Монгол хар тамхинд живэх нь ээ

2010/08/09
Share |
Хүмүүс:
Монгол хар тамхинд живэх нь ээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн мансууруулах бодис, өвсний ургамлын тархалт 60 хувьтай байдаг гэсэн албан бус судалгаа бий. Аравхан жилийн өмнө хар тамхи дамжуулагч орон гэгдэж байсан бол одоо хэрэглэгч болсон аж. Манай улсад хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд мөн 20-28 насны залуучууд байдаг аж. Мансуурлын эсрэг үндэсний төвийн тэргүүн Л.Азбаяр “Хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийг боломжтой айлын хүүхдүүд” гэж тодорхойлсон бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн их эмч Д.Энхтуяа “СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд ядуу айлын хүүхэд байхгүй.

Боломжтой айлын хүүхдүүд донтсон, хар тамхи хэрэглэж үзсэн байдаг” гэж байв. Эндээс харахад хүний сэтгэцэд нөлөөлдөг энэхүү бодисыг ихэнхдээ хөрөнгө мөнгөтэй хүмүүс хэрэглэдэг байна. Гурав хүрэхгүй сая хүн амтай манай улсад хар тамхины наймаа хэдийнэ сүлжээ болсон байх магадлал өндөр байгаа юм.

Хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн 20 хоногт гэхэд л таван тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Монгол Улсад хар тамхины сүлжээ нэгэнт үүссэн гэдгийг нотолж байна. МИАТ-ийн ОМ-302 аялалын онгоцноос 15×15 хэмжээтэй 356 ширхэг каннабис хилээр орж ирсний дараа нийслэлд шил шилээ даран мансууруулах бодис илрэх боллоо. Хилээр оруулж ирсэн каннабисын эзэн нь солонгос хүмүүс гэх боловч тодорхой мэдээллийг нийтэд зарлаагүй л байна.

Мөн Сүхбаатар дүүрэгт энэ сарын 2-ны шөнө “АСА” циркийн хажууд хэвтэж байсан Т.Билэгт гэх залуу тус дүүргийн эрүүлжүүлэх байранд хоносон. Түүний хэрэглэсэн үл мэдэгдэх бодисыг шинжилгээнд өгөхөд манай улсын нутаг дэвсгэрт ургасан хар өвсний төрлийн мансууруулагч болохыг тогтоосон байна. Үүнээс дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 6-нд Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, Жигжид зуслангийн ойролцоо “Марк II” маркийн УБЭ 68-70 улсын дугаартай авто машйнд 21-27 насны дөрвөн залуу ногоон өнгөтэй, хатаасан өвс татаж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Эдгээр залуусыг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгахад Сонгинохайрхан дүүргийн иртэн Т.Энхтөр, Б.Энхтулга, Ц.Ариунсанаа нар байсан аж. Мөн Чингэлтэй дүүргээс өнгөрсөн амралтын өдөр 18-21 насны Г, М гэх хоёр залуу байрны орцонднунтаг өвсхэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Дүүргийн цагдаагийн хэлстийн Архидан согтуурахтай тэмцэх хэлтсийн ахлах байцаагч Ч.Чинбат “Иргэдийн мэдээллийн мөрөөр байрны орцонд үл мэдэгдэх бодис хэрэглэж байгаа хоёр залууг Шалгахад биедээ гялгар ууттай өвс авч явж байсан. Цагдаагийн албан хаагчид уг өвсийг сэжигтэй гэж үзээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээнд өгсөн. Уг бодисын хариу одоо болтол гараагүй байгаа юм.
Гэтэл сэжигтэй этгээд болох Г, М нарыг хорьж саатуулалгүй гадуур шалгаж байна. Учир нь биед нь явсан ногоон өвс хар тамхины төрлийн мансууруулах бодис болох нь тогтоогдоогүй учир хорьж саатуулаагүй” хэмээн ярьж байх юм.

Манай улсад хар тамхины төрлийн бодис, мансууруулдаг өвс болон эм илэрсэн тохиолдолд Гаалийн шинжилгээний төв лаборатори, Мэргэжлийн хяналтын лабораторид шинжилгээ хийдэг. Гэтэл энэ газруудад шинжилгээнд өгөхөд төлбөртэй байдаг аж. Тиймээс иргэд, албан байгууллагууд тэр бүр сэжигтэй бодисыг шинжлүүлдэггүй байна.

Энэ сард бүртгэгдсэн бас нэг тохиолдол нь амралтын өдрүүдэд болсон амьд хөгжмийн “Рlay time” наадамд хар тамхи хэрэглэсэн залуус юм. Хэдийгээр хэвлэлүүдээр уг наадмын зохион байгуулалт өмнөх жилүүдээс сайн болж өнгөрлөө гэх боловч баттай эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи хэрэглэсэн зарим залуусыг цагдаагийн хэлтэст саатуулж, шалгаж байгаа аж.

Мөн манай улсын иргэн Л.Байгальмаа хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс бүх насаараа хорих ял сонсоод байгаа. Гэтэл түүнтэй холбоотой гэх үндэслэлээр түүний дүү н.Алтансүхийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн байна. Хэрвээ н.Алтансүх хар тамхийг хамтарч зөөвөрлөсөн нь тогтоогдвол 15 жил хүртэл хорих ял оноох аж.

Сар хүрэхгүй хугацаанд ийм олон тохиолдол илэрч байгаагүй нь Монгол Улсын хувьд эмгэнэл болоход ойртсоныг гэрчилж байна гэхэд хэтийдсэн болохгүй л болов уу. Үүнийг мэргэжлийн байгууллагын хүмүүс ч өгүүлсэн байдаг.

Хар тамхи хэрэглэгчдийн 13-17 насныхан нь татаж, ууж хэрэглэдэг бол 2 5-45 насныхан биедээ тарьж хэрэглэх сонирхолтой байдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн 2007 онд хар тамхи хэрэглэдэг 440 гаруй хүн байсан бол одоо 2000-3000 хэрэглэгч тогтмол хэрэглэдэг болсон гэсэн мэдээллийг Мансуурлын эсрэг үндэсний төвийнхөн үгүйсгээгүй юм.

Бидний мэдэж байгаагаар л энэ. Гэтэл үүний цаана мэдэгдээгүй хэдэн мянган хүн байгааг хэн ч таашгүй. Мансууруулах бодис хэрэглэдэг нэг хүн 4-5 хүнийг хар тамхины донтон болгож чаддаг байна. Тэгэхээр мэдэгдээд байгаа 3000 орчим мянган хүний цаана хэдэн хүн хар тамхинд донтож байгаа бол. Хар тамхинд донтогсод эхлээд өөрсдөө хууль бусаар хэрэглэдэг байсан бол одоо бусдыг уруу татаж, хар тамхинаас хараат болгосоор байна. Хар тамхинд живэх нь үү Монголчууд аа, бид чинь.

Б.АРИУНТУЯА Ниймгийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.