Параг Ханна:Хятадууд Монголыг худалдан авч байна

2010/08/05
Share |
Хүмүүс:
Параг Ханна:Хятадууд Монголыг худалдан авч байна

Монголчуудын олонхи нь Чингис хааны байлдан дагууллын түүхийн үлдэгдэл хэмээн өөрсдийгөө дөвийлгөн магтахаас хэзээд татгалздаггүй. Их түүхийн эд, эс, үр хөврөлийнхөө хувьд улсаа хамгаалж, алдаршуулж, хөгжүүлж чадна хэмээн итгэсээр байгаа. Энэхүү гайхалтай том итгэлийн ард тэрхүү үнэт зүйлээ хамгаалж чадах хүч байгаа эсэхэд эргэлзэх зайлшгүй шаардлага бий. Учир нь түүх бол түүх. Түүх бол өнгөрсөн үе.

Харин өнөө цагийг хэн ч удирдаж, Чингисийн адил тулааны зарчмаар асуудлыг шийднэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэн ч өөрийгөө Чингис хэмээн нэрийдлээ гээд түүнд түүхийг шинээр бүтээх хүслээ биелүүлэх боломж үгүй. Шалтгаан нь энэ бол шинэ зууны түүх. Иймээс ч эдийн засаг хийгээд хэрэглээ нь улс орны хил хязгаарыг хийсвэрээр чөлөөлж, улс орон болон иргэн бүр нэг сонирхол дээр нэгдэж буй энэ үед өнгөрсөн түүхээр бахархах бус, харин Монгол Улсыг дотоод бодлоготой, дархлаатай байхыг нэгэн эрхэм сануулаад буцлаа.

Тэр хүн бол АНУ-ын “Глобал засаглал санаачилга”-ын захирал, “Шинэ Америк сан”-гийн Америкийн хөтөлбөрийн ахлах судлаач Параг Ханна байлаа. Хоёр өдрийн өмнө Гадаад харилцааны яамны хурлын танхимд түүний лекцийг сонсох гэж манай шилдэг залуус олноор ирсэн байсан. Учир нь Параг Ханна хэмээх залуу эрийн тавьсан дэлхийн хүчирхэг гүрнүүдийн эдийн засгийн сонирхол дээр тулгуурлан ирээдүйг колоничлох бодлогын тухай илтгэлүүд энэ цаг үед хамгийн содон, бас шинэлэг болсноороо онцлогтой. Иймээс ч манай сонинд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монголд хуримтлагдсан асуудлууд, Ази тивд өрнөж буй геополитикийн орчны өөрчлөлттэй холбож үзвэл манай улс ойрын жилүүдэд орших, эс орших эсэхээ шийдэх гэж байна. Параг Ханны лекцэд “Монгол 2020 он гэхэд байхгүй болно” гэж дурьдсан байдаг. Ерөнхийдөө бид иймэрхүү замаар явж байна. Тиймээс бүгдээрээ хариуцлагатай байх хэрэгтэй” хэмээн онцолсон нь бий.

Энэ удаагийн лекц нь “Шинэ торгоны зам дахь Монгол Улс” гэсэн сэдэвтэй. Тэрбээр энэ лекцээ унших гэж Монголд цөөхөн хоносон ч манай улсын бизнесийн салбарыг, томоор яривал эдийн засгийн чадавхийг цөөн хэдэн гэр бүлийн гарт орсон гэдгийг олоод харчихаж. Ийм яриа манайхны дунд “Монгол 999 үндэсний нэгдэл” консорциумыг байгуулах үеэс л олны анхааралд өртсөн. УИХ-ын гишүүд хүртэл Тавантолгойг ашиглах сонирхолтой, өөрсдийгөө “Үндэсний” хэмээн тодотгоод байгаа тэр консерциум өрдөө л Монголын 50 том гэр бүлийн өмч гэдгийг хэлсэн. Үүнийг Параг Ханна мэдээгүй мэт өнгөрөхийг хүссэнгүй. Түүний уншсан лекцээс хамгийн сонирхолтой, бас олонд хүргэх ёстой сэдэв бол Монгол Улс их гүрнүүдийн далд сонирхлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх, мөн хамгаалах хэрэгтэй гэдэг болгоомжлол байлаа.

Өдгөө АНУ-ын эрх баригчид Ирак, Афганистанд явуулсан дайны бодлогын улмаас ард олныхоо итгэлийг алдах болсон. Үүгээр ч зогсохгүй бусдын баялгийг өөр оронд бус, өөрсдийн гарт атгах сонирхолдоо хөтлөгдсөний улмаас эдийн засгийн чадавхиа алдаж, хүний орныг гэх үү, өөрийн орныг гэх үү гэсэн эргэлзээтэй байдалд хүрээд буй. Дэлхийг АНУ-аас өөр улс, АНУ-ын Ерөнхийлөгчөөс бусад нь удирдах эрхгүй мэт хүч түрэмгийлсэн тус орны хувьд дээрх санаачилгынхаа балгаар хүч нь суларч эхэлсэн гэх дүгнэлт олноор тарах болсон. Тэгвэл Ирак, Афганистан шиг нөхцөл байдал Монгол Улсад үүсэхгүй гэхийн үндэсгүй гэнэ. Тэнд төр нь хүчтэй байж чадсан бол ийм асуудал үүсэхгүй байж болох байжээ.

