"Бид нар аавуудаасаа өшөөгөө авах байсан" гэж мэдүүлжээ

2010/08/02
Share |
Хүмүүс:

"Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Шанагын заставт алба хааж байхдаа бид болчимгүй, тэнэгээсээ болж онц хүнд гэмт хэрэгтнүүд болж “Ганц худагийн цагдан хорих төв” хэмээх энэ газарт гэмтэн, ялтнуудтай хамт хоригдох боллоо. Эхүүн үнэр ханхалсан энэ байшинд хүйтэн царайтай хуяг нарыг харж, хийсэн хэргийнхээ тухай бодоход үнэхээр аймшигтай. Олныг сэрдхийлгэсэн энэ хэргийн шүүх хурлаас долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн гуравдугаар 15-ны өдөр бид, өмгөөлөгчөөсөө яллах дүгнэлтээ авсан.

Энэ дүгнэлтэд Р.Энхжаргалаас бусад нь цаазын ял төлөвлөсөн байсан. Тэр мөчөөс эхлэн би юу ч бодож чадахаа больсон. Үүний дараа ээж маань надтай уулзсан. Энэ мэдээг дуулсан ээжийнхээ, эгчийнхээ тэр нулимстай харцыг хараад би амь гуйх эрхгүй гэдгээ ойлгосон. Үүнээс хойш би сэтгэл шулуудаж, давж заалдах шатны шүүхэд хандахгүй гэдгээ гэрийнхэндээ болон өмгөөлөгчдөө мэдэгдсэн. Энэ мэдээ мөн л ээжийн минь сэтгэлийг шимшрүүллээ. Анхан шатны шүүх хурлын төгсгөлд шүүгчийг Э.Оюунболдод "Цаазаар авах ял оноо сугай" гэхэд бүх хүн бидний зүг хараа бэлчээж байхад, нэг л эмэгтэйн зүрх нь бусдаас илүү шаналж, амьдрал нь утгагүй болсон. Түүний нүд хальтармаар тэр төрхийг хэн ч анзаараагүй. Тэр бол миний ээж байсан хэмээн өөрийн амьдралаа, болж өнгөрсөн бүхнийг бодож суух зуур манай камерын хаалга нээгдэж, биднээс мэдүүлэг авахаар байцаалтын өрөөнд орууллаа. Ганц ширээ, намхан сандлаас өөр зүйлгүй тэр хүйтэн өрөөнд биднийг ороход мөрдөн байцаагч, бидний үйлдсэн хэргийн талаар ярьж, "Хэн хэн ямар буугаар ямар хүний амийг бүрэлгэснийг нотлох баримтанд цугласан материалууд бүгд нотолж байгаа. Тиймээс та нар болсон явдлын талаар үнэн, зөвөөр мэдүүлсэн нь та нарт хэрэгтэй" хэмээгээд болсон хэргийн талаар болон миний асуусан асуултад Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав, Р.Энхжаргал гэсэн дарааллаар хариулаарай гэсэн" хэмээн цаазын ялтан Э.Оюунболд ярьж байна.

Э.Оюунболд: М.Энх-Амгаланг хөнөөгөөд гутлыг нь өмссөн

Мөрдөн байцаагч: Сэжигтэн Э.Оюунболд чамайг энэ хэргийг өдөөсөн гэдэг. Яагаад ийм аимшиггаи хэрэг үйлдэх болсон бэ?
-Олны сэрдхийлгэж, намайг ялтны суудалд суулгасан тэр аймшигт өдөр болсон үйл явдлын буруутан нь, би. Аймшигт хэрэг гарахаас долоо хоногийн өмнө манай заставын орлогч амралтаа авч, түүний оронд гэрээт цэргийн албан хаагч, түрүүч М.Энх-Амгалан ирсэн юм. Тэр яагаад ч юм надад бага зэрэг таарамжгүй хандаж байсан. Тиймээс би байлдагч М.Тулга, Р.Энхжаргал нартай "Энэ муу хэдэн дарга нар дандаа дээрэлхэж байх юм гэх мэтээр дургүйлхэн ярьж байсан. Мөн энэ үеэр бидний дунд Р.Энхжаргалаас бусад нь аавгүй өссөн. Бүгд хойд эцгийн гар харж өссөн тухайгаа ярьсан юм. Бидний яриа нийлж, сүүлдээ бидний дургүйг хүргэсэн заставын дарга нарын амийг хөнөөж, улмаар Дарханд байдаг манай аавын гэрт нь очиж, түүнийг ална гэж ярьж байсан.

