Монгол Улсын Арслан Б.Ганбат: Арслан цолныхоо амжилтыг бататгах юмсан гэж хүсч байна

2010/08/28
Share |
Хүмүүс:
Монгол Улсын Арслан Б.Ганбат: Арслан цолныхоо амжилтыг бататгах юмсан гэж хүсч байна

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Монгол Улсын арслан Батжаргалын Ганбаттай ярилцлаа.
-Юуны өмнө төрийнхөө их наадамд түрүүлж, улсын арслан хэмээх хүндтэй цолыг хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлаж байна аа. Төрийнхөө их наадамд түрүүлсэн хүн чинь баярлахгүй байхын ч аргагүй юм даа. Сэтгэл ихэд хангалуун сайхан байна. Намайг улсын баяр наадамдаа түрүүлээсэй хэмээн бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг Монгол түмэн маань олон жил хүлээсэн дээ. Тэрхүү хүлээлтийг нь биелүүлсэндээ бүр ч их баяртай байна.

-Наадмын бэлтгэлд хаана гарсан бэ. Нутгийнхаа бөхчүүдтэй гарсан уу?

-Тийм ээ, нутгийнхаа бөхчүүдтэй гарсан. Эхлээд Тэрэлжийн Мэлхий хадны Гаалийн амралтад арван хэд хоног бэлтгэл хийсэн. Ерөнхийдөө хүнд бэлтгэлээ тэнд хийсэн юм. Дараа нь Харзтайн амралтад очиж сүүлийн бэлтгэлээ базаасан.

-Ер нь та өөрийгөө түрүүлнэ гэж бодож байв уу. Ямар нэгэн зөн совин байсан болов уу?

-Би чинь улсын наадамд олон жил барилдсан хүн. Энэ хугацаанд ес шөвгөрөөд байв. Мэдээж дээгүүр барилдчих юмсан гэх бодол байсан. Харин түрүү үзүүрт баттай үлдэх эсэх тухай яг сайн хэлж мэдэхгүй байна. Хэн ч гэсэн санасандаа хүртэл сайхан барилдахыг бодно шүү дээ.

-Бүх л даваа хатуу байсан нь мэдээж. Гэхдээ бүр их хариуцлагатай нь хэдийн даваа байв?

-Таваас дээш даваа үнэхээр хүнд байдаг. Алхаа гишгээ минь хүртэл хариуцлагатай болчихдог юм.

-Есөн хөлт цагаан тугаа есөнтэй тойрч явахад яг юу бодогдож байсан бол… Х.Мөнхбаатар арслангаар найм давсныхаа дараа тугаа үнсэж байгаа харагдсан?

-Миний бие улсад ес шөвгөрөхдөө наймын даваанд гурван удаа үлдэж байлаа. Найм давж чадахгүй байсан хэрэг. Наймын давааны босго нэг л өндөр санагдаад байдаг байлаа. Тиймийн учир Х.Мөнхбаатар арслангаар найм давж гарьд цолны болзол хангахдаа ихэд баярласан. Тэрхүү баярласан сэтгэлийн илрэл есөн хөлт цагаан тугаа үнсэхэд хүргэсэн болов уу. Их сайхан байсан шүү.

-Өсөхөө аварга та хоёр олон удаа барилдаж байсан. Хоёр жилийн өмнөх сар шинийн барилдаанд түрүү үзүүрт үлдээд та давж түрүүлж байсан. Харин төрийн наадмын есийн даваанд үлдээд байхад юу бодогдож байв. Тэгж, ингэж барилдана гэж төлөвлөсөн зүйл байв уу?

-Өсөхөө аваргатай олон барилдсан даа. Есийн даваанд гарахын өмнө болгоомжтой, нямбай барилдахыг л бодож байсан. Харин тийм мэх хийнэ, тэгээд давчихна гэж огт бодоогүй шүү.

-1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор О.Балжинням аварга том П.Сүхбат гарьдаар ес давж түрүүлж, арслан болж байсан. Түүнээс хойш төрийн их баяр наадамд Увс нутгийн бөх түрүүлээгүй…?

-О.Балжинням аваргаас хойш Увс аймгаас наадмын түрүү бөх тодроогүй 19 жил болсон байна. Нутаг усныхан маань ямар их баярлаж байгаа нь тодорхой. Ер нь нутаг ус гэлтгүй Монголын ард түмэн арслан цолыг маань бахархам сайхан сэтгэлээр хүлээж авсан. Төв цэнгэлдэхэд суугаа наадамчид хэрхэн яаж дэмжиж, урам зориг өгч байв. Олон түмнийхээ энэхүү итгэлийг нь зүтгэлээр хариулж цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн базааж, улам их амжилтыг гаргахыг хичээж барилдах болно.

