ДЭМБ-ын тооцоолсноор манай улсад ДОХ-ын халдвар тээгч 498 хүн амьдарч байна

2010/08/17
Share |
Хүмүүс:
ДЭМБ-ын тооцоолсноор манай улсад ДОХ-ын халдвар тээгч 498 хүн амьдарч байна

-Одоогоор ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч дөрвөн эх амаржиж, 10 хүн нас баржээ-

Онигоо ч гэхэд хаашаа юм бэ. Саяхан даа, саяхан. Хөдөөгийн эмийн санд бэлгэвч огт борлохгүй байхаар нь эмийн санч арга сэдэж, бэлгэвчнүүдээ үлээгээд тавьчихаж. Гэтэл хүүхдүүд бөмбөлөг гэж андуураад бүгдийг нь худалдаад авчихсан тухай инээх, эмгэнэх аль нь боловч сонстож байв. Ёстой л “Хотынхон ДОХ гэдгээ дээгүүрээ хуваагаад идчихдэг юм байна” гэх ойлголтоороо саяхныг хүртэл явж ирлээ. Харин өдгөө ийм хэнэггүй байдлаа хариуцлагаар солихгүй бол ДОХ-ын аюул өнөөдөр таны хаалгыг тогшиж, маргааш хөршийнд тань “зочлоход” бэлэн байна.

1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр халдвар тээгч 79-д хүрсэн нь аюул даллаж эхэллээ. Хүн ам багатай манай улс ДОХ-ын халдвар бага тархалттай орны нэгд багтдаг байсан ч сүүлийн жилүүдийн огцом өсөлт энэ үзүүлэлтийг баллуурдаж орхив. УИХ-аас ДОХ-той тэмцэх хууль гаргаж, жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг “ДОХ-ын эсрэг өдөр” болгосон ч нэмэр болсонгүй. ДОХ-оор өвчлөгчдийн тоо хуурай өвсний түймэр адил тархаж, ядуу буурай иргэд, биеэ үнэлэгчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, өмнөд хойд хөршийн хилийн боомт тус газрын ард иргэд, явуулын наймаачид ДОХ өвчний голомт болсон хэвээр байна. Өнгөрсөн онд нийт 13 хүн ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь батлагдсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар гэхэд халдвар тээгчийн тоо 17-д хүрсэн нь өвчний тархалт эрс нэмэгдсэнийг баталж байна.

НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөр болон ДЭМБ тооцоолсноор 2010 оны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай 498 хүн амьдарч байгаа гэсэн дүн мэдээ бий. Нэг хүний ард төчнөөн хавьтагч байдаг гэх элдэв таамаглалууд ДЭМБ-ын баримтаар үгүйсгэгдэж байгаа ч ХДХВ/ ДОХ-ын халдвар тээгч 79 хүний ард дор хаяж 7000 хүн байгаа гэх яриа амь бөхтэй оршсоор байх нь. Өөрөөр хэлбэл ДЭМБ хийгээд манай улс албан судалгааг үндэслэх боловч энэ нь амьдрал дээр биеллээ олдоггүй “хуулиудтай” адил зүйл гэж тайлбарлаж байна. Одоогийн байдлаар ДОХ-ын халдвар тээгч 79 иргэнээс 10 нь нас барсан бол 24 хүн ДОХ-ын шатандаа орж, 16 нь вирусын эсрэг эмчилгээ хийлгэж, үлдсэн нь халдвар тээгчийн хувиар гадуур хяналтанд байгаа аж. Мөн ХДХВ/ ДОХ-ын халдвартай дөрвөн эмэгтэй төрөхийн өмнөх эмчилгээнд хамрагдаж, тусгай эм уусны дагуу эсэн мэнд амаржжээ.

ДЭЛХИЙД ЖИЛ БҮР ГУРВАН САЯ ХҮН ДОХООС БОЛЖ НАС БАРЖ БАЙНА
Монголчууд анх Камеруны хоёр иргэний ийлдсийг авч ДОХ-ын талаарх мэдээлэлтэй болж байв. Энэ өвчлөлийн талаар илүү ойлголттой болж эхэлсэн үе л дээ. Энэ явдлаас хойш буюу 1997 оноос одоог хүртэл монголчууд маань ДОХ-ын асуудлыг сонссон ч сонсоогүй мэт, орхигдуулсаар ирлээ. Гэвч дусал залгах шингэнгүй сууж байдаг хөдөөгийн сумдад аюулт өвчний тархалт хэдийн хүрсэн гэхээр нэгийг бодох цаг тулсных. Арван жилийн сурагчдад бэлгийн боловсрол олгох хичээлийг хот, хөдөөгүй явуулж, бэлгийн замын өвчлөл, гэр бүл төлөвлөлтийг хуваарьт хичээл болгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. ХДХВ/ДОХ өвчинтэй холбоотой дэлхий нийтээр дагаж мөрддөг уриа бий.

“ДОХ-той хүнтэй нь биш ДОХ өвчинтэй тэмцье” гэх үгийн үнэ цэнэ одоо ч хэвээр. Хэдийгээр дэлхийн зарим улсад ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт буурах хандлагатай байгаа ч Ази, Африк тивийн насанд хүрэгсэд болон хүүхдүүдийн дунд халдварын тархалт нэмэгдсэнийг онцолъё. Дэлхийд жил бүр таван сая хүн шинээр халдвар авч, гурван сая хүн ДОХ-оос болж нас барж байна. Шинээр халдвар авагчдын тал хувь нь 15-24 насныхан. Бас дээр нь манай хоёр хөршид энэ өвчлөлийн халдвар хурдацтай нэмэгдэж, 2010 оны байдлаар Хятадад 10 сая, ОХУ-д найман сая иргэн ДОХ-ын халдвар авчээ. Иймд Монголчууд маань дэлхий нийтийг цочроож буй аюулт тахлаас өөрсдийг өө хамгаалж, ухаалаг сонголт хийж байхыг уриалж байна.

Д.Ариунаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.