Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагүй

2010/07/28
Share |
Хүмүүс: Quiza | 
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагүй

Дуучин Quiza-ийн ярианаас уншигч Та ямар хүн бэ гэдгийг нь өөрийнхөөрөө үнэлж, дүгнэх биз ээ.

-Уран бүтээлийн яриаг түр хойш тавиад, амьдрал, хүсэл мөрөөдөл, үзэл бодлын тань тухай ярилцъя. Болох уу.

-Тэгье. Бололгүй яах вэ.

-Та эхнэр, охидоо хайр халамжаар дутаадаггүй хүн шиг санагддаг. Охидоо урлагийн зам  сонговол дэмжинэ биз дээ?

-Охидоо юу сонирхож байгааг  судлах нь аавын хувьд миний үүрэг гэж боддог. Одоогоор тэднийхээ юунд дуртайг мэдэх гэж их хичээж байна. Том охин маань минийх гэлтгүй гадаадын дуучдын дууг сонирхож сонсдог. Хүсэл сонирхол нь юунд тэмүүлж байна, түүгээр нь л явуулна.

-Гэр бүл тань таныг бүх талаар чинь дэмждэг гэж ойлгож болох уу?

-Дуу, бичлэг, клип гээд гэрийн бараа харахгүй оройтох үе зөндөө.  Ойлгож дэмждэгийн хүчинд л өдий дайтай яваа. Надад гэр бүл маань уран бүтээл хийх хүсэл, онгод төрүүлж чаддаг гэж би ойлгодог.

-Танайхыг  аз жаргалтай гэр бүл гэж бодож байна…

-Гэр бүлээ аль болох халуун дулаан уур амьсгалтай байлгахыг  хичээдэг. Энэ бүхнийг  ганцаараа бүрдүүлээгүй л дээ. Ханийн маань үүрэг, оролцоо, сэтгэл нь ч бас шингэсэн. Амьдралд дуртай байхын гол утга учир хайртай хүнтэйгээ амьдрах шүү дээ. Түүнийхээ төлөө бүхнээ зориулж явах шиг сайхан зүйл хаа ч байхгүй. Цаг хугацаа хайртай хосуудын мөн чанар, зүрх сэтгэлийг үнэнээр нь таниулж чаддаг Бүх зүйл нь хангагдсан амьдрал тийм ч амттай, сонирхолтой биш  санагддаг. Зорилгодоо хүрчихээд, дуртай ажлаа хийж, сэтгэл хангалуун амьдрахыг аз жаргал гэж боддог шүү.

-Харж байхад эхнэр тань даруухан, танд бас үнэнч бүсгүй шиг санагдсан шүү… 

-Өөрийнхөө эхнэрийг магтах хаашаа ч юм бэ. Дуундаа энэ тухай тодорхой өгүүлсэн байгаа. Сонссон хүн сайн мэдэх байх.

-Хэр сайн аав бэ?

-Энэ тал дээр өөрийгөө дажгүй гэж боддог. Одоохондоо эхнэр, охидоосоо гомдол сонсоогүй л явна. Гомдол сонсохгүй байхыг ч их хичээдэг.

-Залуу хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, амжилтад хүрэх сайхан гэж хэлж байсан чинь санаанд буулаа… -Би тодорхой зорилготой, түүнийхээ төлөө тэмүүлж яваа. Залуу хүнийхээ хувьд хүсч мөрөөдөж, түүнийхээ төлөө тэмүүлж, өөрийнхөө хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдаръя гэж боддог. Хүн амьдрал, аз жаргалынхаа төлөө тэмцэх гэж төрдөг. Тэмцэнэ гэдэг хүний мөн чанар нь байх. Юу хийхээ мэдэхгүй, тэмцэх чадваргүй, хийх ажилгүй суувал гутамшиг амьдарна биз дээ.

-Тэмцлийнхээ дундаас шантрах асуудал гарвал та яах вэ?

-Амьдралаас зугтдаг, бас амьдрахаас шантардаг хүн байхгүй л болов уу. Хүнийг татах сайхан зүйл амьдралд олон бий. Тэр болгоны төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй шүү дээ.   

 -Амьдрал юун дээр тогтдог юм бэ?

-Хүмүүс хайр, итгэл гэж ярьдаг юм билээ. Миний хувьд зорилго дээр тогтдог гэж боддог.  Надад амьдрал ертөнц юм шиг санагддаг. Ертөнцийг хүн нэг хараад танихгүй. Амьдралын туршид үзэж харж, тодорхой цаг хугацааг туулж байж мэдэрдэг.

