Ерөнхий прокурор Д.Дорлигжав С.Зориг агсны хэргийг хаахаар хөөцөлдөж яваа гэнэ үү?

2010/08/03
Share |
Хүмүүс: Д Дорлигжав | 
Ерөнхий прокурор Д.Дорлигжав С.Зориг агсны хэргийг хаахаар хөөцөлдөж яваа гэнэ үү?

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хэргийг Д.Дорлигжав хаахаар хөөцөлдөж байгаа тухай яриа прокурорынхны дунд салхи мэт тэнэж явна.  Арай ч үгүй байгаа даа, худлаа ярина, ярина гэхэд хүнийг ингэж гүжирдэж болмооргүй юм. Учир мэдэх нэгнээс  лавлавал Д.Дорлигжав өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа “С.Зоригийн хэргийг хаах цаг болсон” гэж хэд хэдэн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас үүдсэн гэж тайлбарлав. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зургаан сарын хугацаанд хийсэн бүтээснийг нь Д.Дорлигжав тайлагнахаар сэтгүүлчтэй ярилцах үед сөхөгдсөн асуудал эргэн дэлгэгджээ. Түүний ярилцлагыг эргэн сөхвөл “Зориг агсан бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдаад 12 жилийг үдэж байна. Ерөнхийлөгч бүхэн энэ асуудалд анхаарал хандуулдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд хэр анхаарлаа хандуулж байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ хэрэгт Ерөнхийлөгч бүр  анхаарлаа хандуулдаг.Тэгэхдээ юу болж байна гэж л хуулийнхнаас асуудаг, явцыг нь л сонирхдог. Ийм л хэмжээнд байгаа, яг үнэнийг хэлэхэд. Гэхдээ С.Зоригийн хэрэг гэдгээр улс төрийн тоглоом, ашиг хонжоо хайсан алхмууд их явсан. Одоо ч тасрахгүй байна. Хэргийн ажлын хэсэг гэхээр хаана ч дураараа загнаж явдаг, хууль тогтоомж, хүний эрх зөрчиж болдог нь өнөөг хүртэл тасраагүй байна. Тийм учраас би хуульч хүний хувьд эргэж харах цаг нь болсон гэж бодож явдаг. Аливаа хэргийг илрэх боломжгүй бол хаадаг, зогсоодог. Тэгэхгүй нээлттэй байлгаад өөр зорилгод ашиглах явдал сүүлийн арван хэдэн жил тасралтгүй үргэлжилж байна. Үүнийг жирийн иргэд мэдрэхгүй бас мэдэхгүй” гэжээ. Түүний энэхүү мэдэгдэл нийгмийг багагүй цочирдуулсан гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүн С.Оюунаас эхлээд хэргийг илрэхийг хүссэн бүх хүний эгдүүцлийг төрүүлж, Д.Дорлигжав юуны учир хаахыг хүсэв, ингэж зоригтой мэдэгдсэн учир юу байв гэсэн хардлагуудыг иргэдэд төрүүлж байсан. Ерөнхийлөгчийн хийсэн бүтээсэн гэх ажлыг тайлагнах үед Ц.Элбэгдорж Швейцарийн Женев хотноо дэлхийн орны төрийн өндөрлөгүүдтэй уулзаж байсан юм. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо газардсан тэр өдрөө Д.Дорлигжавын ярьсан мэдэгдэлд няцаалт өгсөн байдаг. Ингэхдээ “Д.Дорлигжавын мэдэгдэл нь хувь хүний үзэл бодол болохоос биш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний байр суурь биш шүү. Магадгүй тэрээр “С.