Яруу найрагч О.Цэнд-Аюуш: Би эр хүнийг тэнэг гэж боддог

2010/08/12
Share |
Хүмүүс:
Яруу найрагч О.Цэнд-Аюуш: Би эр хүнийг тэнэг гэж боддог

Энэ удаагийн зочноор “Болор цом-2008” наадмын “аман хүзүү” О.Цэнд-Аюушийг урилаа. Түүний шүлгийн номыг сонирхож уншихад хүний амьдралын гуниг зовлон, баяр баясгалан, мөрөөдөл тэмүүлэл, бахархал аль аль нь амтагдаж байлаа.
Дэндүү гэнэн, дэндүү уяхан түүний хүүхэд нас одоо ч арилаагүй хэвээр яваа нь мэдрэгдсэн. Хөдөөгийн эгэл амьдралд өссөн түүний сэтгэлийг аав, ээж, эх нутаг, эх орон, ойр дотнын найз нөхөд нь хөглөсөөр иржээ. Уран бүтээлийн их өргөөний босгоор хөл тавьж буй авьяаслаг яруу найрагчийн сэтгэлийн үгийг эрхэм уншигч Та бүхний өмнө дэлгэе.

-Навчис хөлөөр нэг хөглөрсөн намар цаг хэдийнэ ирчихлээ. Зарим нэг найрагчийн бүтээл туурвил  ид оргилж, буцалсан цаг байдаг.  Яг ийм үед танд ямар бодол төрдөг вэ?

-Яагаад ч юм, надад намар уйтгар, гунигийн улирал юм шиг санагддаг. Сэтгэл эмзэглүүлсэн хуучин дурсамжуудаа сөхөж шанална. Яг ийм үедээ уран бүтээл туурвиад байдаггүй. Миний сэтгэл зүрх, уран бүтээлийг өвөл илүү хөглөдөг.

Бүх зүйл хөлдөж, амьтад ичээндээ орсон үед дотоод ертөнц рүүгээ өнгийх дуртай. Амьдралын төлөөх тэмцэл энэ үед бүх хүн, амьтанд илэрч байдаг. Найз нөхөд, ойр дотнын маань ах нар намайг хөгшин сэтгэлгээтэй гэдэг юм. Гэхдээ би эмзэглэдэггүй ээ. Уран бүтээлч хүн гаднаа, дотроо ч хэлбэр хөөх хэрэггүй, уран бүтээлчээрээ л байх хэрэгтэй.

-Яагаад гунигийн байдаг гэж. Хайр дурлал тань танд сэтгэлийн шарх үлдээсэн болоод тэр үү?

-Магадгүй. Өнгөрсөн үе минь тэр жилийн дурсамж ч байж болно. Харин ирээдүйдээ санаа зовохгүй ээ. Хэрхэн замнах минь дураараа болог. Би явдаг замаараа л урагшилна. Өөрийгөө шаналгах дуртай хүнд зовлон мунддаггүй гэдэг дээ. Зовлон хүнийг хайдаггүй, харин хүн зовлонг хайдаг юм шиг ээ.

Гуниглаад суух дэмий. Гунигийг аваад хаячих бас дэмий. Гэхдээ тунг нь тааруулах хэрэгтэй. Зовлон, жаргалын аль аль нь байж, амьдрал утга учиртай, сонирхолтой байна биз дээ. Заримдаа ширээгээ дэрлээд унамаар санагдсан үед цоглог доргио хөгжим тавиад сонсох дуртай. Сэтгэл дороо сэргээд ирдэг.

-Уйтгар, гуниг заримдаа өргөс шиг хатгадаг ч сэтгэлийг хөглөдөг юм биш үү?

  -Хүнд уйтгар гуниг байх ёстой. Харин хайр халамж, хүнээр дутаж, ганцаардаж болохгүй. Энэ бол аймшиг. Хэрвээ би ингэвэл галзуурах байх аа. Хүнд хүнээс хэрэгтэй зүйл байдаггүй. Тийм болохоор О.Дашбалбар агсан “Амьддаа бие биенээ хайрла” гэж мундаг ухаантай хэлсэн байна шүү дээ.

-Өнөөдөр та яг юун тухай бодож сууна вэ?