-Хамгийн жаргалтай мөч…

-Гэр бүлтэйгээ хамтдаа байх нь хамгийн сайхан жаргалтай мөч байдаг.

-Эр хүн ямар байх ёстой вэ?

-Эр хүн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зорилгынхоо төлөө, амьдралынхаа төлөө зүтгэж чаддаг сэтгэлтэй байх ёстой. Овсгоотой, сэргэлэн зангаас илүү ухаанаараа  амьдралыг  залж, хамгийн зөв, оновчтой шийдвэрийг ч гаргаж чаддаг байх хэрэгтэй.  

-Монголд сайхан амьдрах боломж байна уу?

-Мөнгөнөөс өөр зүйлийг харж байгаа бол сайхан амьдрах боломж, бололцоо Монголд байгаа. Хамгийн гол нь орон зай, гарцыг нь  зөв олж харах хэрэгтэй. Хэрвээ мөнгө  бодож байгаа бол гадаад руу явахаас өөр арга байхгүй.  

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуусыг зөв гэж бодож байна уу?

-Тэднийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Хүн эрх чөлөөтэй нийгэмд төрсөн л бол хаана амьдарч, ажиллахаа өөрөө шийдэх эрхтэй.

Хүсэхгүй байгаа орчиндоо хүчээр амьдарна гэдэг боогдмол нийгмийн шинж чанар байх. Ямар нэгэн зүйлийг ойлгохын төлөө тэд явж байгаа болохоос эх орноосоо дайжиж, зугатах гэж хүний нутагт хөл тавиагүй. Залуучууд маань ухаарч, аливааг зөв харж эхэлж байна. Би ч гэсэн гадаадад амьдарч л байсан. Тэнд байхдаа Монголдоо дуулах ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Яагаад гээч, бидэнд эх нутагтаа ажиллаж, амьдрах, дуулах эрх байгаа. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд маань ч байна.

Хэдийгээр харийг зорьсон ч гэлээ нэг л өдөр гэртээ ирж таарна шүү дээ. Залуус эх орноо гэх сэтгэл зүрхгүйдээ биш, харин эрх чөлөө, чөлөөт нийгэмд ажиллаж амьдрахыг хүссэндээ тэр.

-Монголд эрх чөлөө байгаа шүү дээ. Харийн нутаг сайхан ч хатуугаа мэдрүүлдэг биз дээ?

-Тийм ээ. Эх оронтой байна гэдэг сайхан. Би найзуудтайгаа хамтраад кино хийе гээд зориглосон, хийж чадаж байна. Хэрвээ Англид байсан бол хэзээ ч чадахгүй. Зүгээр л аяга, таваг, шал угаагаад л явж байна шүү дээ. Харин Монголдоо кино хийж, дуу дуулж, бизнест ч хүч сорьж болно.  Хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна.   

-Залуу хүний хувьд эх орноо аль талаас нь илүү хөгжүүлмээр санагддаг вэ?

-Эхлээд дутагдлуудыг нь хэлье. Хүний эрх зөрчигддөггүй, хүн болгон дуртай зүйлээ хийдэг бол үр дүн нь гарч ирнэ. Хамгийн гол нь залуустаа итгэж,  боломжийг нь бүрдүүлж өгч чаддаг байх хэрэгтэй. Монгол орон хөгжихөд зөндөө зүйл дутуу байна.

-Танд Монголоо гэсэн үндсэрхэг үзэл байдаг уу?

-Байдаг. Гэхдээ үндсэрхэг үзэлтэй гээд хятад хүнийг барьж аваад учиргүй балбаад, элдвээр доромжилж, дарамтлаад, хөөж туух биш. Гадныхны хийж чадаад байгаа зүйлийг бид яагаад Монголдоо түүнээс ч илүү хийж чадахгүй гэж. Энэ бодол маань магадгүй миний үндсэрхэг үзэл байж болох.

-Шударга үгнээсээ болоод найз нөхдөө гомдоочихсон тохиолдол байдаг уу?

-Байдаг л юм. Дараа нь “Шударга хэлсэнд уучлаарай” гэж хэлдэг. Найз нөхөд маань миний ямар зантайг сайн мэддэг.  -Тэгвэл уучилж байсан удаа…

-Уучилна гэдэг нигүүлсэл юм. Эр хүний мөн чанарыг ч таниулж чаддаг зүйл. Би бусадтай нээлттэй байхыг хүсдэг. Үүнийгээ уран бүтээлээрээ ч илэрхийлж чадсан. 

