Дуучин Ч.Одноо: Хувцсаараа биш хоолойгоороо гайхуулахгүй бол хэн ч хүлээж авахгүй шүү дээ

2010/08/16
Share |
Хүмүүс:
Дуучин Ч.Одноо: Хувцсаараа биш хоолойгоороо гайхуулахгүй бол хэн ч хүлээж авахгүй шүү дээ

Хэцүү анги" олон ангит уран сайхны киноны "Ариун нандин" дуугаар бусдад танигдсан дуучин бол Ч.Одноо. Эвлэгхэн хоолой, донжтой төрх, даруухан инээмсэглэлээрээ залуусын сонирхлыг татах тэрээр "8В1Ч" телевизийн "Сонголт" олон ангит киноны гол дүрд тоглосон юм. Дуучин Ч.Одноотой ярилцлаа.

-Хүмүүсийн амарч, зугаалдаг зуны цагт уран бүтээлчид шаргуу ажиллаж байдаг. Ч.Одноо юу хийж амрав?
-Хөвсгөлийн даншиг наадамд оролцсон. Нээлтэд нь олон хамтлаг, дуучид дуулсан. Харин наадмын хоёр дахь өдөр Чингүнжавын хөшөөтэй талбайд "Хурд" хамтлаг, дуучин С.Наран, Ө.Уянга нартай хамт ая дуугаа өргөсөн. Би "Ариун нандин", "Улаан сарнай" гэсэн хоёр дуугаа дуулсан. Дараа нь Хөвсгөл далайг үзэж, Монголоороо бахархаж, замаараа Эрдэнэт хотдоо сайхан амарч байгаад ирлээ.

-Чамайг дуулахад Хөвсгөлчүүд хэр хүлээж авав?
-"Ариун нандин" дууг хүн болгон мэддэг, дагаж дуулсан нь гоё санагдсан.

-Хөвсгөлд тоглох саналыг чамд хэн тавьсан бэ?
-"Хурд" хамтлагаар дамжуулсан. Би "Хурд" хамтлагийн хоёр unpluged тоглолтод нь оролцож анх танилцсан. Түүнээс хойш студид нь уран бүтээлээ хийж байгаа. Тэд намайг дэмжиж хөгжим найруулга, бичлэгийг минь хийж өгдөг юм. Миний уран бүтээлд хамтарч, надад зааж зөвлөн тусладаг, олон дуунуудыг минь хийж өгсөн "Хурд"-ын ах нартаа баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлье.

-Одоо урын сандаа хэдэн дуутай болж байна?
-Би анхны цомгоо өнгөрсөн жил "Би сэрээнэ" нэртэй есөн дуутай гаргасан. Одоо хоёр дахь цомгийнхоо ажилд орсон. "Ариун нандин", "Улаан сарнай" зэрэг дуунууд маань хүмүүст сайн хүрсэн. Цацагдаагүй, хүмүүст хүргэж амжаагүй дуу олон бий.

-Өмнө нь "Рlay time" наадамд оролцож байсан. Энэ жил яагаад ороогүй вэ?
-Нэгл удаа орсон. Тайзан дээр гараад өөрийнхөө зохиосон хэдэн дуугаа гитартай дуулчихсан. Залуучууд дажгүй хүлээж авсан. Өөрийн гэсэн хамтлаггүй болохоор дахиж оролцоогүй. Ерөнхийдөө үзэгчээр очдог болсон доо. Ахиж орооч гэсэн санал олон тавьдаг. Миний дуунуудад рок дуунууд бий. Хамтлагтай болж байгаад орвол арай өөр харагдана шүү дээ. Нөгөө Л бахь байдгаараа гитараа бариад гарвал онцгүй. Дандаа шинэ уран бүтээл хийж байвал илүү сонирхолтой. Энэ жил хөдөөгүүр явсаар байгаад таарлаа.

Миний цомог хүмүүсийг сэргээж, нэгийг бодогдуулж байгаасай

-Өөрийг тань багаасаа дуулсан гэж сонссон юм байна. Яагаад СУИС-ийн дуулаачийн ангид ороогүй юм бэ?
-Би Эрдэнэтийн дөрөвдүгээр арван жилийг төгсөөд МУИС-ийн урлаг судлалын ангийн төгссөн. Онолын хичээлээ илүү сонирхсон. Бас уран зураг сонирхдог болохоор тэр чиглэлийг сонгож сурсан юм. Анх 2005 онд Дашка студийн дуулаачийн курсын тав дахь төгсөлтийн шилдэг төгсөгч болж тайлан тоглолт дээрээ Э.Ангирмаа багшаас анхныхаа "Би" гэдэг дууг бэлгэнд авч байсан. Бүр жаахан гурван настай байхдаа дуулж эхэлсэн. Багадаа "Яргуй" наадамд түрүүлж байсан. Бас "Ирээдүйн одод", "Өсвөрийн дуу дуулаачдын тэмцээн" гээд нэрлээд байвал олон тэмцээн бий.

