М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг Сүнжид багш аа гэж дууддаг болсон

2010/07/28
Share |
Хүмүүс:
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг Сүнжид багш аа гэж дууддаг болсон

МҮОНТВ-ийн уран бүтээл “Хэцүү анги” олон ангит киноны Сүнжид багшийн дүрийг бүтээсэн жүжигчин М.Саранцэцэгийг  “Хүмүүс” буландаа урьж ярилцлаа.

-“Хэцүү анги” нэртэй олон ангит кино үзэгчдийн  сэтгэлийг их татсан байна лээ?
-Тийм ээ. Энэ кино олон хүүхдийг олны танил, олон уран бүтээлчийг амжилтад хүргэсэн. Уг уран бүтээлийг гар, сэтгэл нийлж хийсэн Монгол телевизийн хамт олонд баярлалаа.

Сүнжид багшийн дүрд тоглох саналыг надад найруулагчаар ажилласан Навчаа тавьсан юм. Зохиолыг нь уншаад эхэндээ шантарч, олон ангит киноны гол дүрийг бүтээнэ гэдэг хэцүү санагдсан л даа. Багш хүний ажил амаргүй юм билээ.

Хүн бүр ажлынх нь  зовлон, жаргалыг тэр бүр мэдэрдэггүй шүү дээ. Киноны зохиол сайн байсан. Хамтарч ажилласан уран бүтээлчид маань надад бүгдээрээ хийж,  бүтээе гэсэн  урам дэм хайрласан. Энэ киноноос хойш саяхан нээлтээ хийсэн “Монголд” продакшны  уран бүтээл “Ахан дүүс” киноны туслах дүрд тоглолоо.
 
-Энэ кино сургуулийн багш, сурагч, удирдлагуудын харилцаа өнөөгийн нийгэмд  ямар байгааг үнэн бодитоор харуулсан шиг санагдсан?
-Бидний суралцаж байсан үеэс өнөөгийн нийгэм, хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, үзэл бодол их өөрчлөгдсөн. Нийгэм эрх чөлөөт байдал руу шилжиж, өөрчлөгдөхийн хэрээр удирдлагууд ёс зүйгээ алдаж, тэр байдал нь хүүхдүүдэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй ялгааг гаргасан.

Хүүхдүүд нээлттэй ертөнцөд амьдарч байгаагаа мэдэрч, “Яагаад бидний бодсон буруу, та нарынх зөв болдог юм бэ” гэдэг түмэн асуулт багш нартаа тавих болсон байна.Тэгэхээр томчууд бид хүүхдүүдэд муу талаараа үлгэр дуурайл болж, тухайн амьдарч байсан нийгмийнхээ сайныг үлдээж чадаагүй юм байна гэдгийг харуулсан.

Хөөрхий, хөдөөнөөс ирсэн багш дааж авсан ангийнхаа төлөө чадлынхаа хэрээр гүйж, муу муухай үгээр доромжлуулж, эцэст нь амжилтад хүрдэг шүү дээ. Энэ киноноос үзэгчид сайн талыг илүү олж харсан байх аа гэж бодож байгаа.

-Та багш хүний хөдөлмөр ямар хэцүү байдгийг хэсэг хугацаанд ч гэсэн мэдэрсэн биз?
-Хөдөөнөөс ирсэн багш шинэ хамт олны дунд анх хөл тавьж, анги дааж авна гэдэг хэцүү юм шиг санагдсан. Гурван дэрсхэн хүүхэд бужигнаад, үймүүлэхэд аав, ээж нь “ядарлаа, зүдэрлээ, чимээ шуугианаа боль” гээд чихээ бөглөх нь холгүй болдог доо.

Тэгвэл багш хүн 30 хүүхэдтэй анги, сургуулийн бусад ангийн хүүхдүүдийн чимээ шуугиан дунд стресс ихтэй ажилладаг. Хэдий хэцүү ажилтай ч хүүхдүүдийнхээ баяр хөөр, гэнэн цайлган сэтгэлээс зөв энерги авдаг юм байна гэдгийг их мэдэрсэн.

