Спортын цагаан толгойгоор олимпын оргилд гарсан хүү

2010/08/30
Share |
Хүмүүс:
Спортын цагаан толгойгоор олимпын оргилд гарсан хүү

Залуучуудын анхдугаар олимпоос Монгол Улс спортын гимнастикийн төрөлд аваргатай болж, Арслан хотын тэнгэрт Төрийн дуулал эгшиглэсэн баярт мэдээг бид өмнө нь хүргэсэн билээ. Ард түмнийхээ магнай тэнийлгэн, хоёр дахь алтан медалийг “олзолсон” Ганбатын Эрдэнэболдыг уншигчидтайгаа уулзуулъя.

-Олимпийн аваргын титмийг өөрийн болгосонд тань баяр хүргэе. Шагналын тавцангийн тэргүүнд зогсоход төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Мэдээж сэтгэл их хөдөлсөн. Олимпийн наа дамд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэр торгон агшныг хэзээ ч мартахгүй. Энэ үеэр өөрийн эрхгүй баярын нулимс нүдэнд хурсан.

-Чи хоёр ч дасгалд шигшээд шалгараад цагаригт дүүжингийн төрөлд эхлэн оролцохдоо сандарч байх шиг санагдсан...

-Би нэг их тэвдээгүй. Энэ төрөлд хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч, шигшээд дөрөвдүгээр байр эзэлсэн минь чамлахааргүй амжилт. Наймаар финалдаад байраа ахиулсан юм чинь харайлтад медаль хүртэх бо ломжтой гэж тэмцээний дараа бодсон. Цагаригт дүүжингийн тэмцээн түрүүлэх замыг засаж өгсөн.

-Спортын гимнастикийн ОУТ-д хүч сорихдоо харайлтад медаль хүртэж байсан учраас өөртөө итгэлтэй байсан юм уу?

-Би харайлтын төрөлд хоёр жилийн өмнө Москвад болсон ОУТ-ээс мөнгө, 2009, 2010 онд Ленинск Кузнецкт түрүүлж, энэ жилийн өсвөрийн Азийн АШТ-д хоёрдугаар байр эзэлсэн болохоор олимпоос ямар ч гэсэн хоосон ирэхгүй гэсэн зорилго тавьсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй. Олимпийн наадамд өндөр ур чадвартай тамирчид өрсөлддөг учраас тэдний дундаас цойлж гарах хэцүү. Дасгалаа гүйцэтгэчихээд эцсийн дүн хүлээж байхдаа сэтгэл их догдолсон.

-ОХУ, Украин, Испани, Турк зэрэг улсын шилдэг тамирчид шигшээд шалгарсан. Тэднийг дийлэхийн тулд хүндрэл ихтэй элемент гүйцэтгэх хэрэгтэй байсан нь лав...

-Тийм ээ. Багш маань 6,6 онооны буюу тамирчнаас өндөр ур чадвар шаарддаг тулалтаас хоёр бүтэн, нэг хагас эргэлтийг сайн эзэмшүүлсний хүчинд амжилт гаргаж чадлаа.

-Хүнд элемент гүйцэтгэж байгаа ч амжилттай буусны дараа л медалийн тухай бодох эрхтэй болдог гэж гимнастикчид ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Тэнцвэрээ олж, хөл дээрээ бат зогсож чадвал медаль хүртлээ гэсэн үг. Гэхдээ миний дараа дөрвөн гимнастикч дасгалаа хийхээр хүлээж байсан учраас сэтгэл амрах болоогүй байлаа.

-Шигшээд шалгарсан тамирчны оноог хоёр оролдлогын дунджаар гаргадаг. Хоёр дахь оролдлогоо хийхийн өмнө ямар бодол төрөв?

-Юу ч бодоогүй. Би ямар ч тэмцээний үеэр сандрахгүй байхын тулд тархиа чөлөөтэй байлгахыг хичээдэг.

-Олимпийн аварга болчихоод баярт мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгахыг хүссэн бэ?

-Намайг спортын гимнастиктай нөхөрлүүлсэн, үр - гэлж дэмжиж итгэл хайрладаг ээж маань хамгийн түрүүнд санаанд буусан.

-Б.Батцэцэгийн алтан медаль булган сүүлээ хайрлалаа. Нас чацуу хоёр аварга маань МУБИС-ийн харьяа БТДС-д энэ жил нэг ангид суралцах нь дээ?

-Тийм ээ. Б.Батцэцэг надаас хоёр сараар эгч юм билээ.

-Уламжлалт асуулт тавья. Шагналынхаа мөнгөөр хамгийн түрүүнд юу авах вэ?

-Хэрэгцээтэй зүйлээ аваад үлдсэнийг нь банкинд хадгалуулна.

-Гимнастикийн тэмцээн эхлээгүй байхад л гадаадын тамирчид чамтай зураг авахуулж байсан. Аварга болсны дараа гарын үсэг авсан хүн олон бий юү?

-Медалиа зүүгээд тосгондоо ирэхэд “Mongolia Good” гээд олон хүн баяр хүргэж, гарын үсэг зуруулсан шүү.

-Олимпод оролцохыг тамирчин бүхэн хүсдэг. “Сингапур-2010” төсөөлж байснаас тань хэр онцлог байв?

-Залуучуудын анхдугаар олимп гэдэг утгаар шинэ зүйл их юм. Тухайлбал, би урьд нь хэзээ ч таван тивийн залуу тамирчид нэг дор цугларсан ийм том арга хэмжээнд оролцож үзээгүй. Олимпийн тосгон надад маш их таалагдсан. Олон орны хүүхдүүдтэй найз нөхөр боллоо. Би 60 гаруй улсын хүүхдүүдтэй тэмдэг солилцсон байна лээ.

-Тэгвэл нутаг нэгт тамирчдынхаа талаар юу хэлэх вэ?

-Манайхан бүгдээрээ хөгжилтэй. Б.Батцэцэг, Э.Оюунболд, Дөлгөөн, Ананд нар маань дайчин тамирчин. Өлзий маань бидний дунд хэлний мэдлэгээрээ хамгийн мундаг нь. Хятад, англиар дажгүй ярьчихна. Сүрэнням, Мики (Мичидмаа), Шижирээ нар үргэлж шинийг эрэлхийлж явдаг. Соёлоотой хамт гадаадын олон тэмцээнд оролцсон болохоор бие биенийхээ занг сайн мэднэ. Тэр эелдэг, найрсаг охин. Харин Энжи (T.Энхжаргал) маш цоглог, юунд ч бууж өгдөггүй. Манай багийн ахлагч Б.Баяртуяа эгч биднийг бүх зүйлээр дэмжиж тусалдаг, ердөө загнадаггүй.

-Олимпийн үеэр хэрэгжсэн хөтөлбөрүүдээс хамгийн таалагдсан нь...

-Олон арга хэмжээнд оролцсон. Тэдгээрээс орон орны хүүхдүүд нийлж, баримлын шавраар залуучуудын хотхон байгуулсан нь тун сонирхолтой санагдсан.

-“Саха-2008” Азийн хүүхдийн наадмын чөлөөт хөдөлгөөнд хүрэл медаль хүртсэнийг тань мэдэх юм. Энэ удаа чөлөөт хөдөлгөөнд эхний аравт багтах боломж байсан уу?

-Гүйцэтгэл дээр алдаа гаргасан учраас чадаагүй.

Б. Өлзийтогтох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.