Х.Тэмүүжин: Гишүүд уул уурхай гэхээр л гараа өргөчихдөг

2010/08/09
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин | 
Х.Тэмүүжин: Гишүүд уул уурхай гэхээр л гараа өргөчихдөг

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Завсарлагааны хуга­цаанд ямар ажил хийж байна вэ?

-Цаас л нухаад сууж байна. Намрын чуулганаар хэдэн хуулийн төсөл өргөн барьчих санаатай. Тойрогтоо хүүхдийн эмнэлэг барилаа. Одоогийн байдлаар ашиглалтад оруулах гээд хөөцөлдөөд явж байна.

-Ямар хуулийн төсөл өргөн барих гэж байгаа юм бэ?

-Өмгөөллийн     тухай   болон хуульчдын хол­бооны хуулийн саналыг боловсруулаад сууж байна. Шүүхийн хараат бус, бие даасан байдал гээд олон зүйл хуульчдыг өөр өөрс­дийг нь мэргэжлийн ур чадвартай хариуцлагатай ажил­лахад нь нөлөөлдөг. Гэтэл томил­гоонууд нь улстөрчид рүү, улс төрийн тодорхой эрх мэдэл рүү шилжээд эцсийн дүнд хуулийн байгууллагуудын хэрүүл болж хувирах хандлагатай боллоо. Тийм учраас хуульчид өөрөө удирдах ёс гэсэн механизмыг сайжруулах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулаад иргэний нийг­мийн санхүүжүүлэх, хөг­жүүлэх хууль өргөн барихаар ажил­лаж байна. Нийгэмд тустай үйл ажиллагааны тухай, Нэг хувийн татварын тухай, Өмгөөллийн тухай, Хуульчдын холбооны тухай хууль гээд цогцоор нь бичиж байна.

-Намрын чуулганаар Авли­га­тай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­­лах гэж байгаа гэж сонс­сон юм байна. Хөрөнгө ор­­ло­­гын мэдүүлгийн ха­риуц­лагыг тодорхой зааг­­лаж байгаа гэл үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хаврын чуулганаар Авли­гатай тэмцэх газрын Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоо­той нээлттэй сонсгол зохион байгуулсан шүү дээ. Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан этгээдүүдэд сахилгын арга хэмжээ авлаа гэх мэдээлэл одоо ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Гэхдээ хуульд байгаа хариуцлагын асуудал бүрхэг, тодорхойгүй учраас сахилгын арга хэмжээ авсан нэр зүүгээд л өнгөрөөд байна. Үнэндээ өнөөх этгээдүүд хариуцлагаас мултрах боломжтой хуулийн цоорхой бий. Иймд Авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм байна.

-Ямар өөрчлөлт орох юм бэ. Энэ талаараа тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Хөрөнгө орлогын мэдүүл­гээ хугацаанд нь гар­гаж өгөөгүй бол ажлаас нь шууд чөлөөлнө. Тухайн ал­бан тушаалтан үүргээ бие­лүүлээгүй гэсэн үг шүү дээ. Иймэрхүү  байдлаар хариуц­лагын системийг тодорхой, мөн чангатгах хэрэгтэй. Хэрэв хөрөнгө орлогоо нуун дарагдуулвал хэмжих хэмжүүрийг тавих ёстой. Албан тушаалтан төрийн албанд ажиллаж буй учраас сар бүр цалин авдаг. Иймд жилийн орлого гэж тавиад тэрнийх нь тал буюу зургаан сарын орлоготой тэнцэх хөрөнгийг мэдүүлээгүй бол сахилгын арга хэмжээ авна. Жилийн орлоготой тэнцэхүйц хөрөнгөө мэдүүлээгүй бол албан тушаал бууруулах, эсвэл өөрчилнө.

Жилийн орлогоос давсан хөрөнгийг мэдүүлээгүй тохиолдолд албан тушаалаас нь шууд хална. Ийм байдлаар тодорхой шууд зааж өгөхгүй бол дөрөв, долоон компаниа нуучихсан этгээдэд сахилгын арга хэмжээ аваад л өнгөрдөг.  Үүнийг нь мөнгөн дүнгээр үнэлэх юм бол 500 саяар тоологдох байх. Тэгэхээр үүнийг бодох л ёстой юм байна.

