Ш.Алтантуяагийн хэргийг дахин сэргээсэн ч Багинда хариуцлага хүлээх үү

2010/08/28
Share |
Хүмүүс:
Ш.Алтантуяагийн хэргийг дахин сэргээсэн ч Багинда хариуцлага хүлээх үү

Малайзын улстөрч Абдул Разак Багинда захиалга өгч Монголын иргэн Ш.Алтантуяаг санаанд багтамгүй харгис аргаар амь насыг нь хөнөөлгөсөн хэрэг гарч дэлхий нийтийг цочирдуулснаас хойш даруй дөрвөн жил өнгөрчээ. Багагүй хугацаанд мөрдөн байцаалт явуулсан ч хэргийн захиалагч нь бус гүйцэтгэгч нь буруутгагдаад өнгөрсөн юм. Харийн оронд амьдарч байсан ганц бие эмэгтэйг хэд хэдэн цагдаагийн ажилтнаар буудуулж амь насыг нь хөнөөлгөөд эцэст талийгаачийн биед тэсрэх бөмбөг зүүж дэлбэлсэн энэ хэрцгий аллага ардаа ямар нууц агуулж байсныг одоог хүртэл тайлж, баримтаар нотолж чадаагүй байна. Гэвч уг хэргийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд элдэв таамаг дэвшүүлэн бичсээр байгаа билээ. Тухайлбал, талийгаачийг Багиндатай хувийн харилцаатай байсан. Ш.Алтантуяа нас барахынхаа өмнө Багиндагийн цөмийн зэвсгийн наймаанд орчуулагчаар оролцсон. Багинда Ш.Алтантуяад ашгийнхаа нэг хувийг өгөхөөр тохиролцсон. Тэр нь олон оронтой тоогоор хэмжигдэх ам.доллар байжээ. Гэвч Багинда Ш.Алтантуяаг ирж мөнгөө ав хэмээн дуудаад амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарч байсан бол ихэнх нь түүнийг зэвсгийн наймаанд орчуулагчаар ажилласнаасаа болоод амиа алдсан гэх мэдээллийг цацаж байв. Уг хэргийн талаарх хамгийн сүүлийн мэдээлэл нь талийгаачийн эцэг Шаарийбуу уйгагүй хөөцөлдсөөр хэргийг сэргээх эрх авсан боловч шүүх явцын үнэ болох 18 мянган ам.долларыг төлж чадахгүйд хүрсэн аж. Харин энэхүү мөнгийг МУ-ын Засгийн газраас төлөхөөр боллоо хэмээн өнгөрсөн долдугаар сарын сүүлээр “Asia Sentinel” сонин мэдээлсэн байв. Тус сонины нийтлэлд бичсэнээр “Манай сонины Улаанбаатар дахь эх сурвалж дээрх хэргийн талаарх мэдээллийг авахыг оролдсон боловч цөөнгүй баримт нь улсын нууцад хамаарч байгаа хэмээн өгөхөөс татгалзсан байна. Улс хоорондын харилцаанд нөлөөлөхүйц хэрэг учир Монгол Улс Гадаад хэргийн яамаараа дамжуулан хэргийг мөрдөх ажиллагаанд хяналт тавьж байгаа юм байна. Нөлөө бүхий хүний хэргийг  даран  өнгөрөх  шинж илэрч байсан учраас Монголын тал өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа хэргийг улстөрийн ашиг сонирхлоос ангидаар авч үзэхийг хүссэн захидлыг албан ёсоор тавьж байжээ” гэсэн байна. Хохирогчийн өмгөөлөгч Малайзын Ардчилсан хөдөлгөөний намын дарга, өмгөөлөгч Карпал Сингх Малайзын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэргийг сэргээх хүсэлтийг Шах Алам хотын дээд шүүхэд удахгүй тавих болно гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна энэ хэрэг Малайзын улс төрийн хүчний харьцааг өөрчилж магадгүй “том чулуу” болоод байгаа учир сөрөг хүчин болох Pakatan Rakyat эвслийн зүгээс Шаарийбууд туслалцаа үзүүлэх болсныг хэвлэлүүд онцолж байгаа юм. Хэдийгээр хэргийг сэргээж дахин шалгах нь тодорхой болсон ч өнгөрсөн хугацаанд илрээгүй зүйл одоо илрэх нь юу л бол хэмээн эргэлзэх хүн цөөнгүй байна. Учир нь хэрэгт сэжиглэгдэж буй Багинда тус улсад улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн хүрээлэлтэй нэгэн. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хангалттай нотлох баримттай байсаар байхад уснаас олон удаа хуурай гарч чадсан гэдэг юм билээ. Гэхдээ ямартай ч бидэнд уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг дахин анхааралтай ажиглах боломж нээгдлээ.

Г.Долгорсүрэн  “Нийгмийн толь”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.