэрийн эзэгтэй бололтой дунд эргэм насны эмэгтэй гэрээс гарч ирэн нохой хорьж өгсөн нь хүүгийн ээж Д.Доржханд байлаа. Гэрт нь орж, мэнд мэдэлцэн цай цүй болж байх зуур бор хүү зөрөөд гарсан нь 11 хоног ширэнгэн ойд төөрсөн Уранбаяр байлаа. Аав, ээжид нь ирсэн зорилгоо хэллээ. Ойр хавийн хүмүүс ойд 11 хоног төөрсөн тухайг нь яриулах гээд шалдаг учир ирсэн зочид гийчдээс хүү дөлдөг болсон тухай түүний ах хэлэв. Биднийг ч бас тэдгээр хүмүүсийн нэг гэж бодсон бололтой хүү байшингийнхаа ард сүүдэрт дөлсхийн сууж байв. Ээж Д.Доржханд түүний эгч А.Ундралаар дуудуулан хэсэг удсаны дараа хүү орж ирэв. Аав нь "Миний хүү хотоос сэтгүүлч ирсэн байна. Ойд төөрснөө яриад өгчих" хэмээн гуйхад хэсэг дуугуй сууж байгаад ярилцлага өгөхийг зөвшөөрлөө.

-Яаж байгаад ойд төөрчихсөн юм бэ ?

-Манай суманд зургадугаар сарын 22-нд овооны наадам болох гэж байсан юм. Аав бид хоёр буурал даагаа уралдуулах гэж уяж байсан. Зургадугаар сарын 19-нд энэ хавьд зусч байгаа айлууд дааганыхаа үсэргээг хийсэн юм. Тэгээд л үсэргээ дуусч, аав, мотоцикльтой явж би саарал гүүгээ унан буурал даагаа хөтлөөд гэр рүүгээ явж байсан чинь гэнэт буурал дааганы маань хазаарын сагалдарга тасраад мод руу давхиад орчихсон. Би даагаа барих санаатай мод руу ороод араас нь хөөсөн боловч даагаа барьж чадаагүй. Тэгээд л нэг мэдсэн хаана яваагаа мэдэхээ болиод төөрсөн юм. Уг нь урагшаа модноосоо гарах гээд гэр рүүгээ явж байна даа гэж бодоод л яваад байсан чинь одоо бодоод байхад хойшоо яваад байсан юм билээ. Удалгүй харанхуй болж зүг чигээ мэдэхгүй болчихсон.

-Ойд ганцаараа хонож байхад чамд юу бодогдож байв?

-Аав, ээж хурдан ирээд аваасай гэж бодогдож байсан. Эхний шөнөө зөндөө их айсан. Морио унаад уйлаад л яваад байсан. Ойр орчимд муухай дуу гараад л. Сүүлдээ удаан уйлсан болоод ч тэр үү хоолой хатаад дуу гарахгүй болчихсон. Их хол явж байгаад мориноосоо буугаад унтахаар шийдэж газар сууж байгаад үүр цайлгасан. Ер нь өдөр ганцаараа явж байхдаа мэддэг дуу болгоноо л дуулаад яваад байсан.

-Уснаас өөр юу ч идэж, уулгүй 11 хоносон гэсэн. Зөндөө өлссөн үү?

-Эхний гурав хоногтоо ус олдохгүй байсан болохоор юу ч уугаагүй ам цангаад л яваад байсан. Харин гурав хоногийн дараа нэг булаг дээр очиж, ус уусан. Эхний хэд хоногтоо бие гайгүй байж байгаад сүүлдээ сульдаад хөл өвдөөд хэцүү юм билээ. Уг нь мойлтой газар таарсан чинь мойл түүхий байсан болохоор сайн идэж чадаагүй.

-Чамайг хүмүүс өвс идэж байсан гэж ярьж байна лээ ?