Хариуцлагыг дээр байгаа эрх мэдэлтэнд нь үлдээхээс илүү хуульд нь тодорхой зааж өгсөн дээр юм. Тэр чиглэлээр нэмэлт өөрчлөлтийн хууль бичээд сууж байна.

-Сонирхлын зөрчлийн тухай хууль боловсруулж байгаа гэж ярьсан. Ямар учиртай хууль юм бэ?

-Төрийн  албан  дахь сонирх­­лын зөрчлөөс урьд­чи­лан сэр­гийлэх чиглэлээр хууль гар­гахгүй бол маш бол­хи бүдүүлэг болж хувир­лаа. Уул уурхай, ашигт малт­малтай холбоотой хүн төрийн албыг хаших нь хэр зохимжтой байх бол. Мөн хувьдаа хувийн сургуультай хүн Улсын их сургуулийн лектор болоод явж байх жишээтэй. Улсын эмнэлгийн эмч нар хувьдаа эмнэлэг бай­гуулчихаад, өөрсдөө улсад ажил­ладаг. Улмаар улсын эмнэ­лэгт үзүүлэхээр ирсэн өвчтөнд өөрийнхөө хувийн эмнэлэгт очиж үзүүл гээд зааж өгөх жишээтэй. Ийм зүйл байж болохгүй биз дээ. Тэгэхээр сонирхлын зөрч­лүүдийг хязгаарлах л хэрэгтэй. Хүн чадварлаг, боловсролтой байж болно. Гэхдээ сонирхлын зөрчилтэй байх юм бол нийтийн  ашиг сонирхлыг үнэгүйдүүлдэг аюултай. Тийм учраас үүнийг хязгаарласан хууль маш түргэн гаргах хэрэгтэй.

-Тэгвэл төсвийн бай­гуул­лагын ажилтнууд Хөрөнгө орлогын мэдүүлэг бөг­лө­дөгтэй адил ашиг сонирх­лын зөрчлийн мэдүүлэг бөг­лөнө гэсэн үг үү?

-Тийм. Ингэснээр  шинээр томи­логдох томилгоонууд дээрээ тухайн хүнийг томи­лох эсэх асуудлыг ярихад амар болно. Нөгөөтэйгүүр хариуц­­лага тооцоход ч хялбар юм. Шийдвэр гаргалт ч харь­цангуй шударга болж эхэлнэ. Энэ чиглэлээр хуулийн төсөл өргөн барих гээд бэлдээд сууж байна.

-Нээлттэй сонсголтой хол­боо­тойгоор Дэгийн тухай хуульд ч гэсэн өөрч­лөлт оруулах гэж байгаа юм уу?

-Сонсгол зэрэг олон зүйл­тэй холбоотойгоор Дэгийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулна. УИХ дээр сонс­голд дуудахад ирээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн орчин алга. Хаврын сонсголд татварын нэг байцаагч ирээгүй. Тэр албан тушаалтанд ямар ч  хариуцлага тооцоогүй. Иймд дараа, дараагийн мэдээ­лэл авах, асуудлыг ил тод болгоход чиглэгдэж Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай хандаж байна. Парламентын сонсголд дуудаж байхад ирэхгүй байх боломж албан тушаалтнуудад байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн албан тушаалтнуудын хариуцлагыг өндөрсгөх, мөн олон томилгооны асуудлыг шийдвэрлэхэд энэ хууль дөхөм болох юм.

-Тухайлбал?

-Хүний эрхийн үндэс­ний комиссын дарга, гишүү­нийг томилох асуудал хэлэл­цэгдэхэд Хүний эрхийн дэд хороо ямар ч оролцоо байхгүй. УИХ-ын дарга, хэдэн байнгын хорооны дарга нар хоорондоо зөвшил­цөөд асуудлыг шийд­вэр­лэчих жишээтэй. Үнэндээ нэг нам л энэ асуудлыг шийдвэрлэчихэж байгаа байх­гүй юу. Хүний эрхийн асууд­­лаар зөвшилцсөн хүмүүс орол­цохгүйгээр сан­дал ширээ­ний наймаа болоод хувирчихаж байна. Ганц энэ Хүний эрхийн үндэсний комисс гэлтгүй Үндэсний статистикийн газар, Үндэс­ний аудитын газар гээд парламетын хянал­тыг хэрэг­жүүлэх ёстой олон байгууллага бий. Гэвч тэр чиг үүрэг, холбогдох  байнгын хороотойгоо хамааралтай байхаас илүү улс төрийн намын томилгоо болж хувирсан. Шуудхан хэлэхэд УИХ-д өвдөг шороодсон хүмүүсийн залардаг сэнтий болоод байна. Ийм халамжийн байгууллага болж хувирч болохгүй биз дээ. Энэ мэтчилэн олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Авлигатай тэмцэх газ­рын толгой дарга нарын асууд­лыг Хууль зүйн байн­гын хороогоор дөрвөн удаа хэлэлцсэн ч тодорхой шийд­вэрт хүрч чадаагүй. Үүний цаана ч гэсэн таны хэл­сэнчлэн янз бүрийн ашиг сонирхол явагдаад бай­на уу?

