Дэлхийн цомд манайхан анх удаа түрүүлэв

2010/07/26
Share |
Дэлхийн цомд манайхан анх удаа түрүүлэв

-Олимпийн аварга Н.Түвшинбаяр дэлхийн цомын аварга боллоо-

Манай эх оронд хоёр дахь жилдээ зохион явагдсан "IJF" буюу Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээн "Чингис хаан-2010" Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн өчигдөр өндөрлөлөө.


 Амралтын өдрүүдэд Спортын төв ордонд явагдсан тус тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо амжилттай зохион байгуулан явуулав. Энэ удаагийн тэмцээнд Япон, Өмнөд Солонгос, АНУ, ОХУ, Чех, Казахстан, БНАСАУ, Армен, Малайз, Хятад, Вьетнам, Унгар, Польш, Украин, Бельги, Иран, Монгол зэрэг 20 гаруй улсын 300 жүдочин хуч сорьсон юм.

Өндөр шагналын сантай, "Лондон-2010" олимпийн их наадмын эрхийн оноо цуглуулах чухал ач холбогдолтой тэмцээн байсан учир дэлхийн шилдэг жүдочид ирсэн байлаа. Түрүү жилийн анхдугаар тэмцээнд 10-аад орны 140 гаруй жүдочин зодоглож байсан билээ. Тэгвэл энэ удаа тэмцээний нэр хүнд цар хүрээ өссөн нь харагдав. Тэмцээн зохион байгуулагч манай улсад жин тус бүрд дөрвөн тамирчин оролцуулах эрхийг Олон улсын жүдо бөхийн холбооноос олгосон юм. Энэ нь манай жүдочдод олимпийн оноо цуглуулах ховорхон том боломж байлаа.

Дэлхийн цомын тэмцээнд Японы домогт тамирчин олимпийн гурван удаагийн аварга Такахира Номүра, дэлхийн болон Ази тивийн аварга Хан Хэ Таэ, олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Ким Жэ Вун нарын дэлхийн шилдгүүд ирсэн байв. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан явагдлаа. Тэмцээний эхний барилдааныг манай улсын тамирчин Э.Номин хийж, Хятадын жүдочин Жиан Яахоныг цэвэр ялав.

Ийнхүү тэрбээр Монголын жүдочдын барилдааны гарааг амжилттай эхэлж өгсөн. Даанч Э.Номин хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Чун Жун Еэнд цэвэр ялагдсан юм. Энэ жинд барилдсан Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт Казахстаны тамирчинг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Армены бөх Арутиунян Гаяанег гурван юко үнэлгээгээр хожиж яваад цаг дуусахад нэг минут 36 секунд дутуу байхад жийж давуулж шидэх мэхэнд орж цэвэр ялагдал хүлээв.

Ийнхүү Б.Бат-Эрдэнэ бүрэн хожих боломжоо алдаж, торгуулийн тойрогт М.Уранцэцэгтэй барилдан ялж хүрэл медалийн болзол хангав. Энэ жингийн алтан медалийг Японы бөх Харума Асами хүртсэн
юм. Монголчуудын гол найдварыг хүлээж байсан ОУХМ М.Бундмаа 52 кг-ын жинд барилдсан. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын ал-тан медальтай, Азийн аварга, дэлхийн чансааны дөрөвт яваа Японы бөх Юка Нишидаад ялагдан мөнгөн медалиар энгэрээ мялаав. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Өмнөд Солонгосын бөх Ким Жа Ди алтан медаль хүртэж, манай улсын тамирчин ОУХМ Т.Баттөгс хүрэл медаль хүртсэн.

Ц.Мөнхзаяа дэлхийн цомын хошой аварга боллоо
Манай Улсын шилдэг жүдочин ОУХМ Ц.Мөнхзаяа 63 кг-д бүх өрсөлдөгч нараа цэвэр ялж аваргын алтан медалийг хүртэж монгол түмнээ баярлуулав. Дэлхийд чансаагаар 13-т байгаа Ц.Мөнхзаяа ийнхүү дэлхийн цомд хоёр жил дараалан түрүүлэн чансаагаа ахиулах сайхан боломжтой боллоо. Эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаанууд хамгийн их сонирхолтой өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн.

Алдарт Номүра ялагдал хүлээв
Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт ОУХМ Д.Төмөрхүлэг, 1996, 2000, 2004 оны олимпийн аварга Японы алдарт бөх Тадахиро Номүраг барилдааны үндсэн цаг дуусахад 40 секунд дутуу байхад үүрэх мэх хийж юко үнэлгээ авч алтан медалийн эзэн болов. Энэ жинд барилдсан "Их дуулга" дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн эзэн Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Тэрбээр БНАСАУ, Казахстаны бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө Д.Төмөрхүлэгтэй барилдан ялагдаж, торгуулийн тойрогт БНАСАУ-ын хоёр дахь бөхийг хутгах мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртэв.

