"Хар сарнай"-гийн Амараа.: Би өвөөгийнхөө үргэлжлэл

2010/08/12
Share |
Хүмүүс: Сүхбаатар Амараа | 

 “Хэрэв манайхан бараа, бүтээгдэхүүн хүргэлтээ шөнөөр түгээдэг бол манай улс хурдан хөгжинө дөө. Хөл хөдөлгөөн ихэссэн үед дэлгүүрүүдэд бараагаа тараах гэж яарах олон машин замын түгжрэл үүсгээд байгаа юм шүү дээ. Үүнийг танай сониныхон сайн хэлж, бичээд өгөөч” хэмээн бухимдсаар орж ирсэн хүн бол Сүхбаатарын Амармандах буюу “Хар сарнай”-гийн Амараа.

Түүний сэтгэл хамгийн ихээр зовнидог зүйл нь замын бөглөрөл гэнэ. “Хар сарнай” хамтлаг энэ жил насанд хүрч байгаатай холбог дуулан олон зүйл хийж, бүтээж яваа. Монголын хөгжмийн ертөнцийн реп-техногийн хаан гэгддэг энэхүү гэр бүлийг толгойлж яваа хамтлагийн ахлагч тай ярилцлаа.

-Урлагт анх хөл тавьсан үеэсээ дур саач. Хамтлаг байгуулахаасаа өмнө ардын бүжиг бүжиглэдэг байсныг тань мэдэх юм байна.

-Төрсөн цагаасаа эхлэн урлагтай холбогдсон гэж хэлж болно. Эмээ намайг унтахад бүүвэйн дуу аялж, сонорыг минь мялаадаг байсан тэр үеэс л урлаг хэмээх зүйлтэй танилцжээ. Хожим цэцэрлэгт байхад, Сугар багш надад бүжиг зааж, тайлан тоглолтын үеэр аав ээждээ үзүүлж байснаа тод санаж байна. Анх Сэвжид өвөөгийнхөө гараас хөтлөөд Ардын дуу бүжгийн чуулгын алтан тайзыг алхан орсноос хойш, өдөр шөнөгүй хажуугаас нь хол долгүй, алтан үеийнхний дуулж, хуур дахыг сонсдог байлаа.

Энэ газраас л уртын дуу, морин хуур, хөөмий, хархираа, ардын бүжиг гээд үндэснийхээ урлагийн сайхныг мэдэрч, энэ тогоонд “чанагдах” хүсэл төрсөн дөө. Ингээд 23 дугаар сургуулийн сурагч Амараа, урлагийн үзлэгт анх ардын бүжиг бүжиглэж байсан. “Агсал хүрэн морь нь байдаг” гээд хүүхдүүд дуулаад би бүжиглээд, шүүгч багш нар алга ташихад маш их урам орж билээ.

Түүний дараа Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангийн оюутан болж, сургуулийнхаа дүү нартай “Хар сарнай” хамтлаг байгуулж, реп бүжгийн тэмцээнд оролцдог болов. Тухайн үеийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол жүжигчин Өлзийхүү, Энхтуул тэргүүтэй хэсэг бүлэг нөхөд ана мана, ач тач үзэлцдэг байлаа шүү дээ. Үсээ хөвсийлгөөд буржийлгачихсан байсан болохоор ч тэр үү, их өндөр, биерхүү харагддаг байж.

Шпагат суух гэх мэтийн гимнастикийн хөдөлгөөнийг түвэггүй гүйцэтгэдэг, мундаг бүжигчид байсан. Харин манай хамтлагийнхан мэргэжлийн ангид сурдаг учир эргэлдэж үсрэх, харайж буух зэрэг хөдөлгөөний техникийг гаргууд эзэмшсэнээрээ ялгарч, олон удаа түрүүлсэн.

-Амараа, Маадай гэдэг хоёр хүнээр л “Хар сарнай”-г төсөөлдөг байлаа. Гэтэл Маадай ахыг хамтлагт нэлээд сүүлд орсон гэж сонссон?