-Өглөө ажилдаа ирж явахдаа  “Ажлаа дуусгачихаад, бушуухан гэртээ харих юмсан” гэж бодлоо. Би гэртээ байхдаа илүү жаргалтай байдаг. Миний жаргалтай мөч их энгийн. Халуун ам бүлээрээ  банштай цай ууж, зурагт үзээд суух. Би гэр амьтай. Найз нөхөд гээд даргиж, наргиад явах дургүй. Сархад огт амсдаггүй гэж  худлаа хэлэхгүй. Хааяа баяр ёслолын үеэр амсдаг. Маргааш нь “Яах гэж ингэв дээ. Дахиж амсахгүй юм шүү” гэж асар их гэмшдэг. Ходоодны шаналангийн хажуугаар “Хөлчүүдээ хүнд юу гэж хэлээд, гомдоочихсон байх бол” гэдэг сэтгэлийн шаналал намайг зовоодог.

-Сурахынхаа хажуугаар “Өнөөдрийн Монгол” сонинд ажиллаж байгаа гэл үү. Сэтгүүлчийн зовлон жаргалыг хэр мэдэрч байна вэ?

-Дэлхийн зохиолч, яруу найрагчид хэвлэл мэдээлэлтэй амьдралаа холбосон байдаг юм билээ. Дан ганц шүлэг бичээд амьдрах хэцүү. Оюуныхаа талхыг олохын хажуугаар ходоодныхоо талхыг олох хэрэгтэй шүү дээ.

-Та үсээ ургуулах сонирхолтой юмаа даа…

-Хүн болгон “Яах гэж урт үс ургуулаад байгаа юм бэ” гэж асуудаг юм. Яах вэ, надад байж байг л дээ. Би бусдыг дуурайгаагүй. Хүн  үсээ хайрлах ёсгүй юм гэнэ билээ. Сүүлийн үед үсээ тайруулах сонирхолгүй болчихоод байгаа. 

- Уран бүтээлийн талаар?

 “Манан дундуур” хэмээх яруу найргийн номоо хэвлүүлсэн.

-Бүсгүй хүний гоо сайхан, хайр сэтгэл таны бүтээлд ч гэсэн байгаа байх аа…

-Байгаа, байгаа. Ямар ч улсын түүхэнд бүсгүй хүн, хайр дурлалын тухай хөндөж бичээгүй уран бүтээлч байдаггүй байх. Бүсгүй хүнээс болж улс мөхсөн гашуун түүх байдаг. Би бүсгүй хүнийг энэ ертөнцийн тусгал гэж боддог. Тиймдээ ч бүсгүйчүүдийн талд зогсдог. Харин эр хүнийг тэнэг гэж боддог.

-Яагаад. Ингэж хэлсэнд чинь эрчүүд гомдох вий дээ…

-Яах вэ, гомдох нэг нь гомдоно биз. Би өөрөө ч эр хүн. Бүсгүйчүүдийн үеийн үед үүрч ирсэн зовлонг ойлгохыг хичээдэг, сэтгэлдээ хайрлаж, аз жаргалтай яваасай гэж боддог. Бүсгүй хүн тоглоом биш шүү. Амьдралыг хөглөж, чимдэг ухаан тэдэнд бий. Хэрвээ тэд байдаггүй бол эрчүүд бид яах юм бэ.

Нэг нэгнээ ширтээд, санаа алдаад  суух уу. Амьдрал дэндүү уйтгартай, хөггүй байна биз дээ.  Та ч гэсэн эр хүний гоо сайхныг өөрийнхөө билгийн нүдээр харах гээд хичээ л дээ. Зүгээр л дөрвөлжин шоо шиг санагдаж байгаа биз. Тэгвэл бүсгүй хүн ямар гоё билээ. Түүнд байгаль ээж гоо сайхныг харамгүй өгч, ямар сайхан урласан гээч.

-Таны үеийн залуусаас өмнө нь ийм үг сонсож байсангүй…

-Би ядарч, зовсон бүсгүйчүүдийн дунд амьдраагүй. Эмээ дээрээ өссөн. Одоо ээжтэйгээ амьдарч байна. Яагаад ч юм, миний нүд бүсгүй хүний зовлонг олж хараад байдаг юм. Бүсгүй хүн, хүний эрхэнд байдаг. Хүнийх болсон үедээ эрх чөлөөг ховор эдэлнэ. Гэхдээ сүүлийн үед тэднийг өмөөрөх сэтгэл минь бага зэрэг цөвтөх гээд байгаа. Зарим нэг эмэгтэй “Хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй. Зүгээр ажиллаад л амьдарна” гэх юм.

