Нэг ангийн олон өнгө

2010/08/07
Share |
Хүмүүс:
Нэг ангийн олон өнгө

Ангийнхаа охидоос хамгийн дэгжин нь Д.Арвин
Д.Арвин бүсгүй үе, үеийн парламентыг өнгөлдөг. Энэ удаад ч тэрбээр ангийнхандаа хамгийн дэгжин нь. Аливаа баяр ёслолоор бусдыг гайхшруулж чаддаг эрхэм түшээд ангийн "охид" нь их л атаархдаг гэх нь бий.

Хаврын чуулган хаалтаа хийх өдөр ч тэрбээр имижээ алдсангүй. Очир хээтэй үйтэн хуараар гоёжээ. Тэрбээр гоёлын дээл, хувцсандаа ч мөнгө харамгүй зарцуулдаг гэсэн. Гадаад руу томилолтоор явахдаа дэлгүүр хэсч шинэлэг загварын хувцас цуглуулах дуртай аж.

Инженерүүдийн арми
УИХ-ын гишүүдийн ихэнх нь инженер мэргэжилтэй. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс эхлээд Су.Батболд, Ж.Батсуурь, Р.Буд гээд олон хүнийг нэрлэж болно. Тэд автын, барилгын инженер мэргэжилтэй. Гэсэн хэдий ч шаггүй улстөрчид.

Мөн эдийн засагч мэргэжилтэнгүүд олон бий. Данхайсан төсөвтэй, ядарсан улсад эдийн засагчид олон байгаа нь сайшаалтай. Ерөнхий сайд Сү.Батболд тэргүүтэй, Лу.Болд, Р.Амаржаргал, Ч.Улаан хэмээх эдийн засагчдыг иргэд андахгүй.

Аягатайгаа "амрагладаг " гишүүн
УИХ-ын гишүүн З.Энхболдыг чуулганы танхимд аяга нь орлодог гэмээр. Түүний ягаан аяга ширээн дээр нь байвал тэрбээр тун ч ойрхон байна л гэсэн үг. Дэргэдээсээ салгадаггүй 1.5 литрийн багтаамжтай цэвэр усны савтай "амраглах"-ыг түүнд эмч нь зөвлөжээ. Тэрбээр ягаан аягандаа ус хийж, хуралдааны үеэр уснаасаа оочилж уудаг.

Эрхэм гишүүн өдөрт багаар бодоход гурван литр ус уудаг гэнэ лээ. Хэзээний спортоор хичээллэж, хоолны дэглэм барьдаг түүний хувьд ус уух нь тийм ч хүндрэлтэй асуудал биш.

Шатрын хорхойтнууд
Г.Занданшатарыг шатрын хорхойтон гэдгээр нь хүмүүс андахгүй. Түүний араас МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Л.Гүндалай нарыг нэрлэж болно. Л.Гүндалайн хувьд дугуй танхимд асуудлаа ойлгохгүй толгойгоо гашилгаж сууснаас шатарын хөлөг дээр хоёр гурван нүүдлийн дараах хожлыг чухалчилдаг нэгэн. Учир нь тэрбээр чуулганы хуралдаанд төдийлөн суугаад байдаггүй. Аль болох өрөөндөө шатар тоглож суудаг. Өрөөгөөрөө шагайсан нэгнийг "Алив хө, ганц өрчих үү" гээд л эхлэнэ дээ.

Д.Лүндээ дарга ч дутахааргүй хорхойсдог нэгэн. Ямартаа л чуулганы завсарлагаанаар С.Бямбацогтын хүүхдэд шатар зааж суух вэ дээ. Мөн багшлахын хажуугаар Их тэнгэрт байгуулсан волейболын элсэн талбайд ангийнхантайгаа бооцоотой тоглож суудаг гэнэ лээ.

Өрөнд идэгдсэн төрийн түшээд
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг "Нарантуул"-д мөнгө "тарьдаг" гэлцдэг. Ямартаа л "Хүн ахтай Сайханбуу захтай" гэх үг гарах вэ дээ. Тэрбээр ганц захад бус олон улсын хэмжээнд бизнесээ явуулдаг гэх нь бий. Тэгвэл мань хүн “Голомт” банкинд их хэмжээний өртэй гэвэл та итгэх үү. Тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус банкинд 200 сая төгрөгийн өртэй гэдгээ тэмдэглүүлжээ.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ч өртэй нэгэн. Тэрбээр сургалтын төрийн санд 37 сая төгрөгийн өртэй аж. За тэгээд өрийн жагсаалтыг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үргэлжлүүлнэ. Түүнийг дампуурал зарлаад буй "Анод" банкнаас 140 саяын зээл авчихаад төлөөгүй гэх ярих байдаг. Ямартай ч Хөрөнгө орлогын мэдүүлэггээ тэрбээр "Монгол шуудан" банкинд 1.163.500.0 төгрөгийн өртэй ажээ.