-Хөгжим бүжгийн коллеж төгсөхийн өмнөх жил “Найрамдал”- д амрахдаа, нэг бүлэгт орсноор Маадайтай анх танилцсан юм. Манай Маадай Пионерийн ордны “Цэцэг” хамтлагийн бөмбөрчин байв. Тэгээд албан ёсоор хамтлагтаа аваад одоогийн “Хар сарнай” хамтлаг бүрдсэн. Гантөмөр гэдэг дуучинтай байсан. Цаг хугацааны эрхээр гадагшаа явах нь явж, гарах нь гараад хамгийн сүүлд шигшигдэж үлдсэн нь Маадай бид хоёр.

“Нүд нь ч хөөрхөн, бие нь ч гоё, халхын сайхан охид байхад харийн охиноор яах юм бэ, тийм биз дээ оо еэ, тэгэлгүй яах вэ еэ еэ” гэдэг дуугаа 1991 оны нэгэн шөнө миний онгод орж бичээд, түүнээс хойш дуулъя гэсэн санаа орж ирсэн юм. Түүний дараа нийгэм өөрчлөгдөж, охид биеэ үнэлдэг болсон үед, “Шөнийн 12 болж хот нойрсоно, шонгийн модны доохно талд ганцаар зогсоно” гэдэг үгтэй “Шөнийн охин” дуугаа зохиосон доо.

Аль ч цаг үед урлаг нийгмээс ангид байсангүй, харин ч түүнийг шүүмжлэх, дэмжих зэргээр хү- мүүсийн сэтгэхүйд нөлөөлөхүйц тийм уран бүтээл туурвих үүргийг бид хүлээсэн. Тухайн үед “Mc- Hammer” хамтлаг моодонд орж, тэднийг сонсоод хип хоп урлагтай танилцаж байсан. Бидний дуулдаг чиглэлийн тухайд их сонин л доо. Америкт бидний дууг сонссон гадаад хүн “Энэ ямар урсгалаар дуулж байгаа хамтлаг вэ. Ийм урсгал сонсоогүй юм байна” гэж асууж байсан гэдэг. Манай зарим найз “Та нар шинэ урсгал гаргаад ирсэн юм биш үү” гэж хүртэл хэлдэг.

Үнэндээ бид өөрсдөө ч яг тийм ийм гээд хэлчихэд тохирох урсгалыг одоо хүртэл сонсоогүй л явна. Ерөнхийдөө бидний дуу реп-техно урсгалд багтдаг. Анхны “Бүтээнэ, сөнөөнө” цомгоос эхлээд зургаан цомог гаргажээ. Харин өдгөө бид 18 насныхаа ойтой золгож байна. Төрсөн өдрөө улсынхаа баяр наадмаар, төв талбайд хамтлаг, дуучидтай болон фэнүүдтэйгээ хамтран тэмдэг лэсэн дээ баяртай байна. Энэ жил “Хурд”-ынхантай хамтарч нэг гоё дуу хийнэ ээ.

-18 насны ойн тоглолт гэхээсээ илүү наадамд зориулсан үйл ажиллагаа гэж бодоод үзэж амжаагүй хүмүүс олон байгаа шүү дээ. Тэгэхээр ойдоо зориулсан тоглолт дахин хийхгүй гэсэн үг үү?

-Энэ жилийн наадмын “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг найруулах боломж надад олгосон зохион байгуулагчдад бо лон БСШУЯ-ынханд баярлалаа. Өмнө нь “Хар сарнай” 80, 81, 86 жилийн ойн Төрийн баяр наадмыг нээж байсан юм. Үүнтэй холбогдуулаад энэ жилийн цэнгүүнийг илүү өвөрмөц байлгах үүднээс 1990-ээд оны хамтлагуудаа цуглуулаад, 18 насныхаа тайлан тоглолтыг хийсэн. Ороо бусгаа энэ цаг үед нэгэн үзэл дор залуусыг нэгтгэхийн тулд “Бид эх орондоо хайртай” гэж нэрлэсэн.

