Хүмүүс: С Баярцогт | |
Сайд дарга нар хувийн эрх ашгийнхаа төлөө төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашигладаг явдал манайд бичигдээгүй хууль болоод багагүй хугацаа өнгөрч байна. Төрийн албыг хэтэвчээ зузаатгах бизнес шиг ойлгож хувь, хувьсгалын ажлаа хутган улсыг хохироож буй жишээ цөөнгүй. Энд нэгэн баримтыг сөхье. “MSC” группийн охин компани “Глобал Тех”, “Мариотт” зэрэг гурван компанийг газрын төлбөрөө төлөөгүйгээс улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Нийслэлийн газрын алба Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Ийнхүү төрийн болон хувийн хэвшлийн хоёр байгууллага шүүх, цагдаа дээрээ тулж, бичиг цаас шидэлцэх болсон нь өнгөрсөн онд гаргасан гурван сайдын хамтарсан тушаалаас болсон аж. Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар 2009 оны аравдугаар сарын 29-нд Газрын төлбөрөөс чөлөөлөх тухай 317447235 дугаар хамтарсан тушаал гаргажээ.
Уг тушаалд “Газрын төлбөрийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 1.5, Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 14.2.2 дахь заалтыг үндэслэн “Глобал Тех, “Мариотт”, “Мариоттур” компанийг газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй” гэжээ.
Гэтэл үндэслэл болгож, газрын төлбөрөөс чөлөөлөөд буй Газрын тухай хуулийн 8.1.5-т “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, ерөнхий боловсролын сургууль, асрамжийн байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрыг төлбөрөөс чөлөөлнө” гээд цагаан дээр хараар биччихсэн байх юм.
Харин газрын төлбөрөөс чөлөөлсөн газарт дээр дурьдсанаас юу нь ч байхгүй. Өөрөөр хэлбэл 100 хувь бизнесийн үйл ажиллагаа явагдсаар өдийг хүрсэн гэсэн үг. “Sky Resort” цанын бааз гэхээр нийслэлчүүд андахгүй дээ. Үнэтэй ч гэсэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин үеийн шаардлагад нийцсэн учраас өнгөрсөн өвөлжингөө л хөгшин залуугүй тус цанын баазыг зорьж байв. Зөвхөн энэ ч бус бусад хуулийн заалтууд нь ч төлбөрөөс чөлөөлөх хуульзүйн үндэслэл болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй юм.
Тиймээс Нийслэлийн газрын албанаас Газрын тухай хуулийн 35.3.1, 36.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дугаар заалтыг зөрчин 2010 оны газрын төлбөрийг төлөхөөс зайлсхийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн шүүхэд ханджээ. Тэд Татварын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн гурав дахь заалтын дагуу алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиар тооцож, газрын төлбөрөө нэхэмжилсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус компани Нийслэл, дүүргийн газрын албанд одоогийн байдлаар 200 гаруй сая төгрөгийн өртэй байгаа гэнэ.
Анх “MSC” группийн охин компани болох Б.Сугар захиралтай “Глобал Тех”-д Богд Хан уулын хүрхрээгийн аманд 13.9 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2008 оны долдугаар сарын 4-нд 02/70 дугаар бүхий газар ашиглах гэрээг байгуулсан аж. Дээрх гурван сайдын хамтарсан тушаал гэгч зүйл гарахаас өмнө ямар ч өр төлбөрийн асуудал гардаггүй байсан гэдгийг холбогдох баримтуудаас харж болно. Тэгэхээр сайд дарга нар хууль “замхруулан” байж дээрх компанийг газрын төлбөрөөс чөлөөлсөн нь яах аргагүй хүмүүсийн сонирхлыг татах нь мэдээж. Гэвч үүний хариулт тун энгийн. Хамтарсан тушаал гаргасан С.Баярцогт сайд маань өөрөө “MCS” группийн хувьцаа эзэмшигч нэгэн. Тэгэхээр их хэмжээний мөнгөний асуудал, хувийн ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага хүмүүст төрөөд байгаа нь зүй ёсны асуудал гэж хэлж болохоор. Түүний хууль зөрчсөн, өөрийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр ганцхан энэ биш. Уул уурхайн салбарыг хурдацтай хөгжүүлэхийн тулд төрөөс дэмжих бодлого явуулж ашигт малтмалыг түүхийгээр нь гадагшаа гаргах бус эцсийн бүтээгдэхүүнүүдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болсон тэр үед угийн сэргэлэн сайд маань дээрх бүтээгдэхүүний жагсаалтад өөрт ашигтай хувилбарыг сэмхнээр оруулж дөнгөсөн байдаг. Энэ талаарх баримтыг эргэн сөхвөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд Сангийн сайд С.Баярцогт НӨАТ-ын 12.5 дахь заалтыг үндэслэн татвараас чөлөөлөгдөх Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт хүргүүлж байв. Хамгийн хачирхалтай нь энэ жагсаалтад “Угааж баяжуулсан нүүрс” гэж оруулжээ.