Үүнээс хэд хоногийн дараа буюу хэрэг гардаг өдөр би М.Энх-Амгалан түрүүчийн утсаар нь найз охинтойгоор ярьчихаад, шүүрийн дэрс түүхээр тал газар руу явсан юм. Намайг иртэл харуулын дарга "Чи тэр хүүхнээ миний утас руу битгий залгаж бай гэж хэл" гээд уурлачихсан зогсч байсан. Тэгэхлээр нь би найз охин руугаа залгаад юу болсныг асуухад, М.Энх-Амгалан түрүүч өөрөө түүн рүү залгаж өдөж, хоргоогоод дургүйцэхээр нь хэл амаар доромжилсон гэсэн. Орой нь заставаас ахлагч О.Итгэлтөгс, турүүч Ж.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын баг харуулын байрыг шалгаад буцсан. Заставаас ирсэн шалгалтынхан харуулын даргыг хүнсээ бэлдүүлээгүй байна гэж загнасан юм билээ. Тэднийг явмагц М.Энх-Амгалан дарга Г.Лхагважав, Р.Энхжаргал нарыг борцоо нүдэж, хураасангүй гээд загнаад байсан. Энэ үед М.Тулга гадаа харуулын үүрэг гүйцэтгэж байсан юм. Гэтэл Р.Энхжаргал миний хажуугаас "Нөгөө юм аа, хэрэгжүүлэх үү" гэж асуухаар нь миний толгойд "Дарга нараа хөнөөгөөд Дархан явна" гэж тоглоомоор ярьж байсан санагдаад "Тэгье" гэсэн.

Түүнийг хутгаар хөнөөе" гэж намайг хэлэхэд байлдагч М.Тулга, Р.Энхжаргал нар "Буудаж хөнөөсөн нь дээр" гэсэн. Тэгээд М.Энх-Амгаланг унтахыг хүлээсэн. Түүнийг унтахад 22.20 цаг болж байсан. Ингээд зэвсгийн агуулахын түлхүүрийг М.Тулгаар гал тогооноос авч ирүүлж, түүний буугаар М.Энх-Амгалангийн толгойн хэсэгт нь буудаж, хөнөөгөөд гутлыг нь өмссөн. Үүний дараа бид сумны сейфийг онгойлгон бүх сумыг гаргаж магазин шахчихаад застав руу буугаа мөрлөөд явсан. Эндээс заставын худаг руу очиж, байдлыг хянаж сууцгаасан. Ингээд шөнийн хоёр цагийн үед М.Тулга, Г.Лхагважав нар заставын дарга нарыг байрлаж байгаа цэргийн анги руу орж, Р.Энхжаргал бид хоёр гадаа үлдсэн. Энэ үед гэрээтийн байрнаас дэслэгч Ц.Сод-Эрдэнэ "Юу болоод байгаа юм бэ" гэсээр гарч ирэхэд нь би түүнийг зургаан удаа буудсан.

Тэр дальтчиж гүйсээр, хашаа давж зугтсан. Би түүнийг хоёр удаа оносон. Гэтэл үүнтэй зэрэгцэн цэргийн ангид буун дуу гарсан. Очтол дэслэгч С.Бум-Эрдэнэ, түрүүч Э.Бямбасүрэн нарыг аль хэдийн буудчихсан байсан. Энэ үед гадаа цэргүүдийг манаж байсан Р.Энхжаргал жолооч Н.Хатанбаатарыг алдчихлаа гээд "Хатанбаатар аа, гараад ир. Гарч ирэхгүй бол эхнэр хүүхдийг чинь буудна шүү" гэж орилоод байсан.