-Таныг анх бөх болох зам мөрийг тань тавьж өгсөн хүн Х.Баянмөнх аварга гэдгийг манайхан мэднэ?

-Намайг 16 настай байхад Баянаа аварга өөрийнхөө алдар тэмдэглэх наадам дээр анх харж, энэ хүү бөх болно гэж хэлээд дараа нь хотод авчирч биеийн тамирын сургуульд оруулж байлаа.
-Алдар тэмдэглэх наадам Баянаа аваргын нутаг болох Хяргас суманд болж байв уу?

-Тэгсэн юм. Х.Баянмөх аваргыг би багшаа хэмээн хүндэтгэж үргэлж заавар зөвлөгөө авдаг.

-Нэг зүйлийг сонирхож асуухад, 1997 оны наадамд таныг улсын цолонд баттай хүрнэ гэж олон түмэн харж байсан. Тэгтэл гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг гарьд заан цолтой байхдаа амалж аваад хаячихсаныг санаж байна. Тэрхүү барилдааны талаар дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг заан (гарьд) амлалаа гэхийг дуулаад их л цочирдон хүлээж авч байлаа. Гэхдээ тэр хүний амлах эрх нь байгаа учир юу хэлэх билээ. Сайхан барилдаад л унасан.

-Пунцагаа гарьдтай та холбоотой байдаг уу?

-Холбоотой байдаг аа.

-1999 онд заан болсноосоо хойш 11 жилийн дараа арслан цол хүртлээ. Энэ хооронд цолоо ахиулах боломж олон л байсан санагдана. Бэртэл гэмтэл нөлөөлсөн байх, тийм үү?

-Цолоо ахиулах боломж байсан. Түүнийг маань ард түмэн ч мэдэж байгаа болов уу. Бэртэл гэмтэл нөлөөлсөн нь үнэн. Би чинь 1999 онд заан цол хүртээд тэр намар нь осолд орсон. Тэгээд гурав, дөрвөн жил орчим бэлтгэл сургуулилт хийгээгүй. Үндсэндээ идэвхитэй барилдаан гаргаагүй. 2005 оноос бэртэл арай гайгүй болж, бэлтгэл сургуулилтдаа анхаарч эхэлсэн.

-Начин, заан цолд хүрсэн наадмуудаасаа сонирхуулаач?

-1998 онд Х.Баянмөнх багшаараа тав давж 22 насандаа улсын начин цолны босго алхаж байлаа. Зургаагийн даваанд А.Сүхбат аваргыг заан цолтой байхад нь тунаж барилдаад унасан. Дараа жил нь буюу 1999 онд И.Доржсамбуу гарьдаар начин цолтой байхад нь тунаж тав, Ж.Ганболд заанаар О.Балжинням аваргаар долоо улсын заан цолд хүрсэн дээ.

-2000 оны наадам байх аа. Б.Бат-Эрдэнэ аварга долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар залуу заан хоорондоо учраа байсан даа?

-Тийм шүү. Тэр үеийн наадмыг  санахад сайхан байдаг. Зургаан зааны үе гэж манайхан ярьдаг. Бид хэд тэгэхэд яалт ч үгүй долоогийн даваанд тунаж үлдэцгээсэн юм. Би бэртэлтэй, барилдах эсэхээ мэдэхгүй байж байгаад наадмын өмнөхөн шууд очоод бүртгүүлчихсэн. Тавын даваанд О.Одгэрэл заантай, зургаад Хэнтийн Б.Одхүү начин тунаж даваад Г.Өсөхбаяр аваргад унаж байлаа. Зургаан залуу заанаас цолны эрэмбээр Ц.Цэрэнпунцаг ам авч Б.Гантогтохыг амлаад, Г.Өсөхбаяр намайг аваад, Д.Сумъяабазар А.Сүхбат нар тунаж байна. А.Сүхбат аварга түрүүлж арслан болдог жил шүү дээ.

-2001 онд ардын хувьсгалын 80 жилийн ойгоор тав давж, зургаагийн даваанд О.Одгэрэл зааныг начин цолтой байхад нь амлаж барилдаад унаж байсан. 1024 бөх барилдсан болохоор зургаагийн даваанд шинээр цолонд хүрсэн арав гаруй залуу бөх байхад та Одгэрэлийгээ авсан даа?