Малаар баян гишүүд
Ганц морьт уралдаанч ганц дээлт барилдаанч гэгчээр УИХ-ын гишүүн Д.Кекшүюзан Батбаярын ганц соёолон улсын наадамд айрагдаж байсан нь удаатай. Тухайн үед эрхэм гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ганц адуутай хэмээсэн байсан. Тэгвэл энэ жил бас ч үгүй нэмэгджээ. Буянтай айлын бух хүртэл тугалдаг гэдэг шиг Д.Кекшүюзан Батбаярын адуу азаргаар тоологдохоор өсчээ. Түүнд саалийн үнээ л гэхэд 500 гаруй бий.

УИХ-ын гишүүн С.Оюун ангийнхан дундаа цөөн тооны адуутай нэгэн. Харин УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Д.Балдан-Очир нар мянгат малчин. "Толин хул"-ын эзэн Г.Батхүү хэдэн арваар тоологдох азарга адуутай. 557 адуугаа унаж эдэлж ч амжихгүй Д.Дэмбэрэл даргыг орлоод тун ч завгүй явна.
Дээрх гишүүд адуу, үхрийнхээ тоогоор толгой зохьдог бол Д.Балдан-Очир гишүүн хамгийн олон богтой. Хөдөө аж ахуйн салбараас салгаж ойлгохын аргагүй эрхэм түшээ 2800 бог  тоолуулжээ. Тэрбээр сонгогдсон тойргийнхоо малчдад жил бүр эцэг мал бэлэглэдэг нэгэн.

Заргачийг давсан заргач
"Фортуна" Н.Батбаяр шаггүй заргач нэгэн, Чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлий гэснээ шуудхан хэлчихдэг зантай. Үүнээсээ болж ангийнхантайгаа дуржигнатал хэрэлдэх үе олонтаа. Иймдээ ч тэрбээр хэлэлцэж буй асуудлыг төвөггүйхэн эргүүлээд хаячихаж мэдэх нөхрийн нэг гэгддэг.

Заргач түшээ "Алдарт эх"-ийн одонгийн босгыг бууруулж чадсан юм. Тэрбээр энэхүү хуулийн төслийг батлуулахын тулд П.Алтангэрэл гишүүнтэй ам зөрөлдсөн удаатай. Гэвч заргач түшээ П.Алтангэрэлийг хэл амаараа дийлэлгүй буулт хийж байсан юмдаг. Тэгэхээр заргачаараа алдартай түшээг буулт хийхэд   хүргэж П.Алтангэрэл шаггүй нэгэн бололтой.

Түүний дараахан хүүхдийн мөнгийг тусад нь олгох хуулийн төсөл санаачилсан боловч төдийлөн амжилт олж  чадаагүй. Үүндээ жаахан сэтгэл дундуур яваа гэнэ лээ.

Залуу хүний гүндүүгүй зан
УИХ-д "памперс"-тай гишүүд олон бий. Насны хувьд ч цус сэлбэгдэж залуужсан гэж хэлж болно. Эдгээр "памперс"-тай гишүүдээс хамгийн залуу нь Ж.Сүхбаатар юм. Тэрбээр 34 настай. Залуу хүний
ааг зарим нэг "акул"-ын дургүйг хүргэх нь бий. Энэ зангаасаа болж Хууль зүй, дотоод хэргийн сайд
Ц.Нямдоржид боолгож байсан нь саяхан. Хал үзэж, хашир суусан эрхэм түшээ залуухан гишүүнийг арай л хэтрүүлчихсэн гэдэг.

Харин УИХ-ын хамгийн хөгшин нь Д.Дэмбэрэл. Тэрбээр 68 настай аж. 76 ангидаа ахмад тэрбээр "памперс"-тай гишүүдэд аав нь л гэсэн үг. Шинэхэн түшээдэд зааж сургаж, хааяахан зэмлэл хүлээлгэчихдэг зантай. Дашрамд, гишүүдийн ихэнх нь 46-50 настай аж.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.