-Худлаа хэлж байгаа юм. Өвс идэх гэж оролдож үзсэн хоолой давахгүй юм билээ. Олон хоног хоолгүй яваад байхаар сүүлдээ хоолноос өөр юм бодогдохгүй байсан. Хурдхан л хүнтэй таарах юмсан гэж бодож байсан. Саарал гүү маань гэнэт юмнаас үргээд булгиад унагачихсан. Мориноосоо уначихаад хэсэг ухаан балартаж байгаад босоод ирсэн хоёр гутал маань алга болчихсон байсан. Тэр хавиар зөндөө хайсан боловч олдоогүй. Ядаж байхад гэрээсээ гардаг өдөр бакаалаа холхинодог өмсчихсөн байсан юм. Дээгүүрээ өмсч байсан цамцаараа хөлөө ороогоод явсан.

-Тэгээд хөл нүцгэн ес хоног явсан юм уу ?

-Нэг өдөр яваад л цамц маань урагдаад хөлөө мод, чулуунд шалбалж эхэлсэн. Сүүлдээ бүр булаг хүрэх үед гишгэж болохгүй хөндүүр болчихсон байсан. Эхний шөнө даарсан болохоор өвс зулгааж байгаад дээрээ хаяад унтахад арай л дээр байсан.

Ийнхүү А.Уранбаяр маань төөрч явснаа хэсэг санаж байгаад хоног, хоногоор нь ярьсан юм.

ТОЛГОЙ НЬ ЭРГЭЖ ГЭРИЙНХЭЭ ЭСРЭГ БОЛОХ ХОЙД ЗҮГ РҮҮ ЯВЖЭЭ

Нэг дэх өдөр: Даагаа алдчихаад араас нь саарал гүүтэйгээ модон дотор барих санаатай хөөжээ. Тэр үед даагаа барихгүй бол хоол нь ихдээд уралдаж чадахгүй болох байх. Бас аавд загнуулах байх хэмээн бодож араас нь хөөцөлдсөөр байжээ. Хэр удаан дааганыхаа араас явсан юм бүү мэд. Нэг мэдсэн даагаа хаашаа явсныг мэдэхгүй болжээ. Тэгээд л одоо өнгөрсөн хэрэг гэр рүүгээ л явахаас аавд загнуулах байх гэж бодсоор модноос гарах санаатай урд зүг рүү явжээ. Зөндөө удаан явсан боловч модноос гарахгүй байсанд гайхаж, одоохон гарах байх хэмээн бодсоор явж байх зуур шөнө болжээ. Тэгээд л гэр байгаа гэж бодсон газар руу явсаар байгаад сүүлдээ хаашаа яваад байгаагаа ч мэдэхээ больсон байна. Тэр үед хэдэн талаас нь нялх хүүхэд уйлаад ч байгаа юм шиг, эсвэл хүн дуудаад байгаа юм шиг чимээ гарчээ. Зүрх нь хүчтэй цохилж, ганцаараа уйлсаар зөндөө удаан явав. Аав, ээжийгээ араас ирж байгаа байх хэмээн бодож дуудаад л яваад байсан аж. Гэвч хэн ч түүнийг сонсохгүй байхаар нь буугаад морио модноос уяад унтахаар хэвтжээ. Нойр нь хүрэхгүй эргэж хөрвөөж, чийгтэй газар доороос нь нойтон оргиод унтаж чадахгүй байсан болохоор чулуун дээр гурван цаг гаруй сууж байгаад үүр цайлгажээ.

