Кристен Стюарт: Би цус сорогчоос илүү шүтэн бишрэгчдээс айдаг

2010/07/24
Share |
Хүмүүс:
Кристен Стюарт: Би цус сорогчоос илүү шүтэн бишрэгчдээс айдаг

Бүтэн нэр: Кристен Жеймс Стюарт
Төрсөн огноо: 1990 оны дөрөвдүгээр сарын 9
Төрсөн газар: АНУ, Калифорни, Лос-Анжелес
Гэр бүл: Эцэг Жон Стюарт нь Fох телевизэд продюссер, ээж Жулес Манн-Стюарт нь бичээч. Ээж нь Австралийн Куинслэндээс гаралтай. Ах Кэмерон Стюарт нь дунд сургуулиа онц төгсөөд одоо сэтгүүлчийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа. Харин Кристен дунд сургуулиа төгсөөд л цаашид суралцах сонирхолгүй болсон гэнэ.

Стефани Майерийн “Бүрэнхий” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Бүрэнхийн домог. Нар хиртэлт” киноны гол дүрд тоглосон Кристен Стюарт, Роберт Паттинсон нар үзэгчдийг байлдан дагуулж, өсвөр үеийнхний шүтээн болоод байгаа билээ. Гэтэл тэд мянга мянган эсрэг хүйстнүүдийг гомдоон хоорондоо үерхэж эхэлсэн нь хэвлэлийнхний анхаарлыг маш их татах болсон юм. Хэн хэн нь өмнө нь хүнтэй үерхэж үзээгүй гэх залуус үнэхээр цэвэр ариун хайр сэтгэлээр үерхэж эхлэв үү, эсвэл хуурамч шуугиан дэгдээж нэр алдар олох гэсэн хашир төлөөлөгчийн заль мэх үү. Энэ бүх асуултын хариултыг та өөрийнх нь ярианаас олж мэдээрэй.

-Кристен, та дахиад л гэнэдчихлээ. Үс гэзгээ ч янзалж амжаагүй байх шив. Гэнэт сэтгүүлч, гэрэл зурагчид гараад ирнэ гэж төсөөлөөгүй л биз дээ... Та сэтгүүлчдэд дандаа ингэж муухай зан гаргадаг уу?
-Би гэнэтийн зүйлд дургүй гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан санагдах юм. Хэн ийм муухай байдалтай байхдаа зургаа авахуулах дуртай байв гэж. Энгийн байдалтай байж байгаад авахуулсан зургаа дараа нь харахаар хүчиндүүлчихсэн юм шиг санагдаад байдаг юм. Зөвшөөрөлгүй зураг авах гэж давшлах нь хүчирхийлэл үйлдэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Бүдүүлэг хэрэг гэдгийг ойлгож байгаа ч үгээ аман дотроо үлдээж чадахгүй гаргачихаад байх юм. Уг нь би хэвлэлийнхний дайсан биш шүү дээ. Гэтэл та нар өөрсдөө л шал худлаа зүйл бичдэг шүү дээ. Жишээлбэл би зураг авалтын завсарлагаар Роберт Паттинсонтой зочид буудлаас гарч байгаагүй. Яг хоригдол шиг байцгаасан. Роберт нэг удаа шүтэн бишрэгчдийн мөрдөлтөөс зугтах гэж байгаад эгээтэй л машин доогуур орчихоогүй. "Хиртэлт"-ийн зураг авалтын үеэр бид Ванкуверын зочид буудлын 30 дугаар давхарт байрлаж байсан. Хоттой тагтан дээрээс л танилцсан гэж хэлж болно.