Миний саналыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх уран бүтээлчдэдээ баярлаж талархсанаа илэрхийлье. Наймдугаар сарын сүүлчээр “Шөнийн охин” нэртэй эротик шоу хийхээр төлөвлөсөн. Шоу гэдэг утгаараа хүнд юм бодогдуулахаар тоглолт хийнэ. Дараа нь арваннэгдүгээр сард бас тоглоно.

-“Хар сарнай” гэдэг нэр ямар учиртай юм бэ. Бас “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” бүх оддын дуунд та хоёрын хийдэг хөдөлгөөн танай хамтлагийн салшгүй нэгэн хэсэг болсон. Ямар учиртай, хаанахын хөдөлгөөн юм бэ?

-Тэрийг бид “цавчдаг” хөдөлгөөн гэдэг юм. Сайн ажиглавал баатруудын сэлмээ эргүүлэх, дайсныхаа тол гойг цав чих хөдөлгөөнийг санаг дуулна. Түүнээс санаа авч энэ хөдөлг өөнийг анх хийж байсан нь одоо биднийг тодорхойлох нэрийн хуудас болжээ. Хөгжим бүжгийн коллежид байсан үеэс эхлэн үсээ ургуулсан.

Аав хүртэл бүжигчдээ үсээ тайрвал ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг байсан. Өвөг дээдэс минь ч морин дэл дээр, үсээ намируулан байлддаг тийм сүр хүчтэй хүмүүс байсан шүү дээ. Магадгүй эр хүний гэзгэнд хийморь сүлд нь байдаг гэсэн утгатай ч байж болох.

Уг нь монгол эрчүүд урт үстэй бол их сүрдмээр харагдана даа гэж хааяа боддог юм. Хамтлагийн нэрийн тухайд хар туг бол Чингис хааны дайн байлдаандаа авч явдаг сүлд, харин сарнайг хүн бүр хайртай хүндээ бэлэглэдэг нандин зүйл гэдэг утгаар нь хослуулсан.

-Хамтлагийн бэлгэ тэмдэг болон стиль имижийн талаар сонирхмоор байна. Та нарын хувцсыг ямар хүн урладаг юм бэ?

-Стилийн тухайд монгол цэргийн хувцасаны загвараас санаа авсан гэж хэлж болно. Бэлгэ тэмдгийн бүтцийг ажиглавал цэг, түүнийг тойрсон тулгын гурван чулуу, хагас тойрог, түүний цаагуур өргөстэй юм шиг зүйл байдаг шүү дээ. Бэлгэдлээрээ бодоод үзвэл цэг нь нар, тулгын гурван чулуу галыг, хагас тойрог сарыг, өргөстэй зүйл нь усны долгионыг төлөөлж байгаа юм.

Эдгээр нь хүний амьдралын гол тулгуур зүйл гэдгийг илэрхийлсэн учиртай. Бидний хувцсыг голдуу загвар зохион бүтээгч Соёлмаа эгч урладаг байсан бол одоо “Luxury men’s collection”-ыхон бүтээж байгаа.

-Өвөө, аав тань монгол ардын бүжгийн урлагийн түүхэнд өөрсдийн гэсэн хуудсыг үлдээсэн гавьяатай. Ээжийн тань талаар тэр бүр сайн мэддэггүй шүү дээ. Танай гэр бүлийнхнийг ардын бүжигтэй амин сүнсээ холбосон гэдэг?

-Манай ард түмний соёл, ёс заншил, ахуй амьдрал зуунаас зуунд цаг хугацаа, орчин байдлаа дагаад хувьсаж буй. Гэхдээ энэ нь уламжлал алдагдаж байна гэсэн үг биш. Харин цаг үе, уур амьсгалаас хамаарах өөрчлөлтийг хэлээд байгаа юм. Хүннү гүрний үед галаа тойрч бүждэг байсан монгол түмэн, XIII зуунд өргөө гэртээ олноороо цуглаад, морин хуураа эгшиглүүлж, биелдэг байсан.