Гэтэл угааж баяжуулсан нүүрс эцсийн бүтээгдэхүүн биш гэдгийг энэ салбарын мэргэжилтэн байтугай дунд сургуулийн сурагч ч мэднэ дээ. Үүнээс мөн л эрхэм сайд яагаад уул уурхайн анхан шатны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулах болов гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Шалтгаан нь өнөөх л хувьцаа эзэмшдэг “MCS” групп гэж байгаа. Уг групп нь “Энержи ресурс”-ийн гол хувьцаа эзэмшигч компани. “Энержи ресурс” компани нь Өмнөговь аймгийн Таван толгойн Ухаа худгийн уурхайд нүүрс угааж, баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр уг уурхайг барихын тулд тэд их хэмжээний зээл авсан гэнэ лээ. Нэг өдрийн хүү нь гэхэд долоон оронтой тооноос багагүй хэмжээний мөнгө гэсэн. Тэд НӨАТ-аас чөлөөлөгдөж чадвал асар их хэмжээний мөнгө хэмнэх болно. Нэг сая долларын орлогоос татвар төлөхгүй байлаа гэхэд 100 мянган ам.доллар хэмнэхээр байгаа юм.
Анх 2008 онд “Энержи ресурс” ашиглалтын лицензээ хууль зөрчиж авсан талаар тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиж байсан. Мөн он дамнан нарийн, өргөн гээд төмөр замын асуудал яригдсан. “Энержи ресурс”-ийн хувьцаа эзэмшигч С.Баярцогт өөрийн эрх мэдлээ компанийнхаа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлүүлэх ажлыг зохицуулж байгаа бол түүний хамтрагчид нь төмөр замын асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын хүрээнд гэнэтийн байдлаар асуудлыг оруулж байсан. Энэ нь тухайн үед нэлээд хэл ам, хэрүүл шуугиан дагуулж байсныг уншигчид санаж буй байх. Уг нь бүх шатны эрхмүүд маань хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулбал энэ нь улс оронд ч, өөрсдөд нь ашигтай. Харамсалтай нь үйлдвэр ч баригдаж дуусаагүй байхад хууль зөрчсөн үйлдлийг дээд шатнаасаа хийж эхэлсэнд дургүйцэх хүн олон байна. Тэдэнд ашиг олох хангалттай боломж бий. Учир нь тэдний хүссэн төмөр зам баригдах нь тодорхой болчихсон. Шууд гарц буюу хамгийн ашигтай байрлалд байгаа тус орд төмөр зам тавиад ашиглаж эхэлбэл тэдэнд давхар ашиг олох боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг төмөр зам тавигдсан тохиолдолд давхар төмөр зам тавьж илүү зардал гаргах хүн гарахгүй л байх. Тэгэхээр төмөр замаа ашиглуулсны хөлсөнд бага бус мөнгө олно.
Уг нь манай төр засаг хувийн бизнесийг дэмжихдээ тэдэнд ялгаваргүйгээр хандах ёстой. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнуудын компанид нэг өөр, хувийн бас нэг компанид өөрөөр хандах нь шударга ёсонд хэр нийцэх нь ойлгомжтой. Дээрээс нь улсын сангийн авдрыг барьж буй хүн нийтийн бус нэг хэсгийнхний эрх ашигт нийцсэн шийдвэр удаа дараа гаргаад байгаагаас төсөв хумигдаж, орлого багасч байна хэмээн хардах, ер нь сайдын суудал түүнд тохирох эсэхийг эргэн харах хэрэгтэй гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Дээрх баримтуудаас харахад сайд, дарга эрх мэдэлтнүүдийн ажилд хяналт тавьдаг эсэхэд ч эргэлзэхэд хүргэж байна.
Г.ДОЛГОРСҮРЭН