Өөрөөр хэлбэл, Монголд Ойрхи Дорнодын ертөнц шиг тийм хувь тавилан тохиолдохгүй гэдгийг батлах, нотлох хэрэггүй бололтой. Энэ болгоомжлолдоо тэрбээр Ойрхи Дорнодын орнуудыг “Хүн ам цөөтэй. Байгалийн баялаг ихтэй. Ганц, хоёрхон баялгаас эдийн засгийн орлого нь бүрэн хамаардаг. Тэр орлогоороо иргэд нь баян амьдардаг. Гэтэл энэ бүс нутагт эдийн засгийн хэт туйлширмал байдлаасаа болоод улс төрийн байдал нь тоггвортой биш байдаг” гэж өгүүлсэн. Манай улс төрийн байдал ч хоёрхон намаас хамаарч, тэдний лидерүүдийн эрх ашигт тулгуурладаг учраас шууд утгаар нь адилтгахад хүндрэлтэй ч ерөнхий дүр зургаар нь авч үзэхэд буруудахгүй л болоб уу. Мэдээж шашин хоорондын мөргөлдөөнийг эс тооцвол шүүдээ. Ийм тохиолдолд улс орнуудын эдийн засгийн харилцааг нээх зорилготойгоор бий болсон Торгоны замын шинэ жимүүд Монголд хэрхэн нөлөөлөх вэ.

Мөнөөх Торгоны замын гол “эзлэгч” болох Хятад гүрэн хийгээд тэрхүү зах зээлийг тэлэгч  шинэ замын тухайд тэрбээр дараах зүйрлзлийг хэлсэн юм. “Хүн бүхэн баруун гараа урагш сунган эрхий хуруугаа доош нь харуулаад тавьж үзье. Алгаа өөрөөсөө цааш харуулаарай. Ингээд алгыг Хятадын Их газар байна гэж үзье. Таван хур чинь хятадуудын бий болж байгаа   торгоны   таван   зам гэж ойлгож болно. Чигчий хуруу бол Монгол руу гарч байгаа Торгоны зам. Энэ бол Сибирийн, цаашид шинэчлэгдэх гэж байгаа төмөр замын шугам.

Мөн Орос руу гарах Түүнчлэн Монгол Улсыг “Mine golia” хэмээн тодорхойлжээ. Байгалийн баялагтай улс орныг хэзээд баялгаас нь дутуугүй их эрсдэл дагуулдаг гэсэн дэлхийн нэр хүндтэй эдийн засагчдын дүгнэлтийг энэ удаад Параг Ханна ч бас харамгүй хэлсэн. Үүнийгээ “Монголын уул уурхайн ихэнх ордыг Хятадын компани эзэмшиж байна, Ингэснээр олборлосон баялгаа Хятад руу, Хятадын зүүн хэсэг рүү зөөдөг. Хятад улс Монголыг эзлэн түрэмгийлээгүй. Зүгээр л худалдан авч байна. Дээр үед хүчирхэг гүрнүүд байгалийн баялагтай орныг колоничлохын тулд эзлэн түрэмгийлдэг байсан бол орчин цагт худалдаж авдаг болсон. Үүний нэгэн адил Хятад Оросыг эзлэн түрэмгийлэх бус харин түрээсэлдэг болж байна. Сибирьт ургадаг ургацыг Хятадын 100 сая иргэн худалдан авч байна. Жил ирэх тусам Хятадын хойд нутгийн иргэд Орос руу нүүдэллэх нь ихэссэн. Энэ бол Хятадын даяарчлалын загвар” гэлээ.

Харин Монгол Улсыг ирээдүйд аврах нэг гарц нь гурав дахь хөрш хийгээд Америк, Япон, Өмнөд Солонгос, Канадтай бэхжүүлж байгаа гадаад харилцаа. Энэ замаар Хятадын “даяаршил”-ын цаад зорилгоос өөрсдийгөө бага ч болов хамгаалж чадна. Үүний зэрэгцээ хөгжлийн зарчмаар Норвегийг сонговол энэ нь байгалийн баялагтай, хүн ам цөөтэй ч аж үйлдвэр хөгжсөн сайхан жишээ болж чадах гэнэ.

Эцэст нь тэрбээр Хятадын даяарчлал нэрийн дор хийж буй энэхүү худалдан авах зарчмыг тодорхой түвшинд асуудал болгон тавьж, улмаар төрийн гэхээс илүүтэй нийгмийн ардчиллыг хөгжүүлэхгүй бол Монголын асуудал олширно гэдгийг анхааруулав. Нэг ёсондоо хүчирхэг гүрний эрх ашгийг Монголын эрх ашигтай эн тэнцүүлэн тавьж, зарчмыг нь тодорхой болгохгүй бол Монгол Улс 2020 он гэхэд сөнөнө гэсэн дүгнэлтээ энэ удаа шууд утгаар нь хэлээгүй ч “Анхаар, анхаар, анхаар” гэдгийг та бидэнд анхааруулсаар нутаг буцлаа. Түүнээс бус Хятад, Орос, АНУ-аас татгалзах, тэр дундаа Хятадаас өөрсдийгөө тусгаарлах боломж бүр ч үгүй. Учир нь Монголын ирээдүйн хөгжил хүссэн ч, үл хүссэн ч Хятадын босгож буй шинэ Торгоны замаар дамжиж дэлхийд хүрэх ажээ.

Г.Отгонжаргал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.