"ТОМ"-ЧУУДАА БИДНИЙГ ХАВХНААС АВРААЧ

2010/07/22
Share |
Хүмүүс:

Наадмын дараа намар гэдэг. Налгар намар ирж бидний мэдэх улсын их хурлын гишүүд удахгүй намрын чуулганаа сүр жавхлантайгаар нээх биз. Чуулган нээгдэж хэлэлцэх асуудлууд, шинээр буюу сэргээн батлагдах хуулиуд ар араасаа цуварч, гишүүд өөрсдийн ашигт нийцсэн асуудалд сэм сэмхэн сэтгэлдээ залбирсаар догдлон сууна.

Хүссэн хууль нь батлагдвал нүүрэнд нь өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч, харин асуудал эсрэгээр эргэвэл өөрийн таньж мэдэх нөлөө бүхий хэн нэгэнтэй бушуухан уулзаж мөн л тэрний ашиг сонирхолд таарах асуудлыг гүйцэлдүүлэх журмаар харилцан тохиролцож ажиллана. Хэрэв тэд тохиролцож чадахгүй бол нөгөө л авлига гэгчийг хэрэглэх нь тодорхой. Ингээд албан тушаалаа ашиглан амьтай болгоноос нуугдаж өдөр, шөнөгүй гүйсээр асуудлыг шийднэ. Ингэхээс ч өөр аргагүй биз. Амьдралын төлөөх тэмцэл нь хүнийг бие биеэсээ дээр гарч амьдрахыг шаарддаг учир. Тэд ингэж явсаар “төрөөс төрсөн тэрбумтан” гэх нэртэй болж хувирдаг.

Эдгээр нэртэнгүүдэд асуудлыг амархан шийддэг “увидас” байдаг учир тэдний ивээлд багтах гэсэн хүмүүсийн овсгоотой нь том хэмжээний авлига өгч төрд шургана. Харин зарим бизнесмэнүүд болон энгийн иргэд тэдний хөлд чирэгдэн хуулийн өмнө хүчин мөхөсдөж “хуулийн хавх”-нд ордог. Энэ “хуулийн хавх” хэн нэгний хүсэлтээр эсвэл хуулийн цоорхойгоор тэднийг хавчиж дөнгөдөг. Нэгэнт хавчуулагдсан хүн хавхнаас гарч чадахгүй. Харин “хуулийн хавх”  “том”-чуудын “увидас”-д татагдаж тэднийг танидаг бололтой.

Учир нь тэд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар “албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар бусдад давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, төсвийн болон хандивын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн ч  хавх тэднийг хавчилгүй тавиад л явуулдаг. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд  “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж байдаг. “Том”-чууд өөрсдөө “хавх”-наас асуудалгүй гарч, ард иргэдээ “хавх”-нд оруулчихаад тоохгүй суух нь тэдний хийх ёстой ажил мөн үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.