Хорвоогийн хатууг үрдээ аялсан бүүвэйн дуугаар зөөллөж, ээж гэж дуудуулах бахархмаар хувь заяа ганцхан бүсгүй хүнд бий. Тийм сайхан хувь заяаг амсаж, эдлэх ёстой. Бодоод байхад найрагч хүмүүс эмэгтэй хүнийг зовлонтой хайрладаг юм биш үү. Өмнө нь би “Өнөөдөр” сонинд ярилцлага өгч байхдаа “Найз бүсгүй байхгүй ээ” гэж хэлж байсан. Угтаа бол байсан байхгүй юу.

-Өө, та шударга биш санагдчихлаа…

-Одоо надад амьдрал зохиох бодол бий. Өмнө нь “Эмэгтэй хүнтэй тодорхой зайнаас харилцана” гэж боддог байлаа. Бүсгүй хүнийг хайрлаад, өөрийгөө бүрэн зориулсан үед сэтгэл нь өөр хүн рүү явчихвал  зүрх, сэтгэл минь зовлонд унана биз дээ. Өөрийгөө зовоохгүйн тулд зайтай амьдаръя гэж шийдсэн.

 -Одоо бодол тань яаж өөрчлөгдсөн гэж…

-Гэвч би чадаагүй ээ. Бүх зүйл эсрэгээрээ. Найз бүсгүйдээ бүх зүйлээ зориулсан.

-Хайр гэж юу юм бэ?

-Хайр хүний эд эс, яс, үсэнд хүртэл шингэсэн байдаг. Харин дурлал нүдэнд харагдаж, зүрхэнд цохилдог. Анхны харцаар дурладаг гэдэг үгэнд  итгэдэггүй. Хараад  өнгөрдөг, зөрөхдөө мартдаг. Би дасаж дурладаг. Харцаар дурласан хайрыг хэврэг гэж боддог.

-Амьдрал ямар санагддаг вэ?

-Амьдрал уу, ирж буцахын хоорон дахь цаг хугацаа. Сайхан ч юм шиг, муухай ч юм шиг. Хүн ганц  амьдарна. Эргээд харахад харамсалгүй, алдсан зүйл ховор, сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Заримдаа дэмий зүйлд бухимдаж, өөрийгөө зовоогоод  байгаа ч юм шиг. Манайхан дэлхийн хөгжил, дэвшлээс хоцрох нь хамаагүй ээ. Харин нэг нэгнээ хайрладаг сэтгэлтэй байх хэрэгтэй.

-Дотоод ертөнцтэйгээ хэр зөрчилддөг вэ?

-Өө, зөрчилдөнө. Гэхдээ хааяа уусан шингэж, эвлэрэх тохиолдол бас бий. Шороотой, чулуутай, зовлонтой, жаргалтай гадаад ертөнцөөс ялгараад өөрийн байгуулсан дотоод ертөнцдөө амьдарч чаддаг байх хэрэгтэй.

-Шүлгээс тань сонирхмоор байна. Уншигчдад маань зориулж уншиж өгөхгүй юу?

-“…Амраг бүсгүйн минь уруул дээр танихгүй эр үнсчихээд

Адтайхнаар дагуулаад шөнийн цэнгээний газар руу орчихлоо

Гудамжны гэрэлд удаан барьж зогссон цэцгээ араас нь шидчихээд

Гуравхан алхаад эргээд хартал шувуу болоод нисч байлаа”

Миний шүлэг цөөн хэрнээ богино голдуу байдаг юм.

Бас нэг шүлэг уншъя.

“Цонхны цаана бороо шивэрнэ

Таримал цэцэг

Танил биш ертөнцийг харж санаа алдана

Цэцэг рүү тэмүүлсэн дусал бүр шил мөргөж

Цэнхэр зам татуулан цонх уйлна

Навчис бүхнээ дэлгэж цэцэг цонхыг тэвэрнэ

Намрын сүүлчийн бороо татарч

Намайг чи мартсан юм шиг

Нам гүмийн дунд цас хаялна”

-Эмэгтэй хүнийг гомдоосон эр ямар санагддаг вэ?

