Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч,,,

2010/07/27
Share |
Хүмүүс: Цэлмүүн | 
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч,,,

-Юуны өмнө “Universe best songs-2009” тэмцээний тэргүүн байрын шагналтаар тодорсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. Тэр азтай мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан шүү. Гала концерт эгшиглэсэн тэр тайзан дээр миний хүсэл мөрөөдөл биелсэн. Шагналаа гардаж авчихаад, өөртөө нэг л итгэхгүй байлаа. Хоёр дахь өдрийн тоглолт дээр өмнөх шигээ сайн дуулж чадаагүй болохоор сэтгэл гонсгор байсан.

Олон үзэгч хараад, тайзан дээр сандарч байснаас биш, шагнал хүртчих болов уу гэсэн итгэл найдвар төрөөгүй ээ, тэр үед. Аавынхаа хүслийг биелүүлж чадсан тэр баяртай агшин амьдралд минь мартагдашгүй хамгийн сайхан дурсамж болж үлдсэн. Олны танил болно  гэдэг төсөөлж байснаас маань ч илүү хэцүү юм байна. Гэхдээ би ганцаараа ялагч болоогүй ээ. 25 оролцогчоо бүгдийг нь  ялагч гэж ойлгож байгаа.

-Шагналуудаа юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө надад шагнал өгсөн байгууллагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Notebook, микрофон, CD тоглуулагч бол миний олон жил мөрөөдсөн бэлэг. Би удаан хүлээсэн бэлгээ гамтай эдэлнэ ээ. Шагналынхаа хоёр сая төгрөгийг хэрэгтэй зүйлд  ухаалгаар зарцуулахыг хичээж байгаа.

Шагналынхаа тодорхой хэсгээс буяны үйлсэд зориулж, хараагүйчүүдийн байгууллагад өгнө. Олны дэмжлэгээр гарч ирсэн болохоор шагналаа зөвхөн өөртөө зарцуулахыг би хүсэхгүй байна. Хүсэл мөрөөдлөө ч гэсэн бусадтай хуваалцъя.

-Шагнал хүртэхэд чинь баярлаад уйлсан хүн олон байсан гэж сонссон…

-Сэтгэлээрээ олон сар дэмжсэн үзэгчээс уйлсан хүн олон байсныг сонсоод их баярласан. Тоглолтынхоо маргааш  гудамжаар явж байтал танихгүй хүн тааралдаад, “Чамайг ялагч болсонд би их баярлаж байна” гээд уйлсан. Тэр хүний нулимс баярын нулимс байсан. Намайг танихгүй ч гэсэн хайрладаг хүмүүсийн итгэл найдварыг нь алдаж болохгүй гэдгийг ч мэдэрсэн.

-Тэмцээнийн ялагч гадаадын дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэх эрхтэй шүү дээ…

-“Америкийн шүтээн” тэмцээнийн тэргүүн байр хүртсэн ялагчийн тоглолтыг үзэхийг хүсч байна.

-Хэдэн сар уйгагүй зүтгэсэн хөдөлмөрийнхөө ард гарлаа. Одоо нэг тайвширч байна уу?

-Бүтэн дөрвөн сарын турш олны анхаарлын төвд байлаа. Тэмцээн дууссан гэж санаа амрах болоогүй ээ.

-Рок попын ертөнцөд зоригтой хөл тавина биз дээ?

-Миний хувьд урлагт хөлд орж байгаа хүүхэд шиг орж ирж байна шүү дээ. Урлагийн томчуудаас зөвлөгөө авч, яаж амжилт гаргах вэ гэдэг дээр суралцана. Уран сайхны киноны зураг авалт дууссаны дараа уран бүтээлдээ шаргуу оръё гэсэн бодол бий. Цомог гэж ярих надад одоохондоо эрт байна. Дуу маань анхны уран бүтээл гэдгээрээ илүү үнэтэй. 

-Өрсөлдөгчдөөсөө мэдэрсэн гоё зүйл юу байв?