Манай бөх О.Чинбат хэсгийн барилдаанд Казахстаны бөхийг ялж, Японы бөх Номүраг базари, юко үнэлгээгээр хожиж яваад үндсэн цаг дуусахад хоёр минут 40 секунд дутуу байхад цэвэр ялагдсан ихээхэн харамсалтай барилдаан байлаа. Дэлхийн чансааг тэргүүлж яваа хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, дэлхийн чансаанд гуравт эрэмбэлэгдсэн ОУХМ С.Мияарагчаа нар аваргын төлөө хоорондоо ширүүхэн өрсөлдөж, туршлага, бэлтгэлжилт илүүгээ харуулан Х.Цагаанбаатар алтан медаль хүртэж, С.Мияарагчаа мөнгө, "Их дуулга" дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт Б.Хишигбаяр, Японы тамирчин Шого Маеногийн хамтаар хүрэл медалийн тавцанд зогслоо.

Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Х.Цагаанбаатар ялагдсан юм. Манай улсын алтан медалийн буухиаг Г.Пүрэвдорж үргэлжлүүлэв. Тэрбээр хэсгийн барилдаанд Казахстан, Малайз, АНУ, Өмнөд Солонгосын бөхчүүдийг ялсан. Аваргын алтан медалийн төлөө АНУ-ын Майкаль Елдред барилдав. Энэ барилдаан тэнцүүхэн барилдаан болсон. Г.Пүрэвдорж оноо авах барилдаан хийхгүй байсан нь үзэгчдийг чамгүй бухимдууллаа. "Алтан цаг" буюу нэмэлт цагийн барилдаанд оноо аваагүй түүнийг нутгийн дэвжээ ивээж шүүгчдийн саналаар ялалтыг авав.

Энэ жингийн хүрэл медалийг Монголын тамирчин ОУХМ С.Ням-Очир, Д.Одхүү нар авсан юм. Тэмцээний хоёр дэх өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан явагдлаа. Алтан медаль хүртэх боломж өндөртэй манай улсын шилдэг жүдочин Э.Энхбат, Д.Нямхүү, П.Лхамдэгд, Д.Цэрэнханд нар ялагдал хүлээсэн нь үзэгчдийн сэтгэлийг гонсойлгов.

Дэлхийн аварга Хан Хэ Таэ боолтод оров
Харин -100 кг-ын жинд Э.Тулга Өмнөд Солонгосын алдарт жүдочин дэлхийн аварга Хан Хэ Таэг барилдаан эхлээд таван секунд өнгөрч байхад боох мэхээр ухаан алдуулан ялалт авсан нь хамгийн бахархалтай бахархууштай барилдаан байлаа. Энэ жингийн аваргын төлөө залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Тэмүүлэн, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын хооронд явагдаж, Н.Түвшинбаяр аваргын цэвэр ялалтаар өндөрлөв. Хамгийн харамсалтай барилдааныг 81 кг-ын жинд хэсгийн аваргын төлөө барилдсан О.Ууганбаатарын барилдаан байсан.

Тэрбээр Өмнөд Солонгосын бөх олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Ким Же Бунтай тэнцүүхэн барилдааныг хийж байлаа. Ким Же Буныг давуулж барихад нь хонгодон, хөл мэхийг шууд хийсэн гэдгээр торгуульж хожигдол хүлээсэн юм. Дараагийн тойрогт О.Ууганбаатар, ОУХМ Д.Нямхүүг ялж хүрэл медаль зүүв. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд залуу тамирчин Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д гавьяат тамирчин, Монголын анхны эмэгтэй жүдочдийн нэг Д.Цэрэнханд, эрэгтэйчүүдийн 90 кг-д Э.Энхбат, -100 кг-д Э.Тулга нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэй шилдэг бөхөөр Бельги жүдочин Катерин Жачкуес, эрэгтэй шилдэг бөхөөр Японы алдарт жүдочин Номүро нар шалгарав. Эмэгтэй багийн дүнгээр Өмнөд Солонгосын баг шалгарч өргөмжлөл таван мянган ам. долларын шагналыг хүртлээ. Хоёр, гуравдугаар байрт Япон, Монголын баг оров. Харин эрэгтэйчүүдийн багийн дүнгээр Монгол Улсын баг шалгарч, Солонгос, Польшийн багууд удаах байрт оров. Өнөөдөр тэмцээнд оролцсон орны тамирчин, дасгалжуулагч, шүүгчид Тэрэлж болон "XIII зуун" цогцолборт очиж амарна. Түүний дараа 27-29 ний өдрүүдэд хамтарсан бэлтгэл хийх юм байна.

Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.