Мөрдөн байцаагч: Гол зорилго чинь юу байсан юм бэ?
-Миний хувьд харуулын даргыг буудаж, зэвсэгтэй болох зорилготой байсан. Харин С.Итгэлтөгсийг барьцаалж авч явсан нь замд цэргийн ангийн хүмүүстэй тааралдахад хэрэгтэй гэж бодсон. Харин цэргүүдийг авч явсан нь машин унтарсан үед тэднээр түрүүлнэ гэж бодсон. Энэ хэргийг үйлдэх болсон нь шалтгааныг тодорхой хариулж мэдэхгүй байна. Зүгээр л нутагтаа очмоор санагдсан.

М.Тулга: Оросын "Бригад" гэдэг кинонд гардаг найзууд шиг санагдаад бахархалтай байсан

Мөрдөн байцаагч: Ойлголоо. Шүүгдэгч М.Тулга үйлдсэн хэргийнхээ талаар ярина уу?
-Харуулын байранд байхдаа, би М.Энх-Амгаланг буудаагүй. Харин миний буугаар Э.Оюунболд түүнийг буудсан. Шөнийн хоёр цагийн үед байлдагч Т.Лхагважав бид хоёр буугаа тулгаад цэргийн байр руу орсон. Энэ үед заставын орлогч С.Бум-Эрдэнэ явган суучихсан "Миний цэргүүд яаж байгаа юм бэ. Харуулын дарга нь зодсон уу, эсвэл хоорондоо зодолдож муудалцаа юу. Та нар тайвшраад даргадаа сайн хэл" гээд аргадаад байсан. Энэ нь надад маш хэцүү санагдсан. Тэднийг буудах гэсэн боловч би буу шагайж зүрхлээгүй.

Мөрдөн байцаагч: Тэгээд яагаад түүнийг буудчихсан юм бэ. Чи түүнийг буудсан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдсон шүү дээ?
-Арваад минут эргэлзэн зогсч байгаад гарч "Э.Оюунболдтой уулзахад, "Ярьснаараа чи буудахгүй бол би чамайг буудна" гэсэн. Буцаад ортол тасалгааны чийдэнг Г.Лхагважав буудаж унтраасан. Цочсондоо зурагтын гэрэлд би С.Бум-Эрдэнэ даргыг нэг удаа буудахад" тэрийн унасан. Энэ үед Г.Лхагважав түрүүч Э.Бямбасүрэнг буудаж, хөнөөчихөөд ахиад С.Бум-Эрдэнэ даргыг буудаад байсан. Би түүнийг "Одоо боль" гэж хэлж зогсоосон. Би С.Бум-Эрдэнэ даргыг нэг л удаа буудсан. Энэ үед тэр үхээгүй, зүгээр шархадсан байсан. Түүнийг "Хөдөлж байна" гэж хэлсэн чинь Г.Лхагважав очоод буудсан. Харин дараа нь би шатахуун түгээгүүр, дэлгүүрийн цоожийг буудаж, шатахуун, хүнс авсан. Харуулын байранд түрүүч М.Энх-Амгаланг буудаж хөнөөчихөөд бүгдээрээ сумтай буу мөрлөөд явж байхад Оросын "Бригад" гэдэг кинонд гардаг найзууд шиг санагдаад бахархалтай байсан. Энэ бодлоос болж хүн хөнөөсөн байх.