-Хууль зүйн байнгын хороо хариуц­лагагүй байгаа нь үнэн л дээ. Түдгэлзүүлнэ, үгүй бол түдгэлзүүлэхгүй гээд л шийдвэрээ гаргах ёс­той. Түүнээс биш голд нь яс хаяж байгаа юм шиг өөрөөсөө зайлуулах зохимжгүй. Аливаад шийдвэр гаргахгүй байгуул­лагуудын хооронд шидэж завчлах байдлаар хугацаа хождог аргыг төрийн байгууллага, тэр дундаа ард­чил­лын механизмд бай­хыг хориглодог. Манайд харам­салтай нь энэ зарчим байдаг­гүй. Тийм учраас байнгын болон дэд хороод хоорондоо шидэлцэх байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй хойш татах боллоо.

Үүнээс болж асуудал ший­дэг­дэх биш улам хэрүүл нь даамжраад Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага хоорондын хэрүүл болж хувирлаа. Хуу­лийн дагуу тавигдсан асуудал биш хувь хүмүүсийн хэрүүл болс­ныг хэн хүнгүй л харж байна. Ерөнхий прокурор Д.Дорлигжав, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа гэсэн хоёр хувь хүн хэрэлдэж байгаа дүр зургийг нийтээрээ мэдэж буй. Үүнд нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл татагдан орж эхэллээ. Д.Дэмбэрэл дарга л асуудлыг шийдвэрлэхгүй байгаа юм шиг сэтгэгдэл нийтэд төрөх болсон шүү дээ. Эцсийн дүндээ хэрүүлийн алим нь илүү олон хүнийг тойрогтоо оруулж эхэлсэн нь энэ. Энэ асуудал сүүлдээ намаараа талцаж, хэрүүл хийхэд хүргэх л байх даа. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийг энэ хэрүүлд татан оролцуулсан талаар хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Мэдээж дараагийн бай нь хоёр намын талцал байлгүй. Ингэж явсаар хэрүүл иргэд рүү ч орох юм бил үү яаж мэдэх вэ дээ. Ийм хэрүүлийн тойрог гаргахгүйн тулд хуулиар хэнд энэ асуудлыг яаж шийдэх эрх хэмжээ нь олгогдсон байна. Тэр хэмжээгээр шийдвэрлэх хэрэгтэй байсан.

-Тэгвэл асуудлын гогцоо Хууль зүйн байнгын хо­роонд байгаа гэсэн үг үү?

-Хууль зүйн байнгын хороо саналаа хураа­гаад түд­гэл­зүүлнэ, түд­гэл­зүү­лэх­­­­­гүй гээд  л  шийд­чих  бай­­­сан.  Түдгэл­зүүлэх­гүй гээд шийдчихвэл проку­ро­рын үйл ажиллагаа зог­соно. Түдгэлзүүлнэ гээд шийдчихвэл асуудал хуулийн дагуу цааш явна. Энэ асуудлыг шийдэхгүй дүлэгнэх нь буруу. Дүлэгнэснээрээ асуудлыг илүү бодитой, эерэгээр шийд­вэрлэнэ гэж бодож байгаа бол том алдаа. Улам л үл ойлгогдох байдал руу орох байх. Хуулийн байгууллагууд илүү зөрчилдөөнтэй болж хувирна.

-Тодруулах шаард­лага­тай зүйл их байна гэж байнгын хорооны дарга ярьж байсан. Тийм асуудал байгаа юм уу. Байнгын хорооны гишүүний хувьд энэ асуултад хариулт өгөөч?