-Таны хамтрагч Роберт Паттинсон их үгүйсгэх үзэлтэн бололтой. "Тime" сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн хүсэмжит хүмүүсийн нэгээр зарлахад огт хүлээн зөвшөөрөөгүй гэсэн.Тэр ч яах вэ, байж болох зүйл. Харин тантай үерхэж байгаа гэдгээ эхлээд үгүйсгээд байсныг л ойлгохгүй юм. Магадгүй, тэр танд сайн биш юм болов уу? Сэтгэл зүрхээ сонсч чаддаггүй залуус мэр сэр байдаг шүү дээ?
-Хайр сэтгэлийнхээ асуудлыг сая, сая хүнд дэлгэнэ гэдэг хэнд ч хэцүү шүү дээ. Ингэх нь таны хэлснээс эсрэгээр, өөрийнхөө мэдрэмжийг үнэлдэггүй хүний ажил ч байж магадгүй. Тэр хошигнох дуртай залуу. Жишээлбэл саяхан наад санал тавьсан гэж нэг сэтгүүлд ярьсан байна лээ. Хэвлэлийнхэн одоо бидний хуримыг товлож байгаа биз. Би л лав Робертоос ямар ч заль гарч магадгүй гэж боддог. Тоглосон юм аа (инээв). Одоо бидний хийдэг гол ажил папарацци нараас зугтах болж хувираад байна. Энэ ажил дээр түүний энэ зан чанар ихэд тус болдог шүү. Заримдаа яах ч аргагүй бүслэлтэд орсноо мэдрэхээр "Чөтгөр ав гэж. Хаашаа ч хамаагүй явж, юу ч хамаагүй хийхсэн" гэж бодогдох үе гардаг. Гэхдээ дараа нь энэ бодлоосоо татгалздаг л даа. Робертын хувьд би түүнд маш их хайртай. Маш мэдрэмжтэй, жентельмэн, бас өндөр, царайлагт нь ч болж байгаа юм биш.

Тэр их өрөвдөлтэй амьдралаар амьдарч байгаа. Нэр алдрын сул тал гэх үү дээ, нэг тийм зүйл байдаг юм. Гэхдээ боловсон занд нь мэдээж татагдсан л даа. Роберт эмэгтэй хүнийг их хүндэлдэг, ямагт өмнөө тавина шүү. Энэ зан нь надад хаалга онгойлгож өгөөд дараа нь өөрөө орох гэх мэтээр байнга анзаарагддаг. Бас маш сайхан гитардаж дуулна. Дуу нь шууд миний зүрх рүү "очдог". Гэхдээ тийм ч чухал биш гэж хэлж болохоор дутагдалтай талууд бий л дээ. Спортоор   хичээллэдэггүй.   Хэрвээ ямар нэг тэмцээнд оролцож дэвжээн дээр гарвал биеэ яг л оцон шувуу шиг авч явах байх даа гэж бодохоос инээд хүрдэг.

-Та өөрөө ч гэсэн сайн л хошигнодог юм байна шүү дээ. Яах гэж ингэж байдаг юм бэ. Үзэгчид Роберт та хоёрын учрыг олох гэж нойргүй хонож байна. Агуу Опра Уинфригийн шоунд оролцож тэднийг бүтэн нойртой хонодог болгохгүй юм уу. Тэр таныг гуйгаад дийлээгүй гэж байсан?
-Үгүй ээ. Би нээрээ үнэнээсээ Паттинсоноос өвдөг дээрээ сөгдөж байгаад шоунд оролцооч гэж гуйсан юм шүү. Гэхдээ тэглээ гээд яана гэж. Түмэн үзэгчдийн дунд сууж байгаад өөрсдийгөө эхнэр нөхөр гэж зарлах гэж үү. Тэгээд намайг үзэгчдийн өмнө үнсээд л. Утгагүй юм.

-Р.Паттинсон танд анхны харцаар дурласан гээд байгаа. Гэтэл анхны харцаар дурласан хайр урт насгүй байдаг гэдэг шүү дээ. Энэ талаар та юу гэх вэ?
-Белла Эдвардтай учирсан явдал сэтгэл төдийгүй бие махбодыг ч гэсэн өөрчилдөг шүү дээ. Анхны харц хуурмаг байдаг гэдэгтэй санал нийлдэг ч одоогоор надад тохиолдоогүй л байна. Гэхдээ түрүүнээс хойш таны муу амлаад байгаа шиг явдал болсон ч гэсэн би амиа хорлохгүй гэдэгтээ бат итгэлтэй байна шүү. Зарим охид анхны харцаар дурласан хайртайгаа одоо болтол жаргалтай сайхан байж л байна. Юм хоёр талтай. Танай хөршийн хашаан дахь зүлэг бүгд ногоон байдаггүй биз дээ.