-"Би сэрээнэ" цомгийнхоо тухай яриач. Ямар чиглэлийн дуунуудаас бүрдсэн юм бэ?
-Алтернатив чиглэлийн есөн дуутай. Анхных учраас өөр өөр хүмүүстэй хамтарч ажилласан. Миний өөрийн зохиосон хоёр дуу багтсан. Мөн ая зохиогч Б.Ангирмаа, Б.Долгион, "Хурд"-ын Отгонбаяр ах, Дашка багшийн дуунууд орсон.

-Цомгийнхоо нэрийг тайлбарлаач?
-Надад "Би сэрээнэ" нэртэй дуу байдаг юм. Түү-нийгээ цомогтоо оруулсан. Мөн миний цомог хүмүүсийг сэргээж, нэгийг бодуулж байгаасай гэж бодсон.

-Өөрөө дууны уг, аяаа зохиодог уу?
-Оролдоно. Хааяа сэтгэл хөдлөх үедээ гитараа бариад Суувал гоё санаанууд орж ирдэг юм. Хөгжмөө амьдаар бичдэг учраас "Хурд" хамтлагийнхантай илүү ойр байж тэднээс байнга суралцдаг.

-Дараагийн цомог хэдэн дуунаас бүрдэж байна. Өмнөхөөс юугаараа онцлог байх бол?
-10 дуутай байна. Киноны дуунуудаа Оруулна. Дандаа амьд хөгжмөөр бичиж байна. Хэцүү ангийн "Ариун нандин", "Монгол" продакшны "Ах дүүс" киноны "Хэрэв", өөрийнхөө тоглосон SBN Телевизийн "Сонголт" кинонд зориулж дууг нь дуулсан. Тэднийгээ оруулна.

-Дуучин хүнд хамгийн чухал зүйл клип болсон. Хэдэн дуундаа клип хийлгэсэн бэ?
-Яг цацагдсан клип долоо байгаа. Шинэ клипний зураг авалт эхэлчихсэн байна. Клип гэснээс жүжигчин Д.Бямбацогт ах өөрөө клипэндээ тоглоод, найруулгаа хий гэж хэлсэн нь надад урам өгсөн. УДЭТ-ын жүжигчин Д.Бямбацогт "Сонголт" кинонд жүжигчийг хариуцаж ажилласан юм. Бидэнд жүжиглэлтэд зөвлөгөө өгч байсан.

Надад "хэцүү анги"-ийн дүр таалагдсан

-Өөрөө "Хэцүү анги" киноны "Ариун нандин" дуугаар олонд танигдсан. Дуулсан дуу чинь хит болоход ямар санагдаж байна?
-Маш гоё. Ингэж хүрснийг нь шинэ жилийн үеэс мэдэрч эхэлсэн. Очсон газар болгонд бүх хүн дагаж дуулаад л, дотор нэг л сонин болдог юм билээ. Анх "Guys" хамтлагийн Төгсөө ах над руу яриад "Нэг ийм киноны дуу байгаа, чи дуулж үзэх үү, чиний хоолойд тохирох байх" гэсэн. Уг нь гэгээлэг, аялгуу нь гоё, хөнгөн өвөрмөц дуу санагдсан, Тэгээд л дуулаад шууд бичүүлсэн. Үндэсний телевизээр үдэш бүр гарч байсан болохоор тэр үү, ямар ч байсан хүмүүст хүрсэн байна лээ. Дашрамд хэлэхэд энэ дууг надад өгсөн Төгсөө ахдаа болон хөгжмийн найруулгыг хийсэн Хишгээдээ баярлалаа.

-Дууг нь дуулсан учир киногоо үзсэн биз. Чамд хамгийн их таалагдсан нь хэний дүр байв?
-Дажгүй кино болсон байна лээ. Яг бидний амь-дарч байгаа нийгэмд байдаг энгийн зүйлүүдийг тусгасан. Кино зохиолч нь залуусыг, өнөөгийн нийгмээ сайн мэдэрч бичсэн юм шиг санагдсан. Надад Дөлгөөний дүр их таалагдсан. Хөөрхөн, гэнэн бас нэг тийм дүрээ тоглолтоороо илүү тодорхойлж гаргасан юм шиг.

-Сонголт киноныхоо тухай яриач. Дуучин хүн яагаад жүжиглэх болов?
-Цагаан сарын үер "SBN" телевизээс яриад ирж проб өгөөч гэсэн юм. Тэгээд анх удаа проб өгч үзсэн. Тэгсэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ үлдээх аз таарч тэнцсэндээ баяртай байгаа./Инээв/ Кино бол маш агуу урлаг юм билээ.