-Би ч гэсэн тэднийхээ адил айж, эмээж л байсан. Шүүгчдийн өмнө гараад сандарсандаа хоолой гарахгүй болчихно. Дуулсныхаа дараа “Би юу дуулчихваа” гэж боддог байлаа. Тоглолт дээр тайзнаас буугаад л “Юу болоод өнгөрвөө” гэж их бодсон. Анх тэмцээнд оролцохдоо өөрийнхөө хүслээр ороогүй ээ. Олон хүн надад “Ороод үзээч” гэж санал тавьсан. Миний өчүүхэн авьяасыг үнэлж, урам хайрласан ард түмэндээ баярлалаа.

-Тоглолтыг чинь үзээд, аав ээж тань их догдолсон байх даа…

 -Манай гэр бүлийнхэн бүгд тоглолт үзсэн. Намайг дуулах гээд тайзан дээр  гарч ирэхэд ээж маань өөрөө дуулах гэж байгаа юм шиг их сандарсан гэсэн.

-Ааваасаа урмын сайхан үг сонсов уу?

-Аав минь сэтгэлийнхээ эмоцийг тэр бүр ил гаргадаггүй. Намайг үнсээд “Аав нь охиноороо их  бахархаж байна, баяр хүргэе” гэж хэлсэн.

-Одоо хэдэн настай вэ. Амьдралаа төлөвлөсөн үү?

-Би одоо 18 настай. Биотехнологич мэргэжлээр суралцаж байгаа. Өмнө нь  мэргэжлээ сайн эзэмшиж, ген судлаач болоод шинжлэх ухаанд нээлт хийе гэж мөрөөддөг байсан. Гэтэл тэмцээнд санамсаргүй оролцсоноор өмнө минь дахиад нэг шинэ ертөнц нээгдлээ.

Амьдрал хүнд ганц л удаа олдоно. Төлөвлөхөөс илүү харамсахгүйгээр амьдрахыг  хүсч байна.

-Дахин шинэ ертөнц үүд хаалгаа нээхээр сонин санагдаж байна уу?

-Тийм ээ. Би аль алийг нь хослуулж урагшилна. Эрдэмтэн  Эйнштейний “Амьдралыг зүйрлэвэл дугуй унаж байгаатай адил балансаа алдахгүйн тулд бид үргэлж хөдөлж байдаг” гэж хэлсэн үгийг санаж явдаг. Хэрэв дугуй унаж яваа бол нэг газар эргэлдэхийг хүсэхгүй байна. Магадгүй дугуйгаар дэлхийг аялан тойрвол надад илүү сонирхолтой санагдана. Үүнтэй адил би салбар бүрт өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг.

-Урлаг хатуу. Хэн хөдөлмөрлөж чадсан нь талбарт үлдэж чаддаг. Үүнийг ч гэсэн өөрөө мэдэрсэн байлгүй дээ…

-Шантарсандаа тэмцээнийг орхихыг хүссэн удаа бий. Урлаг ямар хатуу юм бэ гэдгийг одоо сайн мэдэрч байна. Нэгэнт бартаатай замыг даван туулж чадсан юм чинь  өөрийгөө улам сайн хурцална гэж боддог.

  -Үнэхээр шантарч байсан гэж үү. Хэрвээ орхисон бол харамсалтай л байх  байж дээ…

-Шилдэг 25-д үлдчихээд гаръя гэж бодсон. Тухайн үед хэн нь ялагч болох нь таагдашгүй байсан. Намайг оролцогчид маань гаргахыг үнэхээр хүсээгүй. “Би одоо л гармаар байна” гээд үүдэн дээр уйлж байснаа сайн санаж байна. Одоо тэднийгээ үгүйлж, санаж байна шүү.

-Америкийг үзэнгээ Европын орнуудаар аялах уу?

-Америкийг сайхан орон гэж ярьдаг шүү дээ. Өөрийн нүдээр харсан цагтаа сайхан бүхнийг нь мэдрэх байх. Үүнээс гадна Египетийг үзэхийг  үнэхээр их хүсч байна.

-Одоо ч утасны дуудлага тасрахгүй л байгаа биз дээ?

-Шагналд маань шинэ азын дугаар ирсэн. Гэртээ очингуутаа бэлгээ задлаад, шинэ дугаараа барьсан. Хүн хүсэл мөрөөдлөө бага гэж голж болохгүй. Мөрөөдсөн мөрөөдөл бүхэн хэзээ нэгэн цагт биелдэг юм билээ шүү. 