ИНГЭЭД Л ҮХДЭГ ЮМ БАЙНА ГЭЖ БОДЖЭЭ

Хоёр дахь өдөр: Үүр цайж байхад сэрэв. Мориндоо мордон хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй зүг чигээ алдан баахан явжээ. Араас аав, ээж маань ирэх байх хэмээн бодож явсан байна. Тэр өдөр их халуун байсан болохоор халууцаж, морио гуядсаар явсан боловч ой дотроос гарсангүй. Сүүлдээ ам нь цангаж ус хайсан боловч олдохгүй явсаар байв. Өдөржин ой дотор явсан боловч ус ч олсонгүй, модноос ч гарсангүй. Өдөржин яваад сүүлдээ өлсөөд мориноосоо бууж жимс хайсан боловч олдоогүй байна. Орой болох үед хүнтэй огт таарахгүй явсаар байв. Аав аа, ээж ээ гэж чангаар дуудсаар сүүлдээ хоолой нь сөөгөөд хий дэмий л уйлж явжээ. Эхлээд нулимс гарч байсан боловч сүүлдээ нулимс нь гарахгүй болсон байна. Аз таарч борооны аягын чинээхэн жоохон ус тогтсон шалбааг таарч уужээ. Шавартай усыг уухад гурван балга л байсан гэнэ. Өдөржин явсан саарал гүү нь гэлдрэхээс өөрөөр явахгүй болохоор нь мориноосоо бууж, өвс хэд хазуулж байгаад модонд сайн бөхөлж уяад хэвтжээ. Гэвч нойр нь бас л хүрээгүй байна. Шөнөжин хэдэн талаас нь элдэв янзын дуу чимээ гарч, айсаар арай гэж үүр цайлгажээ. Тэр үед хүүд "хурдан гэртээ харих юмсан. Яах гэж дааганыхаа араас мод руу оров доо. Ингээд л үхдэг юм байж" хэмээн бодогдож байсан аж.

СААРАЛ ГҮҮНЭЭС ОЙЧИЖ ШИРЭНГЭН ОЙД ЯВГАН ХОЦРОВ. БУЛАГ ТААРЧ ЦАНГАЖ ҮХЭХЭЭС АВРАГДЛАА

Гурав дахь өдөр: Ус уулгүй гурав хонолоо. Гурав дахь өдрийн өглөө ам нь цангаад болохгүй болохоор нь өвсөн дээр буусан шүүдэр гар дээрээ дусааж уух гэж оролджээ. Гэвч амныхаа цангааг тайлж чадсангүй. Харин цамцаа тайлаад газраар чирч нойтон болгоод нүүрээ арчин мориндоо мордоод явжээ. Гэвч хэсэг явж байтал морь нь юунаас ч юм үргээд булгиж гарч. Хоол унд идээгүй удсан учраас бие нь сульдаж хэд булгихад нь уначихжээ. Морь нь хаашаа явсан юм бүү мэд. Хэсэг толгой эргэж, ухаан нь балартаж байгаад боссон чинь хоёр гутал нь алга байв. Тэр хавиар хайсан боловч олдоогүй байна. Хөл нүцгэн явсан боловч мод, чулуунд хөлөө шалбалж, цус нь гоожихоор нь шүд зуугаад тэсээд л яваад байж. Сүүлдээ хөл нь өвчин оржээ. Наранд өдөржин алхаад нүүр, гар нь шумууланд хазуулж, маажсаар байгаад гөвдрүү болоод хавджээ. Ийнхүү бие нь сульдаж арай гэж явж байгаад жижигхэн булагтай таарчээ. Ханаталаа ус ууж аваад булгийнхаа хажууд хэвтээд өгч. Цангаж байгаад ус уусан болоод ч тэр үү нойр нь хүрч унтаад шөнө дундын алдад сэржээ. Анх ойд хонохдоо сонсч байсан чимээнээсээ айхаа больжээ. Гэрийнхэн маань хайж байгаа байх даа. Хурдхан л ирээсэй гэж бодон хэвтэж байгаад унтчихжээ. Тэр шөнө өвсөөр өөрийгөө хучиж ч хоносонгүй ядарсандаа болоод нам унтчихсан байна. Нар дээр мандчихсан байхад сэржээ.