-Үеийнхээ залууст хандаад юу хэлэх вэ?

-Энэ л орчинд амьдарч байгаа бол гоё кино үз, өөртөө таалагддаг сайхан хөгжмөө сонс. Бидний өмнө бүх зүйл нээлттэй байгаа. Зоригтой бай. Цаг үеэ мэдэрч амьдар. Хэрвээ өөрийгөө хүндэлж, тэмцэж чадахгүй бол  бусдад  дээрэлхлүүлсээр байх болно шүү.  

-Уран бүтээл шинээр хийж байна уу. Сонирхуулж яриач?

-Миний хувьд нэлээд уран бүтээл туурвилаа. Удахгүй эхнээсээ хүрч эхэлнэ. Олны сонорт хүргэнэ гэдэг уран бүтээл хийхээс дутахгүй ажил болсон байна шүү. Цаг хугацаа ч чамгүй зарцууллаа.

-Өнгө аяс нь өмнөхөөсөө өөр байна биз дээ?

-Бүх зүйлээрээ өөр байхыг зорьсон. Хөгжмийн хувьд өвөрмөц шинэлэг. Жааз, хип хоп урсгалтай. Шинэ уран бүтээлдээ нийгмийн болоод өөрийнхөө амьдралыг өгүүлсэн.

-Амьдрал, хүсэл мөрөөдлийг тань цомгийг чинь сонсоод мэдэж болох нь ээ…

-Тийм ээ. Миний үзэл бодол, амьдралыг мэдье гэвэл цомгийг минь сонсоорой. Би танд дуртай зөвшөөрч байна.

-Кино урлагт хүч сорих бодол байна уу. Нэлээд бүтээл дээр хамтарч ажиллалаа шүү дээ…

-“Луйврын хот” кино бараг бэлэн болсон. Долдугаар сард үзэгчдийн хүртээл болно. Өнөөгийн нийгэм залуусын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорилоо. Улаанбаатарын залуус биднийг их дэмжиж байгаа. Яагаад гэвэл хэлэх гэж байгаа зүйл маань нэг учраас. Үнэнийг хэлэхэд би киноны тал дээр муу, жүжиглэлт тааруухан л даа. Энэ бүтээлийг продюсерлэж, дууны найруулгыг нь гардаж ажиллаж байна. Гэхдээ нэг дүр бүтээж байгаа. Тэр бол Quiza-гийн жинхэнэ бодит дүр. 

-Өнгөрсөн жил Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчилье гээд залуусыг уриалж, “New UB” клуб байгуулсан. Дэмжиж байгаа залуус одоо ч их байна…

-Хүн тайван, тохилог газарт сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Нэг л гоё байшинд амьдраад байдаг, гэтэл гадуур гараад явахаар шороо шуурч, зам нь эвдрээд, бөөн  бөглөрөл үүсчихдэг. Хичнээн сайхан ордонд амьдарсан ч явах, үзэх, хөгжих орчин чинь ийм л байна шүү дээ гэдгийг үнэнээр нь хэлсэн. Хөгжлийг хотоос эхлүүлье гэж боддог. Хэлж байгаа зүйл маань  өөрийгөө болоод бусдыг хайрла, амьдарч байгаа орчин, нийгмээ хүндэлж байгаа бол хог бүү хая.

-Уран бүтээлээсээ гадна гэр бүлдээ цаг зав гаргаж байна уу?

-Аль алийг нь амжуулахыг хичээж байна даа. Зарим үед гэр бүлдээ цаг зав түлхүү гаргаж, уран бүтээлдээ бага зарцуулах тохиолдол бий. Би ямар нэгэн зүйлд баригдахыг хүсдэггүй. Цаг хугацаа, уран бүтээл, амьдралаа өөрөө зохицуулж амьдрахыг хүсдэг.   

 Ярилцсан Г.Батцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley VBHSa5 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:02:03
wmottlkd Pr2zMpqpmhadweslbl, [url=http://jyfuvuvagxlw.com/] jyfuvuvagxlw[/url], [link=http://fepmcjbtsijx.com/ ]fepmcjbtsijx[/link], http://ncgswyngbqfm.com/
IP:46.161.9.32  2016-06-25 15:39:18
qeytibxzq mCc3jUvhlmetrypxij, [url=http://wgqtfqsrexaj.com/] wgqtfqsrexaj[/url], [link=http://ffeiztlijiiw.com/ ]ffeiztlijiiw[/link], http://locmogqupbgr.com/
IP:31.184.238.205  2017-06-14 01:32:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.