-Та найз Майкл Ангараногоо Робертоос болж хаясан гэдгийг бүгд мэднэ?
-Би Майклтай "Ярь" киноны зураг авалтан дээр танилцсан (Бусдад хүчирхийлүүлснээсээ болж ярьж чадахаа больсон 13 настай охины дүрд тоглож байжээ). Тэр маш сайн жүжигчин. Гэхдээ бид таны хэлсэн шиг Робертоос болж салсан юм биш ээ. Хүн өөрөө өөртөө итгэх хэрэгтэй юм гэдгийг би энэ явдлаас ойлгосон.

-Гэтэл та MTV Award-аас шагнал гардахдаа тайзан дээр найз залуугаа маш хуурмагаар үнсч байгаа харагдсан?
-Олон камерын өмнө биеэ барьсан байж болох юм.

-Таныг барби болгож хийсэн байна лээ. Таалагдсан уу?
-Үзсэн. Хөх нь минийхээс арай том болчихсон юм шиг санагдсан (инээв). Бас их хөгшин царайтай болсон байна лээ. Гэтэл би чинь өсвөр насны охин шүү дээ. Энэ асуудлаар заргалдах бодолтой байгаа шүү (инээснээ тоглосон юм аа гэж өгүүлэв).

-Та 14 настай байхдаа сургуулиа хаясан гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Эцэг эх маань намайг кинонд тоглох сонирхолтой байгааг мэдээд боломж олгосон. Гэхдээ би жүжигчин болохоор маш их хичээллэсэн. Тэгээд ч бусдаас ялгаагүй л боловсорсон. Дунд сургууль төгссөн гэрчилгээгээ ч олж авсан.

-Жоди Фостер танд их юм заасан байх даа. Роберт де Ниро ч гэсэн?
-Тийм ээ. Бас Шон Пенн байна. Шон ажлаа хийхээрээ шал өөр хүн болдог. Жоди бол арай өөр. Биеэ их тайвнаар авч явдаг, Шон шиг "алаад" байхгүй.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна?
-Их л уйтгартай байна даа. Зураг авалтгүй үед их уйддаг. Ном уншиж, хөгжим сонсож хэвтэнэ. Гараад та мэтийн хүмүүстэй тулгарах тул ингэхээс өөр аргагүй. Нээрээ би юм бичиж байгаа юм байна шүү дээ. Санаа бодлоо цаасан дээр буулгах дуртай болсон. Бага зэрэг авьяастай ч юм шиг санагдаад байгаа шүү.

-Таныг олон нийтийн ажилд оролцдоггүйд фэнүүд чинь их сэтгэл дундуур байдаг юм билээ. Хэрвээ тэгдэг сэн бол юунд ингэж уйдах вэ?
-Тэнд чинь папарацциуд зөндөө байгаа шүү дээ. Тэгээд л намайг шууд "хоп" гээд л залгичихдаг юм байгаа биз дээ.

-Таныг кинонд тоглосноосоо хойш цус сорогчоос айгаад библи, сармис байнга биедээ авч явах болсон гэлцэх юм. Танд яг одоо сармис байна уу.
-Байхгүй ээ, оргүй хоосон яриа. Би цус сорогчдоос илүү шүтэн бишрэгчдээсээ айдаг. Хачирхалтай санагдаж байгаа ч тэдний дунд гаж донтнууд зөндөө байгаа  шүү дээ. Нэг жүжигчин бүсгүй үүнээс болоод цагдаагийн хамгаалалтад байгааг мэднэ.

Х.Батсайхан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.