Тэр үеийн гэрийн бүжгийг Сэвжид өвөө маань тайзны бүжиг болгон дэглэсэн. Өөрөөр хэлбэл, ансамбльтай болгож, нэгэн зэрэг хөдөлдөг болгоод дахин найруулж тавьсан гэсэн үг. Өвөөгийн энэхүү гавьяаг үнэлж ардын жүжигчин хэмээх эрхэм цол хүртээсэн шүү дээ. Харин тайзан дээр гаргаж ирсэн энэ урлагийг миний аав бүжгийн жүжиг болгон дэглэсэн.

Ямар ч үг хэллэг, дуу байхгүй зөвхөн үйл хөдлөлөөр түүнийг орлох тийм том зүйлийг бүтээжээ. “Нарны домог”, “Сурын дуулал” бүжгийн жүжгээс эхлээд олон арван бүтээлийг туурвисан ааваараа би бахархдаг. Харин энэхүү бүтээлийг нь би орчин үетэй холбож, уртын дуу, морин хуур, хөөмий, хархираа зэрэгтэй хослуулан уран бүтээл туурвиж байна. Нэг үгээр хэлбэл, өвөөгийн үүсгэсэн холбоог цааш үргэлжлүүлж байгаа хэрэг.

Цаашдаа язгуур урлаг, орчин үеийн рок, поп хөгжимтэй нэгдэн улам илүү хөгжих болно гэдгийг би бардам хэлмээр байна. Миний ээж гавьяат жүжигчин Цэрэннадмид гэдэг сайхан монгол эмэгтэй бий. Аав, ээж хоёр өвөөгийн шавь байсан. Ажил, гэр гээд үргэлж хамтдаа. Одоогийнхыг бодвол тухайн үед гадаад, дотоодод урлагийн наадам их зохиогддог байж. Тэгээд Сэвжид өвөө бүжигчдээ дагуулаад хорвоо дэлхийгээр нэг аялчихна. Гэртээ ирлээ гэж бодоход сараас хэтрэхгүй хугацаанд ирж, хувцас хунараа базааж, бүжгээ бэлдэж байгаад буцаад явна. Тэр үед нь би хамаатнуудынхаараа нэг нэг хоноод л явдаг байлаа.

Миний бага насанд ээж, аавтайгаа хамт байсан цаг тун ховор, ихэнхдээ хоёр талынхаа эмээ, өвөөгийнд өнжинө. Сурагчдын амралтаар Булган аймаг руу жирийчихнэ. Тэнд манай нөгөө эмээ, өвөө амьдардаг. Мөн миний төрсөн нутаг болохоор зун бүр очиж амардаг байсан. Аав маань ээжид зориулаад “Монгол бүсгүй” бүжиг дэглэж, хожим нь ээж олон улсын тэмцээнд орох бүртээ бүжиглэдэг уран бүтээл нь болон хувирсан даа. Үзэгчийн хувьд харахад үелзүүрийг маш сайхан бүжиглэдэг байв. Тайзны ард зогсоод харж байхад яг л усны долгион мэт харагддаг байж билээ.

-Ардын урлагаар амьсгалсан гэр бүлд өсөж хүмүүжсэний хувьд монгол бүжгээ нэг сайхан магтвал?

-Монгол бүжиг их сонин урлаг шүү дээ. Хөдөлгөөн бүр нь гайхалтай. Сур элдэх хөдөлгөөн гэхэд яг л сур элддэг, “Адуучин залуус” гэдэг бүжгийн хувьд морь бугуйлдах, адуу хариулах, жороо морины давхилт гээд тэр бүх ахуйг илэрхийлсэн хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Монгол Улс олон үндэстэн ястнаас бүрддэг учир бүжиг нь ч онцлогтой. Баяд бүжиг гэхэд үндэснийхээ өвөрмөц зан заншлаа шингээсэн хөдөлгөөнтэй байх жишээтэй. Хүн бүр өөр өөрийнхөө мэдрэмжээр ойлгож тайлбарлах байх. Монгол бүжиг гэдэг нь монгол хүний зүрхэндээ бодож буй зүйлийг үйл хөдлөлөөр илэрхийлэх агуу урлаг гэж би хэлнэ.

