Төрийн ордноо 20 давхар болгоё

2010/08/09
Share |
Хүмүүс:
Төрийн ордноо 20 давхар болгоё

-Тэнд нь хор найруулдаг, хоршоо ажиллуулдаг, хөзөр тоглодог гээд олон өрөөнүүдтэй бол мөн догь оо-

Баян кувейтуудыг ам ангайсан дээр нь шинэ парламентын ордонтой болчих санаатай нэг хэсэг сандралдаж, 76 гишүүн хаанаа барьж босгох вэ гэж нэг хэсэг л юм болсон. Одоогийн Төрийн ордныхоо арын цэцэрлэгт хүрээлэнг онилж нэг үзээд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү хяламхийж нэг үзээд таг чиг болов. Шинэ ордон барих тухай яриа үе үеийн парламент дамжин яригдсаар ирсэн. Ер нь ингэхэд шинэ ордон үнэхээр хэрэгтэй, шаардлагатай юу. Манай улсад ордон барихаас өөр наад захын тулгамдсан асуудлууд зөндөө.

Ингэж хэлэхээр Кувейтууд заавал шинэ ордон барь гэж л хөрөнгө өгсөн болохоос өөр юманд зарцуулж болохгүй гэсэн гэх хүн захаас аван бий. Тэгвэл шинэ ордон барих гэж энэ, тэрийг нурааж нүүлгэж зардал чирэгдэл болж байхаар хуучин ордон дээрээ давхар нэмээд 10 бүр 20 давхар болгоод өндөрлөчихөөч.

Тэгвэл шинэ УИХ бүрэлдэх бүрт гишүүд чи, би-дээ тулан өрөө булаалдаж суухгүй амар байхгүй юу. Хууччуул нь шинэковуудаа дээрэлхэж шилэн хүзүүнээс нь татаж хуучин муу өрөө рүү жийхгүй ш дээ, ядаж.

Ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн ч болно. Нэг гишүүн хэдэн ч туслах авч болно, ямар багтахгүй гэхийн зовлон байх биш. 76-уулаа тэр өндөр харшид юу дуртайгаа хийдэг юм байгаа биз дээ, аан. Хурлын танхимаа А-гаас Я хүртэл дугаарласан ч болно. Хор найруулдаг, хоршоо ажиллуулдаг, хөзөр тоглодог, зуу татдаг, зугаацдаг, сонгогчидтойгоо уулздаг, солонгос кино, сүмо хоёрыг үздэг гээд өрөөнүүд тусад нь гаргачихвал бүр догь. Тохуурхаж хэлбэл нэг иймэрхүү. Харин жинхэнэ утгаар нь яривал, Монголд байхгүй өндөр барилга сүндэрлүүлчихээд гадаад, дотоодын зочдод "Энэ манай Төрийн ордон" гээд сууж байхад нүүр бардам юм. Гайтай, лайтай хоёр толгойныхоо буянаар Монгол Улс тоглоо л биз, яадгийм. Хувь хүн хэтэвчээ зузаалж байснаас улс орондоо ганц томхон бүтээн байгуулалт хийчихвэл тэр нь дээр. Заавал тэр эрээн алчууртай арабуудаас бадар барих албатай биш. Харин тэр мөнгийг нь аваад гэр хороололд хэдэн сайхан хүүхдийн цэцэрлэг барьчихгүй юу.

Зарим нэгэн нь манайх шиг нам, төр, Ерөнхийлөгч нь бүгдээрээ нэг ордонд чихэлдээд гэх байх. Яагаад болохгүй гэж. Яг одоохондоо манайх тэгж Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газартаа тус тусад нь ордон бариад өгчих бэл бэнчин алга. Цаг нь ч биш. Цаг нь болохоор дөрвөн уулынхаа дунд хэдэн ч харш босгочихоод хэд хэдээрээ сууж байх биз. Байг гэх газаргүй.

Парламентын шинэ ордонг барихын тулд цэцэрлэгт хүрээлэнг устгаж, эмнэлэг нүүлгэн шилжүүлэх юм гэнэ. Заавал нүүлгэн шилжүүлж, устгах гээд байгаа юм бол Төрийн ордны зүүн талын Хэвлэлийн комбинатын нурсан балгасыг бүр нурааж хаяад суурин дээр нь барьж ч болох. Захын хүнээс асуугаад эмнэлэг нүүлгэх үү, балгасыг нураах уу гээд асуугаад үзээрэй. Харин аль нь хэний өмч, хөрөнгө вэ гэдэгт л учир бий байх. Парламентийн засаглалтай улс орны хувьд төрийн эрх барих дээд байгууллага нь хотынхоо төвд байх ёстой юм гэнэ лээ. Газар олдохгүй зовж байхаар Төрийн ордноо л давхарлачихъя.

Б.Цэлмэг Улс төрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.