-Зохиолд бичсэн дүрийг өөрийнхөөрөө гаргаж чадсан уу. Ямар зүйлд нь илүү анхаарч байв?
-Өнгөц харахад Баялаг-Эрдэнэ баян айлын даруухан охин. Гэхдээ амьдралын хаттай, тэвчээртэй, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэмцэгч бас хүлээцтэй сайн дүр. Гэхдээ би дүр бүтээх гэж яривал тэнэг болно. Намайг Баялаг-Эрдэнэ болоход "Сонголт" киноны бүх уран бүтээлчид тусалсан. Найруулагч, зураглаач, жүжигчид, арын албаны туслахууд гээд олон хүний хөдөлмөрөөр бүтсэн. Би энэ олон хүмүүсийн итгэлийг алдчихгүйн тулд хичээсэн.

-Киногоо гарсны дараа өөрөө үзэхэд ямар санагдав?
-Яагаад ч юм олон дутагдлуудаа эхлээд олж харсан.

-Ахиад кинонд тоглох бодол байна уу. Ямар нэг санал ирсэн үү?
-Түүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Одоогоор надад ямар нэг санал ирээгүй.

Би урлагт хайртай, өөрийн гэсэн ертөнцтэй хүн

-Одноо гэж ямар хүн бэ. Өөрийнхөө тухай яриач?
-Би урлагт хайртай бас өөрийнхөө үзэл бодлыг уран бүтээлээр дамжуулж хүмүүст хүргэх, хэн нэгнийг дуурайхыг хүсдэггүй өөрийн гэсэн ертөнцтэй тийм хүн. Эгч, хоёр дүүтэйгээ амьдардаг.

-Олны танил болоод амьдралд чинь өөрчлөлт гарч байна уу. Найз залуутай юу. Гэр бүлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээж илүү олон хүн намайг таньдаг болсон учир яриа өдөх, миний тухай сонирхох нь илүү болсон. Заримдаа танихгүй хүн залгаад тоглох ч үе гардаг. Гэр бүл гэдэг халуун дулаан, нандин байх ёстой. Миний хувийн амьдрал ямар ч байсан уран бүтээл хийхэд саад болохгүй гэж үздэг болохоор энэ тухай нууцаар нь үлдээе дээ.

-Цаашид юу хийж бүтээхээр төлөвлөж байна даа?
-Миний мөрөөдөл хязгааргүй. Ямар ч байсан дуугаа зогсолтгүй хийнэ. Бас мэргэжлээрээ ажиллана гэж боддог. Мэдээж хүмүүнлэгийн ажлуудад байнга оролцоно. Би олон улсын Ротари клубын Ротараст залуучуудын клубын гишүүн болоод удаж байна. Хүмүүнлэгийн ажил хийх гоё байдаг юм. Өөрт дандаа сайн энерги өгдөг.

-Шинээр гарч буй дуучид олны анхаарлыг татах гэж гадаад үзэмжиндээ их анхаардаг болсон. Өөрийн чинь хувьд энэ талд ямар бодолтой явдаг вэ?
-Тодорхой хэмжээгээр тайзаа, үзэгч сонсогчдоо хүндэлж сайхан харагдах хэрэгтэй. Гэхдээ гадаад үзэмжээрээ олны анхаарлыг татах нь чухал биш. Гол нь хийж байгаа уран бүтээл. Хувцсаараа биш хоолойгоороо гайхуулахгүй бол хэн ч хүлээж авахгүй байх. Шинэ залуу уран бүтээлчид бүгд нэг хэвийн биш, шинийг эрэлхийлж байгаасай. Олон залуусаас шилэгдвэл манай урлаг илүү хөгжинө.

-Үеийнхээ залуусын тухай ямар бодолтой явдаг вэ. Сонсч байгаа дуу, өмсөж байгаа хувцас, аливаад хандах хандлага гээд...
-Одоо бол бүх юм чөлөөтэй гоё байна шүү дээ. Залуус хүссэнээ үзэж, сонсч байна. Сонголт их байна. Гол нь дотроо зөв бодолтой байгаасай гэж боддог, Миний хувьд биед эвтэйхэн, чөлөөтэй, надад зохих хувцас өмсөх дуртай.

-Эмэгтэй хүн бүр бэлгэнд дуртай байдаг. Өөрийн чинь авах дуртай бэлэг юу вэ?
-Цэцэг.

-Сонирхож цуглуулдаг хөгжмийн зэмсэг бий юу?
-Надад ганц гитар, ганц аман хуур л байгаа. Эд маань одоохондоо дуугаа хийхэд надад хангалттай.

-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?
-Янз бүрийн юм хийнэ дээ. Гитартайгаа суухгүй бол кино үзнэ.

-Найз нөхөд олонтой юу. Олны танил болохоор найз олон боддог гэдэг?   
-Нэрд гарахаар танил илүү болдог байх. Найз бол олон бий. Найз, танил хоёрыг ялгах хэрэгтэй.

-Хүмүүсээс хэр шүүмж сонс ч байна?
-Гэрийнхнээсээ их сонсдог доо. Шүүмжлүүлэх дуртай.

Өөр мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.