-Та аавтайгаа улам адилхан болоод байна. Ер нь эцэг, эхийнхээ ямар зан чанарыг нь өвлөж авсан бол. Зүс царайны хувьд хэнтэй нь илүү адилхан гэж өөрийгөө боддог вэ?

-Хүмүүс аавтайгаа илүү адилхан гэж хэлдэг л дээ. Гэхдээ миний нүд, царайны өнгө, олуулаа байх дуртай нийтэч зан, зөөлөн сэтгэл нь ээжийгээ дуурайсан. Ойрд аав жаахан борлоод байгаа юм аа (инээв). Манай аав айлын ганц хүү, харин ээж маань 10 гаруй хүүхэдтэй айлын охин байсан учир хүмүүжил болон зан төлөвийн тухайд нэлээд ялгаатай.

Сэвжид өвөөтэйгээ 40 мянгатад олуулаа амьдардаг байсан болохоор ч тэр үү, ер нь би олны дунд бужигнаж явах дуртай. Хурц үйлдэл, огцом түргэн ааш нь ааваас өвлөсөн зан юм болов уу. Эртний монгол хаадаа муулуулах тун дургүй. Хэрвээ хэн нэгэн муу хэлж сонсогдвол хамаатан аятай өмөөрч, догшрох жишээтэй.

-Урлагийн, алдартай хүмүүсээр дүүрэн байдаг болохоор ч тэр үү танай гэр бүлийн амьдрал олны анхаарлын төвд байдаг. Та ээжийгээ их хатан, хойд ээжийгээ бага хатан гэж хүндэлж дууддаг гэдгийг сонссон юм байна?

-Сэтгэл санаа, үзэл бодол нийлэхгүй, салдаг гэр бүл олон бий. Ная гарсан хойноо хайраа олоод аз жаргалдаа умбаж буй эмээ, өвөө ч байгаа. Миний аав, ээж тэдэнтэй л нэгэн адил. Аав Москвад сурч байгаад долоон жилийн дараа эх нутагтаа ирэхэд түүний талаар хов жив, цуурхал гадуур тархсан. Сүхбаатар тэгж гэнэ, ингэж гэнэ гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй олны ярианаас нэг л өдөр ээж залхсан уу яасан, намайг дөрвөн настай байхад хувцаснуудаа чемоданд хийгээд явчихсан.

Тухайн үед би хүүхэд байсан болохоор юу болоод байгааг сайн ойлгохгүй байсан ч, бид хамтдаа нэг гэрт дахиж амьдрахгүй гэдгийг мэдэрч байлаа. Аав хэсэг хугацааны дараа залуу эхнэртэй болж, ээж ч өөрөөсөө ахмад хүнтэй гэр бүл болсон. Гэхдээ тэд чуулгад олон жил хамт ажилласан учир одоо ч найзын холбоотой. Энэ асуудлыг би хүндээр тусгаж авахыг хүсдэггүй, хүний амьдралд байх л асуудал.

Гэхдээ олны танил болохоор хүмүүс бидний амьдралд илүүтэй анхаарал хандуулдаг байх. Миний хувьд цагаан сар, шинэ жил гээд баяр ёслолын өдрөөр аав, ээжийнхээ рээ очдог, хамтдаа баярладаг. Манай гэр бүлийнхэн зун бүр хамтдаа салхинд гарч, шорлог, хорхог идэж, айраг цагаа ууж хэдэн өдөр зугаатай өнгөрүүлдэг хэвээрээ. Зарим хүн салж сарничихаад одоо болтол эв найрамдалтай, сайхан харилцаатай хэвээрээ, сонин гэр бүл гээд гайхаж л байдаг юм.