Дөрөв, тав дахь өдөр: Хаашаа ч яваад байгаагаа мэдэхгүй юм чинь эндээ л аав, ээжийгээ хүлээж байя. Тэд миний араас хайж байгаа байх. Удахгүй олно биз хэмээн бодож булгийнхаа хажууд өвс зулгааж хэвтэх газраа бэлдэж, бас нөмөрч унтах өвс зулгаагаад өдрийг өнгөрөөсөн байна. Өлсч байгаа болохоор модны навч хоёр, гурвыг идээд дахиад идэх гэж оролдсон боловч чадаагүй аж. Ийнхүү тэнд хоёр хоножээ. Булаг дээр хоёр хонох үед сүрэг буга ирж ус уугаад гарчээ.

ШАРХНААСАА БОЛЖ ӨНДӨР ХЭМТЭЙ ХАЛУУРЧ ЭХЭЛЛЭЭ

Зургаа дахь өдөр: Булгийн уснаас сайн ууж аваад цааш явлаа. Цамцныхаа ханцуйгаар хөлөө боож явсан боловч шархалсан хөлнөөс идээтэй цус гоожиж явахад бэрх байжээ. Баруун талынх нь хөлийн ул хөндүүр орчихсон болохоор мод тулж явсан байна. Ой модон дотор хэсэг явж байгаад толгой нь эргэж эхэлжээ. Ийнхүү явж байгаад мойл ургасан газар олж очжээ. Цадталаа идэх гэсэн боловч жоохон идээд л гашуу оргиод идэж чадаагүй байна. Хэсэг амарч байгаад цаашаа явсан ч мойл ургасан газраас холдож чадалгүй тэндээ хонохоор болжээ. Өвс зулгааж дээгүүрээ нөмрөн хэвтээд удаагүй байтал өөрийн эрхгүй чичирч өндөр халуурч эхэлжээ. Сүүлдээ хөл, гар нь бадайрч эхэлсэн байна.

ЧОНОТОЙ ХАЛЗ ТААРАЛДАВ

Долоо дахь өдөр: Биеийнх халуун нь бага зэрэг буурч, ой модон дундуур явжээ. Халуурч байгаа болохоор өлсч байгаагаа мартжээ. Ой модон дундуур өдөр хэрд явж байтал өмнөөс нь гэнэт чоно гараад иржээ. Айхдаа чанга хашгирахад чоно эргээд зугтаасан байна. Шөнө унтах үед дуугардаг элдэв янзын чимээнд дасч айх нь бага болчихоод байсан энэ үед чонотой халз тааралдсан нь дахин айдаст автуулжээ. Удалгүй орой болж нар шингэх үед хүү газар унан шууд унтжээ.

ЯВСАН ГАЗРАА ДАХИАД ИРЖЭЭ

Найм, ес, арав дахь өдөр: Өглөөний сэрүүнд хэсэг зуур алхаад дахин устай булагтай таарчээ. Тэнд нь ундааны сав байсан нь хүн ирж байсныг гэрчлэв. Ашгүй хүнтэй газар ойртож байгаа юм байна гэсэн бодол төрж уснаас уугаад цааш явжээ. Гэтэл хүн тааралдсангүй, ой модноосоо гарч чадахгүй л яваад байжээ. Зөндөө удаан алхаж байгаад ирсэн чинь өглөөний таарсан газраа дахиад ирчихсэн байсан тул тэндээ хоногложээ. Маргааш нь хөл нь асар их өвдөөд алхаж чадахгүй болохоор нь эндээ нэг өдрийг өнгөрөөжээ. Арав хоногийн дараа хүү алхаад явж чадахгүй болохоор нь хэвтээд өгчээ. Түүнд цаашаа нэг алхах ч тэнхээ байсангүй.