-Киноны явцад олон хүн танд урам дэм хайрлаж байсан гэл үү?
-Орон нутгийн үзэгчид “Хөөрхий, Сүнжид багш хоёр охинтойгоо амьдардаг юм билээ”гэж бодит амьдрал мэт хүлээн авч, сэтгэлийн дэм их өгсөн. Манай хоёр хүүхдийн дүрийг бүтээсэн охид чадварлаг тоглосон шүү. Ариунтөгс, Ганчимэг хоёртой тоглоход надад илүү амар байсан.

Бид яг жинхэнэ ээж, охид шиг  тоглож чадсан.“Навсгар” хэмээн дуудуулдаг Сүнжид сүүлдээ ямар Сүнжид болж байгааг харуулахыг  их хичээсэн дээ. Ангийн маань хүүхдүүд киногоо чимэхийн тулд самбар дээр “Хөдөө нутгийн үзэсгэлэн гоо, хотод ирээд матаржингоо, хоёр ээлжийн хувцастай, хосгүй саарал хослолтой” гэж өөрсдөө зохиож бичсэн байсан. Уран бүтээлчид маань уншаад нулимсаа гартал хөхрөлдсөн.

-Билгүүн, Тэмүүн, Дөлгөөн шиг иймэрхүү зан араншинтай хөвгүүд хувийн сургуульд байгаа шүү дээ?
-Сургуулийн хүүхдүүд өөрсдөө энэ гурав шиг зан араншинтай хүүхэд байдаг гэдгийг хэлж байсан. Энэ киноны зохиол судалгааны үндсэн дээр бичигдсэн юм билээ.

Үүнийг үгүйсгэсэн үг, хэл одоогоор гараагүй. Төгсөлтийнхөө баяраар баар, цэнгээний газар ордог сургуулийн хүүхэд олон байдаг тухай сонссон. Тэгэхээр энэ бүхэн худлаа биш. Эцэг, эхчүүд эд хөрөнгөөс илүү хүүхдүүдийнхээ сэтгэлзүйг мэдэрч, тэдэнтэй ойр дотно, нээлттэй харилцах ёстой юм байна гэдгийг сайн ойлгосон байх аа.

-Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ гэдгээ ойлгосон зарим нэг эцэг, эх тань руу утасдсан гэл үү?
-Тийм ээ. Миний нэг найз хангалуун амьдралтай л даа. Тэгсэн нэг өдөр над руу утасдаад, “Найз нь энэ киног үзээд хүүтэйгээ ярилцаж үзье гэж бодлоо. Би Тэмүүний ээжтэй төстэй юм байна.Хүүхдээ бүх зүйлээр дутаахгүй хангадаг хэрнээ дотоод сэтгэлдээ юу бодож явдгийг тэр бүр мэддэггүй. Ингэж болохгүй юм байна шүү” гээд хэлж байсан. Тэмүүний аав, ээжийн хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа харилцаанаас хүмүүс олон зүйлийг тусгаж авсан байна лээ.

-Кинонд тоглох үед хөгжилтэй, бас хэцүү зүйл юу байв?
- Манай ангийн хүүхдүүд урлагийн үзлэгээс болоод нөгөө ангийнхантайгаа зодолддог шүү дээ.Тэр хэсгийн зургийг авч байхад би хажууд нь зогсож байсан. Хүүхдүүд хэдий зодолдсон ч нэг нэгнээ бэртээхгүй гэж хичээж, биеэ барьж байгаа нь их хөгжилтэй санагдсан.