 -Урлаг одоо таны татгалзаж чадахгүй салбар боллоо шүү дээ…

-Өмнө нь би өөрийгөө дуулж чадахгүй гэж ятгаад урлагаас хөндийрөх зорилго тавиад салж чадаагүй. Одоо бол урлагт хөл тавих маань тодорхой боллоо. Гурван настайдаа "Ямаха" хөгжим сонирхож, урлагийн анхны мэдрэмжтэй болсон. Аажимдаа бөмбөр тоглож эхэлсэн. Одоо морин хуур сонирхоод, хичээллэж байгаа. Надад сурч мэдэх хүсэл, эрмэлзэл их байдаг.

-Өөртэй чинь хамтарч ажиллая гэсэн санал хүсэлт хэр их ирж байна вэ?

-Ирж байгаа. Тэмцээнийг зохион байгуулсан зохион байгуулагчид бидэнд “Киноны зураг авалтын үеэр ямарваа нэг байгууллагатай гэрээ хийхгүй байх хэрэгтэй. Харин дууссаны дараа та бүхэн өөрсдийнхөө ажлыг эхлүүлээрэй” гэж захисан.

-Реклам, сурталчилгаанд тоглуулах санал ирвэл хүлээж авах уу?

-Миний имижэд тохирсон кино, рекламны санал ирвэл татгалзахгүй ээ.

-Цэлмүүн ямар ч үед өөрийнхөөрөө байж чадах  уу?

-Саяхан интернэтэд сууж, залуусын сэтгэгдлийг уншлаа. Зарим нэгнийх нь үгэнд гомдож, сэтгэлээр унасан. Надад хэлэх нэг л үг байна. Би хүн болгонд таалагдах албагүй. Ингэж бодоод, өөрийгөө зоригжуулж тайвширсан. Нэр хүндтэй, олны танил болохоороо хүн их зантай болж өөрчлөгддөг гэж хүмүүс ярьдаг. Ямар ч үед би анх байсан шигээ хэвээрээ үлдэнэ.

-Өөрийг тань хүмүүс эрлийз царайтай охин байна гээд яриад байсан…

-Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хүмүүст хэлж ойлгуулсан. Гэсэн ч  хүлээн зөвшөөрөхгүй байна. Би монгол аав, ээжээс төрсөн, энгийн нэг охин.

Монголын цус бидний судсаар гүйж байгаа. Нэгнийгээ  хатуурхаж муулаад яах юм бэ, улам л эв, эе эвдэрнэ биз дээ. Монголчууд аа бие биедээ түшиг болж, эвсэг амьдаръя л даа. Хүмүүс яагаад урлагийн хүмүүсийг зүрх сэтгэлгүй гэж боддог юм бэ.

Хүмүүс намайг хүндэлж байхыг харчихаад эхэндээ баярлаж байсан. Гэтэл  “Энэ охины аз таарч ялагч боллоо. Хойшдоо юу хийж чадахыг нь харъя л даа” гэж ярихыг нь сонсоод их гайхсан. 

-Шүүмжлэл даах, муу үгийг мартах сэтгэлийн тэнхээтэй байж чадна биз дээ?

-Олон хүн надад ”Хүн муулдаг зан Монголд л байдаг юм. Сэтгэлээр битгий унаарай" гэж хэлж байсан. Энэ дашрамд хэлэхэд Монголчууд гадагшаа гарч байгаа залуусаа эх орноо гэх сэтгэлгүй гэж уурладаг. Тэгвэл залуусаа өмөөрөх сэтгэл надад байна. Хэдийгээр эх орондоо хайртай ч өнөөгийн нийгэмд амьдрах тэдэнд хэцүү санагдаж байгаа. Нэгнээ муулж, нөгөөгөө гоочилдог, хийсэн хөдөлмөрийг нь үнэлдэггүй уур амьсгалд яаж сэтгэл тайван амьдрах юм бэ. Тэд Монголдоо хайргүй биш, хайртай. Харин энэ нийгэм өөрчлөгдөхийг л хүлээж байгаа.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Англи хэлээр хэвлэгдсэн “Listen Up” ном уншлаа. Тэр номонд сонсох чадвараас бүх зүйл эхэлдэг тухай сонирхолтой байдлаар өгүүлсэн байна лээ. Амжилтад хүрье гэвэл сонсох нь чухал байдаг. Cонсоно гэдэг харилцааны хамгийн энгийн зүйл.

