"Мөхөлд найр тавьж өгье" гэсэнтэй утга нэг бус уу

2010/08/10
Share |
Хүмүүс: Ж.Цолмон |  Самбуу Ламбаа | 

Эрүүл мэндийн эрхэм сайд аа. Таныг энэ албан тушаалд сууснаас хойш хэчнээн ч олон хүн ХДХВ-ийн халдвартай болчихов доо. Олон хүн халдвартай нь тогтоогдох тусам мэдлэг тань зузаараад байгаа тухайгаа та нэг бус удаа хэлж байсан нь саяхан сан. Одоо тэр зузаан мэдлэгтээ тулгуурлаад ДОХ-той тэмцэх болоогүй юу.
Зөвхөн энэ он гарсаар өнгөрсөн долоо хоногийнхтой нийлээд 16 тохиолдол илэрчихлээ шүү дээ. Гэтэл та ” Би л тусахгүй бол болох нь тэр” гэсэн шиг суух юм. Үнэндээ ХДХВ-ийн халдвар тээгчид илэрч байгаа нь таны ажлын гол үзүүлэлтүүдийн нэг ч нөгөө талаар уг халдварыг та тараагаад байна гэж хэлж болохоор юм. Учир нь танай яамнаас ХДХВ/ДОХ-ын талаар хийсэн дорвитой ажлыг олон түмэн олж харахгүй байгаа. Улсаас олигтойхон мөнгө төгрөг төсөвлөдөггүй нь ч тантай шууд холбоотой.
Энд нэг жишээ пурьдъя л даа. ХДХВ-ийн халдвартай иргэдийн эмчилгээг “Глобал сан”-гийн төслийн санхүүжилтээс гаргадаг. Гэтэл нэг хүний эмчилгээнд жилдээ 3.5 сая төгрөг шаардагддаг. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад энэ өвчний тархалт нэгээс бага хувьтай гэж үзсэн байдаг. Энэ нь Зүүн Ази, Номхон дайлайн бүс нутгийн зарим орнуудтай харьцуулахад харьцангуй бага тоо тул өвчлел багатай таван улсын тоонд манай улс цохиж явдаг. Харин та энэ мэдээнд ханаад байгаа юм биш биз. Тэгвэл эндүүрэл, эмгэнэл болно. Зүй нь хүн цөөтэй манай улсад 79 тохиолдол илрээд байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг та мэддэг үү.
Дээр дурьдсанчлан тархалт багатай таван улсын тоонд багтсан нь ХДХВ/ДОХ-оор өвчлөгсдийн хэрэглэх эм тариаг гаднаас авахад чөдөр болдог. Иймд өөр бусад улс буюу ихэвчлэн Казахстан улсын бөөрөнд наалдсан шиг л эм тариагаа арай ядаж авдаг. Мөн хорин нэгэн аймагт ХДХВ-ийн халдварыг илрүүлэх лабораториуд байдаг ч иргэд хотод ирж шинжлүүлсэн нь олон байдаг. Ингэхдээ ихэвчлэн сайн дурын зөвлөгөө шинжилгээ өгдөг газруудад өгсөн байдаг юм билээ. Сүүлийн үед бэлгийн замаар дамжих халдвар ч хурдацтайгаар тархаж жилд 23-25 мянган хүн өвчилж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр ч бүүхэл жилд 10 гаруй хүүхэд төрөлхийн тэмбүүтэй гарч байгаа нь нууц биш юм.
Гадны улс орнуудад ХДХВ-ийн халдвар авагчид нь ихэвчлэн цус цусан бүтээгдэхүүнээр халдварласан байдаг бол манай улсад зөвхөн бэлгийн замаар дамжсан байдаг.
Сайд аа энд төрийн бодлого үгүйлэгдээд байгаа бус уу. Та 1940-өөд оныг эргээд нэг санаарай. Тэр үед хүн амыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсны хүчинд бэлгийн замын халдварт өвчнөөс салгаж түүний ачаар улсын маань хүн ам өдгөө гурван саяд дөхөөд байгаа.
Хөдөөгийн малчин бүсгүй ч ХДХВ-ийн халдвар авчихаад байгаа энэ үед иргэдийг сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдахыг уриалаад суух нь “Мөхөлд найр тавьж өгцгөөе” гэдэгтэй утга нэг бус уу

С.ТУУЛ “Нийгмийн толь”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.