Хүмүүс: Н Цэнд-Аюуш | |
…Дурлахаараа шидтэн болчих юм Дурлахаараа жолоогоо алдчих юм Дурлахаараа мэдрэл муутай болчих юм Дурлахаараа би бүр солиотой болчих юм… хэмээн “TV коктель” хамтлагийн жүжигчид “Дурлахаараа би” дууг амилуулжээ. Тус хамтлагийн гишүүн Н.Цэнд-Аюушийг “Яг одоо” буландаа урилаа.
-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Энэ өдрүүдэд “TV коктель” хамтлаг таван нас хүрч байна. Хамтлагийнхаа таван насны ойд зориулж “Намрын синдром” уран сайхны инээдмийн кино бүтээлээ. Киноны нээлт энэ сарын 25-нд болно. Яг одоо миний бие киноны талаарх мэдээллээ телевиз, радиогоор цацахаар завгүй гүйж явна. Энэ утгаараа ойрын арван өдөр унтах ч завгүй уран бүтээл дээр ажилласан. Киноныхоо нээлтийн дараа сайхан амарна даа. “Намрын синдром” киноны дууг манай хамтлагийн Өөскө, Цоомоо хоёроос гадна дуучин Болд дуулж байгаа. “Дурлахаараа би” дууны үгийг яруу найрагч Д.Ган-Очир бичиж, ая данг нь Г.Онон тааруулсан. …Дурласан хүнд түргэн тусламж хэрэггүй Дурласан хүнд үзмэрч, лам хэрэггүй Дурласан хүнд гал команд дуудах хэрэггүй Дурласан хүнийг хэсгийн цагдаа барих хэрэггүй… гээд сайхан үгтэй дуу бий.
-”ТV коктель” хамтлагийн синдром намар хөдөлж байгаа нь ямар учиртай юм бэ. Уг нь хаврын синдром гэж ярьдаг?
-Хаврын синдромыг хайртай зүйрлэдэг. Харин намрын синдром ямар байдгийг “Намрын синдром” киноноос үзээрэй. Киноны дараа энэ талаар бидэнтэй дэлгэрэнгүй ярилцаж болно.
-Тэгвэл Цэнд-Аюуш дурлахаараа ямар зан ааштай болдог вэ?
-Би дурлахаараа улам өнгө орж, мөрөөдөмтгий болдог. Хайрын тухай кино үзэж, шүлэг их уншдаг. Ялангуяа дурласан хүн бусдад сайхан энерги түгээдэг гэдэгт итгэдэг шүү.
-Хайр, дурлалын тухай бодлоо хуваалцаач. Хэзээ гэрлэх гэж байна?
-Би дурлаад удаж байна. Хайр дурлал маань бүтсэн гэсэн үг. Тиймээс удахгүй гэрлэж, маамуутай болох төлөвлөгөөтэй байгаа. Хөхөө гэрлэх дөхлөө гэдэг шиг Цэнд-Аюуш удахгүй гэрлэнэ дээ.
-”TV коктель” хамтлаг байгуулагдаад таван жил болжээ. Хамтлаг анх байгуулагдсан түүхээс дурсахгүй юу?
-Уран бүтээл хийхэд хэцүү зүйл олон байсан. Нэвтрүүлгээ бэлтгэж хүргэхээс гадна санхүүгийн асуудлаа өөрсдөө шийднэ. Хэцүү бүхний ард аз жаргал, амжилт байдгийг мэдэрч суугаадаа баяртай байна. Амжилтын нууц нь зөвхөн гурван биедээ итгэж уран бүтээлээ амилуулж чадсаных. Цаашид бид үзэгчдийнхээ сэтгэлд хүрсэн олон сайн уран бүтээл туурвихаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, “”П/ коктель” цаг ямагт үзэгчдээ байлдан дагуулсаар байх болно.
Б.Даариймаа “Үнэн”