Хан-Уул дүүрэгт шувууны тахал дэгдлээ

2010/08/28
Share |
Хүмүүс:
Хан-Уул дүүрэгт шувууны тахал дэгдлээ

-Мөн Тэрхийн цагаан нуурын орчимд 20 гаруй хар галуу үхжээ-

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрикт байрлах "Нион-шель ХХК" -ийн шувууны аж ахуйд өнгөрсөн баасан гаригт шувууны өвчин гарчээ.

Энэ мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдал, мэргэжлийн хяналтын хэлтэс, мал эмнэлгийн мэргэжилтнүүд газар дээр нь ажилласан байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн бямба гаригт дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаан хийжээ.

Холбогдох Мэргэжлийн хүмүүс газар дээр нь ажиллахаас өмнө орон нутгийн болон нийслэлийн мал эмнэлгийн газраас уг аж ахуйн шувуудаас авсан шинжилгээгээ Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторт / УМЭАЦТЛ / хүргүүлсэн байна.

Шинжилгээний дүнгээр шувууны "Ньюкасл" өвчний вирус болох нь тогтоогдсон байна. Харин уг шинжилгээний хариуг дахин нягтлах зорилгоор бямба гаригт 50 шувуунаас цусны дээж авч дахин шинжилжээ.

Энэхүү дахин бататгах шинжилгээний хариу өчигдөр өглөө гарчээ. Шинжилгээгээр шувууны Ньюкасл өвчин мөн болох нь тогтоогдсон байна. Уржигдар буюу энэ сарын 28-ны өдрийн Дүүргийн онцгой комиссын хуралдаанаас тус 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нион-шель" ХХК-ийн шувууны аж ахуйн орчинд хорио цээрийн дэглэм тогтоох дүүргийн Засаг даргын захирамж гарчээ.

Энэхүү дэглэм бямба гаригийн 22 цагаас эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Одоо дүүргийн онцгой комиссоос томилсон хээрийн шуурхай удирдлагын штаб өвчний голомтод ажиллаж байна.

Шувууны ньюкасл /шувууны тахал/ өвчин нь агаар дуслын замаар шувуунаас хүнд халдварладаг ажээ. Үүнтэй зэрэгцээд бас нэгэн таагүй мэдээ сонсогдож эхлээд байна. Тэрхийн цагаан нуурын орчимд 20 гаруй хар галуу үхсэн мэдээллийг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас өгчээ. Монголд нүүдэллэн ирж, гол нуурын загасны дайсан "усны чоно" гэгддэг тураг гогой буюу хар галуу шувуу олноороо үхсэн шалтгааныг тогтоохоор хамгаалалтын захиргаа, Архангай аймгийн Онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байгаа аж. Шинжилгээний хариу өнөөдөр гарна.

Т.Сэлэнгэ Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.