Г.Лхагважав: С.Бум-Эрдэнийн хөл хөдлөөд байхаар нь дахин буудсан

Мөрдөн байцаагч: Чамайг хоёр хүний амийг хөнөөсөн гэж бусад шүүгдэгч мэдүүлж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?
-М.Тулга бид хоёр харуулын байранд орж би түрүүч Э.Бямбасүрэнг гурван удаа толгойд нь буудсан. Тэд биднийг тайвшруулаад олон үг хэлж байсан ч бид яагаад ч юм буудчихсан. Гэтэл М.Тулгыг буудсаны дараа С.Бум-Эрдэнийн хөл хөдлөөд байхаар нь би хөдлөхгүй болтол нь буудсан. Дараагаар нь Э.Бямбасүрэнг үхчихсэн хэвтэж байхад нь түүний халааснаас нь зэвсгийн өрөөний түлхүүр авч, сейфнээс нь хоёр ширхэг бүлгийн аранз, нэг АКМ, СВД, заставын даргын өрөөнөөс хоёр ширхэг гар буу авсан. Гадаа жагсаасан байлдагчдыг барьцаанд аваад машиндаа шатахуун хийж, Дархан орохоор зугтаасан юм. Энэ үед бид машинд дуу аялаж явсан. Ингээд удалгүй баригдсан.

Р.Энхжаргал: Ц.Сод-Эрдэнийг чи бууд гэж надад хэлсэн

Мөрдөн байцаагч: Чи Н.Хатанбаатарыг гарч ирэхгүй бол эхнэр хүүхдийг нь буудна гэж байсан гэсэн. Үнэхээр тэднийг алах зорилготой байсан уу?
-Э.Оюунболд харуулын манаанд гарч байсан М.Тулгын буугаар түрүүч М.Энх-Амгаланг давхар орны доод талд нь цаашаа хараад унтаж байхад нь буудаж хөнөөсөн. Үүний дараа Э.Оюунболд талийгаачийн гутлыг, М.Тулгаа гар утсыг нь аваад бид сумалсан буугаа үүрээд застав руу гүйсээр шөнийн хоёр цагийн үед очсон. Бид манаа солилцож байсныг ашиглаж, заставын хашаа руу орцгоосон юм. Энэ үед Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав хоёрыг "Цэргийн ангид байгаа С.Бум-Эрдэнэ, Э.Бямбасүрэн нарыг бууд, гэрээтийн байнаас дэслэгч Ц.Сод-Эрдэнийг гарч ирэхээр нь чи бууд" гэж надад хэлсэн.

Өөрөө ахлагч О.Итгэлтөгс, түрүүч Ж.Энхбаяр хоёрыг буудна гэж хэлсэн. Харин жолооч Н.Хатанбаатарыг буудаж болохгүй шүү. Машинаа бариулж Дархан орно гэж хэлээд бид тарцгаасан. М.Тулга жолооч Н.Хатанбаатарыг над дээр авч ирээд "Харж бай" гээд явсан. Гэтэл би түүнийг нь алдчихсан. Ингээд Э.Оюунболдоос айсандаа "Гарч ирэхгүй бол эхнэр хүүхдийг чинь буудна шүү" гэж идэвхтэй дүр эсгэж байсан. Би хэн нэгнийг буудаагүй. Чиглүүлж онилоо ч үгүй. Бусад нөхдөө зарим хэрцгий үйлдлээс нь болиулж татгалзуулж байсан. Энэ хэрэг Э.Оюунболд харуулын дарга М.Энх-Амгалан нар нэг охинтой утсаар ярьснаас болсон.

Тэр харх ална гээд гутлаа барьчихсан явснаа гэнэт харуулын даргыг алах санаа өвөртөлчихсөн. Тэгээд л бид цэргүүдийг барьцаалж Дархан явах замдаа баригдсан. Ийн Э.Оюунболд нарын дөрвөн залуу хавтаст хэрэгт мэдүүлснээс хойш дахин мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм. Өнгөрсөн баасан гарагт болсон Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нарт дахин цаазын ял оноож, Р.Энхжаргалд 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргалаа.

С.Энхзаяа Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.