ХҮНТЭЙ ТААРАЛДАЖ АМЬ АВРАГДЛАА

Арван нэг дэх өдөр: Өглөө сэрэхэд юу болж байгаагаа мэдэхээ байгаад бие нь сульдчихсан байв. Хөлийнхөө хөндүүрийг тэсвэрлэн цааш шүд зуун хэсэг алхтал ашгүй ой модноос гараад иржээ. Тэртээ хойд талынх нь энгэр дээр айлууд ярайтал харагдахад өөрийн эрхгүй хэнгэнэтэл уйлжээ. Өмнө том гол тааралдахаар нь ортол цээжин хэсгээр нь ус татах үед айгаад уснаас гарсан байна. Ийнхүү гол өгсөөд явж байхад голын цаад эрэг дээр хоёр хүн явж байгаа харагджээ. Хүн хараад шууд л чангаар авраарай хэмээн уйлж гарчээ. Нөгөө хоёр хүн хүрч ирээд хүүг өргөж гэртээ аваачин чихэртэй хар цай өгч байгаад будаатай шөл хийж өгчээ. Хэрэв шууд хоол өгсөн бол хүү шууд ухаан алдах, цаашлаад амь насаа алдах байсан гэнэ.

Ийнхүү талын Монголын жирийн малчин айлын 10 настай хүү ширэнгэн ой дотор 11 хоног ганцаараа байсан аж. Тэрбээр ой дотор явж байгаад айхаараа дуу дуулж өөрийгөө зоригжуулдаг байсан гэсэн. Энэ бүхнийг бид хоёр гэрээс нь холдож байгаад ярьсан юм. "Танд л өвс, навч, түүхий жимс идсэнээ хэлсэн шүү" хэмээн бид хоёрын яриа өндөрлөж гэрт нь орлоо.

ХҮҮГЭЭ ҮХЧИХСЭН ЮМ БАЙХ ГЭЖ БОДСОН

А.Уранбаяр хүүгийн аавтай цөөн хором ярилцлаа.

-Хүүгээ алга болчихсон байхад танд юу бодогдож байсан бэ?

-Эхний гурав хоног хайгаад олдохгүй болохоор нь үхчихсэн юм байх гэж бодож байсан. Гурав хоногийн дараа унаж явсан морь нь эмээлээ гэдсэндээ хийчихсэн ирсэн. Ядахдаа хувцасных нь тасархайг олох юмсан гээд л хайгаад байсан. Энэ хавийн мэргэн түргэн лам хараас асуусан чинь үхчихсэн хэвтэж байхад нь том шувуу шүүрээд аваад явчихсан байна гэж хэлсэн. Бүр хувцасных нь тасархай ч олдохгүй гэж хэлсэн. Аймаг сумын 60 гаруй хүмүүс хайгаад олоогүй. Тэгэхээр нь дөрөв дэх хоногийн орой эрлийн ажиллагааг зогсоож, гэр бүлээрээ л хайж байсан. Долоо дахь өдөр нь бөөгөөр үзүүлсэн "Гэртээ байж бай. Хүү чинь гурав хоногийн дараа сураг нь гарах юм байна" гэсэн. Үнэхээр л гурав хоногийн дараа хүүгийн маань сураг гарч, байгаа газар нь очсон.

-Мэдээж 11 хоног ганцаараа ойд төөрөөд хүү тань эсэн мэнд байсан болохоор хүүгээрээ бахархаж байгаа байх ?

-Тэгэлгүй яах вэ. Миний хүү шиг 11 хоног ойд төөрч орь ганцаараа амьдарсан хүүхэд байхгүй байх гэж бодож байна. Үнэхээр хүүг маань хүүхдийн заяа, тэнгэр бурхан түшсэн байна лээ.

-Биеийнх нь байдал одоо ямар байна даа?

Хөл нь шархалж, шумуулын хоол болж олон хазуулсан байна лээ. Эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Одоо бараг зүгээр болсон. Хүүгээ төөрүүлээд хаширлаа. Хүүхдүүдээ эрдэм номтой сайн хүн болгохын төлөө л зүтгэнэ дээ.

Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.