Сагсны тэмцээн дээр 17 настай хүүхдүүдийн хөдөлгөөн, хурдыг гүйцэхгүй их хэцүү байсан. Арай гэж амьсгаа аваад зогсоход сагс тоглож буй хүүхдүүдээс нэг нь гүйж ирээд,  мөргөөд унагачих жишээтэй. Монгол телевизийн уран бүтээлчид биднийг аль болох тав тухтай байлган, өдөрт гурван удаа хооллож, “Сэрүүлэг” дээд сургууль өөрийнхөө сургууль, дотуур байраар хангаж өгсөн.
-Та өмнө нь ямар кинонд тоглосон бэ?
-Би арваад кинонд тоглосон. Тэднээс Урлагийн гавьяат зүтгэлтэн Бунтар гуайн найруулсан “Булингар”, мөн Дамдин гуайн найруулсан “Мандах нарны туяа”, Ж.Биндэр гуайн найруулсан “Хүйн холбоо” киноны гол дүрийг бүтээж байсан. “Хүйн холбоо” кино Монголын дэлгэцийн бүтээлүүдээс шалгарч, Францын кино наадамд өрсөлдсөн. Тэр наадамд найруулагчийнхаа хамт оролцож байлаа. 2000 онд Монгол телевизийн “Алтан хөршүүд” олон ангит, мөн “Ийм нэгэн дурлал” киноны гол дүрийн охины ээж болж тоглосон.
-Сүнжид багш таны хайртай дүрийн нэг болсон байх аа?
-Өмнө нь би тоглосон дүрээрээ хэзээ ч нэрлэгдэж байсангүй. Харин “Хэцүү анги” киноны Сүнжид багшийн дүрээр ард түмэнд ийн нэрлэгдэх боллоо.

Кино гарснаас хойш хүмүүс хаана л явна, намайг “Сүнжид багш аа” гэж дууддаг болсон. Дэлгүүрт ороод юм авсан ч “Сүнжид багш аа, бид таныг дэмждэг шүү. Сэтгэлээр битгий унаарай” гээд урам хайрладаг байсан. Нэг удаа тавдугаар ангийн хүүхэд “Багш аа, танаас монгол хэл, уран зохиолын хичээлээр давтлага авмаар байна” гээд утасдаж байлаа.
 
-Хөдөөнөөс шилжиж ирээд, хотын сургуульд багшилж буй багш хүний амьдралыг бодитоор нь харуулсан гээд үзэгчид ам сайтай байна лээ?
-Эхний 20 гаруй анги гарч байтал манай хойд талын байранд амьдардаг нэг багш надтай тааралдаад, “За баяр хүргэе, танд. Энэ кино үнэн амьдралыг өгүүлсэн байна.

Би 10 жилийн өмнө хөдөөнөөс хотод орж ирсэн. Манай сургуулийн багш нар надад “та тийм хувцас өмс, захирал, хамт олонтойгоо ингэж харилц” гэж их зөвлөдөг байлаа” гэж байсан. Тэр багш одоо манай СӨХ-ийн даргаар ажилладаг юм. Намайг Нямаа багштай танилцуулна гэдэг яриа киноны нэг хэсэг дээр гардаг даа.

Тэр ангийн дараа надад “Энэ киноны зохиолыг бичсэн хүн миний амьдралыг судалсан юм шиг бичжээ. Намайг бас хөдөөнөөс ирсний дараахан манай сургуулийн багш нар хүнтэй танилцуулна гэхэд би уурлаад, бараг уйлж байсан шүү” гээд ярьж байсан.
-Сургуулийн захирал Сүнжид багштай хатуу харилцаад, элдвээр хэлж дарамталж байгаа зураг авалтын хэсэгт “хэрвээ ийм байдаг бол яана” гэх бодол танд төрж байсан уу?
-Киноны  зохиолыг зохиолч нь тодорхой судалгаан дээр бичсэн гэж дээр өгүүлсэн дээ. Хувийн сургуульд иймэрхүү удирдлагууд байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Одоогоор сургуулийн захирал хүн хэзээ ийм байсан юм бэ гэдэг яриа гараагүй л байна. Захирлын дүрд тоглосон Навчааг чадварлаг сайн уран бүтээлч гэж боддог.

Гаднаа хатуу дүр төрхтэй харагддаг ч их зөөлөн зантай. Кинонд тоглосон хүүхдүүдийг хамгийн их эрхлүүлсэн хүн шүү дээ. Арын албанд ажилласан оператор, гэрэлтүүлэгч, дууны найруулагчдыг сайн ажилласан гэдгийг ч зүй ёсоор хэлмээр байна.
-Кинонд тоглож байх үед гэр бүл тань таныг хэр дэмжив?
-Сайн дэмжсэн. Өглөө эрт зураг авалттай газар хүргэж өгнө, хэдийд дуусна, тэр цагт ирж авна. Энэ зун би эзэгтэй гэдгээ бараг мартах шахсан.