-Яахав дээ, бие жаахан тиймэрхүү байсан болохоор найзыгаа авъя, унавал унана л биз, давбал давна л биз гэж бодоод авсан даа. О.Одгэрэл маань намайг орхиж, долоогийн даваанд Ж.Ганболд зааныг орхиж заан болсон.

-Та начны даваанд бас хэд хэд бүдэрсэн байх аа?

-Бөх хүнд чинь унах, давах ээлжилж л байдаг шүү дээ. Завханы Ш.Уламбаяр, Дорноговийн А.Цацаншир нарт тавын даваанд унаж байлаа.

-Өөрөөсөө дүү залуу хүчтэнүүдээс хэнд нь илүү найдлага тавьж байгаа вэ?

-Олон хүн байгаа. Ер нь бөхийн нэгэн шинэ үеэ эхэлчихлээ. Шинэ залуу бөхчүүд нэг л мэдэхэд гараад ирдэг.

-Танай Баруунтуруун сумын харьяат С.Мөнбат начин энэ жил харцага боллоо. Нутгийн дүү ахыгаа дагаж сайхан барилдлаа?

-С.Мөнхбат маань өнгөрсөн жил начин болсон. Өнөө жил харцага цолонд хүрлээ. Үнэхээр хөдөлмөрлөсөн. Бүтэн хоёр жилийн нөр их хөдөлмөрийн үр шимээ хүртэж байна. Заан болчих болов уу гэж харж байлаа. Гэхдээ болно оо, болно.

-С.Мөнхбатыг нэг жил та тавын даваанд авч байсан даа?

-2006 онд байх, Мөнхбат маань улсын наадамд анх барилдаад шууд дөрөв давсан юм. Тэгэхэд нь тавын даваанд амлаж аваад унагаж байлаа.

-Энэ жил наадмын долоогийн даваанд та гурван бөхөөс ам авсан. Зарим нэг хүмүүс нутгийн дүүгээ авах болов уу гэж харж байв. Тэгтэл та залуу заан М.Өсөхбаярыг амлаж, Мөнхбатыг Д.Рагчаа заантай тунааж орхисон?

-Долоогийн даваанд ам авахад их хэцүү байлаа. Гурван залуу сайхан бөх байдаг. Нутгийн дүүгээ бэлтгэл сургуулилт нь сайн учир заан болчих болов уу гэж бодоод амлаагүй дээ.

-Цол дагаж бяр гэдэг ээ. Одоо танд аварга цол ойрхон харагдаж байгаа байх?

-Тэр тухай бодож амжаагүй л байна. Төрийн наадамд түрүүллээ. Улсын арслан хэмээх өндөр цолонд хүрлээ. Энэхүү цолныхоо амжилтыг бататгахсан гэж бодож байна даа.

-Дэд хурандаа цолны мөрдөс Батлан хамгаалын сайдаасаа гардан авсан. Зэвсэгт хүчнээр овоглоод хэдэн жил болж байна вэ?

-Миний бие одоогоос 13 жилийн өмнө аймгийн арслан цолтой байхдаа Зэвсэгт хүчний 310-р ангид ахлагч цолтой орж байлаа. Армийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, өдий зэрэгтэй явж байгаадаа баярладаг.

-Цаг давчуу ч гэсэн сонирхсон асуултад маань хариулт егсөн танд баярлалаа. Төрийнхөө наадмаас олон түрүү хүртэхийг ерөөе?

-Та бүхэнд ч баярлалаа. Намайг үргэлж дэмжиж явдаг Монголын ард түмэндээ баярладаг шүү гэдгээ хэлье.

Н.Гантулга “Бөх”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва Ð“Ð°Ð³Ð°Ñ€Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить LSD-25 в марках 250мк МакушинР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [White Widow] Москва ОстанкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин в камнях Москва БабушкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Afgan Kush АмфетамР¸Ð½ метиламР¸Ð½ Шиханы купить Кокаин HQ Москва АлексееР²ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 (HQ) 170мкг Томская область купить Amphetamine Москва ВАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ шишки Москва ИзмайлоР²Ð¾ ВосточнР¾Ðµ купить Героин в камнях Москва ХорошёвР¾-МневниÐ
IP:95.85.68.156  2018-07-15 07:29:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.