МАХН хувиа хичээсэн, одоо АН амиа бодно

2010/08/23
Share |
Хүмүүс:
МАХН хувиа хичээсэн, одоо АН амиа бодно

Цэцэгт зунаар хөдөөг зориод сая намар налайхад л гэртээ ирсэн Ерөнхий сайд аяншжээ. Хот газрын цагаан залуугийн зүс насаараа хонь дагасан гүргэр хөх өвгөнийх лугаа гандаж амжив. Инээхэд нь түүний шүд яралзан, ооны сурталчилгаанд гардаг шиг нүд гялбуулан цайрч харагдана. С.Батболдын инээмсэглэлийг энэ зунжин зурагтынхан алдалгүй дурандаж, эх орон даяар дэлгэц дүүргэн цацлаа. Ерөнхий сайд С.Батболдын баруун хязгаарт зорчсон аяллын 5600 километр бүрт “Сонгууль- 2012” марафон 23 хоногийн турш “түүчээлэв”.

УИХ-ын 2012 оны сонгуулийн урьтал ийм эрт эхэлж байгааг Ардчилсан нам хүлээн зөвшөөрч байх шиг. Ерөнхий сайдын тойрон аяллыг МАХН-ын сонгуулийн бэлтгэл гэж хардах бус, “Хамтарсан Засгийн газрын томилолт” хэмээн зөвөөр ойлгох, ажил хэрэгч нүдээр харж өгөхийг АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хүслээ. “Нам доторх хэсэг бүлгийн гэхээсээ ард түмний нийтлэг сонирхлын төлөө АН ажиллана” гэж байна. АН-ын дарга ийм тайлбараар хамтарсан Засгийн газрын ирээдүйн талаар тандсан сэтгүүлчийн асуултад хариу барьсан юм. Үнэндээ бол ирж буй намар Н.Алтанхуягт налайж суух завдал олгохгүй дэг ээ.

З.Энхболд АН-ыг удирдах боломжоо ашиглах уу?

Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа чигтээ УИХ-ын 2012 оны сонгуульд орвол нам нь ялагдал хүлээнэ гэдэгт итгэлтэй байдаг хэсэг бүлэг Ардчилсан намд бий. Ардчилсан хүчний холбоо чухам ийм үзэл бодлоор өнгөрсөн хавар эвлэлдэн нэгдсэн билээ. Н.Алтанхуяг “Нам доторх хэсэг бүлгийн хүслээр АН хамтарсан Засгийн газрыг орхихгүй” хэмээн хэлж байвч энэ үг тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм.

Н.Алтанхуягийг АН-ын даргаар сонгож, шинэ дарга МАХН-ын урилгыг хүлээн авч Засгийн газарт эвссэн 2008 оноос хойш АН-ын дотоодод хамтарсан Засгийн газрыг үл таашаах шинэ фракц хүчээ хэдийн аваад байна.

З.Энхболдын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо АН-ын эрх барих дээд байгууллага Үндэсний зөвлөлдөх хорооны дийлэнх гишүүнийг хяналтдаа авчээ.

Тэд тархай бутархай болоод байсан Алтангадасаас гишүүн түүж, жижиг фракцуудыг хамсаар байна. Ардчилсан хүчний холбоо чуулганаа хүртэл хөлтэйхэн хийж, АН-ын орон нутаг дахь салбар нэгжүүдийг өөртөө татахаар идэвхийлж эхэлжээ. АН-ын ҮЗХ ирэх сард хуралдах сураг гарав.

Энэ сураг МАХН, АН-ын эвсэл Засгийн газарт үргэлжлэх эсэх тухай яриаг улстөрчдийн дунд дэгдээж амжлаа. АН-ын цөм Алтангадасаас Ардчилсан хүчний холбоо руу шилжих үйл явцыг тус нам дахь жижиг бүлэглэлүүд хүлээн зөвшөөрч эхэлсэн нь хамтарсан Засгийн газрын хувь заяаг улам бүр бүүдийлгэлээ.