Саллаа гээд хувиа бодоод холдох биш, үр удмаа бодох нь чухал шүү дээ. Тийм ч учраас манай гэр бүлийнхэн энэ нандин харьцаагаа ихэд хүндэлж, дээдэлдэг. -Урлагийнхан аливаа зүйлд маш мэдрэмтгий, эмзэг ханддаг юм шиг санагддаг. Магадгүй тэд хайр дурлалын тал дээр ч энэ зангаараа ханддаг байх.

-Таны хувьд хайр гэж юу вэ. Та гэр бүлтэй юү?

-Ер нь урлагийн гэлтгүй эрэгтэй хүн зарим зүйл дээр эмэгтэйчүүдээс илүү мэдрэмжтэй ханддаг шүү дээ. Сайн тогооч нарын олонх нь эрэгтэй байх жишээтэй. Урлагийн хүний хувьд би сэтгэхүйн цар хүрээнд баригдах дургүй. Хоолыг яг хийх ёстой журмын дагуу биш өөрийнхөөрөө зо хиож хийхийг илүүд үздэг. Түүнтэй адил хайр сэтгэлийн хувьд заавал тийм байх учиртай гэж үзэхгүй, зүгээр л мэдрэмждээ итгэдэг. Хайр бол дэлхийн том хүч, хүний амьдралын тэжээл гэсэн үг.

Цэцэг усгүйгээр хатдаг шиг хүн хайрыг мэдрэхгүй бол хэн ч биш болно гэж боддог. Ер нь хайрыг хүндэлж байх хэрэгтэй. Одоогоор гэр бүлээ хараахан батлуулаагүй ч хайртай бүсгүй бий. Гэхдээ бидний хайрыг цаг хугацаа л үнэнээр шүүх байх даа. Ямартай ч тэр бүсгүйтэй хамтдаа амьдрахыг хүсэж, өөрийн зүгээс шалтгаалах зүйлийг чадах ядахаараа хийх гэж зүтгэж явна даа.

Хайр сэтгэлээс гадна хоорондын зохилдлогоо гэдэг зүйлийг анхаарч үзэх нь маш чухал. Манайхан жил ус тохирох тал дээр мэдлэг сайтай хэрнээ амин биеийн зохицол гэдэг шинжийг тэр бүр мэддэггүй юм билээ. Гал, шороо, ус, хий гээд хүний махбодийн зохицол гэр бүлийн амьдралд их нөлөөтэй гэдгийг саяхнаас мэдэрч эхэлсэн. Энэ зүйлийг мэддэггүйгээс болоод амьдралд алддаг хүн олон байдаг гэсэн.

Өвөөгийнхөө дурсгалд зориулан “Сэвжид сан” байгуулсан, удахгүй УДЭТ-ын хашаанд Ардын дуу бүжгийн театр барихаар газрын зөвшөөрөл авсан тухайгаа тэрбээр хэлсэн юм. Ардынхаа урлагийг дэлхий дахинд түгээх бас нэгэн театр удахгүй сүндэрлэх бололтой.

О.ЦЭНГЭЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Реагент в НикольсРºÐµ Методон в ÐŸÐµÑ€ÐµÑÐ²ÐµÑ ‚е ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КодинскРµ ЗакладкР¸ метадон в Хилоке россыпь в Каменке Лозунги Ð°Ð½Ð¾Ð½Ð¸Ð¼Ð½Ñ ‹Ñ… наркомаР½Ð¾Ð² Купить закладкР¸ шишки в АлексанР´Ñ€Ðµ Купить закладкР¸ стаф в КораблиР½Ðµ стаф в МихайлоР²ÐºÐµ ЗакладкР¸ лирика в Чулым-3 Метадон в Донской Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вУсолье-С
IP:95.181.177.220  2018-10-04 11:15:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.