Гэрийн ажилд гар ер хүрээгүй. Намайг уран бүтээлдээ анхаарал тавих бүх нөхцөл, бололцоогоор хангасан. Миний нөхөр хөгжмийн зохиолч Т.Найданжав. Өөрөө урлагийн хүн болохоор уран бүтээлчдийн ажлыг сайн ойлгодог. Бид хоёр охинтой.

Манайхан “Хэцүү анги” киног үзчихээд “Энэ нь худлаа болчихжээ гэх зүйл үнэндээ алга” гээд баяр хүргэж байсан. Нэг анги ч алгасалгүй, үнэнчээр үзсэн шүү, манайхан.
-Хань тань сайхан уран бүтээлтэй. Зохиосон дуу нь энд тэнд эгшиглэж байх танд сайхан санагддаг биз?
-Уран бүтээлийнх нь анхны сонсогч, шүүмжлэгч, зөвлөгч нь гэр бүл маань байдаг. Дуу хүний сэтгэлд хэр нь удаан хоногшино, төдийчинээ урт удаан насалдаг гэж боддог. Уран бүтээлээрээ олон цомог гаргахад нь өөртэй нь хамт өлгийдөж авсан даа.

Жирийн сонсогч гэдэг утгаараа ханийнхаа уран бүтээлд дуртай. Саяхан дуучин Л.Банзрагчийн дуулсан  “Анужингоо” хэмээх дуунд аялгуу хийсэн. Дуучин Т.Баясгалангийн дуулсан “Ботгоны дуу”, С.Жавхлангийн дуулсан  “Амьдрал”, Б.Энхмэнд, С.Чинболор нарын хамтарч дуулсан “Хайрын орчлон”, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын амилуулсан “Зүрхний бяцхан шувуухай” дуунд нь их хайртай.
-Амьдрал дуу нь сайхан аялгуутай шүү. Энэ бүтээлдээ амьдрал, уран бүтээлийнхээ зовлон, жаргал, баяр гуниг бүгдийг багтаасан  юм шиг санагдсан?
-Сонсогчид энэ дуунд нь дуртай байдаг. Яльгүй зүйлээс үл ойлголцсон эхнэр, нөхөр хоёр маргалдчихаад, энэ дууг сонсоод, бие бие рүүгээ утастдаг гэж ярьдаг юм билээ.

-Нөхөр тань түс тас үгтэй, шударга зантай хүн дээ?
-Тийм ээ, санал нэг байна. Санаж бодсоноо шууд л илэрхийлдэг. Ганц дутагдал бий. Их өглөгч. Хүнд “Үгүй” гэж хэлдэггүй, бас байгаа зүйлээ харамлаж чаддаггүй хүн дээ.

“Санаа сайн бол заяа сайн” гэдэг дээ. Уран бүтээл нь хүмүүст хүрч, сайхан сэтгэгдэл төрүүлж чаддагт нь баярлаж явдаг.

-Танайх зочны хөлд их дарагддаг гэсэн байх аа. Уран бүтээлчдийн хөл хөдөлгөөн тасардаггүй гэж сонссон юм байна?
-Үнэн, үнэн. Нөхөр маань уран бүтээлч олон найз нөхөдтэй. Яруу найрагч Н.Баянмөнх, дуучин Б.Энхмэнд, С.Чинболор нар манай хуурай хүүхэд л гэсэн үг. Зовлон, жаргал, баяр, хөөрөө бидэнд түрүүлж дуулгана, хамтдаа хуваалцана.

-Анх ханьтайгаа хэрхэн танилцаж,  гэр бүл болж байсан бэ?
-Бид хотын унаган хүмүүс. Би аравдугаар ангиа Эрдэнэт хотод дүүргэсэн. Тухайн үед  нөхөр маань цэргээс халагдаад ирчихсэн, “Кумо” хамтлагийн хөгжимчин, дуучин байсан. Бид арван жилийн төгсөлтийн үдэшлэг дээр анх танилцаж байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл 20 гаруй жил хамт амьдарсан байна.