-Бүсгүй хүний зүрх сэтгэлийг шархлуулж, нулимсаар нь жаргал хийсэн эрчүүдийг үзэн яддаг. Хэрвээ өөр нийгэмд байсан бол толгойг нь авмаар санагддаг.

-Нутгаа санаж байна уу?

-Хүн чинь том болохоороо санаж, бэтгэрдэг зүйлээ бага багаар мартдаг юм байна. Гурван жилийн өмнө бол нутаг усаа санаад, нойр хоолноос бараг гарах дөхдөг байлаа. Одоо бол амьдрал намайг “Чи эрийн цээнд хүрч, амьдрал бүтээх боллоо. Алийн болгон нялцгай байх гэсэн юм. Эр хүн шиг бай” гэж шаардаж байна.

-Таныг тамхи татдаг гэж бодсонгүй шүү…

-Татна аа, татна. Юм бодож суухад аятайхан байдаг юм. Эрүүл мэндэд хортойг нь мэднэ л дээ. Зүрх маань өвддөг, үүнтэй холбоотой байх шүү.

-Таны анхны хайр бүтсэн үү?

-Үгүй ээ, бүтдэггүй гэдэг үнэн юм билээ. Гэхдээ харамсдаггүй. Хэрвээ өнгөрсөн амьдрал минь бал бурам шиг сайхан байсан бол би өнөөдөр шүлэг бичээд явах ч байсан юм уу, бүү мэд.

-Сайхан, ухаантай бүсгүйг сэтгэлдээ ямраар төсөөлдөг вэ?

-Миний хувьд нэг ойлголт. Гаднаа тогос шиг харагддаг ч дотроо хөө шиг байгаа нь харцнаас нь харагддаг. Би эмэгтэй хүнийг хачин, этгээд хувцаслахад дургүй. Найз бүсгүйдээ ч хэлдэг. Богино банзал, энгэр заам нь задгай цамц, нүд амаа эрээн мяраанаар будах сайхан харагддаггүй. Монгол дээл эмэгтэй хүний хамгийн сайхан гоёл. Аливаа юм нууцлаг байх тусмаа амттай, сонирхолтой санагддаг биз дээ. Дээлний цаана нуугдаж байгаа гоо сайхнаа эмэгтэй хүн бүхнээс нууцалж, шөнө харуулдаг. Магадгүй би хуучин сэтгэлгээтэй байж болох.

-Найз бүсгүйнхээ юунд илүү татагдсан вэ?

-Үг яриа, олны дунд биеэ авч яваа соёл, юманд хандаж байгаа хандлага гээд бүх зүйл нь сэтгэлийг минь татсан. Түүнээс биш гадаад үзэмж, царай зүс гэж хэлэхгүй ээ. Найз бүсгүйдээ “Би чамд хайртай” гэж хэлээгүй ээ. Гэхдээ хайртайгаа харуулж, ойлгуулсан гэж боддог. Олон хэлж болдоггүй энэ үгийг нандигнаж, хайрлах хэрэгтэй. Хайрыг хүндэлдэг байх хэрэгтэй. 

-Түүнгүйгээр нэг өдрийг өнгөрөөж чадах уу?

-Чадахгүй юм билээ. А.С.Пушкин “Онцын их ухаантай хүн байвч дурлалын дарсанд солиордог” гэж хэлсэн байдаг. Нэг л өдөр байхгүй байвал ус, агааргүй болчихоод байгаа мэт санагддаг. Тийм үедээ би ном ураад л сууж байдаг.

-Хэн нэгэн их мөнгө амлавал яруу найргаасаа татгалзаж чадах уу?

-Үхэж байсан ч үгүй гэж хэлнэ. Ван гог шиг болж үхсэн ч харамсахгүй.

-Амархан баярлаж, гомддог байх аа, та?

-Тийм ээ. Сэтгэлийн хөөрлөө нуулгүй, ил гаргадаг. Яг хүүхэд шиг. Заримдаа шантарч, тэсвэр тэвчээргүй загнана.

-Бидний яриа уйтгар гунигаар эхэлсэн. Харин одоо жаргал ярьж өндөрлөвөл зүгээр биш үү?

-Тийм ээ. Сэтгэл хангалуун амьдрах жаргал. Жаргалтай байх үедээ би “Төгөлдөр” гэж хэлэх дуртай.

Ярилцсан Г.Батцэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.