Хүний наймаа хүрээгээ тэлсээр

2010/08/18
Share |
Хүмүүс:
Хүний наймаа хүрээгээ тэлсээр

Хүний наймаа. Энэ үгийг Монголчууд өнөөдөр төдийлөн гайхширч хүлээж авахаа больжээ.  Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо нуран унаж, шилжилтийн гэх тодотголтой хүнд бэрх он жилүүд эрүүгийн нөхцөл байдалд “ташуур” өгсөн гэхэд хилсдэхгүй. Хүний наймаа, хар тамхи, ДОХ гээд хэзээ ч бидний өмнө “нүүр тулахгүй” юм шиг санагддаг байсан тэр бүхэн бидэнтэй хэдийнэ танил болж бүр “дотносож” амжжээ. Тэр дундаа хүн худалдаалах, охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн золиос болгох
гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон байна.

Монгол Улсад анх 2003 онд Лю И гэдэг Хятад эмэгтэй бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор охид эмэгтэйчүүдийг хил давуулан худалдсан хэргээр эрүү үүсгэж шалгагджээ. Үүнээс хойш ийм төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдэх болсон. Тухайлбал, 2008 онд гэхэд 300 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэмт хэрэгт өртөж буй охид, эмэгтэйчүүдийн насны хэмжээ залуужиж бага насны хүүхдүүд өртөх нь нэмэгджээ. Мөн эрчүүд ч гэсэн хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна.

Өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт гэсэн гурван хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгддэг байна. Тухайлбал бэлгийн мөлжлөгт ихэвчлэн залуу эмэгтэйчүүд өртдөг аж. Судлагдсан эрүүгийн хэргүүдээс үзэхэд, 30 хувь нь 18-21 насны, 20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй эмэгтэйчүүд өртжээ. Тэднийг эл хэрэгт хальтруулах аргачлал нь “Гадаадад өндөр цалинтай ажилд ажиллуулна, тэтгэлэгт сургалтад хамруулна” гэх мэт хуурамч зар сурталчилгааг ашигладаг байна. Мөн амьдралын хүнд нөхцөл дээр нь дөрөөлөн ятгах, хүч хэрэглэх замаар охид, бүсгүйчүүдийг аргагүй байдалд оруулан цааш худалддаг аж. Тэднийг ихэвчлэн Хятад, Малайз, Макао, Хонконг зэрэг оронд биеийг нь үнэлүүлж ашиг олдог гэсэн судалгаа гарчээ.

“Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн мэдээлснээр, 2003 онд нэг, 2004 онд дөрөв, 2005 онд гурав, 2006 онд 11, 2007 онд 42, 2008 онд 27, 2009 онд 51 буюу нийт 139 хүн бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн, туслалцаа дэмжлэг авсан хэмээн мэдээлжээ.

Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 113,124 гэсэн зүйл заалтаар шийдвэрлэгддэг байна. Гэхдээ өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэргүүдийн дийлэнх нь хөнгөн зүйл ангиар шийтгэх нь олонтаа байдаг аж. Учир нь прокурорын шатанд ирсэн хэргийг “биеийг нь үнэлүүлсэн, бусдад худалдаалагдсан гэдэг нь хангалттай баримт нотолгоотой” байдаггүй. “Хохирогч дуулах, бүжиглэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч хүсвэл бэлгийн харьцаанд орно гэдгээ мэдэж байсан. Хууран мэхлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх шалтгаанаар 85-90 хувь нь хэрэгсэхгүй болдог аж. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах эрх зүйн орчин манай улсад огт байхгүй.

Тухайлбал, Монголд хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хоёр хохирогч хэргийг хянах явцад эхэндээ хохирогч байснаа гэмт хэрэгтний ятгалаг, айлган сүрдүүлэлтэд орсноос болж мэдүүлгээсээ буцаж, улмаар өөрсдөө хуурамч мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдаж байсан тохиолдол бий.

Хүн худалдаалах гэмт хэргийн дараагийн нэг хэлбэр нь хөдөлмөрийн мөлжлөг. Үүнд эрэгтэйчүүд ихээр өртдөг аж. Иргэдийг хил давуулан хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор дотоодод болон гадаад улс орнууд руу худалдаалах хэрэг гарах болжээ. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 92 хүн хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон судалгаа гарсан байна.

Гадаад дотоодын компаниуд ажиллаж буй залууст дөнгөж гол зогоох хэмжээний ажлын хөлс олгон хөдөлмөрийг нь мөлжиж ашигладаг байна. Тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ажилчдыг гаднаас нь цоожилж, уртасгасан цагаар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй нөхцөлд ажиллуулдаг нь илэрхий болжээ. Гэтэл манай улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулинд “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байдаг ч эл хууль нь биелэлийг эс олж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн гурав дахь төрөл нь зуучлалаар гадаад иргэдтэй гэр бүл болгох нэрийн дор охид эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдах. 2003-2007 оны хооронд гадаадын иргэнтэй гэрлэгсдийн тоо 446 хүнээр буюу 54.1 хувиар өсч, 9095 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдгээр эмэгтэйн 70 хувь нь Солонгос иргэдтэй гэр бүл болсон байна. Энэхүү гэрлэлтийн үр дүнд зуучлуулсан иргэд бусдын нутагт хүчирхийлэл дарамтад өртөж, байнгын боолчлолын байдалд орон, эрх ашиг нь зөрчигддөг байна.

Гэрлэлт гэдэг хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэдэг. Харин захиалгат гэрлэлт зөвхөн нэг талыг барьдаг.

Манай улсын иргэдийг гэр бүл болоход зуучлах асуудлыг зохицуулсан хуулийн заалт одоогоор байдаггүй аж. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд ч мөн ялгаагүй гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах үйлчилгээг ямар нэгэн байгууллагад олгохоор заагаагүй байдаг. Тиймээс хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зар тарааж, тэр нь өнөөгийн нийгэмд байх ёстой үзэгдэл мэтээр энгийн иргэдэд харагдаж, олон мянган эмэгтэйчүүд хууран мэхлэгдэж байна.

Ч.Гүнсмаа Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.