-Ханийнхаа халамж, түшгийг ямар үед илүү мэдэрдэг вэ?
-Халамжийг нь байнга мэдэрдэг. Олон жил амьдарсан хүмүүс яг нэг хүн шиг болчихдог юм байна. Юу өгүүлээд, яагаад бухимдаад, сэтгэл нь  баярлаж, хөөрөөд байгааг харцнаас нь хараад төвөггүй мэдчихнэ. Зарим нэг хүн “ямар Саранцэцэг вэ” гээд асуухаар сайн таньдаг хүмүүс маань “Яагаав, Найданжавын Сараа” гэхээр “Өө, тийм үү, одоо саналаа” гэдэг гэсэн. Би чинь ааваасаа илүү нөхрөөрөө овоглодог хүн шүү дээ.

-Гэр бүлээ өөдрөг, орон гэрээ өнгөтэй сайхан авч явахад эмэгтэй хүний үүрэг, оролцоо их нөлөөлдөг юм биш үү?
-Тийм шүү. Ийм сайхан чанар Монголын эмэгтэйчүүдэд бий. Ар гэрийнхээ ихэнх ачааг үүрч явдаг. Ханьдаа халамж тавих, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж өсгөх, гэрээ цэвэр цэмцгэр, гэгээлэг авч явах тал дээр эмэгтэй хүний үүрэг, оролцоо их нөлөөлдөг. Харин эр хүний холч ухаан, алсын бодол, уужуу тайван сэтгэл амьдралд чухал байр эзэлдэг юм шүү дээ. Гэр бүл амар амгалан амьдрахыг аз жаргал гэж боддог.

-Танай гэр бүлийн тэмдэглэх дуртай баяр?
-Улс тунхагласны баяр, улсын их баяр наадмыг гэр бүлээрээ сайхан тэмдэглэдэг. Бид нэгдүгээр сарын нэгний өдөр хөдөөг зорьж, битүү модтой өндөр уулсыг харж, цэвэр агаараар амьсгалж, эрч хүч авдаг. Гэр бүлээрээ нэгдүгээр сарын нэгнийг тэсэн ядан хүлээдэг гээч.

-Амьдралыг авч явах ухаанаар хань тань хэр вэ?
-Би өөдрөг амьдарч яваадаа баярладаг. Ханьд маань эр хүнд байдаг сайхан чанарууд, амьдралыг авч явдаг ухаалаг, сэргэлэн зан аль аль нь бий.

-Зээ охинтой болсон гэл үү. Өвөө, эмээгийн үүргийг хэр сайн гүйцэтгэж байна вэ?
-Өө, бид онц биелүүлдэг. Манай хүн өрөвч, зөөлөн сэтгэлтэй. Хоёр охиноо надаас илүү эрхлүүлнэ. Зээ охиноо яаж ч дүрсгүйтэж байсан хатуу үг хэлж үзээгүй. Нөхөр маань хүргэнтэйгээ хамтраад,  олон улсын эмэгтэйчүүдийн баяраар дөрвөн бүсгүйг сайхан баярлуулдаг. Өөрийнхөө гараар хоол, цай хийчихээд, “За ямар болж вэ. Таалагдаж байна уу. Амттай байгаа биз” гээд хүүхэд шиг магтаалын  үг сонсохыг их хүснэ.

-Сүүлийн үед залуучууд гэр бүлийн үүрэг, хариуцлагаас зугтдаг болсон нь танд ажиглагдаж байна уу?
-Ажиглаад харж байхад нэг нэгэндээ итгэдэг итгэл байхгүй болчихсон шиг санагддаг. Хэн нэгний үгээр үг хийж, сэтгэлдээ үл ойлголцол төрүүлж, эргэлзээ тээж амьдардаг болчихсон ч юм уу даа. Нийгмээ дагаад хайр сэтгэлийн асуудалд хөнгөн хандаж, амар хялбар аргаар бэлэнчилж амьдрахыг хүсдэг болсон байна.
 
 Ярилцсан Г.Батцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.