Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж

2010/08/16
Share |
Д.ДАГВАДОРЖ: Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж

Ерөнхий сайд С.Батболдод сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр бараалхав. Тэрбээр ирэх аравдугаар сарын 3-нд Токио хотын “Коүкгикан” ордонд зодог тайлж, үс авах ёслолоо хийх аж. Түүндээ Ерөнхий сайд С.Батболд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарыг гэргийн нь хамт урьж буйгаа албан ёсоор хэллээ.

“Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, сурталчлахад асар их үүрэг гүйцэтгэж байгаад нь Засгийн газар болон Монголын ард түмэн туйлын баяртай байдаг. Их аваргын зодог тайлах ёслол Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бас нэг хуудас нээх нь дамжиггүй. Сүмогийн их спортыг хэдийгээр орхиж байгаа ч Монгол Улсынхаа нэр хүндийг цаашид олон үйл ажиллагаагаар өргөж явна гэдэгт бид найдаж байгаа.

Их аваргынхаа цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн Ерөнхий сайд урилга хүлээн авах үедээ хэлэв. Ерөнхий сайд С.Батболд улам хийморьтой явахыг ерөөн, хийморийн алдатсан морь бүхий баримал бэлэглэнэ билээ. Зодог тайлах ёслолын ажиллагаандаа Асашёорюү гадаад, дотоодын 16 мянга гаруй хүн урьж байгаа гэнэ.

Тэдгээрийн дунд Японы нэр хүнд бүхий бизнесмэн, урлаг, спортын эрхмүүдээс гадна дэлхийд танигдсан улс төр, урлаг соёл, спортын одод ч байгаа бололтой. Харин Монголоос 100 гаруй төлөөлөгч оролцох аж. Сүүлийн үед Асашёорюүг тойрсон янз бүрийн мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгүй байгаа. Түүнийг найз нөхөд болон ахтайгаа нийлэн ураны хайгуул хийх нэрээр Японы якуза нарын бохир мөнгө угааж байгаа хэмээн өдөр тутмын зарим сонинд мэдээлсэн.

Үүнд тэрбээр ихэд эгдүүцэж байгаагаа хэвлэлийнхнээс өчигдөр нуусангүй. Их аваргыг Ерөнхий сайд хүлээж авч уулзахад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хамт байлцсан нь сурвалжлагчдад бас л хар төрүүлж орхив. Асашёорюүг Ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирэхэд нь цөөн асуултад хариулт авлаа.

-Та намд элссэн үү. МАХН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын хамт Таныг хүлээж авч уулзсан нь ийм хар төрүүлэв бололтой?

-Би нам бус шүү дээ. Бид олон жил сайхан нөхөрлөсөн.

-Зодог тайлсныхаа дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Сурч боловсрохоос эхлээд төлөвлөсөн ажил олон байгаа. Юу ч болсон зодгоо тайлъя.

-Хаана амьдрах вэ?

-Эх орондоо амьдарна.

-Таныг ураны орд эзэмшихээр болж байгаа гэсэн…

-Сонин дээр харин тэгээд биччихсэн байна билээ. Яахаараа монгол хүн эх орондоо ураны орд эзэмшиж болдоггүй юм. Тийм биз дээ. Би энд төрсөн монгол хүн. Надад тийм эрх байх ёстой. Эрхээ эдэлье л дээ. Юм болгоныг гадаадынханд өгөөд хэрэггүй биз дээ. Сонины шар, бор мэдээлэлд итгэх хэрэггүй.

Го.ЭНХТӨР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.