Ганцхан хоттой улс ба буруу бодлогын гай

2010/08/08
Share |
Хүмүүс:
Ганцхан хоттой улс ба буруу бодлогын гай

Монгол Улсыг ганцхан хоттой орон гэж болох нь. Мэдээж хэрэг, тэр нь Улаанбаатар. Нүүдэлчний "уламжлал"-ын дагуу утаа униар, тоосжилт ихтэй UB-д суурьшихаар хөдөөгийнхөн амь тэмцэн айсуй. Харин "Ганцхан хоттой орон" хэмээх хочийг гадаадынхан өгсөн бололтой дог. Учир нь тэд Чингисийн үр сад хөрсөн доорх асар их баялгаа XXI зууныг хүртэл хав дарчихаад байсныг сая мэдчихээд "Төв Азийн цээжнээ орших Mongolia гэдэг чинь энэ юм байна. Улаанбаатар гэдэг нь нийслэл хотынх нь нэр аж" хэмээн газрын зурагтаа содон өнгөөр тэмдэглэх болов.

Зарим нь бүр "Мongolia биш, Mine-Golia юм байна" хэмээн эндүүрэх болсноо хүлээсэн. Ийнхүү харийнхан манай улсын нэрийг уул уурхайн нэр томъёотой хольж хутгах болсноос үзвэл Монгол Улсын гадаад ертөнц дэх имиж байгалийн баялаг болсон нь яалт ч үгүй үнэн. Гэхдээ цэнхэр нүдтэнүүдийг төөрөлдүүлэх өөр нэгэн гоц зүйл бий. Тэр нь 21 аймаг, 315 сум, 1508 баг. Аялал жуулчлалын улирал эхэлсэн болоод ч тэр үү манай улсад өмнө нь ирж байгаагүй жуулчдад хаа л очно аймаг, сум, дээр нь баг хэмээх үгс "таарах" нь хөгжилтэй ч гэмээр.

Тэдний хувьд "Энэ олон аймаг, сумын алинаар нь явах вэ, та минь ээ" гээч л болж байгаа биз. Энгийнээр дүгнэвэл, жуулчид энд ирсэн хойноо л "Монгол орон Хонконг, Сингапур зэрэг хот-улсаас тэс өөр бүтэцтэй юм байна" гэдгийг ойлгоно. Хамгийн төвөгтэй нь тэдэнтэй таарсан иргэд хүнд газарчлах нь байтугай өөрсдөө амьдран суугаа газрынхаа албан ёсны нэрийг мэддэггүй. Жуулчдад учирдаг бэрхшээлүүдийн нэг нь энэ. Нутгийн иргэд сум, багийнхаа тухай мэдээлэл тааруухан байхад хөөрхий хөтчид ямар буруу байх билээ. АНУ-ын 51 мужийг А-Я хүртэл цээжээр мэддэг америкчуудын хувьд ийм зовлонг ойлгохгүй л дээ.

Ийм номинаци байвал яасан юм бэ дээ. Хамгийн ойр, бас төвөөс алслагдмал гэж. Статистик үзүүлэлтээс харвал, аймгийн төвтэйгөө хамгийн ойр оршдог сум 20 километр, харин алслагдсан нь 390 километр зайд оршино. Говь-Алтай аймгийн тухайд Алтай сум төвөөсөө 318 километр, Тайшир сум 43 километр, бусад сум нь 79-223 километр зайд оршдог. Сүүлийн үед аялал жуулчлалын зарим компанийнхан "Хоёр өдөр, гурван шөнө" ч билүү нэгэн арга хэмжээ зохион байгуулах болсон. Тэгвэл Улаанбаатараас Говь-Алтайг зорьж, Алтай сумын нутаг дахь Бургастайн боомтоор нэвтрэх гэсэн иргэдэд л энэ үг тохирох аж.

Улаанбаатар, Алтай сум хоорондоо 1090 километр зайтай. Монголд хурдан галт тэрэг байхгүй, тэр тусмаа Говь-Алтай аймгийг нийслэлтэй төмөр замаар холбоогүй" тул тийш зорчих иргэд яалт ч үгүй  "Хоёр өдөр гурван шөнө" хэмээх уртын урт аялалд гарах нь дамжиггүй. Хол, ойрын замыг ажралгүй туулж, Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхисыг "Байгалийн хосгүй үзмэр" хэмээн бахдан хардаг хүмүүст бензин, тос гарздан байж, тэртээд бөртийх сумыг олж харах нь нэг их сонин биш. Гэвч энхэл донхол ихтэй замаар хамаг цаг, ажлаа гарздан давхиж буйдаа бухимддаг хүмүүст "Сум, баг, тэр ч атугай аймгуудыг нэгтгээсэй" гэх бодол төрнө. "Цаг бол алт ч биш, харин мөнгө гэдэг нь үнэн шүү" хэмээх гаргалгааг хийчихсэн орчин цагийн ажил хэрэгч хүмүүс засаг захиргааны нэгжүүдийн өнөөгийн хуваарилалтыг үнэндээ эсэргүүцэх болжээ. "ГСА гэж юу гэсэн үг вэ" хэмээх таавар мэт асуултад дунд сургуулийн хүүхдүүд хүртэл "Гурван сумтай аймаг" гэж төвөггүйхэн хариулна даа.