Энгийн зүйл өөрөө олон зүйлийг агуулдаг. Энэ ном намайг өмнөх байдлаас минь өөрчилж чадсан.

-Сэтгэлдээ залбирч, шивнэдэг үү?

-Би гутрах үедээ бурханд “Бурхан минь ээ, миний мөрөөдлөөс илүү таны хүсэл биелэг” гэж залбирдаг. Юутай ч сэтгэлийн минь үгийг бурхан сонссон байх аа. 

 -Ирээдүйн амьдралынхаа тухай боддог уу?

-Би сайн эзэгтэй, сайн ээж байхыг хүсдэг. Юуны тулд эмэгтэй хүн болж төрлөө, үр удмаа үлдээх ёстой шүү дээ. Энэ ч утгаараа олон хүүхэдтэй байхыг боддог. Олуулаа өссөн айлын хүүхдүүдийг харахаар цаанаа л нэг гоё, сайхан санагддаг юм. Би эрэгтэй найз олонтой. Зарим нь “Би эхнэртэй болохгүй  ээ” гэж ярьдаг. Тэр үгийг нь сонсоод их гайхсан шүү.

-Яагаад гэж асуусан уу?

-Тийм ээ. Тэдний “Хүн залуу насандаа цэнгэж зугаацах ёстой шүү дээ” гэхийг сонсоод гутарсан.

-Эмэгтэй хүн болж төрсөндөө баярлаж, бахархдаг уу?

-“Ээж ээ” гэж дуудах үрээ төрүүлсэн бүсгүй эх хүн болж байхдаа хамгийн аз жаргалтай байдаг болов уу. Надад сайхан амьдрал, хайр,энэрлийг бэлэглэсэн ээждээ баярлаж явдаг.

-Хайрын тухай бодлоосоо хуваалцаач…

-Хайр гайхамшигтай, агуу хэрнээ  хүнийг гомдоож, бас баярлуулж чаддаг. Би бусдын адил  анхны хайртайгаа учраад, бүтэлгүйтэж байсан.

Нэг залууг олон жил хайрлаж явсан. Амьдралд би нэг их яарахгүй байгаа. Яагаад ч юм, надад аав, ээжийнхээ залуу сайхан байсан тэр цаг хугацаа руу  оччихмоор санагддаг. Өнөө цагт ариун хайрын үнэ цэнэ, нандин чанараа алдаж, өнгө мөнгөнд зүрх сэтгэлээ худалдах болсон байна. Хүн хэн нэгнийг хайрлаад ирэхээрээ муу талыг нь олж хардаггүй. Тийм ч болохоор ”дурлал сохор” байдаг биз.

-Энэ бүхэнд харамсдаг уу?

-Үгүй ээ, харамсдаггүй, бас гутардаггүй. Алдаан дээрээсээ суралцаж, дахиж алдахгүй юмсан гэж боддог. Би хайранд хар байх ёсгүй гэж боддог. Залуус хайр, дурлал хоёрыг ялгахгүйгээсээ болж алддаг юм шиг санагддаг. Хайр мөнхийн байхад дурлал бол сонирхол төдий өнгөцхөн зүйл. Хэрвээ хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа бол хүндэлдэг байх хэрэгтэй.

-Амьдрал нэг бодлын амтат жүрж, нөгөө бодлын давс юм шиг санагддаг уу?

-Амьдралыг би тольтой зүйрлэдэг. Хэрвээ амьдралын хөрсөнд мууг таривал мууг л хураана. Ганц олдох амьдралаа аз жаргалтай байлгах уу, эсвэл зовлонгоор дүүргэх үү гэдгээ хүн өөрөө шийддэг. Тийм болохоор хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай хандаж,  бодол санаагаа зөв ухаанаар жолоодох хэрэгтэй.

Амьдрал зовлон, жаргалтай. Хааяа ганцаардаж, гутарсан үедээ бусдад  хайрлагдаж байгаагаа мэдэж чадвал бэрхшээлтэй олон зүйлийг давж чадна. Хүн бурхнаас хайрлагдах тавилантай төрсөн юм шүү. Бие биедээ урам хайрлаж, нэг нэгнээ эрч хүчээр тэтгэж амьдаръя, хүмүүс ээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.