-Тодруулаад байх зүйл байхгүй. Бүгдээс нь асуугаад тодруулах шаардлагатай зүй­лээ тодруулаад л явсан. Тухайн үед тодруулах шаардлагатай зүйл байсан бол Хууль зүйн байнгын хороо асуудлуудаа нягтлаад, дахиад л асуух боломжтой байсан. Тэгэхэд заавал Тусгай хяналтын дэд хороо гэж шидэх ямар ч хэрэг байхгүй. Нөгөөх нь юу ч шийдэх гээд байгаа юм. Хууль зүйн байнгын хорооны асуудал бол тэр хүрээндээ л шийдвэрлэх ёстой.

-Аль ч байнгын хороонд МАХН-ын гишүүд олонх бай­даг тул тэд асуудлыг шийдвэрлэхгүй  гэвэл шийд­­вэр­лэдэггүй юм бай­на гэж байсан. Энэ үг хэр ортой юм бол?

-Парламентад олонх, цөөнхөөрөө асуудлыг шийд­вэрлэдэг учраас тиймэрхүү харьцаа харагдаж л байгаа юм. Гэхдээ хуулиараа санал хураагаад асуудлыг шийдвэрлэх л ёстой. Тэнд олонх цөөнх байх нь хамаагүй. Гаргасан шийдвэр нь чухал. Шийдвэрлэх ёстой л гэсэн бол шийдвэрлэх хэрэгтэй. Гэтэл саналаа ч хураахгүй, шийдвэр гаргахгүй яваад өгчихөж байгаа байхгүй юу.

-Долдугаар сарын 1-ний хэргийг дахин сэргээсэн гэг­дэж байсан ч энэ асуу­дал төдийлөн явахгүй байх шиг?

-Хуулийн байгууллагууд ажлаа яаж хийж байгааг би мэдэхгүй юм. Хүний эрхийн дэд хороо долдугаар сарын 1-ний өдөртэй холбоотой санал, зөвлөмжөө гаргачихсан. Гол нь хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд чуулган руу орох ёстой. Гэтэл өнөөх ажлаа хийдэггүй асуудал дахин хөндөгдөж гараад хуваарьт гурван удаа ороод амжсангүй гэж хойшлуулаад. Дараа нь чуулган завсарлах гэж байгаа болохоор хэлэлцэхгүй гэж УИХ-ын даргын зөвлөлөөр шийдсэн гээд хойшлуулсан. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын дэд хороо гэдэг ямар ч мэдэлгүй, оролцоогүй л байгаа байхгүй юу. Хэдэн улстөрчид ярьж байгаад үүнийг шийдэхгүй , шийднэ гээд тохирчихож болдог. Хамтарсан засгийн газар нэрийн дор  шийдэх ёстой асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай.

-Тэгэхээр...?

-УИХ-д мөнгө,  уул уур­хай асуудал ямар хурдан, санаачилгатай, зохион байгуу­лалт­тай явагддаг гээч. Өргөн баригдсан хууль маргааш, нөгөөдрийнх нь чуул­ганаар хэлэлцэгдэж ги­шүүд гараа өргөөд л батал­чихна. Харин хүний амь, хуулийн байгуул­лагын шинэч­лэл, төрийн байгуул­лагын өөрч­лөлттэй холбоотой асуу­далд хойрго ханддаг. Аль болох асуудлыг шийдэхгүй хойш татдаг. Мөнгө улаан, нүд цагаан гэгч энэ л дээ. Өөрөөр хэлбэл, уул уурхай, мөнгө хоёр гишүүн болгоны гарыг өөд нь татаастай, ам хамрыг нь ураатай байдаг юм байна. Харин шударга ёс, хариуцлагатай байдал, хууль шүүхийн өөрчлөлт, иргэдийн хүсээд байгаа зүйл эсрэгээрээ. Нүдийг нь таглаад, амыг нь үдчихдэг юм байна л гэж миний зүгээс харж байна. Бас л хэрүүл болох байх л даа. Намрын чуулган эхлээд л хэрүүл болох байх.

-Долдугаар сарын 1-нтэй хол­боотой  асуудал нам­­рын чуулганаар ороход бэлэн гэсэн үг үү?

-Намрын чуулганаараа оруулна.

Л.НИНЖСЭМЖИД Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.