Зоригийн хэрэг гэх хэргээр улс төрийн тоглоом, хонжоо хайсан явдал их явагдсан. Одоо ч гэсэн тасраагүй байна. Үүнийг зогсоож хаах хэрэгтэй гэж хэлснийг сэтгүүлчид ташаа ойлгосон байх” гэжээ. Гэтэл өдөр дутмын бүх хэвлэлүүд түүний ярьсан хэлснийг үг үсэг, ацаг шүдний зөрүүгүй адилхан мэдээлсэн байдаг. Хэн нэг нь ташаа нийтэлсэн гэж ойлгогдох үндэсгүй юм. Эцэст нь мэдэгдлийнхээ төлөө Ерөнхийлөгчөөс зэм хүртсэн Д.Дорлигжав башир арга хэрэглэж, сэтгүүлчдийг буруу сонссон, бүгдээрээ чих хатуу хүмүүс мэт тайлбар гаргаж байлаа. Ийм л явдал сар шинийн өдрүүдтэй давхцан сенсааци тарьж байв. Улс төрийн албан тушаалтан байхдаа ингэж мэдэгдэж байсан хүн өнөөдөр аливаа хэргийг хаах, нээх эрхтэй Ерөнхий прокурор болчихсон болохоор байдал яаж ч эргэж магадгүйг харуулж эхэллээ. Ямар сайндаа саяхан хэвлэлийн хурлын үеэр “Л.Гүндалайд холбогдох хэргийг АТГ-аас хэрэгсэхгүй болгооч гэж гуйхгүй ээ. Хаах эрх нь надад байна” гэж заналтайгаар мэдэгдэж байв. Энэ нь өөрийгөө ямар эрх дархтай болсныг олон нийтэд мэдээлж байгаа нь тэр юм. Түүний Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа хийсэн мэдэгдлийг нягталж үзвэл хүний хийсэн бүтээсэн хөдөлмөрийг ямагт доош чангаасан төрөлхийн гооч, ашиг харагч зан нь анзаарагдах аж. Тодруулбал, аллага гарсан тэр л өдрөөс хойш хэргийг илрүүлэхийн төлөө нойр, хоолоо хумслан ажиллаж байгаа тагнуул, цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг үгүйсгэсэн байх юм. “Хэрэг илэрлээ” хэмээн зүүдэлж хонохдоо тултал ажиллаж байгаа цагдаагийн ажлын хэсгийг шүүмжлэх биш УИХ-ын гишүүн О.Алтангэрэл тэргүүтэй байгуулагдсан парламентын ажлын хэсгийг ажиллахыг зөвлөвөл яасан юм бэ.   Тэд С.Зоригийг бусдын гарт амь үрэгдсэн хар өдөр хөшөөнд нь  цэцэг өргөж, хэргийг илрүүлэхийн төлөө нэг л их ажиллаж байгаа хүмүүс мэт телевиз, сонин, сэтгүүл, радиод ярилцлага өгнө. Гэтэл нэдэр дээрээ УИХ-ын ажлын хэсэг нэг ч удаа болов хуралдаж байгаагүйг С.Оюун гишүүн илэрхийлж, гомдлын үг дайж байсан цаг саяхан. С.Зоригийг хөнөөсөн алуурчныг  4318 хоног дээрээ эрэн сурвалжилж байна. Энэхүү эрэн сурвалжлах ажиллагаатай давхцан түүний хэргийг хаах юм гэнэ лээ гэсэн яриа прокурорын байгууллагаар тэнэж явна.  Худлаа байгаа даа, гэхээс өөр юу гэхэв. Энэ мэтчлэн Д.Дорлигжавын хууль бус томилгооны цаанаа улс төр, намын ашиг сонирхлын зөрчил яваа юм биш биз дээ гэсэн халаглалыг манай редакцид нэг биш хүн ирүүлсээр байна. С.Зоригийн аллагад хамгийн их сэрдэгдсэн нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлээс эхлээд ардчилсан хүчнийхэн багтаж байсан. Магадгүй Д.Дорлигжав С.Зоригийн хэргээс эхлээд Л.Гүндалай, өөрт холбогдох хавтаст хэрэг хүртлээ сайн, муу олон хүний хэргийг хаах, дарах, нуух захиалгатай томилогдсон юм биш биз дээ.

Х.Бадамжав Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.