Гэтэл мөнөөх ГСА буюу Говьсүмбэр аймаг нь 2010 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогоо 48.1 сая төгрөгөөр батлуулжээ. Энэ нь улсад хамгийн бага орлого оруулна гэсэн үг. Ийм атал "Аймаг л юм чинь Засаг даргатай байна. Засаг дарга нь туслахтай, орлогчтой, машинтай байх учиртай" хэмээн тус аймгийн удирдлагууд цамнадаг л биз. Сонирхолтой нь төрийн зүгээс тэдэнд "Үгүй шүү, орлого бага оруулдаг аймгийнханд ганц ч төгрөг хялайлгахгүй" гэж хэлж чадахгүй. Учир нь Говьсүмбэр бол гурван сумтай аймаг. Ганц давуу тал нь тус аймгийн сумд Говь-Алтайн сумдыг бодвол төвтэйгөө нэн ойр оршдог. АНУ-ын 44 мужийн төсөв 2008 оны эцсээр алдагдалд ороход муж бүр хурдны зам, цэцэрлэг, нисэх онгоцны буудал, гольфийн талбай зэргээ худалдахаар болсон.

Миннесота мужийнхан 5.27 тэрбум ам.долларын төсвийн алдагдалд ормогцоо олон улсын "Миннеаполис-Сент Пол" нисэх буудлаа зарахаа мэдэгдсэн юм. Гэвч Монголын тухайд ийн дурьдах жишээ алга. Тэгэхээр аймгийн удирдлагууд төрийн өмнө алгаа тосохоос өөр яалтай. Эрхэм гишүүд олон аймаг, сум, багтайн зовлонг жил бүр мэдэрдэг. Тэд "Эдгээрийн заримыг нэгтгэвэл зохилтой" гэдгийг хамгаас сайн мэдэх ч "Засаг захиргаа бол зах зээл" гэсэн нэгдмэл эрх ашигтай хүмүүс. Хөдөөгийнхөн нэг их баяжихгүй байвал сайн. Тэр хэрээр гадаад, дотоодын зээл, тусламжийг тойрогтоо хуваарилуулах нэрийдлээр ашиг унагах нь эрх мэдэлтнүүдийн хувьд олон жилийн туршид хийж гаршсан "бизнес". Парламент 2010 оны төсвийн тодотголыг хаврын чуулганаар арайхийн амжиж баталсан. Гишүүд товчлуураа яаран сандран дарахдаа нэгэн заалтыг оруулахаа ч мартсангүй "Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймагт үзүүлэх бөгөөд дээрх аймгуудад 14.29.232 сая төгрөгийн дэмжлэг олгохоор боллоо" гэж.

Эдгээр аймагт уул уурхайн орд газрууд нэгээр ч зогсохгүй бий. Гэтэл аймгийн удирдлагууд нь баялгаа ашиглах, түүнээс олох орлогыг зарцуулах эрх мэдэлгүйн улмаас улсын төсвөөс "цалинжсаар" байгаа нь төрийн бодлогын бас нэгэн гажигтай тал. Тэнд эрх мэдэлгүй Засаг дарга, энд сургууль, цэцэрлэгийн дээврийн мөнгө нэхэх УИХ-ын гишүүд. Гэхдээ "Эрхэм гишүүд өөрсдөдөө нэг, нэг тэрбум төгрөг хуваарилуулах гэж байна" хэмээх хэл ам дэгдэхэд олон аймаг, сумтайн хэрэг гарсан. Нэгэн гишүүн "Бид нэг тэрбум төгрөг аваагүй. Хүсвэл аймаг, сумдаас тэр мөнгийг хайгаарай" гэсэн бол Сангийн сайд С.Баярцогт "Гишүүд бид бүх аймгийг эрх тэгш хөгжүүлнэ гэдэг зарчимтай. Тиймээс гишүүн бүрийг тойргоор нь буюу аймгаар нь тэгш хуваагаад хөрөнгө оруулалт хуваарилдаг" хэмээх тайлбар өгсөн билээ.

Олон аймаг, сумтайн хэргийг овжин зарим нь гаргаж байхад өөрсдийгөө "Угаас коммунист хүмүүжилтэй" хэмээн үздэг улстөрчдөд тархай, бутархай байршилтай тойрог гай болсон нь мэдээж. Наад захын жишээ нь 76 тэрбумтнаараа дуудууллаа. Хардах нэгэн нь эрхэм гишүүний заавраар Монголын талаар нэг тэнүүчилж, тэрбум төгрөгийн эрэлд яваа биз. "Барон Унгарын нуусан алтыг олчихлоо" гэдэг хүмүүст энэ нэг их хэцүү биш л дээ. Ирэх намрын нэгэн дуулиан нь Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх явдал юм. Өмнөх сонгуулийг томсгосон тойргоор явуулж, улстөрчдөд буруу бодлогынх нь гайг мэдрүүлсэн. Хаширсан гишүүд энэ талаар бодолцсон нь Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар амжиж батлаагүйн бас нэгэн шалтгаан билээ. Оновчгүй байршилтай олон сум иргэдийн байтугай төрийн “толгой”-г эргүүлсээр уджээ.

С.Баттулга Улс төрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.