Одоо шийдвэрийг Н.Алтанхуяг биш, З.Энхболд гаргана гэдэгт АН-ын ҮЗХны олонх болоод буй Ардчилсан хүчний холбооныхон итгэлтэй болжээ. АН ирэх сонгуульд ялагдах магадлалтай хэмээн бэргэгсдийн айдсыг МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын хийсэн тойрон аялал нэмж орхив. Айлчлан очсон есөн аймгийн 60 сумандаа хамтарсан Засгийн газрын хийсэн ажлыг тайлагнаж, хойшид хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулж яваа нь Ардчилсан намынхны хувьд “аргаль хөдлөх” шиг л санагдаж буй нь лавтай. Тэрбээр өрсөлдөгчдөд МАХНын дарга л намаа сурталчлаад яваа мэт харагдаад байгаа.

Хамтарсан Засгийн газрын амжилт хэнийх вэ?

Хамтарсан Засгийн газар сайн яваа. Тэд төлөвлөснөө хийж байна. Оюутолгойн гэрээг баталсан, одоо Тавантолгойн хонх жингэнэж байна. “Монгол мал”, “Утаагүй Улаанбаатар”, Төмөр замын хөтөлбөрийг баталлаа. Хот, хөдөөгийнхний ам муугүй байгааг Ерөнхий сайд тандаж мэдлээ. С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын гаргасан амжилтыг түүний өмнөх Ерөнхий сайд С.Баярынх, үгүй ээ С.Батболдынх гэхчлэн өөрөөр үзэгсэд олон байгаа.

Гавьяаг тодорхой эзэн биед наах гэж оролдох нь ерөөс хүмүүсийн араншин. АН-тай хамтарсан нь нүдээ олсон, улс төрийн гол хоёр намын эвсэл өөрөө амжилт байлаа гэж хэлээд нэмэргүй аж. “Яг хэний амжилт вэ” гэсэн тодорхой хариуг сонгогчдод шивнэх шаардлага улс төрийн намуудад аяндаа тулгарна.

Энэ бол улс төр. Өнөөдрийн хамтрагч МАХН, АН 2012 оны сонгуульд нэгдэж орохгүй нь ойлгомжтой. Тиймээс тэд хүссэн ч, эс хүссэн ч өрсөлдөгчид юм. Харин хамтарсан Засгийн газарт дэр нэгтгэсэн он жилүүдэд хэн нь илүү оноо түүх вэ гэдэг адармаатай шоглоом болдог аж. Хамтарсан Засгийн газрыг хэн тэргүүлж байна, түүний намын нэр хүнд өсдөг гэсэн олон улсын туршлага бас байна аа.

ХБНГУ-ын сонгуулийн дүн сүүлчийн тод жишээ болох юм. Канцлер Анжела Меркелийн нам хамтарсан Засгийн газрын амжилтыг хүртэж, харин хамтрагч нь ялагдсан.

МАХН-ын хоёрдугаар ээлж хоолондоо орох уу?

Хоёрдугаар ээлж нь эгнэгт эрийж байдаг дүр зураг улс төрийн ууган хүчинд хэзээний юм даа. АН-ын цөмд Засгийн газрын хувь заяаг шоглож, 2012 оны сонгуулийн бэлтгэлээ базаах төлөвлөгөө дүрслэгдэж байх зуур МАХН-ын дотоодод ч горилогсод хэдийн тодорчээ.

АН Засгийн газрыг орхин гарвал сайд нарын танхимд Сангийн, Эрүүл мэндийн, Байгаль орчны, Зам тээвэр барилга хот байгуулалтын, Батлан хамгаалахын гэсэн таван сайдын суудал онгойно.

Тэд өөрсдөө л улс төрийн шийдвэрээ гаргаад явсан тохиолдолд МАХН-ын хоёрдугаар ээлж яахаараа хоолноос татгалзах гэж?

Сураг ажиг тандваас, МАХН-ын залуус АН-ын шийдвэрийг тэсгэл алдах болжээ.

УИХ-ын гишүүн Д.Очирбат Эрүүл мэндийн сайд болох магадлалтай хүмүүсийн тоонд өөрийгөө тооцож яваа гэх.

Тэрбээр эмч мэргэжилтэй, басхүү энэ салбарын харилцааг шинэчлэх гол хуулийн төсөл санаачилсан гээд дуугүй суухгүй янзтай.

МАХН-ын дүрэмд захирагддаггүй хэсгийг бүрдүүлэгч жигүүр болон экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нөхдөд ч хамтарсан засгаар тоглох амбийц бий.

Тэд хамтдаа МАХН-ын Бага хурлын гуравны нэгийг бүрдүүлдэг гээд бодохоор тийм ч бага тоо бас биш.

Б.Энхцэцэг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.